Хосууд ихэвчлэн юунаас болж салдаг вэ?

Хоёр биендээ үнэнч байж хорвоог хамт туулна хэмээсэн боловч амьдралд тохиолдох хүнд бэрх бүхэнд шантарч, салах хосууд олширч байгаа билээ. Харин тэд чухам юунаас болж гал мэт дүрэлзэж байсан хайраа үгүй хийж, салахад хүрдэг юм бол? Ингээд нийт хосууд болон хараахан хайртайгаа учраагүй байгаа залуустаа сургамж болгох үүднээс хосуудын салалтын шалтгаануудыг дуулгая. 

Хосууд ихэвчлэн юунаас болж салдаг вэ?

1 Хардалт

Хэн хэнийгээ хэт хардаж, хийх үйлдэл бүрийг хянах нь яг л шоронд, бусдын мэдэлд орсон мэт мэдрэмж төрүүлдэг аж. Мэдээж энэхүү төвөгтэй байдлыг хүсэх хүн үгүй бөгөөд тус асуудал даамжирсаар хэрүүл маргаан тасархаа больж, нэгнийхээ сэтгэлд сэв суулгаж, салахад хүрдэг аж. Мөн утга учиргүй хардалтаас болж найз нөхөд, нийгэмд эзлэх байр суургүй болсон хүмүүс олон бөгөөд энэхүү хүнд байдлаас гарч чадахгүй цаг хором бүрт салалтын тухай бодож явдаг юм. Харин та хайртай хүнээ гомдоож, хагацахыг хүсэхгүй бол хардалтаас хол байх хэрэгтэй төдийгүй үзэл бодлыг нь үргэлж хүндэтгэж байгаарай. 

Хардалт

2 Хэрүүл маргаан

Жижиг зүйлээс өө хайн маргалдах нь хосуудын харилцаанд байдаг л зүйл. Гэвч үүнийгээ улам бүр томруулж, өдөр бүр маргалдах нь тэднийг гэр бүл биш бие биедээ дургүй, өстөнүүд мэт болгож өөрчилдөг юм. Нэгнээ үл хүндэтгэж, үзэл бодол таарахгүй тохиолдолд хэрүүл маргаан үүсэх бөгөөд үүнээс үүдэж гэр бүл салалт ихсэж байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ бүхэн ердөө хэн нэгэн нь буруугаа ойлгож, буулт хийгээгүйгээс болдог төдийгүй хэсэгхэн хором биеэ барьж чадаагүйгээс болж хүүхэд өнчрөх сөрөг нөлөөтэй. 

Хэрүүл маргаан

3 Сексийн харилцаа

Секс нь хосуудын харилцаанд хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Энэ нь хосын харилцааг сайжруулж, урт удаан оршин тогтнох гол хүчин зүйл болох нь ч бий. Үүнтэй адил секс нь салах, хагацах гол шалтгаан болохыг үгүйсгэхгүй бөгөөд тэдний сексийн харилцаа хоорондоо тохирохгүй, нэг нэгэндээ тааламжтай бус байх нь ихэвчлэн салалтыг дагуулж байдаг аж. Тус асуудлыг шийдвэрлэж, хэвийн байдалд оруулна гэдэг бэрх зүйл төдийгүй хосуудаас асар их зориг тэвчээрийг шаардана. 

Сексийн харилцаа

4 Муу зуршил

Архи тамхинд хэт донтсон, асуудал үргэлж таригч эсвэл хэрүүл маргаан үргэлж өдөөдөг хэнэггүй гэхчлэн ямар нэгэн муу зуршилтай, үүнээсээ салж чадахгүй яваа хүмүүс хайртай нэгнээсээ хагацаж салах магадлал өндөр байдаг. Учир нь тэд хайрын нөлөөгөөр өөрчлөгдөж чаддаггүй бөгөөд хэн ч хэцүү бэрх, муу муухай зүйлсээр өөрийгөө чимсэн нэгэнтэй насан туршдаа амьдрахыг хүсдэггүй юм. Тиймдээ ч хосуудын салах болсон шалтгаанд тэдний муу зуршил заавал багтдаг билээ. 

Муу зуршил

5 Санхүүгийн асуудал

Өнөө цагт хамгийн чухал зүйл бол хөрөнгө мөнгө болж хувирчээ. Гэхдээ үүнийг хэрхэвч хайр дурлалтай хутгаж болохгүй. Мөнгөтэй орооцолдсон хайр хэзээ ч амжилт олдоггүй бөгөөд үдлээд буцах шувуудын настай байдаг билээ. Сүүлийн үед амраг хосууд, залуус хөрөнгө мөнгөний асуудал, дутуу дулимаг зэргээс болж салж, хоёр тийш болох нь улам бүр ихэссээр байгаа аж. Үүнд нь ахмад буурлууд, олон жил нэгнээ хайрлаж, хамтдаа амьдарч яваа аав ээжүүд шүүмжлэлтэй хандаж, нэгнээ түшиж, хамтдаа зүтгэхийн оронд ядуу гээд хаяж явах нь дэндүү арчаагүй үйлдэл гэж үзэж байгаа юм.

Санхүүгийн асуудал

6 Хувиа хичээсэн зан

Нэг хүн болж нэгдэхийг хүсэх боловч хэн нэгэн нь хэт хувиа хичээж бүхнийг өөрийн болгох гэж зүтгэх нь хосуудын харилцааг төвөгтэй болгодог. Энэхүү байдал удаан үргэлжилвэл хэн хэнийх нь хайр хөрч, салах тухай бодож эхэлдэг аж. Зөвхөн өөрийгөө бодох болсноор хос болж хамт байгаа нь ямар ч утгагүй болдог төдийгүй нэг нэгэндээ итгэхгүй, өөр өөрийн замаа хөөхийг илүүд үздэг байна. Харин та хайртай нэгнээсээ салахыг хүсэхгүй бол "би, миний" гэх бодлоо хаяж, бүхнийг хамтдаа хийж, бүтээгээрэй. 

Хувиа хичээсэн зан

7 Хүчирхийлэл

Сэтгэл санааны болон бие мах бодид нь хохирол учруулсан тохиолдолд тэдний харилцаа цааш үргэлжлэх боломжгүй. Ихэвлэн хүчирхийлэгч, бие махь бодид хохирол учруулагч нь эрчүүд байх бөгөөд энэхүү байдал нь бүсгүйн биеийг бус сэтгэлийн илүүтэй өвтгөж байгаа гэдгийг ухаардаггүй юм. Зарим бүсгүйчүүд гэр бүл үр хүүхдээ бодож, зодуулсан ч тэвчиж, гаднаа инээн, дотроо уйлж, сэтгэл зүрхэндээ хэзээ ч арилшгүй хар толбыг тээж амьдрах нь дэндүү харамсалтай. 

Хүчирхийлэл

8 Хайр халамж дутмаг

Хайрлах нь халамжлахын нэр билээ. Хайртай дуртай хэмээн нэг гэрт орсон атлаа халамжаар дутааж нэгнээ гомдоох нь салах том шалтгаан болдог юм. Ялангуяа бүсгүйчүүд халамж дутагдахын цагт хатаж буй цэцэг мэт болдог төдийгүй удалгүй бүхнийг ухаарч, өөрийгөө бодож салахыг хүсдэг. Мөн хосуудын харилцааг урт удаан, аз жаргалтай байлгах хамгийн чухал зүйл бол хүндлэл билээ. Бие биенээ хүндлэн харьцаж, хайрлаж явах нь ямар ч саад бэрхшээлийг ажралгүй давах зэвсэг болдог бөгөөд энэ нь хэзээ ч хуучирч, элэгдэхгүй. Иймд хайр дурлалаа хадгалж үлдэхийн тулд хүндлэл, халамж хоёрыг хэрхэвч мартаж болохгүй. 

Хайр халамж дутмаг

9 Араар тавилт

Ганц түүнийгээ хайрлана гэж амалчихаад бусдыг харж зүрхээ булиглуулж, хайр сэтгэлээ үнэ цэнэгүй болгох нь салалтын хамгийн том шалтгаан юм. Нэгэн насны ханиа хаяж, ганцхан зуны цэцгийн настай хээнцэр нэгнийг дагаж явах нь хамгийн бодлогогүй, буруу шийдвэр байх талтай. Харин хууртсан нэгэн нь хайртдаа итгэх, хайрлах тэмүүлэл юу ч үлдэггүй төдийгүй тэдний хайр хөрч, салахаас өөр аргагүйд хүрдэг аж. Нэг хууртсан хүн ахин хууртах вий, шархлах вий гэхээс айж, зүгээр л энэ бүхнээс холдон явахыг, мартахыг хүсдэг байна.

Араар тавилт

10 Өөр хүнд татагдах

Хайр сэтгэл нь хөрч, хоёр биенээ гэхээ больсон төдийгүй өөр хэн нэгнийг илүүтэй сонирхох болсон тохиолдолд хосуудын харилцаа өндөрлөж, тус тусын замаа хөөхөд хүрдэг. Дүрэлзэн асч байсан гал халуун дурлал нь бага багаар бөхөж, биенээсээ уйдсанаар бүх асуудал эхлэх бөгөөд энэ байдал удаан үргэлжилснээр салах асуудал яригдаж эхэлдэг билээ.

Өөр хүнд татагдах

Та эдгээрээс өөр шалтгаанаар амраг хайртаасаа салсан бол бидэнтэй хуваалцаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()