10
Ацтекийн үхлийн шүгэл
20 жилийн өмнө археологичид Мексикээс гавлын хэлбэртэй зэмсгийг олж илрүүлжээ. Тус шүглийг салхины бурхны сүм дотор тахил болгон өргөгдсөн хүний гарт атгуулсан байсан гэнэ. Одоо үед ердөө хүүхдийн тоглоом болж хувирсан шүглийг эрт үед шашны зан үйл болон дайн тулаанд ашигладаг байсан бөгөөд зарим судлаачид хүнээр өргөл барихдаа шүгэл үлээж, дөнгөж талийгаач бологсдыг үхэгсдийн орон руу явахад нь замчилдаг байсан гэж үздэг бол харин зарим нь дайны үед сэтгэлзүйн дайралт болгон ашигладаг байсан гэж бат итгэдэг гэнэ. Тулааны өмнө шүгэл үлээснээр цочирдом дуу нь дайсных нь зүрхэнд айдас түгшүүр хуралдуулдаг байжээ.
9
Гучин зургаан заль
"36 заль" гэж эртний Хятадын дайны сургаалийг хэлдэг ажээ. Тус сургаалийн ихэнх нь хуурах, арга мэхэндээ оруулах талаар өгүүлсэн байдаг бол цөөн хэд нь дайсныхаа тулалдах хүсэл зоригийг мөхөөх сэтгэл зүйн аргуудыг заасан байдаг гэнэ. "Дайрах мэх", "Самууруулах мэх", "Цөхрөнгөө барсан үедээ яах вэ?" зэрэг олон бүлэгтэй бөгөөд хэн зохиосон, хэзээ хэвлүүлсэн нь тодорхойгүй байдаг аж. Судлаачид тус номыг МЭӨ 403-221 он буюу Хятадын их самуурлын үед хамаатуулж үздэг бол зарим нь номын тодорхой хэсэг үйл явдлаас болоод МЭӨ 35 он хавьцаа бичигдсэн гэж үздэг. Гэхдээ ихэнх судлаачид тус номыг нэг хүн бичээгүй, харин олон хүн олон зууныг дамжин бичсэн гэж дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг ажээ.
8
Ариун бамбай
МЭӨ 525 онд Камбайзис (Cambyses) хаанаар удирдуулсан Персүүд болон Египетүүдийн хоорондын дайнд Персүүд бамбайн дээрээ муур зурсан байснаас Египетчүүд ялагдал хүлээсэн байна. Египетчүүд мууран бурхан Бастетийг шүтдэг байсан тул ариун шүтээн рүүгээ халдан довтолж зүрхлээгүй аж. Түүгээр ч зогсохгүй Персүүдийн тэргүүн шугаманд Египетчүүдийн онгон шүтээн болох нохой, хонь, муур зэрэг амьтад хүртэл байсан агаад Камбайзис хааны ялалт сэтгэл зүйн дайралтын хүчээр олдсон гэдэг.
7
Доглон Төмөрийн аймшигт мэх
Төмөр (англ. Tamerlane) нь бол Монголын Барлас овгийн хүн боловч Узбекистаны Шахрисабзд төржээ. Тэрээр Мавереннахрт өөрийн улсыг байгуулж, Өгэдэй хааны угсааны Сюрьгатмишь, Махмуд нарыг хаанаар нь өргөмжилж байсан түүхтэй. Төмөр эмир цолтойгоор төрийн эрхийг барьж байсан бөгөөд Иран, Сири, Кавказын улсуудыг байлдан дагуулжээ. Мөн Алтан Орд, Ойрхи Дорнод, Моголистан, Энэтхэг, Сибирь рүү довтолж байсан байна. Тулааны талбарт хөлөө гэмтээн доголон болсноос хойш "Доголон Төмөр" гэж түүхэнд мөнхөрсөн байдаг. Төмөр нийт 17 сая хүний толгой авсан гэж түүхчид тодорхойлдог бөгөөд ялсныхаа дараа дайсныхаа гавлын ясаар пирамид босгодог байжээ. Ингэснээр түүний нэр сүр олонд цуурайтаж, бүгд түүнээс айн чичрэх болно гэж тооцдог байсан байна. Тэрбээр Багдадын 90,000 иргэний толгойг авч, 120 пирамид босгосон бөгөөд Делиг эзэлснийхээ дараа Энэтхэг даяар сургамж болгох үүднээс хотын хүмүүсийн толгойг авчээ. Мөн Туркийг эзэлснийхээ дараа султаныг нь торонд хорьсон түүхтэй.
6
Сүлбэгч Влад (Vlad)
Влад Дракула, сүлбэгч Влад гэсэн нэрээр олонд танигдсан III Влад нь XV зууны үеийн Румын улсын ханхүү бөгөөд багадаа Турк улсын улс төрийн барьцааны хүн байжээ. Түүнийг сайтар асарч халамжилдаг байсан ч, тэрбээр Туркуудыг яс махандаа шингэтэл үзэн яддаг байсан бөгөөд зарим яриагаар бол Туркууд түүнд сэтгэл зүйн дайралтын нууцаа буюу "сүлбэх" аргаа зааж өгсөн аж. Влад дайснаасаа хүчээр илт дутуу байсан тул түүнд сэтгэл зүйн дайралт хийж сурахаас өөр арга зам үлдээгүй гэдэг.
5
Македоны II Филип (Philip)
МЭӨ 359 онд Филип, хаан ширээнд суух үед Македон гадны соёлд хэт автсан байв. Гэвч Филип хаан ердөө жил хүрэхгүй хугацааны дотор дотоодын аюул заналыг бүрэн устгаж, Македоныг урьдын адил сүр хүчтэй болгож чадсан юм. Гол нууц нь тэрбээр сэтгэл зүйн дайралтыг төгс хийж чаддагт байжээ. Калсидиачуудтай (Chalcidia) тулалдаж байхдаа Филип Стагирус хотыг үнсэн товрог болгосон бөгөөд үлдсэн Калсидиачууд ямар ч эсэргүүцэлгүй бууж өгчээ. МЭӨ 338 онд Филип хаан Афины цэргүүдийг шатам халуун наран дор удтал хүлээлгэн залхаасны эцэст хуурамч дайралт хийсэн ба үүний дараа Афинчууд ухарч байжээ.
4
Сод билигт Чингис хаан
Чингис хаан шөнийн цагт цэрэг бүрээ түүдэг гал асаахыг тушаадаг байсны зэрэгцээ морьт цэргүүдээ хиймэл хүн дүүрч явахыг зарлигддаг байжээ. Монголчууд Самарканд хот руу довтлохоор бүхэл бүтэн 1300 км-ийг туулсан ч, дайснууд нь түүний цэргийн тоог огт барагцаалж чадаагүй юм. Мөн монгол цэргүүд ухарсан дүр үзүүлж, араас нь нэхсэн дайснуудыг харваачдынхаа байгаа газарт оруулж урхиддаг байсан билээ. Чингис хаан цэргүүдийнхээ хүчин чадлыг аль болох нууцалдаг байсан тул дайснууд нь монгол цэргүүдийн талаар мэдэхгүй байх тусмаа айж, түгшиж, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болдог байсан ажээ.
3
Амиа хорлогчдын арми
Юүэ улсын хаан Гоужиан МЭӨ 496-465 онд Ву улстай сэтгэл зүйн дайн хийжээ. Гоужиан хаан амиа хорлолтын салаагаа үхлийн ял бүхий гэмт хэрэгтнүүдээр бүрдүүлсэн байв. Хятадаар толгой авна гэдэг нь хоолойгоо хэрчиж, амиа хорлоно гэсэнтэй дүйцэж орчуулагддаг аж. Эл арга эртний Хятадын хувьд ихээхэн түгээмэл байсан ч, зарим судлаачид ердөө домог гэж үздэг гэнэ. Аль нь ч байсан гэсэн Гоужиан дайснуудаа ялан дийлж, газар нутгаа тэлж чадсан билээ.
2
Дайны морин тэрэг
Египетийн дайны хөнгөн морин тэрэгт залуурчаас гадна нум сум эсвэл жадтай дайчин сууж явдаг байв. Ийм хөнгөн морин тэрэг дайснуудынхаа хүнд морин тэргээс илүү хурдан чиглэлээ өөрчилж чаддаг байсан бөгөөд МЭӨ XV зууны үед Гуравдугаар Тутмос (Thutmose) хааны цэргийн хүчинд нийт 1000 гаруй хөнгөн морьт тэрэг байжээ. Харин МЭӨ 1000 онд тус тэргийг хуягт морин тэргээр сольсон байна.
1
Ханнибалын тэнэглэл
Картагийн генерал Ханнибал Барса (Hannibal Barca) МЭӨ 218 онд Ромчуудыг галзууруулах дөхжээ. Ханнибал Ромын цэргүүдийг урхидан Трэбиа голыг гатлуулаад морь цэргээр гэнэдүүлэн дайрсан байна. Даарч, туйлдаж, замбараагаа алдсан Ром цэргүүдийг Ханнибал үгийн сөхөө өгөлгүй устгаж орхисноороо нэрд гарсан боловч бас дайсныхаа зүрхийг үхүүлэхийн тулд дайнд заануудыг дайчилдаг байжээ.