Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Gloss and Semigloss буюу гялгар гадаргуутай цааснууд
Эхлэн суралцагч зурагчид, зураг худалдан авагчид гялгар цаасны өнгөнд хууртдаг. Муухан авсан зургийг ч гялгар гадаргуутай цаасан дээр хэвлэхэд тод өнгөтэй гарна. Энэ нь сайн цаас гэсэн үг биш. Муу ч гэсэн үг биш. Энэ төрлийн цаасан дээр хэвлэхэд гэрэлд гялтайх, хурууны хээ гарах гэх мэт дутагдалтай талуудтай. Зургаа жаазлахдаа шиллэх гэж байгаа бол шилэн дээрээс, зураг дээрээс гялтайж харагдах байдал бүр муудна. Гялгар цаасыг тод өнгөтэй зурагт хэрэглэвэл зүгээр.
Matte буюу гялгар биш цаас
Матт цаас нь гэрэл ойлгохгүйгээс гадна хар өнгийг илүү тод гаргаж чаддаг. Ингэснээр зургийн контраст сайжирч, зургийн деталь илүү сайн харагдана. Матт цаасыг деталь ихтэй зураг, хар цагаан зураг, байгалын зургийг хэвлэхэд тохиромжтой.
Canvas буюу даавуу шиг хээтэй цаас
Канвас нь шилгүйгээр жаазлахад тохиромжтой. Матт цаасны адил өнгө, ялгарлыг гаргаж чадах боловч хэт барзгар хээтэй, ихэнхдээ гялгар гадаргуутай байдаг тул гэрлийн чиглэлийг сайн тооцож байрлуулах хэрэгтэй болдог. Нилээд зайнаас харах зураг буюу томоор хэвлэх зургуудад тохиромжтой байдаг.
Art цаас
Арт цаас нь матт байдаг ба ихэнхдээ гадаргуй нь хээтэй байдаг. Арт цаасны өнгө ихэнхдээ шаравтар өнгөтэй байдаг. Өнгө, ялгарал гарахдаа ч янз бүр. Хэвлэсэн зураг нь уран зураг шиг харагддаг. Байгалын зураг шиг нэг өнгө давамгайлсан зурагт илүү тохирдог.
Зураг хэвлэх цаасаа зөв сонгосон бол таны зураг удаан хугацаанд чанараа алдахгүй, гайхалтай бүтээлээрээ байхад тань туслах хэдэн зөвлөгөөг хүргэе.
Зургийн нас
Зургийн нас хэвлэсэн цаас, хор, өлгөсөн газрын гэрэлтүүлэлт, температур зэрэг олон зүйлээс хамаарах боловч, тасалгааны температурт өдөрт 12 цаг ердийн гэрэлтүүлэлттэй байхаар тооцож насыг тодорхойлдог. Pigment-ink based хор нь урт настай (100-аас цааш жил), Dye-ink based хортой принтерээр хэвлэсэн зураг арай богино настай (20-50 жил) байдаг.
Цаасны цагаан
Цаасыг цагаан болгохын тулд гадаргуй дээр нь нэмэлт цайруулагч хэрэглэдэг. Энэ нь хэвлэх үед цагаан байснаа удалгүй өнгөө алдах нь элбэг
Ансел Адамсын үгийг монголчилбол “Авсан зураг чинь хөгжмийн нот бол түүнийг хэвлэх нь урлагийн үзүүлбэр юм”
The Negative is the Score, the Print the Performance – Ansel Adams
Принтерийн тохиргоо ба сонголт
Хэвлэхэд принтерийн сонголт нэг их нөлөөгүй ч принтерийн хор, тохиргоо өөр байдгийг мэдэх нь чухал. Принтер үйлдвэрлэгчид бараг бүгд цаас үйлдвэрлэдэг ба тухайн брендийн принтерээр хэвлэхэд хамгийн сайн таардаг. Өнгөний менежмэнтийг хийсэн бол тухайн принтерээр, тухайн цаасан дээр үйлдвэрлэгчийн хийсэн өнгөний тохиргоо файлыг хэрэглэх хэрэгтэй.
Цаас сонголт
Гэрэл зургийн зориулалтын цаас үйлдвэрлэгч олон брэнд байдаг. Canon, Epson, HP брендүүд бүгд цаастай. Мөн Hahnemuehle, Red River, Moab, Ilford, Inkpress, Museo, Innova мэтийн цаас үйлдвэрлэгчид байдаг. Бүх брендийн цаас туршиж үзэхэд зориулсан төрөл бүрийн цааснаасаа цөөхөн тоогоор оруулсан багцтай байдаг. Түүнийг аваад өөрийн зургийн төрөлд аль цаас нь илүү тохирохыг туршвал зүгээр. Гуравдагч үйлдвэрлэгчийн цаас нь өнгө гаргах, насжилт нь тухайн брендийн цааснаас ихэнхдээ муу байдаг.
Үнэ өртөг
Үнэтэй цаас, хямд цаас хоёр чанарын ялгаа байгаа ч өдөр тутмын шаардлагагүй зүйлийг хямд цаасан дээр хэвлэж, үнэ хүргэх, чанартай хэвлэх шаардлагатай зүйлсийг үнэтэй цаасан дээр хэвлэж заншвал зүгээр. Сонсох, унших нь сонголт хийхэд хэрэгтэй ч өөрөө туршиж үзэх нь илүү их мэдрэмж өгдөг тул төрөл бүрийн цаасан дээр хэвлээд үзвэл сонирхолтой.
Мэдээлэлийн эх сурвалж: https://www.facebook.com/gansukh.namgar
Epson брэндийн гэрэл зургийн цаасыг албан ёсоор борлуулагч PC mall сүлжээ дэлгүүр
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.