1. Толбот гүрвэл
Толбот гүрвэл дотроо гурван хэв шинжийн эрэгчинтэй. Улбар шар, хөх, шар хүзүүт эрэгчин толбот гүрвэлүүд гадаад төрхөөрөө төдийгүй зан араншин, тактикаар өөр хоорондоо ялгаатай байдаг. Улбар шар хүзүүт эрэгчин гүрвэлүүд тестостерон ихээр ялгаруулдаг бөгөөд тэдний гол үүрэг бол их хэмжээний нутаг дэвсгэрийг эзэмшиж, аль болох их эмэгчин хураах юм. Хэдийгээр ийм эрэгчин өөрийн эмэгчингүүдээ хамгаалдаг ч гэсэн тэдний нэгэнтэй нь ч удаан бөгөөд хүчтэй харилцаа үүсгэдэггүй байна.
Харин Хөх хүзүүт эрэгчингүүд биеэр арай багавтар, тестостероны түвшин ч доогуур боловч зөвхөн нэг эмэгчинг сонгон, байнгын харилцааг үүсгэдэг аж. Шар хүзүүт эрэгчингүүд өөрсдийн харъяаны нутаг дэвсгэргүй бөгөөд улбар шар хүзүүт эрэгчин гүрвэлүүдийн нутаг дэвсгэрийн зах хязгаараар амьдарч, тэдний эмэгчингүүдтэй нууцаар үржилд ордог аж. Энэ нь улбар шар эрэгчингүүд өөрийн хураасан бүх эмэгчингүүдийг харж, хандаж чаддаггүйтэй холбоотой байж болох талтай.
2. Толбот цөөвөр чоно
Толбот эмэгчин цөөврүүд эрэгчингүүдээсээ догшин зан авиртай, том биетэй төдийгүй ямагт эрэгчнийхээ урд, толгойд гарч явдаг байна. Энэ зэрэг зиндааны хэлбэр нь маш хүчтэй илрэх ба нас биед хүрсэн эрэгчин цөөврүүд ч бэлтрэгэн гичий цөөврүүдээсээ эмээдэг байна. Үүнд учир бий. Нас биед хүрмэгц эмэгчин цөөврүүд өөрсдийн төрсөн эцэгтээ бусад эрэгчингүүдээс дутуугүй харгис ханддаг ажээ. Үүгээр ч зогсохгүй эмэгчин цөөвөрт хэмжээ болон уртаараа эрэгчингийнхээсээ том, хөвчирдөг нууц эр бэлэг эрхтэн бий. Энэ нь бэлгийн харьцаанд орох үйл явцыг хүндрүүлдэг болон эрэгчингүүдийн хүчинд автах ямар ч боломжийг олгодоггүй байна.
3. Нэхмэлчин аалз
Ихэнх аалзнуудын хувьд орооны нь улирал томоохон эрсдлийг дагуулдаг. Тиймээс нэхмэлчин эрэгчин аалзнууд ч эмэгчинтэйгээ урьдчилан бат бөх холбоо тогтоолгүйгээр бэлгийн харьцаанд орохыг яаравчилдаггүй байна. Эрэгчин аалз эмэгтчнийхээ хэвлий доогуур нь мөлхөж ороод түүнийг шүлсээрээ болгоомжтой, нямбайлон ороосны дараа үржилд ордог байна. Гэхдээ эрэгчин үйл явцыг аль болох хурдан дуусгах гэж яаравчилдаг. Учир нь эмэгчин өөрийгөө ингэж ороохыг дуртайяа хүлээн авч, хэрэв таалагдахгүй байвал амархан гэгч нь мултарч чадна. Энэ үед эрэгчин аль болох хол байсан нь өлзийтэй ажээ.
4. Борлог дууч шувуу
Энэ бол эрэгчингүүд нь эмэгчиндээ бус өөр хоорондоо гоо үзэмжээ гайхуулдаг цөөхөн төрөл зүйлийг нэг юм. Ингэснээрээ тэд зэрэглэлээ тогтоож байгаа хэрэг ажээ. Борлог дууч шувуу нь гурван төрлийн эрэгчинтэй бөгөөд тэдгээр нь гадаад байдал, зан араншингийн хувьд ялгаатай байдаг.
Хамгийн өргөн тархсан борлог эрэгчин бусдаасаа түрэмгий бас хүчтэй аж. Нутаг дэвсгэрийн борлог дууч шувуу бусад эрэгчингүүдтэй гадаад үзэмжээрээ сүрдүүлэх маягаар тулаан хийдэг байна.Тэдний эмэгчинтэй ч, эрэгчинтэй ч үржилд ордог ижил хүйстний харилцааны идэвхтэй байдал хүчирхэг нутаг дэвсгэрийн борлог дууч шувуудын анхаарлыг татдаг тул өөрийн нутаг дэвсгэртээ чөлөөтэй нэвтрүүлдэг байна. Эмэгчин төрхөт борлог дууч шувууд зуныг эмэгчинтэй, харин өвлийг эрэгчинтэй ихэвчлэн өнгөрүүлдэг аж.
5. Хурц хумст сармагчин
Хурц хумст сармагчингууд хоёр эрэгчин-нэг эмэгчин, нэг эрэгчин-хоёр эмэгчин гэсэн хэв шинжийн бүлийг үүсгэдгээрээ онцлог. Гэхдээ хурц хумст сармагчингийн төрөл зүйлүүд дунд нэг эмэгчин- хоёр эрэгчин гэсэн бүл элбэг тохиолддог байна. Энэ нь логикийн хувьд боломжтой бөгөөд учир нь хурц хумст эмэгчин ихэвчлэн ихэрлэдэг байна. Тэд үр зулзагаа /монш/ үргэлж биедээ авч явдаг халамжтай эцэг эх бөгөөд энэ үүргийг голдуу эрэгчингүүд хүлээдэг. Тэд моншнуудаа зөвхөн хөхүүлэх үед нь л эхэд нь өгдөг байна. Харин нэг эрэгчин-хоёр эмэгчин бүлийн хувьд зэрэг төрсөн тохиолдолд дөрвөн моншоо асрах гэж их л зүдэрдэг ажээ.
6. Зээрэнцэг загас
Эрэгчин болон эмэгчин зээрэнцэг загаснууд үр удамдаа маш сайн санаа тавьдаг. Тэднээс илүү сайн эцэг эх олдоно гэж бараг үгүй. Эрэгчин, эмэгчин зээрэнцэг загас моногам гэр бүлийг үүсгэж, /нэг эр-нэг эм/ улмаар эмэгчин нь түрсээ шахна. Цаг нь болоход эцэг эх загаснууд үр удмаа түрснээс нь гарахад тусалж, тус бүрийнх нь хальсийг эвтэйхэн гэгч нь онгойлгож өгнө. Дараа нь тэд хоёул жараахайнуудаа дааврын үйлчлэлээр арьснаас нь ялгарах тусгай сүүн шингэнээр хооллодог байна.
7. Бонобо одой сармагчин
Шимпанзе болон бонобо одой сармагчин нь хүнтэй хамгийн ойр төрөл хэмээгддэг. Тэд гадна төрхийн хувьд өөр хоорондоо болон хүнтэй олон зүйлээрээ адилхан боловч хэд хэдэн ялгаа бий. Ер нь бол тэд ямар ч тохиолдолд сексддэг. Ялангуяа янз бүрийн хүндхэн нөхцөл байдалд орсон үед. Жишээ нь, хэрэв хоёр эрэгчин нэг эмэгчинтэй үржилд орохыг хүссэн тохиолдолд зодолдохын оронд тэд хоорондоо секс хийх маягаар асуудлаа шийддэг байна.
Хэрэв эрэгчин хэтэрхий түрэмгий байвал эмэгчин түүнийг аргадан тайвшруулахын тулд түүнтэй бэлгийн харьцаанд орно. Сармагчны бүлийн ямар ч гишүүд сексийг эвлэрэх, нөхөрлөлөө авч үлдэх гэх мэт үед ашигладаг байна. Тухайлбал, эмэгчингүүдийн хооронд зөрчил үүсэн тохиолдолд тэд хэлүүгээрээ үрэлцэн, эвлэрснээр асуудал шийдэгддэг. Шимпанзенуудад сексийн харилцааны хувьд ямар нэгэн хязгаар байхад бонобо сармагчингуудын хувьд тийм биш. Тэд хаана ч секс хийж чаддаг тул бонобогийн бүлийг хамгийн эвсэг гэж хэлж болно.
8. Каракатиц
Хамгийн том, хамгийн хүчирхэг эрэгчин каракатицууд орооныхоо улирлалд өндгөө хадгалж, хамгаалах хамгийн сайн чулууг хайж олдог. Эрэгчингүүдээсээ биеэр хамаагүй жижиг эмэгчингүүд тэднийг олсон чулуугаар нь үнэлж дүгнэдэг байна. Хэрэв эмэгчин эрэгчнээ сонгосон тохиолдолд эрэгчин нь эмэгчнээ хамгаалж, бусад эрэгчингүүдийг ойртуулдаггүй байна. Гэхдээ эмэгчингүүд үнэндээ том биетэйгээс гадна биеэр харьцангуй жижиг ч зальжин эрэгчингүүдийг ч таашаадаг байна.
9. Ятуу
Орооны үедээ эр ятуунууд өөрсдийн өд сөд, дуу хоолойгоо гайхуулж, бие биенээсээ давж гарахын тулд нэг ёсны тулааны талбайд цугларан тэмцэлдэх бөгөөд бүр эмэгчиндээ зориулсан хайрын бүжиг хийх нь ч бий. Үе үе тэд өөр хоорондоо зодолдох боловч энэ нь ихэнхдээ тайзан дээр өрсөлдөж байгаа хоёр загвар өмсөгч шиг л харагддаг. Учир нь тэд эмэгчнийхээ өмнө сайхан харагдах ёстой юм.
10. Диваажингийн шувуу
Эдгээр шувуудын эрэгчин нь эмэгчнээ бодвол илүү гоёмсог, эрээн цоохор байдаг. Тэднийг диваажингийн шувууд хэмээн нэрлэсэн нь учиртай. Тэдний идээшин амьдардаг ойд араатан амьтад цөөн, хоол хүнсээр элбэг, тэр дундаа эрэгчин шувуудад санаа зовох зүйл бага, эмэгчиндээ гоёмсог өд сөдөө гайхуулж, сэтгэгдэл төрүүлэх, гэр бүлийн бүжиг бүжих боломжтой байдаг байна. Хэрэв ойролцоо нь эмэгчин диваажингийн шувуу гарч ирвэл эрэгчин бүр хичээн бүжиглэдэг. Эмэгчин тэднийг гадаад үзэмжээр нь төдийгүй хэрхэн бүжиглэж байгаагаар нь сонжиж байж сонгох тул эрэгчин шувууд улам гоёмсог, бас бүжиг нь илүү чадварлаг болсоор байдаг аж. Залуу эрэгчингүүд нас биед хүрсэн, туршлагатай эрэгчингүүдийг ажиглан, бүжиг сурах нь бий.
11. Нийгэмшсэн шавьж
Хатан шоргоолж, хатан зөгий, хатан хэдгэнэ зэрэг шавьжууд нэг удаадаа хэд хэдэн эрэгчинтэй үржилд орох бөгөөд тэдний эр бэлгийн эсийг биедээ удаан хугацаагаар тээж явдаг байна. Хатан шоргоолж болон зөгий нь эр бэлгийн эсийг цэрэг болон ажилчин шоргоолж, зөгийг төрүүлэхэд ашигладаг ажээ.
12. Далайн морь
Эмэгчин далайн моринд бэлэг эрхтэний үүрэг гүйцэтгэдэг өндөгний “сав” байдаг байна. Эмэгчин далайн морь эрэгчингийнхээ халаасанд өндөгний “саваа” байрлуулж түрсээ шахдаг байна. Үүний дараа эрэгчин далайн морь түрсээ өөрийн халаасанд өсгөнө. Бяцхан далайн морьд төрөхөд эцэг эх нь дахин үржилд орох боломжтой болно. Хэдийгээр далайн морьд нь амьдралынхаа туршид хосууд болж чаддаггүй ч орооны үедээ бие биедээ маш үнэнч байдаг. Эрэгчин далайн морь түрсээ тээж байх үед эмэгчин нь түүнд туслан дагасаар байдаг байна.