Бангладеш залуугийн түүх цахим ертөнцийг шуугиулж байна

Хүн бүрт хүсэл мөрөөдөл байдаг боловч, хамгийн харамсалтай нь үүнийхээ төлөө зүтгэж, хөдөлмөрлөх хүмүүс дэндүү цөөн юм. Харин өнөөдөр та бүхэндээ амьдралын хатуу шалгуурыг цөхрөлгүй давж яваа, бахархам нэгэн залуугийн тухай өгүүлэхээр бэлтгэлээ. Түүний хүсэл мөрөөдлийг унтраах зүйл гэж нэгээхэн ч үгүй. Гагцхүү бид цуцашгүй хүслийг өөртөө тээж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө дуусашгүй тэнхээгээр тэмцэхэд хангалттай аж.

Бангладеш залуугийн түүх цахим ертөнцийг шуугиулж байна

Түүнийг Мохаммад Абдулла (Mohammad Abdullah) гэдэг бөгөөд өдгөө 22 настай байна. Тэрээр бага байхаасаа л Кристиана Роналду (Cristiano Ronaldo) шиг л дэлхийд алдартай хөлбөмбөгчин болохыг мөрөөдөж иржээ. 

Хөлд орсон цагаасаа бөмбөгтэй нөхөрлөж, бяцхан зүрхэндээ асар их мөрөөдөл тээж явсан хүү 7 настайдаа галт тэрэгний осолд орж, хоёр хөлөө тайруулахаас өөр аргагүйд хүрсэн юм.

Түүнийг 6 настай байхад ээж нь орхин явснаар тэрээр аав болон хойд ээжийнхээ гар дээр өсөх болсон байна. Гэвч хүүхэд л болсон хойно ээжийгээ үгүйлэн санаж, өдөр шөнөгүй шаналан, гансрах болсон тул гэрээсээ явж, ээжийгээ хайхаар шийдсэн аж.

Мэдээж нэгэнт явсан хүнийг олох боломжгүй тул хүү гадуур хоноглож, олон хоногийг гудамжинд өнгөрүүлсэн бөгөөд нэгэн удаа галт тэрэг зогсох хооронд доогуур нь унагаасан цүнхээ авах гэтэл галт тэрэг гэнэт хөдөлж, хүүгийн хөлийг тайрж орхисон байна. Түүнийг эмнэлэгт хүргэхэд гэрээс нь дуудах хүн үгүй тул өрөвдөлтэй хүү ганцаар бүхнийг даван туулжээ.

Хөлөө тайруулчихсан хүү нэг хэсэгтээ сэтгэл санаагаар унаж, хүнтэй ч юм яриагүй гэдэг. Нэгэнт л гэрээсээ явчихсан тул гудамжинд гуйлга гуйж суудаг байжээ. Хүмүүс ч түүнийг өрөвдөж мөнгө өгөх хэдий ч түүнд ээж нь бас хөл нь маш ихээр үгүйлэгдэж байв.

Багын мөрөөдлөө биелүүлж, хөлбөмбөг тоглохыг хүсэвч, алхаж чадахгүй түүнд амьдрал ямар ч утга учиргүй санагдаж байжээ. Түүнд ярилцах хүн, хайр халамж өгөх нэгэн байсангүй. Нэг л өдөр тэрээр хөлбөмбөг тоглож, гүйлдэх хүүхдүүдийг хараад "яагаад би тоглож болохгүй гэж ?" хэмээх бодол толгойд нь зурсхийн ирсэн байна.

Түүнийг орон гэргүй хүүхдүүдийг халамжлагч байгууллага хариуцаж, орон байр, хоол ундаар хангах болжээ. Үүнээс эхлэн тэрээр бага багаар явахыг оролдсоор, осолд орсноос хоёр жилийн дараа буюу 2003 он гэхэд алхдаг болчихсон байв. Үүнээсээ урам зориг авч эхлээд гараараа бөмбөг тоглодог байсан ч, цаашлаад хөл дээрээ гүйж бөмбөг өшиглөх болсон юм. 

Энэ бүхэн үнэхээр итгэмээргүй тэрээр өөрийгөө дайчилж, хүн бүрийн чадаад байдаггүй гайхамшгийг бүтээсэн юм. Одоо тэр хөлтэй хүмүүсээс ямар ч ялгаа байхгүй, сэтгэл санаа болоод бие махбодийн тухайд тэрээр яг л бусадтай ижил болсон бөгөөд үүндээ сэтгэл гутрахаа байж, амьд байгаадаа, гүйж чадаж байгаадаа талархаж яваа аж.

Өдгөө тэрээр галт тэрэгний буудал дээр ачаа зөөж, амьдралаа авч яваа бөгөөд амьдралын хамгийн сайхан зүйл бол хөлбөмбөг гэж үздэг байна. Өдрийн 8 цаг ажиллаж, хөлс болгож 1 евро авдаг төдийгүй цалингаа голох нь бүү хэл ажил хийж яваадаа талархаж, өөрөөрөө бахархдаг билээ. 

Түүний сэтгэлийн хүч, гэгээлэг бодлыг юутай ч зүйрлэшгүй. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж, өдгөө түүнийгээ биелүүлж, цаашид ч илүү том зүйлсийг төсөөлөн өнөөдөр хөлсөө дуслуулж яваа түүнээр бахархахгүй байхын аргагүй юм.

Тэрээр "Би өлсгөлөнгөөс айсандаа ажил хийдэггүй. Би зүгээр хөлбөмбөг тоглохын тулд ажил хийж, өөртөө анхаарал хандуулдаг. Хэрэв хөлбөмбөг гээч зүйл байгаагүй бол би хэдийн энэ хорвоогоос хальсан байж мэднэ. Учир нь би цаг ямагт үхэх талаар бодож, өөрийгөө тарчлаадаг байсан. Одоо харин хөлбөмбөг тоглож, хөл дээрээ гүйж, амьдралын амтыг дахин мэдэрч яваа би азтай, дэндүү азтай хүн" хэмээжээ.

Залуу өдгөө ажлаа хийхийн хажуугаар хөлбөмбөгийн бэлтгэлээ хийж, Бангладешийн үндэсний цэнгэлдэх хүрээлэнд өнждөг байна. Мөн тэр хэзээ ч өөрийгөө хийн хөлгүй атлаа хөлбөмбөг тоглож явна хэмээн төсөөлөөгүй аж.

Ямартай ч цаашдаа түүний мөрөөдөх зүйлс хязгааргүй бөгөөд өөрийн шүтээн болох Кристиано Роналдутай уулзаж, нэг талбай дээр хамт тоглох талаар байнга боддог аж. Тэр нэг удаа чадсан дахиад чадна гэдэгт хүн бүхэн итгэл төгс байгаа юм. 

Түүнд найз нөхөд, гэр бүл гэж үгүй. Хөлбөмбөгийн ногоон талбай түүний хувьд гэр орон, хамгийн тухтай газар байдаг бөгөөд багийн нөхөд нь гэр бүл, найз нөхөд нь болж үргэлж урам зориг хайрладаг аж.

Хэдийгээр тэр хөлгүй ч гэлээ тун сайн тоглодог бөгөөд багийнхаа гол хүмүүсийн нэг аж. Хүний мөрөөдөл гэдэг хязгааргүй гагцхүү түүнийхээ төлөө зүтгэх, итгэл сэтгэл байхад л хангалттай. Боломжгүй зүйлийг ч бодит амьдралд бий болгох хүч зөвхөн таны дотор нуугдаж байгаа гэдгийг ямагт санаж яваарай. Мөрөөдөл бүхэн биелэх болтугай...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()