Хүн төрөлхтний түүхийг өгүүлэх хүчирхэг гэрэл зургууд

Хамаг бүхэн цас бороо мэт арилж, харин гэрэл зураг л газар шороо мэт үлдэнэ... Үйл явдал бүхэн өөрийн гэсэн цаг хугацааны оршихуйтай билээ. Чухамхүү тухайн бодит агшинг гэрэл зурагт мөнхөлж чадсанаар, үнэ цэнэ нь хэдэн мянган жилд дурсагдах болно. Ингээд үгүйрэн одсон цаг хугацаанаас үлдэж хоцорсон гайхалтай зургуудтай танилцацгаая.

Хүн төрөлхтний түүхийг өгүүлэх хүчирхэг гэрэл зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Интернэтийн анхны тэргүүн хатагтай
Өмнөд Калифорнийн Их сургуулийн эрдэмтдийн баг дижитал зургийн нягтаршлын судалгаандаа хэрэг болох маш хүчирхэг диапазонтой гэрэл зураг хайж байв. Тэд лабориторид нь байсан “Playboy” сэтгүүлийн 11 сарын дугаар дээр гарсан бүсгүй дээр тогтлоо. Эрдэмтдийн нэг Александр Савчук 1 инчид 100 шугам байхаар постерын хэсгийг сканердав. Ингэхэд зураг 512 пикселийн хэмжээтэй болсон байна. Файлыг өнөөх бүсгүйн нэрээр “Ленна” хэмээн нэрлэжээ. Тэр цагаас хойш “Ленна” үйлдвэрлэлийн стандарт болж, өнөөг хүртэл эрдэм шинжилгээний ажил, зурэг боловсруулах алгоритмд ашиглагдсаар байна.
 
Мөн энэ зураг "ARPANET" сүлжээнд дижитал аргаар анх удаа дамжуулагдсан нь орчин үеийн интернэтийн загвар байсан ажээ. “Playboy” сэтгүүлийн зүгээс эхэндээ гэрэл зургийг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд өгөхөөр сүрдүүлж байсан ч дараа нь шийдвэрээ өөрчилсөн төдийгүй харин ч сэтгүүлдээ энэ үйл явдлын талаар сурталчилсан гэдэг. Энэ бүхний эцэст тус сэтгүүлийн 11 дүгээр сарын дугаар түүхэндээ хамгийн их борлуулагдсан буюу 7,161,561 хувь зарагджээ.
 

 
2. Нубагийн бөхчүүд
Судан, Өмнөд Суданы хилийн хязгаар нутаг дэвсгэрт орших Нубагийн уулсад аж төрдөг үндэстэнг  "нубачууд" буюу “толгодын хүмүүс” хэмээн нэрлэдэг. 1947 онд гэрэл зурагчин Жорж Рожер эхнэрийн хамт “National Geographic”–ийн шугамаар Африкт аялж байхдаа мянган жилийн тэртээх өвөг дээдсийнхээ уламжлалаар оршин тогтносоор байгаа нубачуудын талаар олж мэдсэн байна. Улмаар Рожер Суданы засгийн газраас зөвшөөрөл аван омгийнхны амьдралыг баримтжуулжээ.
 
Ийнхүү 1949 онд гэрэл зурагчин хосууд “толгодын хүмүүс”-ийн амьдрал, ёс заншлийн тухай фото сурвалжлага хийсэн анхны хүмүүс болсон юм. Тэдний авсан гэрэл зургууд олон хэсгээс бүрдэх ч хамгийн алдартай нь спортын арга хэмжээ, омгийн ёслол, нубачуудын бүжгийг баримтжуулсан гэрэл зургууд  байлаа.
 
“National Geographic” сэтгүүлд 1952 онд нийтлэгдсэн нуба бөхчүүдийн зураг бусдаасаа хамгийн алдартай нь юм. Энэ зургийг ил захидал, сурах бичиг гээд бүхий л зүйл дээр гаргаж байв. Ихэнх хүмүүс олон зууны турш чухам энэхүү зургаар л барууныхан Африкийг төсөөлж байлаа.



3. Эрх чөлөө рүү тэмүүлсэн үсрэлт
1961 оны 8-р сарын 5-нд Германы 19 настай офицер Ханс Конрад Шуманыг хоёр хоногийн өмнө баригдаж эхэлсэн Берлиний ханын хамгаалалтанд гаргахаар “Ruppiner Straße”, “Bernauer Straße” гудамжнуудын уулзвар руу илгээв. Энэ үед Берлиний хана ердөө л төмөр утсаар хэрсэн хашаа байлаа. Шуман өөрийн хамгаалах хэсгийг шалгаж явахдаа төмөр утсан хашааны нэг хэсгийг хөлөөрөө гишгэв.
 
Түүний энэ үйлдэл хүмүүсийн анхаарлыг татаж, баруун берлинчүүд “даваад үсэр” хэмээн хашгиралдаж, харин цагдаагийн машин 10 метрийн зайд дөхөж ирээд, хаалгаа онгойлгон түүнийг хүлээж байлаа. ХБНГУ-ын зүгээс томилогдсон 19 настай гэрэл зурагчин Петер Ляйбинг харуулын цэргийг цаг хагасын хэртэй ажиглажээ.
 
“Би цаг гаруй түүнээс харцаа салгаагүй. Тэр яг үсрэх гэж байгаа мэт надад санагдсан. Төрөлх зөн совин гэх юм уу даа. Би үүнийг Гамбург хотын морин тойруулган дээр сурсан. Морь харайж, саадыг давахаар газраас туурай нь хөндийрөх тэр мөчид амжиж зураг дарах хэрэгтэй байдаг. Яг л тэр мөч шиг... би товчлуураа дарсан” хэмээн тэрээр ярьсан юм.
 
Ляйбингийн авсан энэ зураг  1961 оны “Overseas Press Club award” шагнал гардуулах ёслолын “Шилдэг гэрэл зураг” номинацид нэр дэвшиж байсан юм.

4. Хатан хаан II Элизабет 
2007 оны 3-р сард алдартнуудын хөрөг зургаар дагнан бүтээлээ туурвидаг Америкийн нэрт гэрэл зурагчин Энни Лейбовиц Их Британийн хатан хаан II Елизабетийн хэд хэдэн хөрөг зургийг гаргажээ. Дээр харуулсан зурган дээр цагаан шаргал гоёлын даашинз, үнэт үслэг нөмрөг өмсч, алмазан титэм зүүсэн хатан хаан Букингемийн ордны зочны өрөөнд сууж байгаа харагдана.
 
Энни Лейбовицид энэ санаа Үндэсний галлерейд байрлах Томас Гейнсборын  “Шарлотте Хатан хаан” зургийг хараад төрсөн гэнэ. Тэрээр зураг авалтынхаа талаар “Хатан хаан нүсэр өмсгөл зүүсгэлдээ түүртсэн бололтой “Яагаад би гэгээн цагаан өдрөөр ийм хүнд хувцас өмсөх ёстой юм?” хэмээн үглэсээр танхимд хурдан хурдан алхсаар орж ирсэн. Харин би түүнийг хараад бахдан биширч билээ” хэмээн ярьсан юм.



5. Титаник
“Титаник” хөлөг нь 1909 оны 3-р сарын 31-нд Английн ” Уайт Стар Лайн” компанийн хөрөнгө оруулалтаар Хойд Ирландын хөлөг онгоц үйлдвэрлэгч “Харленд энд Вольф” компани бүтээж 1911 оны 3-р сарын 31-нд далайд тавигдсан юм. Түүнийг хэзээ ч живэхгүй хэмээн үзэж байв. Харин “Нью-Йорк Таймс” сонинд живэхгүй хэмээн тооцоолж байсан аварга хөлөг сүйрсэн тухай мэдээ “Титаникын сүйрэл” гэсэн гарчигтайгаар дуулиан тарьсан юм.
 
Бусад сонин хэвлэлүүд “Уайт Стар Лайн” компанийн зүгээс өгсөн мэдээлэл дээр тулгуурлан “мөсөн уул мөргөснөөс болж зарим нэг асуудал үүссэн тухай” л бичиж байв. Зураг дээр байгаа хүү бол “Уайт Стар Лайн” компанийн оффис байрлаж байсан “Океаник Хаус”-ын хажууд сонин зарж байгаа 15 настай Нед Парфетт юм.



6. «Нoodie »-г тэвэр
Их Британи улс хамгийн их гудамжны видео камер суурилуулсан гэдгээрээ алдартай. Тиймээс нүүрээ нуух боломжтой юүдэнтэй хэлхгэр цамц бол залуухан хууль зөрчигчдийн “дүрэмт хувцас” болжээ. 2006–2007 онд энэ цамц бүр улстөрийн билэг тэмдэг болж байв. 2006 онд юүдэнтэй цамц өмсөхийг хязгаарласан хориг гаргасны дараа Консерватив намын тэргүүн Дэвид Кэмерон “Йан Дункан Смитийн нийгмийн шударга ёсны төв”-д лекц уншиж байхдаа асуудлыг хэрхэн харж, дүгнэж байгаагаа ярьжээ.
 
Дэвид Кэмероны ярианд тэврэлтийн талаар нэг ч үг дурдагдаагүй ч ирээдүйн Ерөнхий сайдын энэ кампанит ажлын хэсэг “Нoodie-г тэвэр” хэмээн нэрлэгдсэн байдаг. 2007 онд Кэмерон Манчестер хотын хамгийн ядуу дүүргээр зочилсон юм. Зураг дээр 17 настай Райан Флоренци найз нөхөддөө сэтгэгдэл төрүүлэхийн тулд намын тэргүүнийг  “буудаж” байна.



7. Норд-Ост
2002 оны 10 дугаар сарын 23 Мовсар Бараев тэргүүтэй зэвсэглэсэн дайчдын бүлэг тухайн үед “Норд-Ост” мюзикл тоглогдож байсан “Московский подшипник” соёлын төвийн барилгыг эзэлжээ. Тусгай анги болон алан хядагчдын тэмцэл гурав хоног үргэлжилсэн байна. 10 дугаар сарын 26-ны өдөр барилгын агааржуулах хоолойгоор унтуулагч хий оруулав.
 
Мэргэжилтнүүд үүнийг фентанил суурьтай хордуулагч бодис хэмээн таамаглаж байсан ч хийн жинхэнэ найрлага хэнд ч, тэр бүү хэл барьцааны хүмүүсийг аврахыг оролдож байсан эмч нарт ч ойлгомжгүй хэвээр үлдсэн байдаг. Энэхүү террорист халдлагын үеэр 130 хүн амиа алдсаны 10 нь хүүхэд байсан гэсэн албан ёсны мэдээлэл бий.
 
Барьцааны хүмүүсийн 5 нь ажиллагаа эхлэхээс өмнө буудуулсан байсан бөгөөд үлдсэн нь чөлөөлөгдсөний дараа хийнд хордсноос болж амиа алдсан байв. Хэргийн газар хэвлэл мэдээллийнхнийг оруулаагүй ч “Sunday Telegraph”-ийн гэрэл зурагчин Жастин Сатклифф Соёлын төвд цэвэрлэгээ хийсний дараа автобусанд ухаангүй байгаа чөлөөлөгдсөн эмэгтэйн зургийг дарж амжсан байв. Энэ зураг 2003 оны “World Press Photo” шагналыг хүртсэн билээ. “Sunday Telegraph” сонины сэтгүүлчид зураг дээрх эмэгтэй хэрхсэнийг мэдэхийг оролдсон ч харамсалтай нь эрэл хэрхэн төгссөн нь тодорхойгүй байгаа юм.



8. Жесси Оуэнс
Зуны Олимпын XI наадам 1936 оны наймдугаар сарын 1-16-ны хооронд Германы Берлин хотноо зохион байгуулагдсан билээ. Харин Гитлер энэ Олимпын наадмыг сурталчилгааны зэвсэг болгон овжин ашигласан юм. Олимпын нээлтийг анх удаа телевизээр шууд дамжуулж, Лен Рифеншталь “Олимп” киноныхоо материал болгон ашигласан байдаг. Гэвч нацистууд наадмын үр дүнг өөрийн талд гаргаж чадаагүй юм. Дөрвөн алтан медаль хүртсэн Америкийн өнгөт арьст тамирчин Жесси Оуэнс Гитлерийн арьс өнгөний талаарх дээрэнгүй онолыг хазайлгаж дөнгөсөн билээ.



9. Теннисчин бүсгүй
Хэрэв ганц зураг 1970-аад оны Англи улсад сэтгэлгээний тэсрэлт хийж чадах бол тэр нь Мартин Эллиотын “Теннисчин бүсгүй” гэрэл зураг байх нь лавтай. Зургийг 1976 оны 9-р сарын эхээр авчээ. Зургийн модель нь Эллиотын найз бүсгүй, 18 настай Фиона Батлер байсан юм. Энэ зургийг санамсаргүй байдлаар авсан гэдэг. Мартин Элиотт өмнө нь теннис тоглож байгаагүй бүсгүйг гуйн дүрэмт хувцас өмсгөж, теннисний талбай дээр  зогсоожээ.
 
Зураг авах үеэр модель болж өгсөн бүсгүй дотуур хувцас өмсөөгүй гэдгээ харуулахын тулд хормойгоо сөхсөн байна. Өнөө цаг үеийнхэнд байдаг л зүйл болсон энэхүү зургийг тухайн үедээ “Athena” хэвлэл хатан хаан II  Елизабетийн мөнгөн ойд зориулсан хуанлид оруулснаар шуугиан тарьсан юм. Уг хуанли хоёр сая гаруй хувь борлуулагдсан байдаг.
 
Энэхүү гэрэл зураг Мартин Элиоттд эд баялаг дуудаж, харин модель Фиона Батлер борлуулалтаас хувь хүртээгүй ч саятантай гэрлэсэн байдаг. Тэрээр энэ зурагнаасаа огтхон ч ичдэггүй, мөнгө аваагүйдээ харамсдаггүй хэмээн хожим мэдэгдсэн юм. 



10. Жон Кеннидигийн аллага
Энэ зургийг Жон Кеннедийг алуулсны маргааш өдөр Коннектикут мужийн Стэмфорд хот хүрэх галт тэргэн дотор авчээ.



11. Альфред Крупп
“NEWSWEEK” сонины даалгавраар Арнольд Ньюман нэрт үйлдвэрлэгч Альфред Крупптой уулзжээ. Альфред Крупп мөн нацистуудад зориулан зэвсэг үйлдвэрлэн мөнгө олохдоо хүмүүсийг боолчлон ажиллуулдаг  байсан гэмт хэрэгтэн гэдгээрээ алдартай байсан юм. Ньюманыг еврей гэдгийг сонсоод Крупп зураг авахуулахаас татгалзсан гэдэг. Гэтэл Ньюман бууж өгсөнгүй, Круппыг эцсийн шийдвэр гаргахаасаа өмнө өөрийнх нь хийсэн ажлуудыг сонирхохыг санал болгожээ.
 
Ньюманы авсан зургуудыг үзсэн Крупп ч шийдвэрээ өөрчилсөн аж. 1963 оны долдугаар сарын зургаанд үйлдвэрийн эзэн, гэрэл зурагчин хоёр цэргийн олзлогсод ажилладаг Эссений үйлдвэр дээр зураг авалтанд орсон байна. Крупп түүний авсан зургийг анх хараад уур хилэн нь бадарчээ. Тэгэхэд нь Ньюман “Би еврей хүн. Энэ бол миний багахан өшөө авалт” хэмээн хэлсэн гэдэг.



12. Аз жаргал
Слава Ведерийн “Баяр хөөрийн тэсрэлт” нэртэй энэ зураг Пулитцерын шагнал хүртсэн билээ. 1973 оны гуравдугаар сарын 17-нд Трэвисийн цэргийн бааз дээр авсан энэ зураг Вьетнамын дайн дууссаны бэлэгдэл болсон. Зураг дээр АНУ-ын дэд хурандаа Роберт Л. Стирм Хойд Вьетнамд таван жил олзонд байсны эцэст гэр бүлийнхэнтэйгээ уулзаж байгааг харуулжээ.
 
Түүний жолоодож явсан “F-105” сөнөөгч шумбагч онгоц 1967 оны гуравдугаар сарын 27-нд Ханой хотын ойролцоо сүйрч, Стирм 1973 оны гуравдугаар сарын 14 хүртэл олзонд байсан байна. Зургийн төв хэсэгт эцгээ тэврэхээр  угтан гүйж байгаа 15 настай Лорри охин нь харагдана. Гэр бүлийн үлдсэн гишүүд түүний араас ирж явна. Хэдий зурган дээр баяр хөөр  дүрслэгдсэн ч үнэндээ аз жаргалгүй гэр бүл байв.
 
АНУ-д очихоосоо гурав өдрийн өмнө Роберт Стирм эхнэрээсээ харилцаагаа эцэслэсэн тухай дурдсан захидал хүлээн авчээ. Гэрэл зураг шагнал хүртсэний дараа гэр бүлийн бүх гишүүд хуулбарыг нь авсан байдаг. Гэвч “үүнийг харах зориг хүрдэггүй” хэмээн Роберт Стирм зургаа гэртээ өлгөөгүй ажээ.



13. Хулуу худалдан авч буй гал сөнөөгч
Америкийн замчдад зориулан гаргасан “American prospect” сэтгүүлийн нүүр хуудсан дээр сэтгэл сэрдхийлгэм хачин зураг хэвлэгджээ. Энэ нь шатаж байгаа фермд дуудлагаар ирсэн бололтой гал сөнөөгч жишим ч үгүй хулуу худалдан аваад зогсч байгаа дүр зураг байв. Гэрэл зургийг Виржини мужийн Маклин хэмээх жижиг хотыг дайран явж байсан Жоэль Стернфельд авсан байжээ.
 
Гэхдээ гал түймэр сургуулилтынх байсан бөгөөд гал сөнөөгч тухайн мөчид  завсарлага аваад байсан аж. Гэвч энэ явдал олон түмний анхаарлын гадуур өнгөрсөнгүй. Зургийг эхлээд “Life” сэтгүүлд гаргасан ч дараа нь олон сонин, сэтгүүл, үзэсгэлэнд тавигдсан боловч тайлбар дээр нь зөвхөн “Жоэль Стернфельд. Маклин хот, Виржини муж. 12сар 1978 он» гэж дурдсан байдаг аж.
 
Харин гэрэл зурагчин өөрөө үүнийг хоёр талаас нь тайлбарласан байдаг. 2004 онд “The Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр “Гэрэл зураг хэзээд олны сэтгэлийг хөдөлгөх хүчтэй байсаар ирсэн. Эргэн тойронд болж буй зүйлийг жаазлах бүртээ чи асар их мэдээлэл өгч байдаг гэсэн үг. Би зэрэгцээ зогсоо хоёр хүн рүү камераа чиглүүлж байхдаа баруун талд нь газар хэвтэж байгаа орон гэргүй хүн эсвэл зүүн талд нь болж байгаа аллагын талаар харуулахгүй байж чадна. Зураг авах эцэс төгсгөлгүй олон арга бий. Гэрэл зурагчин бол хэзээд анхдагч байдаг” гэжээ.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()