Хичээл гэдэг хамгийн чухал бөгөөд гэрэлт ирээдүйг бүтээх тулгуур, түлхэц болдог гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг хамтдаа сонирхьё.
1
Хамгийн тухтай байрлалаа эзэл
Өөрт хамгийн тухтай байрлалыг хадгалж суух нь аливаа зүйлсийг сурч мэдэх, хичээллэхэд илүүтэй дөхөм болгож өгдөг байна. Тиймээс танд хаана хамгийн тухтай байна тэр газрыг сонгож хичээллэ. Ингэснээр та өөр зүйлд сатааралгүй хичээллэх боломжтой болохоос гадна тархи тань илүүтэй сайн ажиллаж, аливаа зүйлсийг түргэн тогтоож, ойлгож авдаг юм. Мөн та тухтай байдлаар хичээллэснээр цаг хэд болж байгааг, өлсөж байгаа эсэхээ ч анзааралгүй эрдэм номд шамдан суралцаж, энгүй их мэдлэгийг өөртөө хуримтлуулсан байх болно.
2
Тэмдэглэж ав
Багш, эрдэмтэн мэргэд, таниас илүүг мэдэх мундаг хүмүүсийн хэлсэн үг бүр, зөвлөгөөг тэмдэглэж аваарай. Тэдний үгс танд ус агаар мэт хэрэг болох хэрхэвч үл ойшоож сонсоод өнгөрч болохгүй юм. Тиймээс ямагт үзэг цаас нийлүүлж, сурч мэдсэн зүйлсээ бүгдийг тэмдэглэн авч байгаарай. Цахим ертөнцөөс хэрэгтэй мэдээллээ түүж аваад үүнийгээ мөн л тэмдэглэж аваад дараа нь эргүүлээд харахад танд ямар их тустай гээч. Мөн бичиж авах хугацаандаа үүнийгээ ойлгож, эдгээр нь тархи, толгойд хадгалагдан үлдэх давуу талтай билээ.
3
Өргөн сэтгэ
Нэг зүйлд баригдан, түүндээ эргэлдээд байлгүй өргөн сэтгэж, илүүтэй олон зүйлсийг эргэцүүлэн бодоорой. Та хэдий том сэтгэж зүтгэх тусам түүндээ хүрэх магадлал илүүтэй их болж хувирдаг бөгөөд зөвхөн номон дээр бичсэн зүйлсийг цээжлэх биш үүнийгээ илүүтэй дэлгэрүүлж, ном сонин, цахим сүлжээнээс хайж, хэзээ ч мартаж, оюун бодлоосоо арилахгүй болтол нь мэдэж авах хэрэгтэй юм. Ийн бүх зүйлсийг төгс судалж мэдэх нь онц сурах гол түлхүүр болж өгдөг байна.
4
Унш
Ном бол ертөнцийг харах цонх мөн. Та тэндээс хичээлээс гадна маш олон зүйлсийг мэдэж авах бөгөөд хүнд мэдлэг хэзээ ч илүүднэ гэж үгүй билээ. Тиймээс цаг зав гарвал зүгээр таарсан бүхнээ уншаад байгаарай. Энэ нь таны мэдлэгийн цар хүрээг нэмэгдүүлж, хичээнгүй тууштай нэгэн болгодог юм. Мөн ном их уншсан хүн юуг ч байлаа гэсэн түргэн шуурхай сурч, удаан мартдаг гэх судалгаа ч байдаг билээ.
5
Тархиа цэнэглэ
Байнга хичээлээр тархиа нүдээд байх бус хааяа ч болов амралт хайрлаж, тархи цэнэглэх хөгжилтэй зүйлсийг хийж байгаарай. Энэ нь таныг сэргээж, цааш сурах эрч хүч, хүсэл эрмэлзлэлээр дүүргэж өгөх юм. Мөн аливаа зүйлсийг аль болох хөгжилтэй арга ашиглан суралцаж, хэзээ ч мартахааргүй болгож, тархиндаа гүн суулгаж авах хэрэгтэй аж. Ингэхдээ цахим сүлжээг ашиглан, зүйлсийг түргэн сурах шинэлэг, хөгжилтэй аргуудыг хайн, туршиж үзээрэй. Үр дүнгээ өгөх нь гарцаагүй юм.
6
Сурсан бүхнээ туршиж үз
Сурсан бүхнээ тархиндаа хадгалснаас илүүтэй үүнийгээ туршиж үзэх нь сайтар ойлгогдож, онц гэх үнэлгээ авахад дөхөм болж өгдөг байна. Жишээлбэл, та хэл сурч байгаа бол мянган удаа дүрэм, үс цээжилж байхын оронд бусадтай тус хэлээр ярилцаж, өөрийн алдаа дутагдлаа олуулж, суралцах нь илүүтэй түргэн болоод чанартай боловсролыг танд олгож байдаг билээ. Тиймээс дан онол бус практик дээр суурилж хичээллэвэл зохилтой.
7
Өөрт тохирох аргаар суралц
Хүмүүсийг суралцаж буй байдлаар нь дотор нь хараагаар, сонсголоор, унших, бичгийн чадвар, дадлагаар гэхчлэн ангилж үздэг байна. Харин та чухам эдгээр төрлүүдийн алиар нь суралцвал илүү үр дүнтэй байдгаа тодорхойлоорой. Хараагаар суралцдаг хүмүүс нь аливаа зүйлс харж, тогтоодог бол сонсголоор суралцдаг хүмүүс лекц, ярилцлага, сонсдог ном зэргээс илүүтэй олон зүйлийг мэдэж авч, мэдлэгээ тэлдэг байна. Харин уншиж, бичиж байж л бүгдийг сурдаг хүмүүс харьцангуй олон байдаг аж. Тэдний тухайд бүхнийг тэмдэглэж аван, анхаарлаа төвлөрүүлж уншсанаар суралцдаг бол дадлага дээр суурилж суралцах хүмүүс нь онолоос илүүтэй "практик" дээр ажилладаг байна. Харин та чухам эдгээрийн аль төрлөөр суралцдаг болохоо эхэлж тодорхойлж, үүнийгээ түлхүү баримталж, цуцашгүй хөдөлмөрлөх шаардлагатай аж.
8
Дуртай зүйлээ сонго
Зөвхөн та өөрийн хамгаас дуртай чиглэлээр л, ядрахаа мэдэхгүй суралцаж, үүнээсээ улам их урам зоригийг авч, цаашид ч тууштай хөдөлмөрлөдөг байна. Тиймээс чухам юугаар суралцмаар байгаагаа тодорхойлж, түүндээ уусан шингээрэй. Хүн өөрийн хүссэн зүйлээ хийж байхдаа ямагт аз жаргалыг мэдэрч, цааш алхлах хүчийг өөртөө хуримтлуулж авдаг байна. Харин өөрийн хүсээгүй зүйлээ сурч байгаа хүний тухайд онц сурах нь бүү хэл ойлголгүй явсаар дуусдаг юм.