1
Улаан өрөө
Энэхүү аймшигт домог нь нэгэн хүүд тохиолдсон явдлаас болж өнөө хэр нь жихүүдэс төрүүлсээр байгаа юм. Нэгэн хүү сургууль дээрээ тус домгийг сонсчихоод гэртээ ирэн, компьютер дээрээ хичээлээ хийгээд сууж байтал гэнэт дэлгэцэн дээр нь "Чи улаан өрөөнд" гэх бичиг гарч иржээ. Хүү айсан хэдий ч нэг их юм бодолгүй тус бичгийг арилгах гэсэндээ компьютерээ унтраасан байна. Харин маргааш нь дахин "Чи улаан өрөөнд дуртай юу?" гэх бичиг дэлгэц дүүрэн гарч ирэхдээ улаан өнгө улам тодорсоор байжээ. Хүү айж балмагдахдаа шууд л амиа хорлосон бөгөөд түүний өрөө цусанд будагдан үлдсэн байдаг. Мөн тус домгийг сонссон хүний дэлгэцэн дээр бичиг гарч ирэх бөгөөд үүнийг нь арилгах, компьютерээ унтраавал тухайн хүний амийг нь хорлуулдаг гэнэ.
2
Хүн багана
Хүн багана гэдэг нь эртний Японд хийгддэг байсан хүн тахилын нэг хэлбэр юм. Энэ ёслолоор хүнийг амьдаар нь далан, гүүр, орд харш зэрэг барилга байгууламжийн суурийн доор эсвэл дотор хийж, тахил үйлддэг байжээ. Ингэснээр тус барилга өн удаан жил оршин тогтнож, элдэв осол гэмтлээс хол байхыг бэлгэддэгтэй холбоотой юм. Мөн тахигдсан хүмүүсийн сүнс, байгууламжийн хамгаалагч болж үлддэг гэнэ. Энэхүү тахилга нь 18-р зуунд хийгддэг байсан бөгөөд хүмүүс, өдгөө ч хүнээр хийсэн баганатай барилгууд хаа сайгүй бий хэмээн итгэсээр байдаг юм.
3
"Онрё" - Өс хонзон өвөртлөгч
Энэ нь хүний аминд ч хүрэх чадалтай аймшигт сүнс юм. 8-р зууны үед анх Онрёгийн түүх эхэлсэн байдаг. Тэрээр сүнснүүдийг цуглуулж хүчийг нь сордог байсан бөгөөд аймшигт хүчээрээ хүн амьтныг хөнөөхөөс гадна байгалийн гамшиг учруулсаар иржээ. Тус сүнс нь өөрийн өшөөг авахаар олон зуун жилийн турш дэлхий ертөнцөөр хэрэн хэсч яваа аж. Түүнчлэн дургүйг нь хүргэж, муу зүйл хийсэн хэнийг ч өчиг, өршөөлгүй шууд л хамгийн хэрцгий, аймшигтайгаар хөнөөж орхидог байна. Тус домгоос сэдэвлэн бүтээсэн кино болон ном зохиолууд олон байдаг билээ.
4
"Окику" хүүхэлдэй
1938 оноос хойш яригдсаар ирсэн энэхүү домогт хүүхэлдэй нь хар нүдтэй, зогсолтгүй ургадаг үстэй бөгөөд ойролцоогоор 40 см өндөртэй байна. Кимоно өмссөн "Окику" хүүхэлдэй нь Ивамизава хотын "Mannenji" сүмд байдаг аж. Нэгэн удаа тус хүүхэлдэйг 17 настай хүү 2 настай охин дүүдээ худалдан авч өгчээ. Бяцхан охин өдөр бүхэн хүүхэлдэйтэйгээ тоглож, өдрийг өнгөрүүлдэг байсан ч, нэгэн өдөр санамсаргүй байдлаар амиа алдсан аж. Охины гэр бүлийнхэн түүний оршуулган дээр хүүхэлдэйг авч очин, ганц хайртай тоглоом нь хэмээн нандигнан хадгалдаг байв. Харин нэгэн удаа сайтар анзаартал, хүүхэлдэйн үс улам урт болсон байжээ. Иймд тус гэр бүлийнхэн хүүхэлдэйг сүмд аваачиж тавьсан бөгөөд үүнд охины сүнс шингэсэн хэмээдэг байна. Сүмийнхэн хүүхэлдэйн үсийг тогтмол тайрах боловч ахиад л ургасаар байдаг аж.
5
"Ибицу" - Бяцхан эгч
Ибицу гэх сүнс нь шөнө дунд Японы гудамжаар алхдаг гэнэ. Тэрээр хүмүүс дээр очин "Чамд эгч байгаа юу?" гэж асуудаг бөгөөд таарсан хүн нь юу гэж хариулахыг үл тоон, эгч дүүс болохыг хүсч, шаарддаг байна. Хэрвээ хүсэлтээс татгалзвал, тэр дор нь амийг нь таслах бөгөөд зөвшөөрвөл шөнө бүр тухайн хүнийг дагаж, амар заяаг нь үзүүлдэггүй аж. Иймдээ ч хүмүүсийг аль болох оройн цагаар гадуур явахыг хориглож, Ибицуг харвал шууд зугтахыг зөвлөдөг байна. Учир нь Ибицу өөрт нь гэм хийгээгүй, аясаар нь байх нэгэнд халддаггүй юм.
6
Үхлийн тасалбар
Энэхүү домог нь таксины жолооч нарт хамааралтай юм. Тиймээс ч Япончууд өнөөг хэр нь шөнө орой замын хүн авах, дайхаас жийрхдэг байна. Учир нь тэдний итгэдэг нэгэн домогт, харанхуй шөнө бүсгүй хүний сүнс зам дээр зогсож, машин ирэхийг хүлээдэг. Ийнхүү машин зогсож бүсгүйг суулган авч явахад, тэрээр оршуулгын газар, эзгүй зэлүүд газрыг замчилж, улмаар зорьсон газар ирэхэд бүсгүй алга болсон байдаг аж. Харин жолооч тухайн газраас гарч, зайлж чадахгүй байсаар сүнсэнд эзэмдүүлэн үхдэг гэнэ.
7
Угаалгын өрөөний сүнс
Хэрвээ та Японы аймшгийн уран сайхны киног үзэж байсан бол тус сүнсний тухай мэдэх юм. Түүнийг "Ханако-сан" гэдэг бөгөөд ахлах сургуульд байхдаа сургуулийнхаа угаалгын өрөөнд харамсалтайгаар нас барсан охины сүнс юм. Тэрээр өөрийн үхэл, өшөө хорслыг авахын тулд угаалгын өрөөнд ганцаараа орж ирсэн охидыг ангуучилдаг байна. Иймээс ч охид сургуулийн 3 давхрын угаалгын өрөөнд ганцаараа орохоос айдаг бөгөөд өнөөг хэр нь нас барсан охины сүнс тэднийг ангуучилдаг хэмээн итгэдэг аж.
8
Томиногийн там
Энэ нь нэг төрлийн яруу найраг, шүлэг бөгөөд үүнийг уншсан хүн үхдэг. Тус шүлгийг уншсан цаг мөчөөс эхлэн тухайн хүнд аймшигт үйл явдлууд тохиолдож, нэг ёсондоо тамд унадаг аж. Тиймээс ч Япончууд тус яруу найргийг уншихаас эмээж, хол байхыг хичээдэг гэнэ шүү. Энэхүү шүлгийг Ёмота Инүхико (Yomota Inuhiko) хэмээх бүсгүй зохиосон бөгөөд "The Heart is Like a Rolling Stone" номонд хэвлэгдэж байжээ. Гэвч та үүнийг интернэтээс хайгаад олохгүй юм.
9
Үхрэн толгойт
Энэхүү аймшигт түүх нь 17-р зууны үеэс улбаатай байна. Хамгийн аймшигтай нь богино хэрнээ жихүүдэс хүргэм тус түүхийг уншсан, сонссон хүмүүс бүгд үхдэг. Нэгэн цуу ярианд, ахлах сургуулийн багш, сурагчиддаа тус түүхийг ярьж өгдөг. Харин сурагчид багшийгаа ярихаа болихыг хүсэхэд багш нь зогсолтгүй ярьсаар, түүх дуусах мөчид хүүхдүүдийн амнаас хөөс сахарч, удалгүй үхдэг гэнэ.
10
"Широкияа" их дэлгүүрийн үхэл
1932 оны 12-р сард Широкияа их дэлгүүрт аймшигтай гал түймэр гарч байжээ. Гал командын ажилчид шуурхай ажиллаж, дэлгүүрийн ажилчид, үйлчлүүлчдийг галын шатаар шуурхай гаргаж эхэлсэн гэдэг. Бүсгүйчүүд галын шатаар доошилж, барилгын дунд хэсэгт ирмэгц, ширүүн салхи салхилж, тэдний кимоног сөхөж эхэлсэн аж. Тэрхүү салхи дотуур өмдгүй бүсгүйчүүдийг хороож байв. Үүнээс хойш Япон бүсгүйчүүд кимоно дотроо дотуур өмд өмсөх болж, мөн ширүүн салхинд дэрвэхгүй байхаар бүтээсэн гэдэг. Үүнээс хойш дотуур өмдгүй бүсгүйчүүдийг салхи хороодог хэмээх түүх олны дунд тархжээ.
11
"Ака Манто"
Ака Манто нь угаалгын өрөөгөөр эргэлдэж, эмэгтэй хүнийг ангуулчилдаг сүнс ажээ. Тэрээр таныг усанд орж байх үед "Цэнхэр цаасыг сонгох уу? Эсвэл улаан цаасыг сонгох уу?" Гэвч хоёул гоё өнгө л дөө" гэж хэлэх бөгөөд хэрвээ та улааныг сонговол тэр таны биеийг нүд ирмэхийн зуур хэрчин хаядаг байна. Харин цэнхэрийг нь сонговол таны царайг хувхай цайтал сүнсийг тань сордог аж. Японд та хэзээ ч ганцаараа усанд орж болохгүй байх нь ээ.
12
Күчисакэ Онна
Уг араатан шиг хүүхэн нь шөнийн цагаар нүүрэндээ бага зүүн явдаг бөгөөд тантай тааралдвал "Би хөөрхөн байна уу?" гэж асуух ба ямар ч зөв хариулт хэлэх боломжгүй байдаг аж. Маскаа авч таны царайг яг өөрийнх шигээ болгож зэрэмдэглэдэг байна. Түүний асуултанд гагцхүү "Та байдаг л царайтай нэгэн байна" гэж хэлвэл эргэлзэх бодол түүнд төрөх буюу танд магадгүй зугтах боломж гарч болзошгүй. Түүгээр барахгүй "Би найз охин/залуутайгаа уулзахаар явж байна" гэж хэлвэл таны амийг өршөөх бөгөөд тэр зөвхөн ганц бие хүмүүсийн амийг авч оддог сүнс юмсанжээ.
13
"Хонэ Онна"
Хонэ Онна нь кимоно өмссөн, сайхан царай зүстэй бүсгүйн тухай дам яриа бөгөөд энэхүү бүсгүй нь залуусын сэрлийг өдөөж, сээтэн хаяж байгаад хэний ч үл мэдэх газар руу авч оддог сүнс юм. Кимоногоо тайлахад бие нь ямар ч арьсгүй цул араг яс байдаг аж. Дараа нь хохирогчийн сүнсийг тэр чигт нь сорж, залгидаг байна.
14
"Хитори Какүрэнбо"
Энэ нь тоглоом бөгөөд үүрийн 03:00 цагт ямар нэгэн чихмэл тоглоом авч, биеийг нь зүсэх бөгөөд доторх хөвөнг нь бүгдийг аваад, оронд нь дүүрэн будаа хийх ёстой аж. Дараа нь чихмэлэн тоглоомоо оёод, угаалгын өрөөнд аваачиж тавихдаа гэрлийг нь унтраагаад орхи. Зурагтаа асаагаад, ямар ч хамаагүй суваг дээр тавьмагцаа, 10 тоолох хэрэгтэй. Харин үүний дараа угаалгын өрөөндөө очиход тань чихмэлэн тоглоом байхгүй болсон байх бөгөөд удалгүй телевизийн сувгууд автоматаар солигдож, хөлийн чимээ бага багаар сонсогдож эхэлдэг байна. Түүгээр зогсохгүй телевизийн дэлгэцэн дээр "Чи хаана байна? Би чамайг олох болно" гэсэн текст гарч ирдэг ажээ.
15
"Теке Теке"
Теке Теке нь галт тэргэнд биеэ тасдуулсан ахлах сургуулийн охины сүнс гэж яригддаг бөгөөд хэдийгээр хөлгүй ч гэсэн хоёр гар дээрээ хурдан явдаг гэсэн яриа байдаг аж. Оройн цагаар ганцаараа явбал теке текетэй тааралдана хэмээн Япончууд нэгнээ айлгадаг байна. Түүгээр зогсохгүй түүний тухай хачирхалтай түүхийг сонссон хүн теке текетэй заавал тааралддаг гэж япончууд үздэг аж. Теке Теке хэрвээ таныг харсан бол хоёр алгаа хооронд нь цохиж чимээ гаргадаг бөгөөд уг гарах чимээнээс үүдэж, түүнийг теке теке хэмээн нэрлэсэн юмсанжээ. Хэрвээ түүнтэй тааралдсан бол шууд зугтаах хэрэгтэй ба гүйцэгдэх юм бол биеийг тань тас татан хаядаг байна. Тааралдсан хүнээсээ "Миний хөл хаана байна?" хэмээн асуудаг бөгөөд "Мэйшиний төмөр зам"-д байгаа гэж хэлэх ёстой аж. Харин үүний дараа "Хэнээс мэдсэн юм?" гэж асуух ба "Кашима Рэйко" гэж хариулах хэрэгтэй. Харин буруу хариулвал сайн зүйл болохгүй нь ойлгомжтой юм.