1
"Eat Pray Love"
Кино: Амжилттай яваа зохиолч Элизабет (Elizabeth) гэнэт хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаагаа ухаарч бүхнээ орхин өөрийгөө нээх аялалд гарна. Италид тэрбээр тогоочийн адал явдалтай учирч, Энэтхэгт гэгээрлийн зам мөрийг олж, эцэст нь Балид жинхэнэ хайраа олно.
Бодит амьдрал: Киног Элизабет Гилберт (Elizabeth Gilbert) гэгчийн бодит амьдралаас сэдэвлэсэн юм. Элизабет, Хосе (Jose) хоёр яг кинон дээр гардаг шиг хоорондоо танилцаж, нэг нэгэндээ дурласан аж. Харин кинон дээрхи хосууд гэрлэхгүйгээр шийддэг ч, амьдрал дээр Элизабет, Хосе хоёр гэрлэснээр барахгүй одоо хүртэл аз жаргалтай амьдарч байгаа гэнэ.
2
"50 First Dates"
Кино: Люси Витмор (Lucy Whitmore) гэгч дур булаам бүсгүй болон Хенри Рот (Henry Roth) гэгч хүүхэмсэг залуугийн тухай гарна. Хенри хэзээ ч нэг хүнтэйгээ хоёр удаа болзоонд явдаггүй учраас осолд орсны улмаас маргааш нь сэрэхдээ өмнөх өдрийнхөө талаар мартаж орхидог Люсид ухаангүй татагддаг аж.
Бодит амьдрал: Киног Мишел Фийлпотс (Michelle Philpotts) гэгч эмэгтэйн амьдралаас сэдэвлэжээ. Тэрбээр осолд орж, түүний хувьд цаг хугацаа, ой дурсамж нь зогсож орхисон тул хайрт нөхөр нь өглөө сэрэх бүрт нь гэрэл зургийн цомгоо, аз жаргалтай мөчүүдийнхээ бичлэгийг үзүүлдэг аж. Киноноосоо ялгаатай ганц зүйл нь Мишел нөхрөө осолд орохоосоо өмнө таньдаг байсан тул нөхөр нь өдөр болгон эхнэрээ шинээр дурлуулах шаардлагатай тулгараагүй ажээ.
3
"Die Weisse Massei"
Кино: Үзэсгэлэнт эмэгтэй Карола (Carola) Кенид амарч явахдаа Лемалианад (Lemaliana) дурлаж орхих бөгөөд тэр Европ дахь амьдралаа орхин, Кенид нүүж ирнэ. Гэвч тэр огт өөр соёл иргэншилтэй нутгийнхантай учраа ололцох амаргүй зам туулах зуураа хүүхэд гаргадаг ажээ. Гэсэн ч тэр нөхрийнхөө хардалт, огт өөр амьдралын хэв маягийг тэвчиж чадахгүй болсны улмаас нөхрөөсөө холдон явдаг байна.
Бодит амьдрал: Корин Хофман (Corinne Hofmann) гэгч эмэгтэйн бодит амьдралаас сэдэвлэсэн ном байдаг бөгөөд энэ нь дээрх кино болсон юм. Корин 1986 онд найз залуутайгаа Кенид аялаж явахдаа Лкетина Лепарморионтой (Lketinga Leparmoriyoin) танилцаж, дурласан ба найз залуугаасаа салж, Швейцари дахь бизнесээ зарж 1988 онд шинэхэн амрагтайгаа гэрлэжээ. Тэр хүнд өвчин тусч байснаас гадна нөхөртэйгээ соёлын ялгаанаас болоод таардаггүй байв. Лкетина дэндүү хартай эр байсан бөгөөд өөрийгөө хүүхдийнхээ төрсөн эцэг биш гэж сэрддэг байсан юм. Корин нөхөртөө маш их хайртай байсан ч, олон жил тарчилсны эцэст төрсөн нутаг руугаа буцжээ.
4
"Ai No Korida"
Кино: Хүсэл тачаалаа хянаж чадахаа байсан хосын тухай өгүүлэх цочирдом кино юм. Кинонд баян хөрөнгөтөн болон зарцынх нь тухай гардаг ба юу ч идэж, уухаа больж, гэр бүл, төрөл саднаа умартсан тэд хүслийнхээ боол болж хувирдаг аж. Хүсэл тачаалдаа автан шинийг эрэлхийлсэн бүсгүй нь хайртыгаа боож алаад галзуурдаг юмсанж.
Бодит амьдрал: Хичнээн хачин ч гэлээ кино жинхэнэ болсон явдлыг тэр чигээр нь хуулбарласан гэхэд хилсдэхгүй. 1936 онд Сада Абэ (Sada Abe) гэгч эмэгтэй хайртыгаа хэнтэй ч хуваалцахгүй гэсэндээ хөнөөж орхижээ. Тэдний анхны болзоо 4 хоног үргэлжилсэн ба тэд энэ хугацаанд орноосоо огт холдоогүй аж. Сада Абэ 6 жилийн ял хүлээж байсан байна.
5
"Moths"
Кино: 1986 оны Чернобылийн ослын үеэр нэг нэгэндээ дурласан сурагч охин Аля (Alya) болон Павел (Pavel) гэгч цэргийн тухай гарна. Тэд анхны харцаар бие биедээ дурладаг бөгөөд юу ч болж байсан хамт байхаар шийднэ. Гэвч Павел устсан цөмийн эрчим хүчний газрыг цэвэрлэх даалгавар авдаг. Залуу хайрттайгаа уулзаж, эзгүйрсэн хотод нэг өдрийг өнгөрөөдөг бөгөөд Аля, Павел хоёрыг тус кинонд нэг нэгэн рүүгээ ухаангүй тэмүүлсэн дэнгийн эрвээхийтэй адилтган, дүрсэлжээ.
Бодит амьдрал: Аля, Павел хоёрын дүрийг Чернобылийн гал сөнөөгч Василий Игнатенко болон түүний эхнэр Людмилагаас санаа авч бүтээжээ. Василий гамшгийн дараах цэвэрлэгээний ажилд томилогдож, их хэмжээний цацраг идэвхит туяанд хорджээ. Эмч нар түүнд ойртохыг хатуу хориглож байсан ч, эхнэр нь нөхрийгөө эцсийн амьсгалаа хураатал дэргэдээс нь холдоогүй гэдэг.
6
'Winter Cherry"
Кино: Өндөр боловсролтой Ольга бүсгүй хүүтэйгээ амьдардаг бөгөөд нөхрөөсөө салж, зоригтой алхам хийж чаддаггүй нэгэн юм. Гэвч эцэст нь зүрхээ чангалан амьдралаа сайжруулахын тулд, нэгэн баян эрийг даган өөр хотод амьдрахаар явна. Гэтэл түүний нөхөр Вадим юу алдсанаа ухаарч, Ольгагийн араас явж, буцаан авчирдаг. Гэвч тэр огт өөрчлөгдөөгүй, амьдралаа ахиулахын тулд шийдвэртэй алхам хийж чадахгүй хэвээрээ л байдаг ажээ.
Бодит амьдрал: Кино зохиолч Владимир Валюцкий, жүжигчин Надежда Репина нарын амьдралаас киног сэдэвлэжээ. Тэдний нууц хайр 14 жилийн турш үргэлжилсэн бөгөөд анх хоёулаа гэр бүлтэй байхдаа Ялтад танилцсан байна. Репина нөхрөөсөө салсан бол Валюцки эхнэрээсээ салаагүй юм. Гялалзсан Итали эр Надеждагийн амьдралд орж ирж, хоорондынх нь дурлалд аюулын харанга дэлдэх үед Валюцки эхнэрээ орхино хэмээн амлаж, Надеждаг буцаан авчирсан ч, хэлсэндээ хүрээгүй байна.
7
"The Vow"
Кино: Пэйж (Paige), Лео (Leo) 2 хуримынхаа 4 жилийн ойг тэмдэглэх өдрөө осолд орж, Пэйж комд орно. Тэр ухаан орох хэдий ч гэрлэлтийнхээ талаар ор тас мартаж орхих бөгөөд нөхрөө ч танихгүй болчихдог. Ингээд Лео эхнэрийнхээ зүрхийг дахин эзэмдэх шаардлагатай болдог аж.
Бодит амьдрал: Крикит (Krickitt) болон Ким Карпентер (Kim Carpenter) нар осолд орж, Крикитийн сүүлийн 15 жилийн дурсамж ор сураггүй алга болсон юм. Крикит нөхөртөө хайргүй болсон байсан ч, Ким бууж өгөлгүй зүтгэсээр эхнэрээ дахин өөртөө дурлуулж чаджээ. Тэр хоёрын сэтгэл хөдөлгөм хайрын түүхээс сэдэвлэн "The Vow" гэсэн ном бичигдсэн бөгөөд энэ ном нь дээрх кино болж хувирсан аж.