Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
“Inside Out”
Чихэр шиг кино
Чихэр шиг кино
Хэрэв та “Wall-E”, “Up”-ыг санаж байгаа бол “Pixar”-ын хүүхэлдэйн кинонууд үргэлж өнгөлөг, гял цал, тод өнгөтэй байх нь бий.
Харин тэдэн дундаас “Inside Out”-ийг шүүмжлэгчид хамгийн өнгөлөг, бүр “чихэр шиг” хэмээн тодотгосон байдаг. Тархин доторх бүхий л сэтгэл хөдлөлүүд гол дүр нь болдог шиг энэ кино таныг нэгэн зэрэг баярлуулж, айлгаж, дурлуулж, дуулуулж, бас уйлуулж чадна.
“Pixar”-ын хувьд “Inside out” 15 дахь бүрэн хэмжээний бүтээл нь боловч одоог хүртэл бүтээсэн хамгийн шидээвэр нь гэдэгтэй шүүмжлэгчид ч, үзэгчид ч дуу нэгтэйгээр үздэг. Ингэх шалтгаан хэд, хэд бий.
“Pixar”-ийн суут найруулагчдын нэг Пете Доктэр төсөөлөл, мөрөөдлийн дотор амьдарч, түүнийгээ дэлгэцээр хамгийн үнэмшилтэйгээр харуулж чадах хүн гэдгийг бид “Monsters’ Inc”, “Up” бүтээлүүдээс нь харсан. Харин энэ удаа Пете Доктэр төсөөлөл, ургуулан бодолт, гарт баригдашгүй сэтгэл хөдлөлүүдийг зангидан, энэ бүхнийг цоо шинэ шатанд гаргасан юм. “Сэтгэлийн хөдөлгөөнүүд өөрсдөө сэтгэлийн хөдөлгөөнтэй байж болохын сацуу тэд бидний тархин дотроос бүгдийг удирдаж суух... Энэ бол СУУТ САНАА.
Хүүхэд байтугай томчуудыг ч дэлгэцийн өмнө уяж, уйлуулж, баярлуулж, хүүхэд насанд нь хүргэж өгсөн энэ бүтээл бол яах аргагүй бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны нэг хэмээн “Time” сэтгүүлийн Мэри Полс бичсэн байдаг.
Ирэх онд болох Оскарын наадмын шилдэг хүүхэлдэйн киногоор шалгарах нь бараг тодорхой гэгдэж буй “Inside Out” таныг хүүхэд насанд хүргэж өгөх хамгийн хөөрхөн галт тэрэг байх болно.
“Magic Mike XXL”
Халуухан тайчигч залуусын шоу
Халуухан тайчигч залуусын шоу
Бүсгүйчүүд ээ, наашаа. Энэ киноны тухай үгээр дүрслэхэд халуухан, тачаангуй гэдэг үг ч бүлээн сонсогдож магад.
“Үзэхээс нааш үүнийг та мэдрэхгүй, үзсэнийхээ дараа харин мартах аргагүй” гэсэн “Guardian”-ий шүүмжлэгчийн үг эрэгтэй тайчигчдын дотоод руу өнгийсэн “Magic Mike XXL” киног хамгийн сайн тодорхойлно. Хагас нүцгэн, булиа тайчигч залуус эргэн ирлээ. Энэ удаа энгийн халуунаас “буцламгай” төлөвт шилжсэн гэлтэй. Тийм учраас XXL гэсэн гурван үсэг шинэ ангийн нэрэнд нэмэгдсэн байх.
2012 онд найруулагч Стивен Содербергийн найруулсан “Magic Mike” кинонд амьдрахын тулд юм, юмыг хийж явсан Майк хэмээх залуу санамсаргүй завшаанаар тайчих үзүүлбэрийн вант улс байгуулах агуу зорилготой Далластай танилцсанаар амьдрал нь орвонгоор нь эргэсэн тухай гардаг. Харин энэ киноны шууд үргэлжлэл “Magic Mike XXL”-д Майк галзуу, солиотой, халуун, тачаангуйг гаргахад өөрийн хүслээр шулуудаж байгаа тухай өгүүлнэ. Гэхдээ энэ удаа тэд хуучин бууриндаа эргэхгүй, аялан тоглолтоор явж, олон газрын охидыг гайхшруулахыг хүснэ.
Энэ цагийн хамгийн халуухан залуусын нэг Чаннинг Татум, түүнтэй хамт асааллтай танк шиг дөрвөн найз нь нийлээд тайчих үзүүлбэрийн ил хэрнээ далд ертөнц рүү таныг хөтөлнө. “Энэ кино халуун дөлөндөө эмэгтэй үзэгчдийг эрвээхий мэт татна” хэмээн шүүмжлэгчдийн хэлснийг баталж “Magic Mike XXL” нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо л киног бүтээхэд зарцуулсан нийт мөнгөө олж чадсан юм. “CinemaScore”-оос явуулсан үзэгчдийн санал асуулгаар A- (А+-ээс F хүртэл үнэлгээ өгдөг) үнэлгээ авсан “Magic Mike XXL” дан ганц тайчих үзүүлбэр төдийгүй шоу гэж чухам юу байдгийг, үүнийг кино дэлгэцнээ хэрхэн харуулж болдгийн гайхалтай, одоогоор хамгийн тод жишээ нь билээ.
Tomorrowland
Бидний мэдэхгүй Жорж Клуни
Бидний мэдэхгүй Жорж Клуни
Маргааштай нүүр тулахыг бид үргэлж хүсдэг.
Учраагүй учрал, болоогүй бүхэн таамаг мэт байдаг болохоор найруулагчдын уран зөгнөлөөр бид маш олон янзын төсөөллөөс бүтсэн өнгөрсөн, өнөөдөр, маргаашийг цэнхэр дэлгэцнээс харж байсан.
Харин найруулагч Брэд Бөрдийн “Tomorrowland” кино энэ дундаас хамгийн сайн туршилтуудын нэг гэдэгтэй үзэгчид ч, шүүмжлэгчид ч санал нийлдэг. Кино зохиолоо найруулагч өөрөө хамтран бичсэн бөгөөд Сансрын эрийн үеийн (Space Age, Спутник хөлгийн нислэгээр өдөөгдсөн, 1950-1960-аад он) соёлын ололт, хийсвэрлэлүүдээс нөлөө авсан нь уран зөгнөлт энэ кино бидний сэтгэлд ойрхон, итгэж болмоор ч юм шиг мэдрэмж төрүүлэхэд тусалсан байх.
Ялангуяа та энэ бүтээлээс өмнө нь огт харж байгаагүй Жорж Клунитэй танилцах бөгөөд “Guardian”-ий кино шүүмжлэгч Стив Рөүзийн дүгнэснээр “Уран зөгнөлийн ертөнцийн ноён Гайхамшиг” болохыг нь харна. “Walt Disney”-ийн ирээдүйн талаарх өөдрөг үзэлт бүтээлүүдийнх нь “сүнс”-ийг агуулсан “Tomorrowland” хамгийн гол буюу дэвсгэр түүх, зураг авалт, найруулга болон жүжиглэлтээрээ өндөр үнэлгээ авсан нь өнгөрсөн зуны блокбастеруудын тоонд багтах замыг нь зассан.
1964 онд болсон Нью-Йоркийн Дэлхийн Яармаг дээр Фрэнк хүү өөрийн нисгэгч роботоо тэвэрсээр очоод санамсаргүй тохиолоор VIP тасалбар олсон нь түүнийг Маргаашийн ертөнц буюу ирээдүйн дэлхийд-паралел ертөнцөд урьдчилж очих үүдийг нээнэ. Муу, муухай нь дүүрсээр нэгэнт сүйрэх нь тодорхой дэлхийн иргэдийн ирээдүйн “гэр” байх учиртай тэрхүү параллел ертөнц, мөрөөдлийн гариг яг үнэндээ юу байж таарах вэ?
1964 онд болсон Нью-Йоркийн Дэлхийн Яармаг дээр Фрэнк хүү өөрийн нисгэгч роботоо тэвэрсээр очоод санамсаргүй тохиолоор VIP тасалбар олсон нь түүнийг Маргаашийн ертөнц буюу ирээдүйн дэлхийд-паралел ертөнцөд урьдчилж очих үүдийг нээнэ. Муу, муухай нь дүүрсээр нэгэнт сүйрэх нь тодорхой дэлхийн иргэдийн ирээдүйн “гэр” байх учиртай тэрхүү параллел ертөнц, мөрөөдлийн гариг яг үнэндээ юу байж таарах вэ?
Энэ бол үзэхээс нааш үнэн сайхныг нь тайлбарлах аргагүй гайхалтай бүтээл юм. Яг л “Tomorrowland” кинон дээрээ Жорж Клуни мөнөөх гайхалтай ертөнц, Маргаашийн дэлхийг адал явдалд шимтэгч хүүд анх танилцуулахдаа хэлдэг шиг “Би бүгдийг нь танд яриад өгвөл ямар утга байх билээ, та өөрийн нүдээр үзэж, гайхамшгийг мэдэрвэл ямар вэ?”
“Hot Pursuit”
Оскарын шагналтан ба халуухан Латин бүсгүй хоёрын хослол
Оскарын шагналтан ба халуухан Латин бүсгүй хоёрын хослол
Адал явдлыг зөвхөн эрчүүд бүтээдэггүй, эмэгтэйчүүд ч дэлхийг аварч чадна гэсэн логик сүүлийн үеийн Холливудын кинонуудад хүчтэй ажиглагдаж, тэр хэрээр дан эмэгтэй баатруудтай бүтээлүүд ар араасаа гарч буй.
Энэ жилийн хувьд нэг томоохон төлөөлөл нь “Hot Pursuit”. “Шаргал үст” инээдмийн киногоор нь бидний мэдэх жүжигчин Риз Уитерспүүн хожим “Wild”, “Walk The Line” зэрэг драмын бүтээлүүдэд тоглож, Оскар хүртэл гардсаныхаа дараа инээдмийн кинондоо эргэн ирж буй нь энэ бол “Modern Family” цувралын дүрээрээ яг одоо Америкийг байлдан дагуулж буй, халуухан латин бүсгүй София Вергерагийн хувьд энэ анхны оролдлогуудынх нь нэг. Бүх талаараа сонирхол татсан энэ хослол “Hot Pursuit”-ийг дорхноо алдаршуулж дөнгөсөн.
Цагдаагийн офицер Купер (Риз Уитерспүүн), хар тамхины наймаачин эрийн бэлэвсэрч үлдсэн эхнэр Даниэлла (София Вергера) хоёрын адал явдал бол орчин цагийн, маш инээдтэй, тун хөгжилтэй “Тельма, Луйз хоёр” гээд та ойлгочих. Мэргэжилдээ хэтэрхий гүн автсан Купер гэмт хэрэгтэн болон дурлалт залуусын аль алиныг өөрөөсөө үргэлж түлхэнэ.
Харин Даниэлла эсрэгээрээ, дэндүү дур булаам, тачаангуй байдлаараа тэнэгдүүхэн, хайнга зангаа дарж, хэзээ ч эрчүүдээр дутаж үзээгүй. Тэд нийлээд хар тамхины сүлжээний мафиудын эсрэг нэг нь мэргэжлийн арга барил, нөгөө нь тачаангуй биеэрээ зэвсэглэн аль алиных нь хувьд асуудал болдог хэтрүүлгүүдээ дарж хэрхэн тэмцэхийг та энэ бүтээлээс үзээрэй.
87 минут үргэлжлэх киноны турш инээсээр таны хацар чилэх вий. Амьдралын нарийн түвэгтэй асуудлыг ухаж, орооцолдсон олон ээдрээ тайлахыг хүсээгүй, зүгээр л үхтлээ инээж, амармаар байгаа үед энэ кино яг таарна. Халуухан, бас тэнэгдүүхэн эмэгтэйчүүдээр зэвсэглэсэн “Hot Pursuit” энэ жил нээлтээ хийсэн дан эмэгтэй гол баатартай кинонуудаас хамгийн их ашиг орлогыг олсон бүтээлүүдийн нэг юм.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.