Монгол бүсгүй “Apple” компанийн дизайнер болжээ

Сурсан зүйлдээ эзэн нь болж мэдлэг боловсролоо үнэлүүлэн, дэлхийн алдартай компанид ажиллаж байгаа Монгол бүсгүйг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Эх орныхоо нэрийг өндөрт гаргаж, авьяас чадвараараа алдаршиж яваа түүнээр бахархахгүй байхын аргагүй. Хүн зүрх сэтгэлдээ мөрөөдлөө тээж, цуцашгүй хөдөлмөрлөж чадвал хүрч чадахгүй оргил гэж үгүй болохыг тэр батлан харуулсан юм. Ингээд хамтдаа "Apple" компанийн дизайнер Тэргэл гэх бүсгүйтэй танилцъя. 

Монгол бүсгүй “Apple” компанийн дизайнер болжээ

1

Түүнийг Пүрэвдоржийн Тэргэл гэдэг бөгөөд 1992 онд мэндэлжээ. Тэрээр 8 настай байхдаа аав ээжийгээ даган Америк улсад очиж амьдрах болсон төдийгүй бага байхаасаа л хичээл номдоо шамдаж, сонин содон зүйлс сэтгэж, бүтээдэг байжээ. Тэргэл олон улсын охидын сургуульд суралцаж, мэдлэг боловсрол эзэмшсэн бөгөөд Монгол хүн гэдгээрээ үргэлж бахархдаг байна.

2

Бага байхаасаа л Америк улсад амьдарсан хэдий ч Тэргэл Монгол улсын түүх, соёл, уламжлал зэргийг маш сайн мэднэ. Учир нь түүний аав  нь охиноо төрсөн улс орныхоо тухай мэдэхгүй, сэтгэлдээ хоосон хөндий нэгэн болгохыг хүсээгүй тул бага балчир байхаас нь Монголын түүхийг ярьж, ёс заншил уламжлалыг зааж зааварлан, баримтлуулж иржээ. Тиймдээ ч тэрээр хаана ч явсан Монгол хэмээн омогших дуртай бөгөөд цаг зав гарвал төрсөн нутагтаа ирэхийг зорьдог байна. 

3

Бүсгүй ахлах сургуулиа төгсөөд "Rochester" их сургуульд элсэн орсон төдийгүй суралцахын хажуугаар "Appurify" гэх технологийн компанид дизайнераар ажилладаг байжээ. Оюутан байхдаа зуны амралтаараа Монголд ирдэг байсан бөгөөд нэг зун "Гоо Даль" сэтгүүлд зурагчнаар ажиллаж байсан юм.

4

Тэргэл оюутан байхдаа алдартай компаниудын төлөөлөгчдийг хамарсан хурал, цуглаанд тогтмол оролцдог байсан бөгөөд энэ нь түүний авьяасыг олонд таниулах боломж болсон байдаг. Тэрээр хуралд оролцсон "Apple" компанийн төлөөлөгчидтэй танилцаж, ярилцлагад орж,урилгаар дадлага хийх эрх авсан төдийгүй түүнийг их сургуулиа төгсмөгц нь "Apple" компаниас 2 жилийн хугацаатай ажиллах гэрээ санал болгожээ. Ингээд л тэрээр өөрийн хүч хөдөлмөр, авьяас чадварын үр дүнд уригдаж тус компанид ажиллах болсон аж.

5

Түүнтэй адил зорилготой маш олон залуус "Apple" компанид ажлын ярилцлагад орж байсан ч Тэргэл тэднээс туршлага, авьяас, олон сарын турш бэлтгэсэн зүтгэлээрээ ялгарч, тус компанид орж чадсан байна. Анх ажилд ороод тэрээр "Apple"-ийн шинээр гаргасан телевизийн загварыг гаргах ажлыг хариуцаж байсан бол одоогоор 15 мянган хүний оффисын зориулалттай барилгын дизайн, дотоод засал зэрэгт анхаарлаа хандуулан ажиллаж байгаа гэнэ.

6

Тэрээр өдөрт 10 цаг ажилладаг бөгөөд зав чөлөө гарвал өөрийн гараар элдэв зүйлс урлах дуртай гэнэ. Түүний хийсэн бүтээлүүд нь нүд хужирлам сайхан төдийгүй маш гүн гүнзгий утгыг илэрхийлдэг байна. 

7

Өдөржингөө комьпютерийн ард сууж ядарсан түүнд урам зориг өгч, аз жаргалыг мэдрүүлдэг ганц зүйл нь шаазан урлал. Орой гэртээ ирээд л тэрээр шавраар технологийн шийдлийг харуулсан сонин содон зүйлсийг урладаг аж.

8

Түүний эдгээр өвөрмөц бүтээлүүд нь бусдад хайр түгээж, олон зүйлсийг ойлгуулж өгөх тустай төдийгүй шинэ шинэлэг бүхний эхлэл гэж хэлж болохуйц билээ. Тэргэл нэг шаазан эдлэлийг ойролцоогоор 8-10 цаг хийдэг төдийгүй эдгээрийг багцалж, хагас жилд нэг удаа үзэсгэлэн гаргадаг юм. 

9

Уран сэтгэмж, үзэсгэлэн гоо, ухаалаг байдал хосолсон Монгол бүсгүйгээр бахархахгүй байхын аргагүй. Нас залуу, цус шингэн тэрээр цаашдаа ямар амжилт гаргаж, улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахыг тааж мэдэшгүй билээ.

10

Тэрээр Монгол улсынхаа хөгжилд гар бие оролцож, залуустай хамтарч шинэлэг зүйлс бүтээхийг хүсч мөрөөддөг бөгөөд өөрийгөө хөгжүүлж, бэлэн болсон цагтаа улс орондоо өөрийн хувь нэмрээ оруулна хэмээн бодож явдаг аж. Та түүний фэйсбүүк www.facebook.com/tergel хаягаас илүү олон сонирхолтой бүтээлүүдийг нь харж болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()