1
Угаалгын машин угаах
- Угаалгын машинаа цэвэрлэхийн тулд танд үнэтэй нунтаг, угаагч бодис хэрэг болохгүй. Үүний оронд ердөө л цагаан цууг угаалгын нунтагны саванд хийж, угаахад хангалттай. Энэ нь машины дотор талыг гялалзсан цэвэрхэн болгохоос гадна нян бактерийг давхар устгадаг.
- Хувцсаа угаахдаа угаалгын нунтагны хамт цагаан цуу хийгээд үзээрэй. Энэ нь таны хувцсыг илүү бат бөх, өнгөлөг болгох аж. Ингэхдээ угаалгын нунтагны 1/3-тэй тэнцэхүйц хэмжээний цагаан цуу хийгээрэй.
- Нохой, муурны үс наалдаад салдаггүй хувцсаа цагаан цуутай усанд угааж болно. Ингэснээр хувцсанд тань дахиж амьтны үс наалдахгүй.
2
Ванн угаах
Та ваннаа хэрхэн угааж цэвэрлэдэг вэ? Усанд ордог ваннаа тогтмол сайтар цэвэрлэхгүй бол бактери үүсч, арьсны өвчин тусах гол үүсвэр болохыг үгүйсгэхгүй. Харин үүнийг сайтар цэвэрлэхийн тулд танд цагаан цуу, шингэн саван, пролон хэрэг болно. Яг адил хэмжээтэй цагаан цуу болон шингэн саванг хольж бэлтгээд пролондоо шингээж угаагаарай. Гэхдээ угаасан ваннаа цэвэр усаар зайлах гэж яарсны хэрэггүй бөгөөд дор хаяж 30 минут байлгасны дараа цэвэр усаар угаах нь тохиромжтой.
3
Хүүхдийн тоглоом угаах
Хүүхдийн тоглоомыг тогтмол цэвэрлэх байхгүй бол халдварт өвчин тусах магадлал өндөр байдаг. Учир нь хүүхдүүд газраар нэг хөглөрүүлсэн тоглоомоо барих, амандаа хийх гэхчлэн өөрийгөө хордуулдаг тул эзэгтэй нар ямагт угааж, цэвэрлэхийг эрхэмлэдэг билээ. Харин та хэрхэн цэвэрлэхээ мэдэхгүй байвал тоглоомуудыг нэгтгэж, нүхтэй угаагч торонд хийгээд угаалгын машинд хийхэд хангалттай аж.
4
Шалан дээрх толбо арилгах
Шал, хана зэрэгт паламастр болон харандаагаар зурсны дараа үүнийг арилгах гэж нэлээдгүй зовдог. Гэхдээ тус толбыг хялбархан арилгах боломжтой юм.
- Толбо тогтсон газар багахан оо түрхэж, сайтар үрээд чийгтэй алчуураар арчиж цэвэрлээрэй.
- Үүнээс гадна үсний лак, хөлс дарагч ашиглаж, толбыг арилгаж болно.
- Бас өөр нэгэн арга бол пролон дээр хүнсний сода асгаад толбыг сайтар үрээрэй..
5
Хивсэн дээр тогтсон хумсны будагны толбо арилгах
Санамсаргүй байдлаар хивсэн дээрээ хумсны будаг асгах яг л ертөнцийн төгсгөлтэй адил санагддаг. Харин одооноос та тэрхүү асуудалд санаагаа чилээх шаардлагагүй юм.
- Хумсны будагны толбыг арилгахдаа хатахаас нь өмнө хумсны будаг арилгагчийг хөвөнд шингээж дээр нь тавиарай. Хэсэг хугацаанд байлгасны дараа авч, үлдсэн толбыг нь бүлээн савантай усаар цэвэрлэнэ.
- Үүнээс гадна толбо арилгагч ашиглаж, хумсны будгийг арилгаж болох нь байна шүү.
6
Богино долгионы зуух цэвэрлэх
Өдөр тутамдаа хэрэглэдэг богино долгионы зуухыг цэвэрлэхэд нимбэг болон шанцай хэрэг болно. Нимбэгээ голоор нь зүсч, талыг нь аяганд хийж, дээр нь шанцай нэмнэ. Дараа нь үүнийгээ богино долгионы зууханд хийх бөгөөд 3-5 минут эргүүлсний дараа зогсоогоорой. Ингэснээр зуухны эвгүй үнэрийг дарж, нян бактерийг устгадаг байна.
7
Гал тогооны тавилгыг гялалзуулах
Гал тогооны өрөө бол гэрийн эзэгтэйг хэр ажилсаг хүн бэ гэдгийг илтгэдэг билээ. Учир нь энэ өрөөг үргэлж цэвэрхэн, гялалзсан байлгахгүй бол элдэв нян үржиж, эвгүй үнэр ханхлах аюултай. Иймд эзэгтэй та ургамлын тосыг хүнсний содатай хольж, бэлтгээд үүнийгээ гал тогооны тавиур болон тавцандаа түрхэж хэсэг байлгаарай. Дараа нь чийгтээ зөөлөн алчуураар сайтар арчихад гал тогооны өрөө тань яг л цоо шинэ мэт гялалзах болно.
8
Тоос арилгах
Үргэлж тоос тогтож өдөрт хэд хэдэн удаа арчих шаардлагатай болдог тавилга гэж байдаг. Харин үүнийг та цаасан алчуурт ургамлын тос шингээж байгаад арчих хэрэгтэй. Хэд хэдэн удаа арчсаны дараа тухайн газарт нимгэн давхарга үүсч, ахин дахин тоос тогтохоос сэргийлэх юм.