1
Коала баавгай
Коало баавгай нь хөдөлгөөн багатай, өхөөрдөм амьтан билээ. Түүний зургууд цахим ертөнцөөр дүүрэн байдаг болохыг гайхаад байх зүйлгүй юм. Учир нь тэрээр амьдралынхаа ихэнх хэсгийг унтаж өнгөрүүлдэг бөгөөд зурагчдад үргэж зугтахгүй тун амар байдаг аж. Тэрээр 24 цагийн 20 цагийг унтаж өнгөрүүлдэг бөгөөд ердөө идэж, уухын тулд сэрдэг байна.
2
Дэлхий
Бид бүгд л эх дэлхийг өө сэвгүй бөөрөнхий хэлбэртэй хэмээн ойлгодог. Харин бидний бодол багахан зөрсөн байдаг юм шүү. Учир нь дэлхий төв хэсгээрээ товойж, дээш гарсан байдаг бөгөөд энэ нь бөөрөнхий хэвийг нь алдагдуулдаг байна.
3
Эйфелийн цамхаг
Франц улсын Парис хотноо байрлах гайхалтай үзэсгэлэнт Эйфелийн цамхаг нь 1889 онд баригдаж дуусмагцаа дэлхийн хамгийн өндөр, хүний гараар бүтээгдсэн барилга хэмээгдэж байсан билээ. Харин 1930 онд АНУ-ын Нью Йорк хотод "Chrysler" барилга баригдаж, хамгийн өндөр байгууламж гэх цолыг хүртэх болсноор Эйфелийн цамхаг халаагаа өгсөн аж. Ийн 41 жилийн турш дэлхийн хамгийн өндөр байгууламж гэх нэрийг өндөрт мандуулж явсан Эйфелийн цамхаг нь 324 м өндөр юм.
4
Согтууруулах ундаа
Дэлхийн хамгийн үнэтэй архи 3.75 сая долларын үнэтэй ажээ. "Саятан архийг" эхлээд мөс, дараа нь скандинавын хус модноос гаргаж авсан нүүрс, эцэст нь буталсан алмааз болон үнэт чулуун дундуур дамжуулан шүүдэг байна. Энэ гайхамшгийг алмаазаар чимсэн болор лонхонд цагаан алт болон "родий" нэмэн худалддаг байна.
5
Ангараг гараг
Дэлхий болон ангараг гараг нь хоорондоо их төстэй. Улирлын хувьд мөн л хавар, зун, намар, өвөл гэх дөрвөн улиралтай. Харин жилийн 687 өдөртэй, нэг улирал нь 167 өдөр үргэлжилдэг аж. Өвөлдөө дунджаар -109.3, зундаа 21.7 градусын дулаантай байдаг төдийгүй ямар нэг далай, нуур, цөөрөм байдаггүйгээрээ онцлогтой.
6
Альберт Эйнштэйн (Albert Einstein)
Дэлхийн суу билигт эрдэмтэн Альберт Эйнштейнийг нас барсны дараа түүний хүү Ханс Эйнштейн аавынхаа тархины хэсгийг эрдэмтдэд өгч, судалгаа хийхийг нь зөвшөөрсөн байдаг. Үүний үр дүнд эрдэмтэн Мариан Диамонд, түүний тархинд жирийн хүнийхээс илүү глиал эс (аливааг сурах, санах ой тогтоомж) байсан учир мэдээлэл боловсруулах чадвар нь хавь илүү хөгжсөн байсныг нотолжээ.
7
Эрх чөлөөний хөшөө
Эрх чөлөөний хөшөөг Франц улс АНУ-д бэлэглэж байсан гэдгийг хүн бүхэн мэдэх билээ. Энэ нь 46 метрийн өндөртэй байдаг бөгөөд хамар нь 1.5 метр, гар нь 12 метр урттай байна шүү. Харин жингийн тухайд 204 мянган кг аж.
8
Нельсон Мандела (Nelson Mandela)
Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан, домогт Нельсон Мандела угтаа бол хуульч мэргэжилтэй нэгэн юм. Тэрээр 1940 онд “Fort Hare”-ын коллежид сурч байгаад оюутны жагсаалд оролцсон шалтгаанаар сургуулиасаа хөөгджээ. Түүнчлэн 1943 онд, Витватерсрандагийн их сургуульд элсэн орж, 1948 он хүртэл суралцсан боловч хуульчийн дипломоо авч чадаагүй гэнэ. Дараа нь Лондонгийн их сургуульд сурсан боловч мөн л төгсөж чадаагүй юм. Шоронд хоригдож байхдаа Өмнөд Африкийн их сургуульд зайны сургалтанд сууж, 1989 онд л бакалаврын дипломоо авсан аж.
9
Клеопатра (Cleopatra)
Египетийн Фараон үзэсгэлэнт Клеопатра нь Грек гаралтай байсан юм. Клеопатра хатан нь МЭӨ 69 онд төрсөн гэгддэг бөгөөд цаг хугацааны хувьд Египетийн Пирамидыг барьж байх үеэс илүүтэй хүн төрөлхтөн анх саран дээр хөл тавьсан үетэй илүү ойрхон холбогдох боломжтой. Учир нь Пирамид МЭӨ 2560 онд баригдаж эхэлсэн бол хүн төрөлхтөн 1969 онд анх саран хөл тавьсан байдаг. Ингээд бодохоор тэрээр Пирамид барьж эхэлснээс 2491 жилийн дараа, харин саран дээр буухаас 2038 жилийн өмнө амьдарч байжээ.
10
Торнадо шуурга
Хүн төрөлхтөний заналт дайсан, хүйтэн алуурчин гэгддэг "торнадо шуурга" нь Антрактидаас бусад бүх тивүүдэд өрнөж, олон мянган хүний амь насыг авч одож байжээ. Хүчтэй салхины үйлчилгээн дор агаарын халуун ба хүйтэн урсгал мөргөлдсөнөөр энэ салхи үүсдэг юм. Үхлийн хар шуурга ердийн дуу цахилгаантай бороо ба мөндрөөр эхэлдэг бөгөөд цаашлаад хэдэн минутын дотор агаарын хэм нь эрс доошлон аянгын үүлнээс агаарын хуй нь дээд, доод хэсэгтээ юүлүүр маягийн тэлэлттэйгээр газарт бууж ирдэг юм.
11
Хөхний хорт хавдар
Дэлхий нийтээр бүхий л хүмүүсийн айж, сэрэмжилж байгаа өвчин бол яах аргагүй хөхний хорт хавдар юм. Энэхүү өвчнөөр зөвхөн эмэгтэйчүүд өвчилдөг юм биш, эрчүүд ч мөн адил өртдөг ажээ. Гэхдээ хавдраар өвчилсөн эрчүүд нилээн бага буюу нийт өвчтэй хүмүүсийн 1%-ийг бүрдүүлдэг байна. Жилд 180.000 гаруй хүмүүс энэ хавдраар өвчилдөг ба тэдний 40.000 нь амиа алддаг гэсэн аймшигтай үзүүлэлт байдаг. Хэрэв тус өвчнийг эрт илрүүлвэл, эмчлэгдэх бүрэн магадлалтай байдаг байна.
12
Үр хөндүүлэх
Эрэгтэй , эмэгтэй хүмүүсийн хайхрамжгүй байдлаас үүдэн, үр хөндүүлэх явдал улам ихэссээр л байна. Энэ нь нэг ёсны хүний амийг бүрэлгэж байгаагаас өөрцгүй хэрэг боловч хүмүүс үүнийг ойлгохгүй байгаа нь даанч харамсалтай. Жилд 40-50 сая, өдөрт 125,000 бүсгүй өөрийн хэвлий дэх үрээ хөндүүлж, алтан амийг нь бүрэлгэж байдаг ажээ.
13
Муур
Та муурыг зөвхөн "Миав" гэж л дуугардаг гэж боддог уу? Тэгвэл та маш том эндүүрч явна шүү. Учир нь муур гэх амьтан нь "Миав"-аас гадна 90 өөр төрлийн дуу хоолойг гаргадаг юм. Судлаачид муурыг өөрсдийн шинжилгээ, судалгаанд хамруулж, дуу хоолойг нь шинжилж үзэхэд 90 гаруй өөр өөр төрлийн дуу хоолой, чимээг гаргаж байсан аж.
14
Титаник
Алдарт титаник усан онгоцны тухай сонсоогүй дуулаагүй хүн гэж ганц үгүй бизээ. 1997 онд тус аймшигт явдлаас сэдэвлэн бүтээсэн “Титаник” киног хийхдээ онгоцноос ч илүү их хөрөнгийг зарцуулжээ. Титаник киног 200 сая долларын төсвөөр бүтээж байсан бол дэлхий нийтээс 2 тэрбум гаруй долларын ашгийг олсон байдаг юм.
15
Ижил хүйстэн
Жил ирэх тусам хүний эрх гэдэг улам хүчирхэгжин, хүн бүр өөрийн хүссэн зүйлсээ хийх болжээ. Үүний нэг нь ижил хүйстэнтэйгээ гэр бүл болох явдал юм. Одоогийн байдлаар дэлхийн нийт 20 гаруй оронд ижил хүйстэнтэйгээ гэрлэх явдлыг хуулиндаа хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Голланд улс нь дэлхий дахинд шинэчлэл авчирч, 2000 онд ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг хуулиндаа зөвшөөрснөөр хамгийн анх тус байж боломгүй гэгдсэн үйлдлийг хуулиар зөвшөөрсөн улс болсон юм.