Амьдралын шуурганд сөхрөөгүй алдартнууд

Өдгөө алдар нэр нь дэлхий нийтээр цуурайтаж, амжилтын оргилд гарч чадсан хүмүүс олон боловч амьдралын хатуухан шуурганд бүдрэлгүй, зориг тэвчээр заан өнөөгийн өндөрлөгт хүрсэн хүмүүс цөөн аж. Тэдний тухайд өөрсдийн хүч хөдөлмөр, цуцашгүй тэвчээрээр бүхнийг даван туулсан бөгөөд үүгээрээ ч бусдад хүндлэгдэж, хайрыг нь хүртэж яваа юм. Ингээд та бүхэндээ амьдралын шуурганд сөхрөлгүй, амжилтын оргилд хүрсэн алдартнуудыг танилцуулъя. 

Амьдралын шуурганд сөхрөөгүй алдартнууд

1 Анжелина Жоли (Angelina Jolie)

Холливуудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг хосгүй нинжин сэтгэлт жүжигчин бүсгүй нь эхнэртэй залууг булааж суусан гэхчлэн элдвээр доромжлуулж явсан цаг саяхан. Гэвч түүний олон өнчин хүүхэд өргөж аван, өөрийн төрсөн үрсээс ялгалгүй өсгөж, зовлонд нэрвэгдсэн мянга мянган хүнд тусламжийн гараа сунгасан явдал нэрийг нь цэвэрлэж, хайрлаж, хүндлэхээс өөр аргагүйд хүргэсэн аж. Харин 2013 оны 2-р сард тэрээр өөрийгөө хөхний хорт хавдар тусах магадлал 87 хувьтай байгаа гэдгээ олж мэдэн хоёр хөхний булчирхайгаа авхуулахаар зориг шулууджээ. Хагалгаанд ороод 2 жил болсны дараа буюу 2015 оны 3-р сард хийлгэсэн шинжилгээгээр түүнд өндгөвчний хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн юм. Иймд тэрээр нэн даруй өндгөвч болон фаллопиевын гуурсаа авхуулж, гарч болох эрсдлээс өөрийгөө сэргийлсэн байна. Учир нь тус төрлийн хорт хавдраас болж түүний ээж, эмээ нар нь нас барсан байдаг тул тэрээр энэхүү аймшигт явдлыг давтахыг хүсээгүй юм. Ямартай ч өвчин зовлон, үхэл хагацлыг даван туулж гарсан баатарлаг бүсгүйгээр бахархахгүй байхын аргагүй. 

Анжелина Жоли (Angelina Jolie)

2 Жим Крамер (Jim Cramer)

Америкийн алдарт "CNBC" телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч Жим Крамер нь мэдлэг туршлага арвинтай, амжилттай яваа нэгэн билээ. Гэвч түүний туулсан амьдралын зам дардан шулуун байгаагүй юм. Тэрээр Харвардын их сургуулийг төгсөж, дипломаа гардаж авсны дараа орон гэргүй болж, гудамжинд хоног төөрүүлж байсан аж. Учир нь оюутан залуу байрны хөлсөө төлж дийлэхгүй болсон тул хөөгдөж, гудамжинд хоноглон, ажил хайхаас өөр аргагүйд хүрчээ. Жим Крамер 6 сарын турш гудамж, машин зэргийг гэрээ болгож амьдарсны эцэст өөрт тохирсон ажлыг олж, өнөөдрийн өндөрлөг хүртэл эцэж, цуцалгүй мацсаар ирсэн юм. Мөн тэрээр нэгэн ярилцлагын үеэр "Ядуу зүдүү байна гэдэг чамтай шууд холбоотой. Эрч хүч, эр зориг, бүтээлч сэтгэлгээ л байх юм бол хэн ч байлаа гэсэн мөрөөдлийн амьдралаа бүтээж чадна" хэмээн залууст сургамж хайрлаж байжээ. 

Жим Крамер (Jim Cramer)

3 Малала Юсафзай (Malala Yousafzai)

Түүхэн дэх хамгийн залуу нобелийн шагналтан Пакистаны 17 настай Малала охин хүүхдүүдийн сурч боловсрох эрх, түүнчлэн эрх нь зөрчигдөж байгаа сая сая хүүхдүүдийн дуу хоолой, элч нь болсон юм. Тэрээр үүнээсээ болж, 2012 онд "Талибан" хөдөлгөөний босогчдын халдлагад өртөж, улмаар толгойндоо хүчтэй бэртэл авч байсан байна. Үхэл амьдралтай тэмцэж, олон сарыг эмнэлэгт өнгөрүүлсэн охин шүд зуун бүхнийг тэвчиж, хөл дээрээ босч чадсан билээ. Мөн түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн "He Named Me Malala" кино нь 2015 оны Академийн шагналд баримтат киноны төрөлд нэр дэвшиж байсан юм. Түүнчлэн Малала охин Харвардын их сургууль, НҮБ зэрэг газруудад лекц тавьж, энэ шугамаараа олон орны элч төлөөлөгчид, ерөнхийлөгчид тэр дундаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama)-тай уулзаж байжээ.

Малала Юсафзай (Malala Yousafzai)

4 Ж. К. Роулинг (J.K.Rowling)

Ж.К.Роулинг (J.K.Rowling)-ийг бид бүгд алдарт “Харри Поттер” номыг бичсэн гэдгээр нь андахгүй сайн мэдэх хэдий ч гунигт нүднийх нь цаана нуугдах хүндхэн амьдралынх нь талаар сайн мэддэггүй байна. Түүний ээж Ж.К Роулингийг 25 настай байхад нас барж, амьдралд нь нөхөж баршгүй хохирол учруулсан байна. Бүсгүй удалгүй нэг залуутай ханилан сууж, хэдхэн сарын дараа мэндлэх үрээ хүлээж байсан боловч азгүй тохиолдлоор зулбаж ахин нэг амьдын хагацал амсав. Гэвч бүсгүй бурхны ивээлд багтан дахин жирэмслэж, 1993 оны 7-р сард бяцхан охин Жессикагаа өлгийдөн авсан билээ. Харин хэрэлдэж, муудалцах зүйлс мундахгүй хосын харилцаа хөрч, салахдаа тулсан бөгөөд тэрээр бяцхан охин болон "Харри Поттер"-ийн зохиолуудаа авч, төрсөн нутаг руугаа буцсан байна. Бяцхан охиноо өлсгөхгүй гэх сэтгэлийн хатаар түүнд хийж үзээгүй ажил гэж үгүй төдийгүй өдөр нь ажил хийж, орой нь номоо бичиж явсаар нэг л өдөр амжилтын зам нь зурайсан билээ. 

Ж. К. Роулинг (J.K.Rowling)

5 Жим Керри (Jim Carrey)

Дэлхийн хамгийн хөгжилтэй хүмүүсийн нэг болох жүжигчин Жим Керриг нэгэн үе орон гэргүй амьдарч явсан гэж итгэхэд бэрх. Тэрээр Канад улсад мэндэлсэн бөгөөд гэр бүл нь дундаж амьдралтай л айл байжээ. Гэтэл аав нь ажлаасаа халагдаж, тэд гэр орноо хүртэл алдан нэг хэсэгтээ ачааны вагон дээр амьдарч байсан аж. Дээр нь түүний ээж хүнд өвчин туссанаар Жим Керри сургуулиасаа гарч, ажил хийх болсон юм. Гэхдээ түүний сэтгэл зүрхэнд жүжигчин болно гэсэн мөрөөдөл үргэлж тээгдэж явсан гэдэг. Улмаар өөрийн зорилгодоо хүрэхээр тэмцэж явсаар “In Living Color” инээдмийн цувралд тоглосноор ирээдүй нь гэрэлтэж эхэлсэн юм.

Жим Керри (Jim Carrey)

6 Майкл Жей Фокс (Michael J. Fox)

Нэрт жүжигчин эр нь "Back to The Future" киногоор бидний сайн танил болсон билээ. Харин тэрээр ид хийж бүтээх 29 насандаа буюу 1991 онд Паркинсоны өвчин тусаж, нэг хэсэгтээ л олны нүднээс далд байсан. Хүн бүр л түүнийг одоо ч өнгөрсөн дөө хэмээн өрөвдөж байсан боловч жүжигчин эр өвчнөө даван туулж, урлагийн ертөнцдөө эргэн ирж чадсан юм. Аймшигт өвчнөө шүд зуун ялж, олон мянган хүнд баяр баясал бэлэглэсэн байдаг билээ. 

Майкл Жей Фокс (Michael J. Fox)

7 Роуз МакГоуэн (Rose McGowan)

Олон гайхалтай дүрээр бидний сэтгэлд хоногшин үлдсэн авьяаслаг жүжигчин бүсгүй тун ч бэрх амьдралыг туулж, өнөөгийн өндөрлөгт хүрч чаджээ. Тэрээр Итали улсад мэндэлсэн бөгөөд эцэг эх нь Америк хүмүүс байсан юм. Түүнийг бага байхаас нь сүмд явуулж, "Бурхны хүүхдүүд" гэх тахин шүтэх бүлэгт элсүүлсэн төдийгүй бүсгүй 9 жилийг ийм байдалтай өнгөрүүлсэн юм. Харин энэ бүхнээс залхаж, утгагүй ёс заншил нь түүнийг төөрөгдүүлж байгааг бүсгүй мэдэрч, холдохыг хүссэн байна. Гэвч энэ нь мөн л бэрх зүйл байсан ч аавынхаа дэмжлэгтэйгээр үүнээс холдож чадсан бөгөөд тэд гэр бүлээрээ Америк руу нүүж, эгэл жирийн амьдралыг эрэлхийлсэн аж. Харин нэгэнт суучихсан үзэл бодлыг арилгаж, хэвийн болгох, нийгэмд уусан шингэх нь хамгийн том асуудал болж байсан ч жүжигчин бүсгүй энэ бүхнийг даван туулж чадсан байна. 

Роуз МакГоуэн (Rose McGowan)

8 Эшли Жадд (Ashley Judd)

Алдартай жүжигчин бүсгүйн хүүхэд нас тун ч хэцүү байдалтай өнгөрсөн аж. Түүний эцэг эх каунтри хөгжмийн чиглэлээр уран бүтээл туурвиж байсан ч согтууруулах ундаа, мансууруулах бодист донтож, үр хүүхдээ үл ойшоон, хар бараан орчинд өсгөн хүмүүжүүлжээ. Тэрээр 5-18 нас хүртлээ 13 өөр сургууль сольж, дотогшоо хандлагатай, нийгэмд хөлөө олж чадахгүй нэгэн болж төлөвшсөн байна. Харин тэрээр өөрийн бүрхэг амьдралаа гэрэл гэгээтэй болгохоор чадах бүхий л зүйлээ хийсний үндсэн дээр өдгөө од болон гялалзаж яваа билээ. 

Эшли Жадд (Ashley Judd)

9 Вайнона Райдер (Winona Ryder)

Нэгэн үе жүжигчин Жонни Депп (Johnny Depp)-тэй болзож явсан авьяаслаг жүжигчин бүсгүй нь олон хүнд бэрх давааг туулж ирсэн аж. Тэрээр Жонни Деппээс салахдаа ердөө 19 настай байсан бөгөөд сэтгэл гутралаа мансууруулах бодисоор далдалж, өөрийгөө эмчилдэг байжээ. Харин нэг л мэдэхэд тэрээр мансууруулах бодисноос хэт хамааралтай болсон байсан төдийгүй амьдралаа алдахад ойрхон байсан аж. Гэвч залуухан, халуухан бүсгүй ердөө л нэг хар тамхинаас болж өөрийгөө сүйтгэж байгаагаа ухаарч, хүч чадал, тэвчээр заан, үүнээс ангижирч чадсан юм. 

Вайнона Райдер (Winona Ryder)

10 Женнифер Хадсон (Jennifer Hudson)

2006 онд тэрээр Оскарын шагнал хүртэж, одоо л сайн сайхан амьдрах нь гэтэл ердөө жилийн дараа түүний хүргэн ах ээжийг нь буудан хөнөөжээ. Энэ нь түүний хувьд хэзээ ч мартагдашгүй сэтгэлийн шарх болж үлдсэн бөгөөд нэг хэсэгтээ тэрээр хэвийн байдалдаа орж чадахгүй байсан билээ. Мэдээж энэ нь түүнд хүнд цохилт болсон ч бүсгүй шүд зуун босч, өөртэй нь адил гэр бүлийн гишүүдээ алдсан мянга мянган хүнд тусламжийн гараа сунгах болсон юм. Энэ нь түүний нэр хүндийг улам ихээр өсгөж, олон хүний хайр хүндэтгэлийг хүртээсэн аж. 

Женнифер Хадсон (Jennifer Hudson)

11 Шарлиз Терон (Charlize Theron)

Холливуудын өнгө төрх, гоо үзэсгэлэн болсон жүжигчин бүсгүй харагдаж байгаа шигээ сайн сайхан амьдралыг туулж ирсэн нэгэн биш. Түүнийг 15 настай байхад нь бүсгүйн ээж аавыг нь буудан хөнөөсөн юм. Бүр түүний нүдэн дээр ийм зүйл болж байжээ. Жүжигчин бүсгүйн аав нь угтаа бол бусдын адил амьдралаа босгох гэж хичээсэн эгэл жирийн нэгэн байсан ч архинд донтож, байнга л ээжийг нь дарамтлах болжээ. Харин нэг өдөр аав нь согтуу ирж, ээж охин хоёрыг ална хэмээгээд буу гарган охиныхоо өрөө рүү буудсан байна. Ээж нь айн балмагдаж, охиноо аврах гэсэндээ нөхрөөсөө бууг нь булааж, түүнийг буудан хөнөөсөн юм. Энэ бүхнийг Шарлиз өөрийн нүдээр харсан бөгөөд хичнээн хичээсэн ч энэхүү аймшигт явдлыг бодол, тархинаасаа арилгаж, гаргаж чаддаггүй байна.

Шарлиз Терон (Charlize Theron)

12 Келси Граммер (Kelsey Grammer)

Жүжигчин залуугийн амьдрал үхэл хагацал дунд өрнөсөөр өнөөг хүрсэн юм. Учир нь түүнийг 13 настай байхад аав нь буудуулан нас барж, удалгүй хоёр ах нь машины ослоор, эгч нь бусдын гарт амиа алдаж, үхэл хагацал ээлжлэн түүн дээр зочлон ирж байв. Түүнд энэ бүхнийг даван туулахад зөвхөн хар тамхи тус болж, аймшигт явдлуудыг түрч атугай мартуулж байсан юм. Тэрээр 1975-1995 оны хооронд хар тамхи хэрэглэж байсан ч ухаан сууж, амьдралд бууж өгөлгүй тэмцсээр өдгөө олны танил болж, амжилт бүтээлээр арвин яваа аж. 

Келси Граммер (Kelsey Grammer)

13 Опра Уинфри (Oprah Winfrey)

Өнөө цагийн хамгийн хүчирхэг алдартан хэмээгддэг Опра нь дэлхий дахинаа өөрийн “Опрагийн шоу”-гаар танигдсан юм. Өөрийн өнгөрсөн болоод өдгөөгийн амьдралынхаа тухай үзэгчдэд ний нуугүй хуваалцаж, нэвтрүүлэгт оролцох хүнтэйгээ ч гайхалтай ойлголцож, ямар ч дарамтгүй, чөлөөт орчинг бүрдүүлж өгдгийг нь дурдахгүй байхын аргагүй. Энэ олон жил өөрийн шоугаа олон нийтэд хүргэсэн түүнд хайртай хүн маш олон бий. Харин түүний өнгөрсөн амьдрал хүнд хэцүү байсан юм. Түүнийг 9 настай байхад нь 19 настай үеэл ах нь бэлгийн хүчирхийлэлд автуулж хэзээ ч арилашгүй хар толбыг сэтгэлийнх нь гүнд сийлж орхисон байна. Тэрээр ядуу зүдүү амьдралыг биеэр мэдэрч өссөн бөгөөд нас биенд хүрсэн хойноо эр нөхөртөө хаягдаж, ганц бие ээжийн үүрэг гүйцэтгэхийн хажуугаар телевизэд хүчин зүтгэхийг хүсэвч царай төрхнөөс нь болж голдог байжээ. Хүнд хүчир амьдралаас өдгөө од болтлоо зүтгэж чадсан түүний энэхүү агуу чин зориг, сэтгэлийн хүсэл эрмэлзлэлийг үгүйсгэх хүн нэгээхэн ч үгүй биз ээ.

Опра Уинфри (Oprah Winfrey)

14 Николь Кидман (Nicole Kidman)

Алдар нэр нь цуурайтсан жүжигчин бүсгүй Николь Кидман өдгөө дөрвөн сайхан хүүхдийн ээж болон аз жаргалаар бялхаж байгаа билээ. Тэрээр хоёр хүүхэд өргөж авсан бол дараа нь өөрөө хоёр удаа амаржсан юм. Үнэндээ бол жүжигчин бүсгүй хүүхэдтэй болох гэж олон жил зовж, зүдэрсэн нэгэн. Учир нь тэрээр огт жирэмсэн болж чадахгүй байсан төдийгүй нэг удаа савны гадуурх жирэмслэлтийн улмаас зулбаж байсан аж. Үүнээсээ болж ихэд шаналан, байнга л жирэмсний тест аван шалгаж, өдөр бүр л өөрийгөө жирэмснээр төсөөлдөг байжээ. Ямартай ч хүүхэд төрүүлэх боломжгүй гэдгээ мэдсэн тэрээр 2 бяцхан үрсийг өргөж авсан юм. Гэхдээ тэр бууж өгөлгүй тууштай эмчилгээ хийлгэж, хүчтэй байснаар 43 насандаа жирэмслэж, хэвлийдээ үр тээн төрүүлсэн билээ. Энэ нь түүний хувьд бурхнаас өгсөн хамгийн гайхалтай бэлэг байсан юм.

Николь Кидман (Nicole Kidman)

15 Оуэн Вилсон (Owen Wilson)

Олон гайхалтай дүрээр бидний сэтгэлд хоногшсон нэрт жүжигчин эр 2007 онд буюу 38 насандаа нойрсуулах эм их хэмжээгээр хэрэглэж амиа егүүтгэхийг оролдсон юм. Энэ нь анх удаагаа биш бөгөөд тэрээр урьд нь судсаа ханаж байсан ч ах нь амийг нь аварсан гэдэг. Чухам алдар нэртэй, баян чинээлэг залуу юуны улмаас удаа дараа амиа хорлохыг оролдсон нь хүн бүхний гайхшралыг төрүүлж байгаа нь гарцаагүй биз ээ. Үнэн хэрэгтээ тэр зүгээр л амьдралаас залхаж, байгаа бүхнийг үзэн ядах болсонтой холбоотой аж. Харин өдгөө тэрээр бүх муу муухай бодлоосоо ангижирч, сэтгэл санаа нь харьцангуй тайван болж, сайн сайхан амьдарч яваа билээ. 

Оуэн Вилсон (Owen Wilson)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()