Хүний махан идэштний тухай аймшигтай 10 кино

2015-11-12, 23:05
28,984
Хүн хүнээ барьж идэх ёсон балар эртний соёл иргэншлийн үед ч хориотой зүйлсийн нэгд тооцогдсоор ирсэн. Гэвч хүний махан идэштэн буюу ганнибалуудаас айж эмээх явдал бодит үндэслэлтэй бөгөөд аймшгийн кино бүтээгчид ч үүнийг бэлхнээ өлгөн авч, цус царцам аймшигтай, жихүүцэм үзэгдлийг үнэмшилтэйгээр харуулдаг билээ. Ингээд энэхүү хар бараан сэдвийг хөндсөн, өөр төрөл, жанрын 10 бүтээлийг түүвэрлэн хүргэж байна.
Хүний махан идэштний тухай аймшигтай 10 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. «Ганнибал» (Hannibal, 2001)
Хэдийгээр найруулагч Жонатан Деммигийн “Хурга майлах цагаар” аймшгийн киноны сонгодог хувилбар үзэгчдийг гаж донтон-хүний махан идэштэн Ганнибал Лектортой танилцуулсан ч жинхэнэ ганнибалыг төгс харуулж чадаагүй юм. Ингээд илүү ихийг үзэхийг хүссэн үзэгчдэд Ридли Скоттын киноны ноён солиотын дүрийг хүлээхэд хүргэсэн билээ. Гэхдээ энэ бүтээл мөн л Деммигийнхтэй адил амжилт олоогүй ч илүү амьд, илүү ганнибаллаг болсон гэдэг. Тиймээс Лектерийн аймшгийн гал тогоонд “дурлаж” байсан үзэгчид одоо саяхан зураг авалтаа дууссан “Каннибал” цувралд анхаарлаа хандуулах нь ээ.



Видео


2. «Амьд гарахын төлөө» (Alive, 1993)
1972 онд Чили улсад зохиогдох олон улсын тэмцээнд оролцохоор Уругвайн регбийн багийнхны сууж явсан онгоц Андын нуруунд сүйрсэн юм. Зорчигчдын зарим нь онгоцны сүйрлээс амьд үлдсэн боловч тэдэнд ямар ч идэх юм байсангүй. Ингээд тэд амьд гарахын тулд ослоор амиа алдсан нөхдөө идэхээс өөр арга үлдээгүй байна.

Найруулагч Стивен Спилбергтэй олон бүтээл дээр продюсерээр хамтран ажилласан Фрэнк Маршалл энэ эмгэнэлт бөгөөд зүрх шимшрэм явдлыг 20 жилийн дараа дэлгэцнээ харуулахаар шийдснээр энэхүү гунигт бүтээл төрсөн юм. Киноны гол дүрд жүжигчин Итан Хоук тогложээ. Кино сонирхолтой ч тийм ч үнэмшилтэй болоогүй билээ. Америкийн кион шүүмжлэгч Рожео Эбертийн анзаарснаар киноны төгсгөлд жүжигчид өлсгөлөнгөөр үхэх гэж байсан хүмүүс гэхэд хэтэрхий “амьд” байсан байна. Магадгүй хүний мах маш тэжээллэг гэдэг нь  үнэн бололтой.



Видео


3. «Cannibal Holocaust» 1980
Италийн найруулагч Ружеро Деодатогийн аймшгийн төрлийн киноны онолын үүднээс бол юун түрүүнд “Блэрийн шулмууд” гарснаас хойш орчин цагийн кино урлагт моданд ороод байгаа “хальс хавсаргах” жанраар бүтсэн тул сонирхол татаж байгаа юм. Гэхдээ бидэнд одоо Амазоны ширэнгэн ой дахь хүний махан идэштэн овог аймгуудыг судалж яваад хохирогч болж буй Америкийн судлаачдыг дүрсэлсэн баримтат зураг авалт тийм ч сонин биш. Ийм зүйлд үзэгчдийг итгүүлэхийн тулд “багын ажиллагаатай” индианчуудаас илүү их зүйлийг харуулах хэрэгтэй болно. Уг киноны тусгай эффектүүд маш бодитой, жинхэнэ мэт байсан нь найруулагч Деодатог аллагын хэргээр шүүхэд дуудагдахад хүргэсэн юм. Тэрээр шүүхий танхимаас дэлгэцийн “аллагыг” хэрхэн үйлдсэн уран бүтээлийн нууцаа нээхэд хүрсэн билээ.



Видео


4. «Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street» 2007
Гудамжинд гар дээрээс зарагддаг хямдхан хоолыг ямар махаар хийдэг бол? Дээд зэргийн мах мөн үү? Эсвэл өмхийрч муудсан өвдөл цөвдөл үү? Харх, золбин нохойн мах уу? Эс бөгөөс магадгүй ... Тим Бертоны готик мюзиклын гол дүр Хелена Бонэм-Картер шиг хүний махан шанзтай пирог зардаг юм болов уу.

Хелена худал мэдүүлэг өгч гүтгэн өөрийг нь шоронд суулгасан хорон санаатнуудаас өшөөгөө авч байгаа алуурчин-үсчин хайртай залуугийнхаа золиосуудаар хоолоо бэлтгэдэг байна. Гэхдээ түүний хайртай залуу Суини Тод амьдарч байгаа бурангуй нийгмээ үзэн яддаг болсон тул өөрт нь муу зүйл хийсэн новшнуудаар зогсохгүй жирийн үйлчлүүлэгчдээ ч хөнөөдөг ажээ. Амандаа дуу аялан хүний амийг жишим ч үгүй хөнөөдөг гаж донтой үсчний дүрийг бүтээснээрээ жүжигчин Жонни Депп “Оскар”-т нэр дэвшсэн юм.



Видео


5. «The Texas Chain Saw Massacre»  1974
Техаст тавтай морил! Энэ нутгийн уугуул оршин суугчид гайхалтай найрсаг зочломтгой. Тэд таныг гэртээ урин амтат хоолоор дайлахад үргэлж бэлэн байдаг. Зүгээр ч нэг лаазалж, нөөшилсөн хүнс биш бүр нүдэн дээр тань төхөөрсөн шив шинэхэн хүний махаар шүү. Баримтат киноны мэргэжилтэн Тоуб Хупер хөдөөгийн бөглүү тосгонд амьдардаг гаж донтны тухай уран сайхны кино бүтээхэд зарим шүүмжлэгчид “Хөрөө”-г тухайн үеийн Америкийн хамгийн жихүүцэм бүтээл хэмээн нэрлэж байсан. Тэр үеэс хойш энэ жанрт үүнээс ч илүү аймшигтай цөөнгүй бүтээл туурвигдсан ч энэхүү бүтээл сонгодогт тооцогдсон хэвээр.



Видео


6. «Parents» 1989
1980-аад оны аймшгийн кинонууд гол дүрт ирэх аюул занал үргэлж ойр дотныхноос нь гардаг гэсэн бичигдээгүй хуульд баригдаж байв. Чухам бүгд л энэ сэдвээр хоорондоо бараг өрсөлдөж байсан гэхэд болно. Тэгвэл энэ төрөлд нэгдүгээр байрыг “Вязов гудамжинд болсон аймшигт хэрэг”, харин хоёрдугаар байрыг “Эцэг эхчүүд” бүтээл эзэлдэг. Боб Балабаны найруулсан уг кинонд дундаж амьдралтай жирийн нэгэн гэр бүлд өсч торниж байгаа 10 настай хүү эцэг эх нь хүмүүсийг хөнөөж, махаар нь хооллодог болохыг олж мэддэг тухай гарна. Киноны гол баатар “гэр бүлийнхээ бизнест” нэгдэхээс татгалзахад эцэг нь түүнийг хөнөөхийг завддаг ч азаар амьд үлдэж байгаа тухай өгүүлдэг байна. Уг кино худалдаанд гараад ашиг муутай байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэтэй бүтээл болжээ.



Видео


7. «Soylent Green» 1973
Хэрэв Дэлхийн хүн ам хэт ихэсвэл ирээдүйн хүмүүс хоол хүнсээ хаанаас олж авах вэ? Мэдээж хүн төрөлхтөний тоо толгой нэмэгдэхийн хэрээр манай гараг дээрх хүнсний нөөц хомсдолд орох нь ойлгомжтой. Ричард Флейшерийн антиутопи төрлийн уг бүтээлд хүмүүс далайгаас олборлосон тэжээллэг нялцгай биетнээр хооллож эхэлсэн тухай тусгадаг.

Гэвч киноны гол баатар цагдаа маань нэгэн мөрдлөгийн үеэр аймшигт үнэнийг олж мэддэг байна. Дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс ганц эх үүсвэрээр тэжээж хүрэхээргүй олон байв. Тэд нас барсан болон бусдын гарт амиа алдсан нэгнийхээ махыг иддэг болжээ. Флейшерийн энэ кино аймшгийн төрөлдөө сонгодог бүтээлүүдийн тоонд тооцогддоггүй ч илэрхийлэл нь нууцлаг ганнибалчлалыг хөндснөөрөө алдаршсан билээ.



Видео


8. «Delicatessen» 1991
Францын уран бүтээлийн дуэт Жан-Пьера Жене, Марка Каро нар хамтын хоёр дахь бүтээл болох “Гээгдмэл хүүхдүүдийн хот” аймшигт үлгэрээрээ илүү олонд танигдсан билээ. Гэхдээ кино сонирхогчдын анхаарлыг тэдний өргөн хүрээнд хүртээл болоогүй боловч ээдрээтэй, гүн гүнзгий утга агуулга бүхий “Амтат хоол” кино татдаг юм. Дэлхийн сүйрлийн дараах ирээдүйн амьдралын талаар өгүүлэх уг бүтээлд хоол хүнс хомсдож, улаан буудай, үр тариа яг л доллар шиг төгс валют болсон тухай гардаг байна. Тиймдээ ч дэлхий дээр мах бэлтгэгч хэмээх нэгэн төрлийн бизнес газар авсан байх аж. Кинонд ийм нэгэн мах бэлтгэгчийн талаар өгүүлэх бөгөөд тэрээр гэртээ хүмүүсийг хууран авч ирж, хөнөөгөөд, махыг нь худалдаалахаар жижиглэж янзалдаг байна.



Видео


9. «Ravenous» 1999
Антония Бердийн түүхэн сэдэвт эмгэнэлт инээдмийн аймшигт ертөнцөд хүний мах идснээр ер бусын чадвартай болох төдийгүй улам бүр ханаж цадахаа мэдэхгүй донтож байгааг харуулдаг байна. Киноны үйл явдал Зэрлэг Өрнөдөд өрнөх бөгөөд гол дүр нь нутгийн индианчуудаас хүний мах иддэг талаарх домгийг олж мэдснээр өөрсөд дээрээ туршиж үзэж байгаа Америк цэргүүд байх аж. Мэдээж үр дүн нь таамаглахын аргагүй аймшигтай байв. Тусгасан санаанаас гадна уг бүтээл хоёр ч найруулагч сольсон гэдгээрээ сонирхолтой юм. Продюсерууд нь эцэст нь англи гаралтай эмэгтэй найруулагч Бердийг сонгосноор сэтгэл амарсан гэдэг.



Видео


10. «Jiao zi» буюу «Банш» 2004
Манай жагсаалтанд багтсан Хонконгийн найруулагч Фрут Чаны аймшгийн кинонд мөнхийн залуугаараа байх жорыг олж мэдсэн, хөгширч байгаа эмэгтэйн тухай өгүүлдэг. Энд өгүүлснээр хэдэн 10 жилээр балчир залуу насны гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд үр хөндөлтөөс болж хорвоог орхисон хүүхдүүдийн махаар банш хийж идэх ёстой ажээ. Учир нь мэс заслын аргаар амьгүй болсон ураг жирийн дутуу төрсөн амьгүй ургаас илүү шидэт хүч агуулдаг байна. Үүнийг хятад хоолны урлагтай хослуулбал бүр ч янзтай байх бололтой. Хятад гаралтай Америкийн жүжигчин Бай Линг уг кинонд “ер бусын” хооллолтынхоо ачаар 30 настай мэт харагдах 60 настай оточ-тогоочийн дүрийг бүтээснээрээ Хонконгийн кино академиас шагнал хүртсэн байдаг.



Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()