15
IT-ийн инженер
IT-ийн инженер гэдэг хамгийн чухал ажил мэргэжлүүдийн нэг яахын аргагүй мөн билээ. Учир нь өнөөдөр компьютер, техник, технологи ашиглахгүйгээр ажил хэргээ явуулдаг компани, аж ахуй нэгж байгууллагууд өдрийн од шиг цөөрсөн нь нууц биш юм. Тэр ч үүднээсээ IT-ийн инженерүүдийн хийдэг ажил бол ажилчдыг компьютер, техник хангамжтай харьцах үед нь гарах асуудлыг шийдвэрлэж өгч, чадахгүй байгаа зүйлсийг нь зааж, сургах явдал бөгөөд зарим тохиолдолд энэ нь хамгийн төвөгтэй ажил мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Хүмүүсийн зарим нь хэлж өгсөн зүйлийг ойлгохгүй, сурч чаддаггүй бол, заримынх нь компьютер ердөө хэдхэн хоноод л эвдрэх юм уу, эсвэл вирустэж, ажиллагаагүй болсон байдаг нь тэднийг бухимдахад хүргэдэг аж.
14
Үйлчлэгч
Ямар ч газар үйлчлэгч хийхэд амар байхгүй нь мэдээжийн хэрэг билээ. Энд тэндгүй хөглөрөх хог, хаа сайгүй бохирдсон шал, ариун цэврийн өрөө гээд үйлчлэгч нарт цэвэрлэх газар мундахгүй. Ядаж байхад арай гэж нэг юм цэвэрлэж, цэмцийлгээд байж байтал хэн нэгэн бүдүүлэг этгээд хүний хөдөлмөрийг уландаа гишгэж байгаа гэлтэй цэвэрлэсэн газрыг бохирдуулах нь бий. Энэ ажлын хамгийн хэцүү нь ариун цэврийн өрөө цэвэрлэх гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа биз ээ. Тиймээс үйлчлэгчид бухимдахгүй гээд ч яах билээ.
13
Оператор
Ямар ч буруугүй хэрнээ хамгийн ихээр хараалгуулж, бусдаар доромжлуулж байдаг хүмүүс бол операторууд билээ. Компанийн аль нэг үйл ажиллагаа доголдоход инженерүүд биш, операторууд хариуцлагыг хүлээдэг. Энэ нь магадгүй нэг талаараа тэдний ажлын онцлог байж болох хэдий ч, нөгөө талаараа уурлаж, бухимдахаас өөр аргагүй байдалд оруулдаг байна. Хэрэглэгчид мөнгөө төлж байгаа учраас чанартай, найдвартай үйлчилгээг хүртэх эрхтэй билээ. Тэр ч үүднээсээ шаардлага тавих нь зүйн хэрэг. Гэвч операторууд ямар ч буруугүй шүү дээ.
12
Худалдагч
Худалдагчийн ажил энэ жагсаалтанд орохгүй бол өөр ямар ажил орох билээ? Өдөр тутам хэдэн зуун хэрэглэгчидтэй харилцаж, байнга шахуу стресстэж, бухимдаж байдаг хүмүүс бол худалдагч нар юм. Хэрэглэгчийн хувьд "Бид бол хаан" гэсэн байдлаар харьцдаг бол, худалдагч зарим тохиолдолд "Авбал ав, боливол боль" гэсэн хандлага гаргаж байгаа нь ажиглагддаг. Энэ харилцаанаас үүдээд хоёр тал аль аль нь бухимдаад авах нь дамжиггүй юм.
11
Хүндэт харуул
Тэд ямар нэгэн онцгой нөхцлөөс бусад үед хөдөлж болохгүй гэсэн тушаал дор ажил үүргээ гүйцэтгэдэг хүмүүс гэдгийг та надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа биз ээ. Гэвч энэ нь зарим хүмүүст сонирхолтой санагддаг бололтой. "Эд нар хөдөлдөггүй, ярьдаггүй гэсэн билүү? Алив, яахыг нь үзье л дээ" гэж тоглоом, доог тохуу хийхийг хүссэн хүмүүс цөөнгүй байдаг бөгөөд эл үйлдэл нь хүндэт харуулуудыг галзууруулах дөхдөг гэнэ.
10
Гал сөнөөгчид
Тэд бол бусдын төлөө эрэлхэг, баатарлагаар амь насаа зориулахад бэлэн байдаг, асар их хүндэтгэл хүлээх ёстой хүмүүс билээ. Гэвч чухам ямар зүйл тэднийг уурлаж, бухимдахад хүргэдэг юм бол? Энэ нь мэдээж хэрэг хүмүүсийн болчимгүй, тэнэг үйлдэлтэй салшгүй холбоотой юм. Анхаарал болгоомж, сонор сэрэмжгүйгээс болоод тог, цахилгаанаа салгалгүй мартаж, өөртөө болон өрөөл бусдад асар их гарз хохирол авчирч буй хүмүүс тэднийг стресстүүлдэг байна. Үүнийг үгүйсгэх аргагүй бөгөөд хүний амь насыг аюулаас аврах нь тэдний үүрэг ч гэлээ, дүрэлзэж буй гал руу амь насаа золин байж орох сайхан гэж үү?
9
Зөөгч
Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт хамгийн олон тоогоор үйл ажиллагаагаа явуулж буй газар бол баар, цэнгээний газар гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Боломжийн амьдралтай, хөрөнгө мөнгөтэйдөө баярхсан үйлчлүүлэгчид эдгээр газруудаар үйлчлүүлэхдээ зөөгчид захиалга өгөхдөө дээрэнгүй, зандрангүй харьцдаг нь хэвийн үзэгдэл шахуу болжээ. Мөнгөө төлөөд, үйлчлүүлж байгаа учраас дураараа аашлах ёстой гэж зарим хүмүүс буруу, ташаа ойлгодог нь зөөгч нарын бухимдлыг төрүүлж, стресстэхэд хүргэдэг байна.
8
Тэмцээний шүүгчид
Тэднийг тухайн шоу, нэвтрүүлгийг шүүлгэх гэж телевиз, компанийн зүгээс урилга өгч, санал тавьсан болохоос биш, өөрсдөө "Би шүүмээр байна" гэж хэлээгүй нь лавтай шүү дээ. Гэтэл үзэгчид өөрсдийнх нь дэмжиж байсан оролцогч тэмцээнээс хасагдах үед хамгийн түрүүнд шүүгчдийг буруутгадаг. Зарим үед магадгүй тэд хүн учраас алдаж, онож, буруу шүүлт хийх үе байдаг байж болох ч, бусдын эрхэнд халдаж, цахим ертөнцөөр шүүгчдийг элдвээр харааж, зүхэх нь ёс суртахуунтай хүний хийх үйлдэл яав ч биш. Тэдгээр сөрөг сэтгэгдлүүд шүүгч нарт сайхан мэдрэмж төрүүлэхгүй нь ойлгомжтой юм.
7
Замын цагдаа
"Хүний амь нас юунаас болж хамгийн их эрсэддэг вэ?" гэх асуултанд олон хүн зам, тээврийн осол, аваар гэж хариулах нь дамжиггүй. Үүнтэй зэрэгцэн зам, тээврийн зөрчил, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй замын цагдаа нарын ажил үүрэг төдий чинээ хүнд хэцүү болох нь танд мэдрэгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Өдөр бүр согтуу, дүрэм зөрчсөн, осол гаргасан жолооч нартай ойлголцож, хэв журмыг сахиулах гэж тэдэн шиг үйл тамаа цайж байгаа хүмүүс энэ дэлхий ертөнц дээр өөр байдаг болов уу? Өвлийн хүйтэн, зуны халуунд хүртэл ажралгүй ажил үүргээ гүйцэтгэдэг тэднийг магтаж, сайшаахаас илүүтэй муулж, доромжилж, харааж зүхэх хүмүүс олон байдаг нь хачирхалтай бөгөөд харамсмаар...
6
Нягтлан
Мөнгөтэй харьцаж байгаа ямар ч ажил хамгийн хэцүү гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуудал. Тэр тусмаа бүхэл бүтэн байгууллагын нийт ажилчдын цалин хөлсийг сар бүр тооцож гаргана гэдэг амаргүй ажил билээ. Зарим үед санамсаргүй байдлаар ганц тоог буруу бичих үе гарах нь ч бий. Харин ийм нөхцөлд хариуцлагыг хэн хүлээх вэ? Мэдээж хэрэг нягтлан л хүлээнэ шүү дээ. Тиймээс маш хариуцлагатай, няхуур ажиллах хэрэгтэй байдгаас гадна компани, аж ахуй нэгж байгууллагууд дээр хяналт, шалгалт ирэх үед нягтлангууд л хамгийн ихээр шалгуулж, байцаагддаг билээ. Ингээд бодохоор нягтлангуудын зовлон үнэхээр их байгаа биз?
5
Жолооны багш
Жолоо барина гэдэг, тэр тусмаа анх удаагаа жолооны хүрдний ард сууна гэдэг бодож байсан шиг тийм ч амар зүйл биш болов уу. Жолооны дадлага хийж байхад айж сандрах, балмагдах, санаа зовох, ичих гээд хүнээс гарах гарахгүй олон зан чанарууд нэгэн зэрэг илэрдэг нь нууц биш юм. Харин эдгээр үйлдлүүд нь жолооны багшийг дэлбэртэл уурлуулж, бухимдуулах нь бий. Арга ч үгүй биз дээ, тэд чинь олон жил машин, тэрэг хөдөлгөөд, хашир туршлагатай болчихсон хүмүүс шүү дээ. Энгийн зүйлсийг хэлсээр байхад хийж чадахгүй мунгинаад байхад хэнд ч сайхан санагдахгүй нь лавтай.
4
Өмгөөлөгч
Ямар нэгэн тулгамдсан асуудал тохиолдож, шүүхийн өмнө зогсох хэрэгтэй болоход хүмүүс өмгөөлөгчид ханддаг билээ. Бид өмгөөлөгч гэж ямархуу хүмүүс байдаг болохыг кинон дээрээс олон удаа харж байсан хэдий ч, тэднийг бусдыг өмгөөлөхийн тулд хичнээн их зүйл бэлдэж, ямар их хөдөлмөрлөдгийг төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл өмгөөлөгч нар хамгийн зовлонтой ажлыг хийдэг ажээ. Учир нь тэд ялахын тулд олон зүйлийг судалж, бүртгэж, дүн шинжилгээ, анализ хийхийн зэрэгцээ хэдэн арван өдрөөр ч нойр хоолгүй явах тохиолдол гардаг байна.
3
Эмч, сувилагч
Бусдын амь насыг аварч, эрүүл байлгана гэдэг буянтай сайхан ажил хэдий ч, хэрвээ чадахгүй бол яах вэ? Энэ тохиолдолд цагаан нөмрөгтөнгүүүд маань асар ихээр гутарч, зарим нь бүр сэтгэцийн өөрчлөлтөнд ордог гэнэ шүү. Арга ч үгүй биз ээ, учир нь тэд чаддаг бүхнээ хийсэн ч гэсэн, эрдэнэт хүмүүний амь насыг аварч чадсангүй шүү дээ. Ийм мэдрэмж хэнд сайхан санагдах вэ дээ.
2
Тусгайгийн ажилчид
Алан хядагчид, гэмт бүлэглэлүүд, гэмт хэрэгтнүүдтэй чоно, туулай болж хөөцөлдөн, хүн төрөлхтөнд энх тайвныг цогцлоохоор тэмцэж байдаг хүмүүс болох тусгайгийн бэлтгэгдсэн ажилтнуудыг та хамгийн хүнд, хэцүү нөхцөлд ажилладаг гэдгийг мэдэх үү? Цус, аллага, үймээн самуун, буун дуу гээд сэтгэл өвтгөж, айдас төрүүлэм ямар л газар байна, тэр бүрт тусгайгийнхан амь насаа золин, албан үүргээ гүйцэтгэж явдаг билээ.
1
Багш
Дэлхийн өнцөг булан бүрт өсч торниж, хүмүүжиж байгаа хүүхэд, залууст эрдмийн дуу сонсгож, боловсрол олгох эрхэм үүрэгтэй хүмүүс болох багш нар энэхүү жагсаалтыг тэргүүлжээ. Хүүхдүүдийн шуугилдах чимээ, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй өөдөөс хэдэрлэх сурагчид, хэрэг зөрчил гаргаж, захирлын өрөөнд дуудагдах охид, залуучууд гээд л багш нарыг бухимдаж, стресстэхэд хүргэдэг шалтгаануудыг дурдаад байвал дуусахгүй биз ээ.
Танд аль ажил нь хамгийн их стресстэй юм шиг санагдаж байна?