Хамгийн алдартай спортын төрлүүд анх яаж үүссэн бэ?

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон спорт нь олон сая хүний зүрх сэтгэлийг эзэмдэж, өөртөө уусган шингээсэн байдаг. Спорт нь дотроо маш олон төрөл бөгөөд тэдгээр нь өөр өөрийн гэх гайхалтай түүхийг агуулж байдаг билээ. Иймд та бүхэндээ хамгийн алдартай спортын төрлүүдийн хэрхэн үүссэн тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм. Энэ нь таны спортыг харах өнцгийг өөрчилнө гэдэгт итгэлтэй байна. 

Хамгийн алдартай спортын төрлүүд анх яаж үүссэн бэ?

1 Лакросс

Олон зуун жилийн түүхт, багийн спорт болох лакроссыг анх уугуул Америкчууд болон Индианчууд тоглодог байжээ. Тэд овог, нутгийнхаа хамгийн хүчтэй залуусыг хооронд нь баг болгон тоглуулж, тэднийг улам бүр эрч хүчтэй болгохыг зорьдог байв. 1840-ээд оны эхээр Европчууд тус тоглоомыг сонирхох болж 1844 оны 8-р сард Европчууд, Мохавк овгийн багийнхны эсрэг тогложээ. 1856 онд "Montreal" гэх хамгийн анхны лакроссын клуб Канад улсад нээгдсэн бөгөөд 1860 онд Уэльсийн хунтайж тус клубд зочлон ирснээр лакроссыг таньж мэдэх хүмүүсийн цар хүрээ улам тэлсэн байдаг. Удалгүй хунтайж, өөрийн туслахын хамт ахин клубд ирж, анхны албан ёсны тоглоомын дүрмийг зохиож, баг бүрт 10 хүний бүрэлдэхүүнтэй, эрэгтэй эмэгтэй хамааралгүй тоглож болдог байхаар зааж өгчээ. Үүнээс хойш лакросс нь хүмүүсийн тоглох дуртай спортын төрөл болж өөрчлөгдсөн төдийгүй өдгөө Хойд Америкд 2 лакросс лиг байдаг юм. 

Лакросс

2 Гольф

Нэгэн малчин хонь хариулж явахдаа хийх зүйлээ олж ядан жижиг бөөрөнхий чулууг модоор цохисонд нөгөө чулуу  нь туулайн нүх уруу орчихсон байна. Түүний санамсаргүй сэдсэн тоглоомонд найз нөхөд нь ч татагдан, шинэ зугаа бүгдэд таалагдах болсноор өнөөгийн гольфийн спорт үүссэн гэх домог байдаг. Анх 15-р зуунд Шотланд улсад үүсэн бий болсон гэх боловч, маш олон улс орнууд гольфийг өөрийн түүхтэй холбон тайлбарладаг билээ. Энэхүү тоглоом нь хөгжлийнхөө явцад олон үе шатыг туулан хувирч өөрчлөгдсөн төдийгүй түүний хэрэгсэл ч мөн харьцангуй өөр болж ирсэн юм. Анх чулуун бөмбөгөөр тоглодог байсан бол 1848 онд каучуктай төстэй хатуу эдээр хийсэн бөмбөгөөр солигдож, газар тусгайлан ухсан хонхорхой нүх гарган тоглох болж, саваа модны оронд махир үзүүртэй цохиур хэрэглэх болсон байна. Харин 1902 онд бөмбөг резинээр солигдсон бөгөөд энэ бөмбөгийг Америкийн иргэн бүтээсэн аж.

Гольф

3 Мөсөн хоккей

Өвлийн спорт дундаас хамгийн үзүүштэй нь мөсөн хокей гэдэгтэй маргах хүн үгүй бизээ. Хокей нь анх Канад улсад үүссэн хэмээдэг боловч судлаачид хоккейг янз бүрээр үүссэн гэж үздэгийг энд дурьдах нь зүйтэй. Ямартай ч анх Канад цэргүүд мөсөн дээр модоор хийсэн бөмбөгийг урт саваагаар цохиж тоглох болсноор хокейн суурь тавигдсан байдаг. 1875 оны 3-р сарын 3-ны өдөр хамгийн анх мөсөн хокейн нээлттэй тэмцээнийг Канад улсад зохион байгуулж, түүхэнд тэмдэглэж үлдээсэн билээ. Харин 1877 онд хокейн анхны клуб, 1886 онд  Канадын Хоккей Сонирхогчдын Холбоо байгуулагдсан бол тухайн үед Англи улсад ч хоккей тоглодог байсан болох нь тодорхой болсноос улбаалж Англичууд хоккей манайд үүссэн гэж "цээжээ дэлдэх" дуртай байдаг. 

Мөсөн хоккей

4 Регби

Регбиг анх 1823 онд 16 настай Уильям Уэбб Эллис (William Webb Ellis) гэх хүү талбайн хөлбөмбөг тоглож байгаад бөмбөгөө барин эсрэг багийн хаалга руу гүйснээс сэдэвлэж үүссэн байдаг. Мөн түүний тоглож байсан сургуулийн нэрийг Регби гэдэг байсан тул тус спортыг ч Регби хэмээн нэрлэжээ. Энэ нь хаа саагүй түгэн дэлгэрч улмаар 1871 онд Англи болон Шотланд улсын шигшээ багуудын хооронд анхны олон улсын тэмцээн зохиогдож байсан юм. Регби нь Их Британи, Английн колони улсуудад цэрэг армийг даган хөгжсөнтэй холбоотойгоор баруун Европын орнууд, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсуудад өндөр хэмжээнд хөгжсөн билээ. Сүүлийн хагас зуун жилд энэхүү спорт нь Ази тивд өргөн дэлгэр хөгжиж байгаа бөгөөд тивдээ Япон улсын шигшээ баг тэргүүлж байдаг билээ. 

Регби

5 Крикет

Сая сая үзэгч, сонирхогчтой крикет нь маш алдартай спортын төрөл юм. Энэ нь 13-р зуунд Англи улсад үүссэн гэж үздэг бөгөөд анх малчид тоглодог байсан аж. Тэд малын хашаагаа талбай болгож, ноос, нэхийгээр нь бөмбөг хийж тоглодог байжээ. Хамгийн анх 1697 онд багуудын хооронд тоглолт явагдсан бол 8 жилийн дараа энэ нь шинэчлэгдэж илүү боловсронгуй, хүмүүсийн тоглох дуртай төрөл болж хувирчээ. Харин 1744 онд албан ёсны дүрэм бичигдэж, зүгээр ч нэг зугаагаа гаргах тоглоом биш тэмцээн, спортын төрөл болсон байдаг. 

Крикет

6 Талбайн теннис

Хамгийн анх 12-р зуунд Франц лам нар сүм хийддээ гараараа модон бөмбөг цохиж тоглодог байсан хэмээдэг. 13-р зууны сүүлч үеэс энэ нь олонд танигдаж эхэлсэн гэдэг боловч, 1859 оноос л орчин үеийн теннисийн хэв маягт шилжсэн байдаг билээ. Олон зуун жилийн түүхт тус гайхалтай спортын албан ёсны дүрмийг 1873 онд зохиож, 1877 онд анхны тэмцээнийг зохион байгуулсан байдаг юм. 

Талбайн теннис

7 Сагсан бөмбөг

Сагсан бөмбөг гэхэд хамгийн түрүүд хүн бүрийн толгойд том биетэй, хар арьст залуучууд санаанд нь буудаг. Гэвч тус спортыг Канадын доктор Жеймс Нэйсмид (James Naismits) гэх эрхэм бөмбөг барин гүйлдэх залуусыг ажин сууж байгаад зохиосон юм. Тэрээр Канад улсад төрж, өссөн бөгөөд их сургуулиа төгссөний дараа АНУ-д ирж ажиллаж байхдаа сагсанбөмбөгийг зохиосон байдаг. Хамгийн анхны тэмцээн 1891 оны 12-р сарын 21-ны өдөр болж өнгөрсөн төдийгүй тооны харьцаа 1-0 өндөрлөсөн юм. Хөгжлийн явцад тоглолтын дүрэм, тоног төхөөрөмж, тамирчдын хувцас хэрэглэл, өөрчлөгдөн хөгжсөөр ирсэн бөгөөд 1893 онд анх тортой төмөр цагираг, 1894 онд бөмбөгний тойрог 76.2-81.3 см хэмжээтэй болсон билээ. 1895 онд анх 0.5 метрээс торгуулийн шидэлт хийж эхэлжээ. 

Сагсан бөмбөг

8 Бейсболл

1839 оны зун АНУ-ын Нью Йорк хотод Абнер Даблебдэй (Abner Doubleday)  гэх эр бейсболлийг зохиосон байдаг юм. Албан ёсны бейсболын дүрмийг 1845 онд Александр Картрайт (Alexander Cartwright) боловсруулж, түгээн дэлгэрүүлжээ. Түүний боловсруулсан дүрмээр Нью-Йорк мужын 2 баг тоглож эхэлснээр бейсбол спортын нэгэн төрөл болж мэндэлсэн билээ.  Өдгөө түүний гаргасан зарим дүрмийн дагуу тамирчид тоглосон хэвээр байгаа төдийгүй хэрэгсэл, тоног төхөөрөмж, дүрмүүд нь он цагийн эрхээр хувьсан өөрчлөгдсөн байна. 

Бейсболл

9 Америк хөлбөмбөг

Америк хөлбөмбөгийн спортын хамгийн анхны тэмцээн 1869 оны 11-р сарын 6-ны өдөр болж байжээ. Тус тоглолтонд нийтдээ 25 тоглогчид оролцсон бөгөөд бөмбөгний төлөө хөл, гар, толгойгоороо цохилцож, нэг ёсондоо торонд бөмбөг оруулах гэж хоорондоо тэмцэлдэж байв. Сүүлд буюу 1873 онд тус спортын төрлийн албан ёсны дүрэм журам, тоглогчдын тоо хэмжээ зэргийг дүрмэндээ нэгтгэж өгсөн билээ. Жилээс жилд Америк хөлбөмбөг нь хөгжиж, илүү боловсронгуй, сонин содон болсоор өнөөдрийн түвшинд иржээ. Үүнийг жинхэнэ эрчүүдийн спорт гэж нэрлэх нь ч бий. 

Америк хөлбөмбөг

10 Хөлбөмбөг

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй, алдартай спорт бол яахын аргагүй хөлбөмбөг билээ. Түүхийн бүх л үеийн турш хүн төрөлхтөн бөмбөгийг өшиглөн тоглосоор ирсэн боловч, хөлбөмбөг хэмээх нэр томъёог гаргаж иртлээ багагүй хугацааг зарцуулжээ. Хамгийн анх хөлбөмбөгтэй төстэй тоглоомыг МЭӨ 2,500 онд Египет улсад зохиож, нааддаг байсан бол Хятадад МЭӨ 476-221 онуудад хувцсаараа бөмбөг хийж, өшиглөж тоглодог байв. Эртний Ром улсад баг бүр 27 тоглогчтой бөгөөд нэг бөмбөгний хойноос хөөцөлдөж эсрэг багийнхаа торонд бөмбөг оруулдаг байжээ. Мөн Ромчууд тоглоомыг хэт хүндээр хүлээж аван нэгнээ алах, хүнд гэмтээх явдал ч гардаг байв. Харин орчин үеийн хөлбөмбөг 1860-аад оноос үүссэн гэх бөгөөд 1863 оны 12-р сарын 19-ны өдөр анхны тоглолтоо хийж байсан юм.

Хөлбөмбөг

Танд эдгээрээс аль спорт нь илүү таалагддаг вэ? Та ямар спортоор хичээллэдэг вэ? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()