Тэрбумтнууд ямар төслийг санхүүжүүлдэг вэ?

Харь гарагийн соёл иргэншилтэй холбоо тогтоох, хиймэл бие дэх мөнхийн амь, хуруу шилэнд мах боловсруулах, ялгадаснаас ус гаргаж авах гэх мэт. Эдгээр нь зөгнөлт зохиолын нэг хэсэг биш харин дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн ойрын ирээдүй билээ. Ингээд томоохон бизнесменүүдийн сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулсан эрсдэлтэй төслүүдийг танилцуулж байна.
Тэрбумтнууд ямар төслийг санхүүжүүлдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


“Харь гарагийн соёл иргэншил хайх” төсөл
(Хөрөнгө оруулагч: “DST Global сан” группыг үндэслэгч Юрий Мильнер)

3,2 тэрбум долларын хөрөнгөтэй Оросын тэрбумтан Юрий Мильнер 100 сая долларыг харийн соёл иргэншил хайхад зарцуулахаар шийджээ. “Mail.ru” компанийн хамтран эзэмшигч тэрээр “Breakthrough Listen” нэртэй өргөн хүрээг хамарсан төслөө сансрын анхны нисгэгч Юрий Гагарины дурсгалд зориулж байгаа бөгөөд эрдэмтэн Стивен Хокингийн хамтаар 2015 онд боловсруулан гаргасан байна.

Магадгүй, сансар огторгуйн хаа нэгтэйгээс өөр нэг оюун ухаант амьдрал биднийг харж байгаа. Дэлхийгээс өөр гараг дээр амьдрал байгаа гэдэгт анхаарлаа хандуулж, эрж хайх цаг болсон. Бид амьдрал, бид оюун ухаан, бид үүнийг олж мэдэх ёстой” хэмээн астрофизикч Стивен Хокинг, Лондонд болсон Хатан хааны шинжлэх ухааны хүрээлэнгийн индэр дээрээс мэдэгдсэн байна. Мильнерийн гаргасан хөрөнгөөр дэлхийд томоохонд тооцогдох хэд хэдэн радиотелескопыг түрээслэх ажээ. Эдгээрийн тусламжтайгаар эрдэмтэд Дэлхийтэй ойр 100 гараг эрхэс болон Сүүн замын төв хэсгээс дохио хүлээж авна хэмээн найдаж байна.

Дэлхийгээс өөр газар соёл иргэншилт амьдрал хайх судалгаа өнгөрсөн зууны 60-аад оноос эхэлсэн билээ. Чухам тэр үед хэрэгжиж эхэлсэн“SETI” төсөл 2015 онд 55 жилийнхээ ойг тэмдэглэсэн юм. Сансар огторгуйгаас өөр оюун ухаант амьдрал хайхаар сонирхож байгаагаа Мильнер эхлээд НАСА-д уламжилжээ. “Бидний оршин байгаа сансар огторгуйд Дэлхийтэй төстэй 20 тэрбум гаруй гараг байгаа гэсэн тэдний мэдээлэл шийдвэр гаргахад минь нөлөөлсөн” хэмээн бизнесмэн мэдэгдсэн байна. Хөрөнгө оруулсан 100 сая доллараас гадна тэрээр харь гарагийн үндэстний төлөөлөгчид хамгийн сэтгэл хөдөлгөм ил захидал бичсэн нэг хүнийг сая доллараар шагнана хэмээн амласан билээ. Тэр ч байтугай шилдэгт шалгарсан захидлыг сансар огторгуйд дамжуулахаар зэхэж байгаа гэнэ.



“Шүршүүрийн хэмнэлтэт цорго” төсөл
(Хөрөнгө оруулагч: “Apple” компанийн ерөнхий захирал Тим Кук, “Google”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Эрик Шмидт)

Тэрбумтан Эрик Шмидт болон ашиг орлогоороо дэлхийд томоохонд тооцогдох компанийн тэргүүн Тим Кук нар чандмань эрдэнэ болсон усыг хэмнэх асуудалд анхаарлаа хандуулжээ. Тэд 2015 зун “ирээдүйн шүршүүр” бүтээж байгаа “Nebia” фирмд хувийн хөрөнгөөрөө санхүүжилт хийжээ. Тэрбумтнууд энэ төсөлд хэдий хэр хэмжээний хөрөнгө оруулсан нь одоогоор тодорхойгүй байна. Эхэндээ тус компани краудфандингийн “Kikstarter” платформоор 100 сая доллар цуглуулахаар төлөвлөж байсан байна.
 
Гэвч 2015 оны есдүгээр сар гэхэд компанийн дансанд зургаан тэгтэй цифрээр хэмжигдэх хөрөнгө цугларсан байна. “Nebia” гурван сая гаруй доллартай болжээ. Энэ хөрөнгө “ухаалаг шүршүүр” үйлдвэрлэн худалдаанд гаргахад зарцуулагдах бөгөөд хамгийн гол нь дээд зэргээр усыг хэмнэх учиртай гэнэ. Шүршүүрийн ажиллагааны зарчим нь сансар судлалын салбарт ашиглагддаг технологи дээр үндэслэгдсэн юм байна.

Цорго усны урсгалыг хэдэн саяар тоологдох өчүүхэн жижиг дусал болгон гаргах бөгөөд энэ нь энгийн шүршүүрээс  10 дахин их талбайг хамрана гэсэн үг юм байна. Үүний ачаар усны хэрэглээг 70 хувиар багасгах ажээ. Сүүлийн үед дэлхий дээрх ундны цэвэр усны хомсдлын талаар яриа газар аваад байгаа энэ үед “Nebia”-гийн бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээтэй байх нь гарцаагүй юм. Хэрэв Нью-Йоркын оршин суугч ухаалаг цорготой шүршүүрт өдөрт хоёр удаа есөн минутаар орох юм бол жилдээ 184 мянган аяга уух ус хэмнэнэ хэмээн тус компанийхан тооцоолжээ. Хэмнэлтэт шүршүүр 2016 он гэхэд худалдаанд гарах ёстой юм байна.



«Залуужуулах шахмал» төсөл
(Хөрөнгө оруулагч: “UC Rusal”-ийн Ерөнхийлөгч, “Үндсэн элемент” группын ажиглалтын зөвлөлийн дарга Олег Дерипаска)

Оросын олигархи Олег Дерипаска хөгшрөлийн явц ба түүнтэй тэмцэх аргыг судалж байгаа “Митотех” компанийн анхны хөрөнгө оруулагч болжээ. Бие организмын хөгшрөлтийг удаашруулагч “SkQ1” антиоксидантыг бүтээх судалгаан дээр академич Владимир Скулачев ажиллаж байгаа ажээ. 2005-2008 онуудад тэрбумтан эр “Митотех” компанид 15 сая долларын хөрөнгө оруулсан боловч эдийн засгийн хямралын үед “сонирхол буурсан” байна.

Дерипаскагийн дараа тус компанийн судалгаанд “Росток” группыг үндэслэгч бизнесмэн Александр Чикунов болон “Роснано” компанийн тэргүүн Анатолий Чубайс нар хөрөнгө оруулсан байна. “Митотех” компанийн захирал Максим Скулачев “Залуужуулах шахмал” нь хүний нейроныг үхжихээс хамгаалснаар олон тааламжгүй асуудлыг шийдвэрлэх болно хэмээн үзэж байна. 2013 онд “Коммерсант” сонинд өгсөн ярилцлагадаа академич Владимир Скулачев 2016 он гэхэд уг бэлдмэл эмийн сангуудаар худалдаалагдаж эхлэнэ хэмээн ярьсан юм. Одоогоор “Митотех” компани нүд хуурайших синдромын үед хэрэглэдэг нүдний дусаалга болон залуужуулагч ийлдэс гаргаж байгаа билээ.



”Ялгадсаас ус гаргаж авах” төсөл
(Хөрөнгө оруулагч: “Microsoft” корпорацийг үндэслэгч Билл Гейтс)

“Forbes” сэтгүүлээс шалгаруулснаар Дэлхийн хамгийн баян хүнээр удаа дараалан тодорсон тэрбумтан Билл Гейтс хүн төрөлхтөний аж амьдралыг сайжруулахад чиглэгдсэн төслүүдэд олон жилийн турш хөрөнгө оруулж байгаа билээ. Түүний хамгийн сүүлд сонирхон оролцож байгаа төсөлд хүний ялгадсыг дахин боловсруулах замаар ус гаргаж авах төсөл багтаж байгаа юм.

Төслийн нэрийг “Omniprocessor” гэх бөгөөд гуравдагч орнуудын ундны усны хомсдлын асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн төсөл юм байна. хүний ялгадсыг дахин боловсруулж ус болон цахилгаан гаргаж авах станц барих төслийг сансар болн далайн салбарт зориулсан жижиг хэрэглэл үйлдвэрлэлээрээ алдартай “Janicki Bioenergy” компани боловсруулжээ. Билл болон Мелинда Гейтс нарын сангийн хөрөнгөөр бүтээгдэж байгаа уг төхөөрөмж хоногт 14 хүртэлх тонн ялгадсыг ус болон эрчим хүч болгон хувиргах чадвартай гэнэ.

Анхны туршилтын станц 3,4 сая хүн амтай Сенегелын Дакар хотноо байгуулагдсан байна. Энэ хотыг сонгосон шалтгаан нь хүн амынх нь гуравны нэг нь цэвэр бохир усны шугаманд холбогдоогүй байранд амьдардаг учраас тэр гэнэ. Дэлхий даяар нийт хоёр тэрбум гаруй хүн дээрхтэй ижил асуудалтай амьдарч байгаа бөгөөд зөвхөн ахуйн ариун цэвэр муугаас болж жилд 700 мянган хүүхэд нас бардаг гэсэн тоо баримт байдаг байна. Билл Гейтс өөрөө ч ялгадсаас гаргаж авсан ус уухаас цааргалдаггүй төдийгүй бусдыг ч дуртайяа дайлдаг гэнэ. 2015 оны нэгдүгээр сард тэрээр Жимми Фэллоны теле шоун дээр ийм усыг авч иржээ. Хөтлөгч ялгадсаас гаргаж авсан уг усыг ууж үзээд магтан сайшаасан билээ.



“Хуруу шилний мах” төсөл
 (“Google” компанийг үндэслэгч, тус компанийн тусгай төслийн албаны дарга Сергей Брин)

32 тэрбум долларын хөрөнгөтэй Сергей Брин 300 сая долларыг “хуруу шилний мах” бүтээхэд хөрөнгө оруулжээ. Санхүүжилтийнхээ нэгэн шалтгааныг тэрбээр малтай харгис хэрцгий хандаж байгаагаас болсон хэмээн тайлбарласан байна. Үүдэл эсийн тусламжтайгаар ургуулсан хиймэл үхрийн махны хэрчмийг 2013 оны зун Маастрихт хотын их сургуулийн профессор Марк Пост танилцуулсан юм. Түүхэн дэх хамгийн анхны “хуруу шилний гамбургерийн” амтыг хоолны амт шалгагч Жош Шонвальд болон эрдэмтэн Ханни Рутцлер хоёрт дүгнэхийг санал болгожээ. Шонвальд хиймэл махыг үхрийн махны часхийсэн амт алга байна гэж үзсэн бол Рутцлер арай хатуу байна гэжээ.

Гэхдээ хамгийн гол асуудал нь хиймэл үхрийн махны өндөр өртөгт байв. Тиймээс эрдэмтэд сүүлийн хоёр жилийн турш хуруу шилний махыг “хямдруулах” тал дээр ажилласан байна. 2015 оны зун Голландын эрдэмтэд нэг килограмм хиймэл үхрийн махны өөрийн өртгийг 80 доллар болтол бууруулж чадсан хэмээн мэдэгдсэн юм. Гэсэн ч хуруу шилний мах ойрын хугацаанд дэлгүүрийн лангуун дээр тавигдахгүй бололтой. Марк Постагийн таамаглалаар хиймэл махны эрэлт хэрэгцээ 20-30 жилийн дараа л гарч ирэх гэнэ. Хиймэл мах бол “Forbes”-ийн жагсаалтанд багтсан баячуудын хөрөнгө хаясан цорын ганц хүнсний бүтээгдэхүүн биш юм. Хэдэн жилийн өмнө Билл болон Мелинда Гейтс нар өндгийг ургуулах замаар гаргаж авах төсөлд хөрөнгө оруулж байсан байна.



“Хөвөгч колони – хот” төсөл
(“Facebook” компанийн анхны хөрөнгө оруулагчдын нэг, PayPal-ийг үндэслэгч Питер Тиль)

“Facebook”-ийн боломжийг анх олж харсан санхүүжүүлэгчдийн нэг, 2 тэрбум доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй бизнесмэн Питер Тиль сүүлийн жилүүдэд ирээдүйн хэд хэдэн төсөлд мөнгө хаяад байгаа аж. Тэдгээрийн нэг нь хувь хүний эрх чөлөөний үзэл бодлыг баримтлагч чөлөөт хүмүүст зориулсан хөвөгч колони-хот барьж байгуулах юм. Энэ санаа түүнд 2008 онд төрсөн бөгөөд тухайн үед 500 мянган долларыг “Seasteading Institute” эрдэм шинжилгээний байгууллагын гарааны хөрөнгө болгон өгч байжээ.

Харин 2011 уг төсөлд дахин 1.25 сая доллар нэмж өгчээ. “Seasteading Institute” байгууллагын мэдээллээр хөвөгч хот нь нэгэн төрлийн төрт улсын шинэ загвар гэнэ. Энэ нь хөдөлгөөнт платформ дээр оршин тогтнох бөгөөд Калифорнийн эргээс холгүйхэн байрлах юм байна. Анхны ийм хотод 2020 он гэхэд иргэдээ суурьшуулж, улмаар 30 жилийн дараа гэхэд 10 сая хүн амтай болно хэмээн төлөвлөж байгаа юм байна. Хөвөгч хотууд дээр хүмүүс олноор суурьшихыг Тиль өөрийн нүдээр харна хэмээн бодож байгаа ажээ. Учир нь тэрбээр өөрийгөө 120 орчим насална хэмээн итгэж байгаа бөгөөд хөгшрөлтийг удаашруулах, амьдралыг уртасгахад чиглэгдсэн судалгаанд хөрөнгө оруулдаг гэнэ.



“Хиймэл оюун ухааны аюулгүй байдал” төсөл
(“Tesla” болон “SpaceX” компанийн тэргүүн Илон Маск)

Америкийн бизнесмен, тэрбумтан Илон Маск бол дэлхийн туйлд халуун цөмийн бөмбөг хаях замаар Ангараг гараг дээр амьдрал бий болгох тухай гэсэн зоримог санаа болон зоримог төслүүдээрээ нэрд гарсан нэгэн билээ. 2015 оны эхээр тэрбумтан эр 10 сая долларыг хиймэл оюун ухааны зүгээс ирэх боломжтой заналхийллийг судлахад зарцуулахаар “Future of Life Institute” байгууллагад хөрөнгө оруулжээ. Тэрээр техник технологийг хөгжил хяналтаас гарч байгаатай холбогдуулан сэтгэл түгшиж байгаагаа нэг бус удаа мэдэгдэж байсан юм.

Харин түүний хамтрагч, орос гаралтай Юрий Мильнер робот болон хүмүүсийн хоорондын нөхөрлөлийг дэмжигч билээ. 2014 онд “CNBC” сувагт өгсөн ярилцлагадаа Илон Маск “”Терминатор”-оос авахуулаад энэ аюулын талаар сануулсан олон кино байдаг. Эдгээр нь дээрх салбарын хэт хөгжлийн үр дагавар ямар сүйрэлд хүргэж болохыг бэлхнээ харуулсан. Тиймээс бидний үүрэг бол муу зүйлд хүргэх биш харин эерэг байдал” хэмээн тэрээр хэлжээ.

Маскын өөр нэг томоохон хэмжээний төсөл бол “Hyperloop” хурдан нийтийн тээврийн хэрэгсэл бүтээх юм. Тээврийн салбарт хувьсгал хийх төслийн анхны концепциа тэрээр 2013 онд танилцуулж байсан. Түүний бодлоор тодорхой чиглэлийн ваакум галт тэрэг бүхий өндөр хурдны шугам хоолойн систем нь Лос-Анжелес болон Сан-Франциско хотуудын хооронд тавигдах аж. Нийтийн тээврийн капсул нь богино интервалаар явах бөгөөд хурдаа 1000 км/цаг-аас дээш нэмэх чадвартай юм байна. Энэ нь 615 км замыг ердөө 30-хан минутад туулна гэсэн ажээ. Маск өөрөө зөвхөн энэ төслийн санааг дэвшүүлсэн бөгөөд бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд хүссэн хүн бүхэн оролцох боломжтой хэмээжээ.
 
Харин 2015 оны есдүгээр сард “Hyperloop Transportation Technologies” төслийг Оросын тэрбумтан Виктор Вексельберг санхүүжүүлж байгаа нь тодорхой болсон юм. Одоогоор хэдий хэрийн хөрөнгө оруулж байгаа нь тодорхойгүй боловч төслийг хэрэгжүүлэхэд багаар бодоход нийт 7,5 тэрбум хэрэгтэй юм байна.
 

 
“Роботууд ба мөнх амьдрал” төсөл
(Оросын “Newmedia Stars” интернэт компанийн ерөнхий захирал Дмитрий Ицков)

2013 онд өгсөн нэгэн ярилцлагадаа Оросын бизнесмэн Дмитрий Ицков өөрийгөө “үхэшгүй мөнх амьдралын даруухан продюсер” хэмээн тодорхойлсон байдаг. Үүнээс хоёр жилийн өмнө тэрбээр “Орос 2045” олон нийтийн хөдөлгөөнийг байгуулсан юм. Уг байгууллагын гол зорилго нь мөнхийн амьтай хиймэл бие организмд хүнийг шилжүүлэх юм. “Орос 2045” гол төслөө Жеймс Кэмероны зөгнөлт киноны нэртэй адил “Аватар” хэмээн нэрлэсэн ажээ. Хүмүүс тархийг нь суулгасан хиймэл биед орсноор үхэшгүй амьдралтай болох бөгөөд ингэснээр мөнхөд амьдарч, үеэс үед “гадаад төрхөө” илүү боловсронгуй болгон өөрчилсөөр байна гэдэгт Ицков итгэдэг байна.

“Аватар” төсөл дөрвөн үе шатаас тогтоно. 2020 он гэхэд уг төсөл дээр ажиллаж байгаа эрдэмтдийн баг нейроинтерфейсийн тусламжтайгаар бодол санаа нь удирдагддаг хүний биеийн хувилбарыг бүтээх төлөвлөгөөтэй байгаа аж. 2025 он гэхэд хиймэл биед тархийг шилжүүлэн суулгаж чаддаг болох бол 2035 он гэхэд тархин дахь бүхий л мэдээллийг тоон утгат тээгчид хуулж авах юм байна. Харин төслийн төгсгөлийн шатанд бодлын хүчээр удирдагддаг голограмм биеийг бүтээх ажээ.

2013 онд Ицков энэхүү хөтөлбөрөө Нью-Йорк хотноо болсон “Дэлхийн ирээдүй -2045” хурал дээр танилцуулсан боловч дэмжлэг аваагүй байна. Учир нь тэнд цугласан эрдэмтэд төслийг бодит байдалтай нийцэхгүй хэмээн үзжээ. Гэвч энэ явдлаас хойш жилийн дараа “Орос 2045”-ийн албан ёсны сайт дээр “үхэшгүй мөнхийн товч” тавигджээ. Энэ товчийг дарсан хэн бүхэн өөрийн гэсэн аватарыг бүтээж болох аж. Харин үүнийхээ төлбөрт тэд 3 сая доллар төлөх ёстой гэнэ.



Солируудыг үйлдвэрлэлд ашиглах нь
(“Google”-ийг үндэслэгч Ларри Пейж)

Тэрбумтан Ларри Пейж өөрийн олон тэрбумаар тоологдох хөрөнгөнийхөө нэгээхэн хэсгийг (Forbes-оос 2015 оны байдлаар түүнийг 32,6 тэрбум доллартай гэж мэдээлсэн) солируудыг үйлдвэрлэлд ашиглах төсөл боловсруулахад хөрөнгө оруулсан байдаг.

“Google”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга  Эрик Шмидт, хоёр ч удаа сансарт жуулчилсан Чарльз Симонийн хамтаар тэрээр 2012 онд “Planetary Resources” компанийн төслийг санхүүжүүлжээ. Уг компанийг 2009 онд “NASA”-д ажиллаж байсан хүмүүс байгуулсан бөгөөд гол зорилго нь дэлхийтэй ойролуоо оршин байгаа солируудаас ашигт малтмал олборлох юм. Тэд эрдэс бодис, үнэт металл, ус зэргийг өөр сансрын биет дээрээс олно хэмээн найдаж байгаа бөгөөд үүний тулд тойрог замын багахан телескопын тусламжтайгаар судлагаа хийхээр төлөвлөжээ. Тэдний анхны сорилын “Arkyd 3 Reflight” аппарат 2015 оны зун Олон улсын сансрын станцаас хөөрсөн байна.



Ангараг гарагийг колончлох
(“Ampyx Power” компанийг үндэслэгч Бас Лансдорп)
Голланд эр Бас Лансдорп Ангараг гарагийг колончлохоор зориг шулуудав бололтой. Лапсдорп анхны “Ampyx Power” компаниа 2008 онд үүсгэн байгуулсан бөгөөд салхины эрчим хүч боловсруулах шинэ аргуудыг судалж эхэлсэн байна. Гэвч тэрээр гурван жилийн дараа хувьцаагаа зарж, “Mars One” төслийг эхлүүлсэн байна. Лансдорпын бодож олсон санааг эрдэмтэд “сансрын аялал” хэмээн нэрлэсэн байна.

Гэхдээ 2025 он гэхэд “Mars One” төслийг санаачлагч Улаан нүдэн гараг дээр хүмүүсийн анхны багийг буулгах төлөвлөгөөтэй байгаа аж. Тэд тэнд тосгон суурин байгуулж, төслийн дараагийн хүмүүсийг хүлээн авахад бэлдэх гэнэ. Ангараг гараг дээр шилжин суурьших хүсэлтэй хүмүүсийн тоо ч цөөнгүй байгаа бололтой. Сансарт нисэхийг хүсэгчдийг 2013 оноос бүртгэж эхэлсэн ба зар тавигдснаас хойш таван сарын дотор дэлхийн 140 орны 200 мянга гаруй хүн хүсэлтээ ирүүлсэн баримт байна. Тэдгээрээс сонгон шалгаруулсны эцэст 24 оролцогч Ангараг гараг руу нисэхээр болсон байна. Хүмүүсийг сансар руу илгээхээс өмнө 2018 онд Ангараг гараг руу судалгааны гараг хоорондын тээврийн хэрэгслийг илгээх бөгөөд 2022 он гэхэд хэд хэдэн орон сууцны хороолол барьж байгуулах аж.

Харин Улаан нүдэн гараг дээр анхны суурьшигчдыг илгээх үйл явцыг жинхэнэ реалити шоу болгон хувиргахаар төлөвлөж байгаа гэнэ. Уг үйл явдлыг шууд дамжуулах эрхийг зарж төслийн орлого болгох ажээ. Түүнчлэн томоохон хөрөнгө оруулалт хайж байгаа боловч одоогоор компани болон хувь хүмүүс уг төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлээгүй байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()