15
Антонио Ногейра
Улс: Бразил
Нас: 40
Өндөр: 190см
Жин: 108кг
Хоч: Минотауро буюу Бух
Амжилт: 34/44 ялалт байгуулсан
Тулааны төрөл: Жиү жицү, бокс
"UFC" болон "PFC"-гийн хүнд жингийн аваргын бүсийг эзэмшиж байсан гурван тамирчны нэг бөгөөд Бразилын олон шилдэг тулаанчдыг энэхүү спортоор хичээллэх үндсийг тависан гавъяатай эрхэм юм. "UFC"-гийн зүгээс саяхан зодог тайлсан Ногейраг 2016 онд болох алдрын танхимд залрах шинэ гишүүдийн нэгээр сонгосон гэдгээ дуулгаад байгаа билээ.
14
Фрэнки Эдгар
Улс: АНУ
Нас: 34
Өндөр: 167см
Жин: 65кг
Хоч: The Answer буюу Хариулт
Амжилт: 20/26 ялалт байгуулсан
Тулааны төрөл: Бокс, бөх
2005 онд анх холимог спортын тулаанд хөл тависан тэрээр одоо цаг үеийн хагас хөнгөн жингийн хамгийн шилдэг тулаанчдын нэг юм. 2016 оны байдлаар өөрийн жингийн дэлхийн шилдэг тулаанчдын жагсаалтанд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаагаас гадна 2015 онд хамгийн оновчтой цохилт гүйцэтгэсэн үзүүлэлтээрээ бүх тулаанчдыг тэргүүлсэн байна.
13
Б.Ж.Пенн
Улс: АНУ
Нас: 37
Өндөр: 175см
Жин: 65кг
Хоч: The Prodigy буюу Гоц авъяастан
Амжилт: 16/28 ялалт байгуулсан
Тулааны төрөл: Жиү жицү, Бокс
АНУ-аас төрсөн хамгийн анхны Жиү Жицүгийн дэлхийн аварга тулаанч Б.Ж.Пенн нь "UFC"-гийн хөнгөн жингийн аварга байсан төдийгүй, аваргын бүсээ хамгийн олон удаа амжилттай хамгаалсан тулаанчдын нэг юм. Түүний холимог тулааны спортод оруулсан хувь нэмрийг нь үнэлэн алдрын танхимд элсүүлсэн аж.
12
Дэниел Кормьер
Улс: АНУ
Нас: 37
Өндөр: 180см
Жин: 93кг
Хоч: DC Буюу түүний нэрний товчлол
Амжилт: 18/19 ялалт байгуулсан
Тулааны төрөл: Бөх, Бокс, Жиү жицү
Энэ цаг үеийн хагас хүнд жингийн аварга тэрээр 19 тулаан хийхдээ нэг л удаа ялагдаж байсан бөгөөд энэ жингийнхээ шилдгүүдийн нэг юм. Холимог тулааны спортын тулаанчдаас Олимпын их наадамд оролцож байсан цөөн хэдэн тулаанчдын нэг бөгөөд 2004 оны Афины олимпод чөлөөт бөхийн төрлөөр Ираны бөх Алиреза Хайдарид хүрэл медалийн төлөө барилдаж ялагдал хүлээж байжээ. "UFC"-гийн 182 дахь шоу дээр Жон Жонестой тулалдахаас өмнө нийт 15 тулаанд ялагдаагүй байсан гэсэн сүрдэм амжилтыг үзүүлээд байсан юм.
11
Рэнди Котур
Улс: АНУ
Нас: 53
Өндөр: 185см
Жин: 92кг
Хоч: The Natural буюу Төрмөл авъяастан
Амжилт: 19/30 ялалт байгуулсан
Тулааны төрөл: Бөх, Бокс, Жүдо
"UFC"-гийн алдрын танхимын гишүүн, холимог тулааны спортын амьд домог Рэнди Котур нь кареертаа хүнд жингийн аваргаар гурван удаа, хагас хөнгөн жингийн аваргаар хоёронтоо тодорч байсан шилдэг тулаанч юм. Түүний хувьд "UFC"-гийн түүхэн дэх зодог тайлж, алдрын танхимын гишүүн болсныхоо дараачаар спортдоо эргэн ирж, аваргын бүс эзэмшсэн цорын ганц тулаанч гэдгээрээ алдартай юм.
10
Кен Шэмрок
Улс: АНУ
Нас: 52
Өндөр: 183см
Жин: 91кг
Хоч: The World's Most Dangerous Man буюу Дэлхийн дээрх хамгийн аюултай хүн
Амжилт: 28/47 ялалт байгуулсан
Тулааны төрөл: Бөх, Бокс
Бидний хэлж заншсанаар нохой зодоон буюу Мэргэжлийн Бөхийн Холбооноос холимог тулааны спортод хөл тавьж, амжилт үзүүлсэн цөөн хэдэн хүний нэг болох Кен Шэмрок нь "UFC"-гийн төдийгүй дэлхийн холимог тулааны амьд домог юм. Түүнээс өөр энэ спортын түүхэнд "Main event" буюу тухайн шоуны оргил тулааныг 15 удаа хийж байсан тулаанч өөр байдаггүй байна. 23 удаад нь өрсөлдөгчдөө боож буюу өчиж ялсан түүний хувьд Ройс Грэйситэй мөнхийн өрсөлдөгчид байсан бөгөөд тухайн үедээ энэхүү хоёр тулаанчийн тулааныг үзэх гэж дэлхий нийт анхаарлаа хандуулдаг байв. Түүний энэхүү спортод оруулсан хувь нэмрийг нь үнэлэн алдрын танхимын гишүүнээр элсүүлсэн юм.
9
Ройс Грэйси
Улс: Бразил
Нас: 49
Өндөр: 183см
Жин: 80кг
Хоч: Байхгүй
Амжилт: 15/20 ялалт байгуулсан
Тулааны төрөл: Жиү Жицү
Холимог тулааны спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм бол яахын аргагүй Ройс Грэйси юм. Бразилын алдарт жиү жицүг урлаг болтол нь хөгжүүлж, эзэмшсэн тэрээр хэвтээ байрлалд энэ спортын хаан нь байсан гээд хэлчихэд төдийлэн буруудахгүй болов уу. Түүний байгуулсан 15 ялалтын 12 нь өрсөлдөгчдөө дандаа боож буюу өчиж ялсан байдаг нь ч үүнтэй холбоотой биз ээ. Түүний хувьд "UFC"-гийн хамгийн анхны шоу болох UFC 1 дээр тулаан хийж байсан цөөн хэдэн тамирчны нэг бөгөөд энэ спортын түүхэнд өрсөлдөгчдөө боож буюу өчиж хамгийн олон удаа ялсан гэсэн амжилтыг эзэмшдэг юм байна. 1993 болон 1994 онуудад түүнийг оны шилдэг тулаанчаар шалгаруулж байжээ.
8
Мэтт Хьюз
Улс: АНУ
Нас: 42
Өндөр: 175 см
Жин: 77кг
Хоч: The Gracie Killer буюу Грэйсиг үгүй хийгч
Амжилт: 45/54 ялалт байгуулсан
Тулааны төрөл: Бөх, Жиү жицү
Холимог тулааны спортын түүхэнд 50 буюу түүнээс дээш тулаан хийсэн цөөн хэдэн тулаанчдын нэг болох Мэтт Хьюз нь өөрийн жингийнхээ босоо аварга байсан бөгөөд бүсээ хамгаалах 7 тулаанд дараалан ялалт байгуулж байжээ. 2010 онд тэрээр алдрын танхимын гишүүн болсон юм. Бразилын жиү жицүгийн их мастерууд болох Грэйсигийн гэр бүлийнхний эсрэг олон ялалт авч байсан түүнийг Грэйсиг үгүй хийгч хэмээн хочилдог байв. Мөн тэрээр өөрийнхөө кареерын талаар өгүүлэх "Америкт үйлдвэрлэв" намтар номоо гаргаж байсан ба 2008 оны Нью Йорк Таймсаас зарласан дэлхийн шилдэг 100 номын нэгээр шалгарч байжээ.
7
Чак Лиддль
Улс: АНУ
Нас: 46
Өндөр: 188см
Жин: 93кг
Хоч: The Iceman буюу Мөсөн хүн
Амжилт: 20/22 ялалт байгуулсан
Тулааны төрөл: Карате, Бөх, Бокс, Жиү жицү, Кенпо
Хагас хүнд жингийн аварга, "UFC"-гийн алдрын танхимын гишүүн, хүнд цохилтын их мастер түүний хувьд дурдаад байвал нэр алдар олон байх биз ээ. Байгуулсан 20 ялалтынхаа 16-д нь өрсөлдөгчдөө дандаа хүнд цохилт буюу нокаутанд оруулж ялж байсныг дурдах хэрэгтэй болов уу. Түүнчлэн энэхүү спортын түүхэнд хагас хүнд жинд нийт 16 ялалт байгуулсан нь одоо ч эвдэгдээгүй байгаа амжилт юм. Мөн тэрээр "Hawaii 0-5", "Kick Ass 2" гэх мэт кинонуудад дүр бүтээснээс гадна "Ододтой бүжиглье" гэх та бидний сайн мэдэх америкын шоунд хүртэл оролцоод амжсан нэгэн юм.
6
Жозе Алдо
Улс: Бразил
Нас: 29
Өндөр: 170см
Жин: 69кг
Хоч: Байхгүй
Амжилт: 26/28 ялалт байгуулсан
Тулааны төрөл: Муай-Тай
Ирландын шүтээн болоод байгаа Конор МакГрегорт 2015 онд ялагдал хүлээхээсээ өмнө Жозе Алдо 18 тулаан дараалан ялаад байсан билээ. Хагас хөнгөн жингийн аварга байсан тэрээр 2009 оны "UFC"-гийн оны шилдэг тулаанчийн шагналыг хүртээд амжсан нэгэн юм. 28 тулаанд ялалт авахдаа 14 удаад нь өрсөлдөгчдөө нокаутанд оруулж байжээ. Тэрээр хагас хөнгөн жингийн дэлхийн шилдэг тамирчдын жагсаалтанд нэгдүгээрт жагсаж байгаа юм.
5
Конор МакГрегор
Улс: Ирланд
Нас: 28
Өндөр: 175см
Жин: 77кг
Хоч: The Notorious буюу Ер бусын нэгэн
Амжилт: 19/22 ялалт байгуулсан
Тулааны төрөл: Жиү жицү, Муай-Тай
Энэ цаг үеийн хагас хөнгөн жингийн хамгийн шилдэг тулаанч гэж хэлж болох түүний хувьд холимог тулааны спортын кареераа анх 2008 онд эхлүүлж байсан бөгөөд 2012 онд "Cage Warriors"-ийн хагас хөнгөн жин болон хөнгөн жингийн аваргын бүсийг хамтад нь эзэмших болсноор дэлхий нийтэд алдарших үндэс нь болж байсан юм. Дэлхийн хамгийн нэр хүндтэй, чансаагаараа тэргүүлж буй "UFC"-гийн хагас хөнгөн жингийн аварга тэрээр 2015 онд энэ жингийн хамгийн шилдэг нь байсан Бразилын тулаанч Жозе Алдог ердөө 13 секундэд нам цохиж, удаан хүлээлэлтэн дор байсан гайхалтай тулааныг дуусгаж байсан билээ. Конор МакГрегор бол яах аргагүй энэ цагийн холимог тулааны спортын нүүр царай юм. Түүний Алдотой хийсэн тулааны тасалбар 1.200.000 хувь борлогдсоноор түүхэнд рекорд амжилт болон үлджээ. Тэрээр тун удахгүй буюу энэ сарын 20-нд жин өгсөж, Нэйт Диазтай хариу тулаан хийх билээ.
4
Жон Жонес
Улс: АНУ
Нас: 29
Өндөр: 193см
Жин: 92кг
Хоч: Bones буюу Яс
Амжилт: 22/23 ялалт байгуулсан
Тулааны төрөл: Гайдожицү, Бокс
Энэ цаг үеийн хагас хүнд жингийн дэлхийн шилдгүүдийн нэг Жон Жонес нь кареертаа ердөө нэг л удаа ялагдал хүлээгээд байгаа юм. Хагас хүнд жингийн аваргын бүсийг хамгийн залуудаа буюу 23 насандаа хүртэж байсан нь түүнийг "UFC"-гийн түүхэнд хамгийн залуудаа уг жингийн аварга болсон гэсэн амжилтын эзэн болгож байжээ. Түүний хувьд саяхан болж өнгөрсөн UFC 200 шоу дээр хагас хүнд жингийн аваргын төлөө ширүүн өрсөлдөгч болох Дэниел Кормьертэй тулалдах байсан ч сэргээшийн шинжилгээнд бүдэрч, тулаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байгаа билээ.
3
Жорж Сэйнт-Пьерр
Улс: Канад
Нас: 35
Өндөр: 117см
Жин: 77кг
Хоч: GSP буюу Түүний нэрний товчлол
Амжилт: 25/27 ялалт байгуулсан
Тулааны төрөл: Киокүшин, Жиү жицү, Бөх, Бокс, Муай-Тай
Канад улсаас төрөн гарсан холимог тулааны спортын шилдэг тамирчин Жорж Сэйнт Пьерр нь кареертаа нийт 25 ялалтыг авсан бөгөөд үүнээс 12 ялалтыг нь 2007-2013 оны хооронд дараалан авч байжээ. Түүнчлэн 2008-2010 оны Канад улсын оны шилдэг тамирчин шагналыг хүртэж байжээ. Тэрээр аваргын бүсээ 2204 өдрийн турш хэн нэгэнд алдаагүй байсан бөгөөд 2013 онд өөрийн саналаар спортоос түр хөндийрөхийг хүссэн ажээ. Холимог тулааны спортын мянга мянган үзэгч, дэмжигчид түүнийг эргэн ирнэ хэмээн итгэлтэй байгаа ч хэзээ ирэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
2
Андерсон Силва
Улс: Бразил
Нас: 41
Өндөр: 187см
Жин: 83кг
Хоч: Spider буюу Аалз
Амжилт: 33/41 ялалт байгуулсан
Тулааны төрөл: Муай-Тай, Жиү жицү
Аалз хочит Бразилын холимог тулааны спортын амьд домог Андерсон Силва нь "UFC"-гийн дунд жингийн босоо аварга байсан бөгөөд хамгийн удаан хугацаанд буюу 2457 өдрийн турш уг жингийн аваргын бүсийг эзэмшсэн тулаанч юм. Түүний хувьд энэ спортын түүхэнд хамгийн аймшигтай бэртэл авч байсан тулаанчдын нэг бөгөөд одоо цагийн шилдэг тулаанч Крис Вайдмэнтэй тулалдаж байхдаа хөлөө хуглаж байсан юм. Гэсэн ч тэрээр их спортдоо эргэн ирж, одоог хүртэл зодог тайлах болоогүй байгаа гэдгээ харуулсаар байгаа билээ.
1
Федор Эмэлианенко
Улс: ОХУ
Нас: 39
Өндөр: 182см
Жин: 108кг
Хоч: The Last Emperor буюу Сүүлчийн хаан
Амжилт: 36/41 ялалт байгуулсан
Тулааны төрөл: Самбо, Жүдо, Кикбокс, Бокс
ОХУ-ын төдийгүй дэлхийн холимог тулааны спортын амьд домог тэрээр UFC, MMA Bellator, Pride FC, K1 зэрэг дэлхийн холимог тулааны спортын бүх л холбооны тулаануудад нударгаа зөрүүлж явсан агуу тулаанч юм. 2000 онд японы тулаанч Цуёши Косакад ялагдсаны дараагаар 2010 он хүртэл нийт хийсэн 28 тулаандаа ганц ч ялагдаагүй гэсэн сүрдэм амжилтыг үзүүлж байжээ. "Sports Illustrated" сэтгүүлийн зүгээс энэ зууны хамгийн агуу тулаанч хэмээн тодруулж байсан бөгөөд тулааны нэрт мастерууд болох Мохаммед Али, Майк Тайсон, Чак Норрис тэргүүтэнгүүд хүртэл түүнийг дуу нэгтэйгээр түүхэн дэх хамгийн агуу тулаанч хэмээн нэрлэсэн байдаг байна. Түүний хувьд 2012 оноос эхлэн ОХУ-ын холимог тулааны спортын холбооны тэргүүнээр ажиллаж байгаа юм. Зодог тайлах шийдвэр гаргах нь гэж хүлээж байсан мянга мянган фэнүүдийн хувьд 2015 онд баярт мэдээ сонссон нь Федор Эмэлианенко их спортдоо эргэн ирэхээр бэлтгэлээ хийж байна гэсэн мэдээ байсан юм. Түүний хувьд 2 тулаан хийхээр Японы "RFF" холбоотой тохиролцсон гэсэн мэдээ байгаа бөгөөд өрсөлдөгчид нь хэн болох нь одоохондоо тодорхойгүй байна.