Сэтгэцийн өвчтэй зураачийн нууц захидлууд

Винсент Ван Гог (Vincent Van Gogh)-ийг сэтгэцийн өвчтэй гоц хүмүүс гэх ангилалд багтдаг талаар сэтгэл мэдрэлийн эмч, судлаач, урлаг, соёлын судаачдын бичсэн олон арван судалгаа, баримт ч бий. Ингээд алдарт зураач маань хэрхэн сэтгэцийн өвчинтэйгээ тэмцэж байсан талаарх түүний захидлуудыг орчуулан хүргэж байна.
Сэтгэцийн өвчтэй зураачийн нууц захидлууд


Судлаачид Ван Гогийн оношийн талаар ихээхэн маргалддаг бөгөөд зарим нэг нь сэтгэлийн гүн хямралаас үүдэлтэй бухимдал, шизофрени эсвэл архинаас хэт хамааралтай эпилески өвчин гэсэн таамаглалуудыг дэвшүүлдэг. Гэхдээ эдгээр бүх шинж тэмдгүүд бол Винсент Ван Гогийн өөрийн гараар бичсэн эх бичвэрийн тайлбар ажээ.

1. Өөрийн хийсэн ажиглалт, тэмдэглэл, захидлаа өөрийн гараар бичин үлдээсэн зураачид ер нь ховор. Хэрэв байсан бол дүрслэх урлагийн салбарт оруулсан хувь нэмэртэй нь дүйцэхүйц үнэтэй зүйл байх байсан биз ээ.



2. Гэхдээ Ван Гогийн захидал бол маш гайхалтай бөгөөд хэний ч, ямар ч хэдэн зуун хуудас дүүргэн бичсэн баримттай адилгүй, тун өвөрмөц бичигджээ. Түүний захидлууд хүрэх эзэн болох өөртэйгээ эсвэл бурхан, дэлхий ертөнцөд хаягласан харилцан ярианы хэлбэртэй байдаг ажээ.



3. Хөндлөнгийн хүний шаардлагагүйгээр Винсент Ван Гог өөрөө өөрийнхөө сэтгэцийн өвчний талаар, хэрхэн даван туулахыг оролдож байгаа тухайгаа өгүүлэх бөгөөд уншигчдад өөрийгөө гайхалтай, их юм боддог, хөдөлмөрч, маш мэдрэмжтэй хүн байжээ гэсэн сэтгэгдлийг үлдээж чадсан юм. Ингэснээр тэр аймшигт өвчнийхөө шинж тэмдэгийн илэрцийн хооронд өөрийнх нь талаар өгүүлдэг судлаач болон онош зүйчдээс илүү эрүүлээр сэтгэдэг байсан болохоо батлан харуулсан юм.



4. Сэтгэцийн өвчинтэйгээ хэрхэн тэмцэж байгаа тухай зураачийн зүрх шимшрэм анхны захидалдаа тэрбээр Францын Арль хотын сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үедээ буюу 1889 оны нэгдүгээр сарын 2-нд төрсөн дүү Теодоо хаяглан илгээсэн байдаг.



5. "Миний төлөө зовниж байгаа санааг тань амраахаар энэ эмнэлэгийн эмчийн өрөөнөөс энэхүү захидлыг бичиж сууна. Энд би дахин 2,3 хоноод гэр рүүгээ тайван гэгч нь буцах болно. Нэг зүйлийг өөрт тань захихад миний төлөө битгий санаа зов. Эс бөгөөс надад ч хэцүү байх болно” хэмээн бичжээ.



6. Ингэхэд, Ван Гог сэтгэцийн өвчнийх нь шинж тэмдэг илрэх үед үзүүлсэн тусламжийн хариуд талархаж ноён Рейд (түүний эмч) хөргийг нь зурж өгсөн байдаг. Өнөө үеийнхэн уг хөрөг зургийг модельтэйгээ /Рей эмчтэй/ маш адилхан болсон хэмээн баталдаг ч, Феликс Рей урлагт тийм ч элэгтэй нэгэн биш байсан юм. Тиймээс Ван Гогийн зурсан зураг Рейгийн дээврийн хонгилд тоосонд дарагдан хэвтэх болж, дараа нь нэг хэсэг тамхины цогонд цоорсон нүхийг хаах хэрэгсэл болж байжээ

Ингээд дөнгөж 1900 онд /зураачийг өөд болсноос хойш 10 жилийн дараа/ хөргийг Рей эмчийн хашаанд байхад нь олжээ. Дараа нь Оросын нэрт цуглуулагч Сергей Щукин худалдан авч, 1918 он хүртэл хувийн цуглуулгад нь байсан бөгөөд Сергей Щукин гадаад руу цагаачлахаар явахдаа зургийг эх орондоо үлдээснээр Москва дахь Пушкины нэрэмжит дүрслэх урлагийн улсын музейн сан хөмрөгт багтсан байна.



7. Анх эмнэлэгт хэвтсэнээс хойш Винсент Ван Гог дүү Теодоо бичсэн захидалдаа: “Миний эмнэлэгт өнгөрүүлсэн хэдэн өдөр маш сонирхолтой байсан гэдэгт итгээрэй. Өвчтөнүүдэд магадгүй амьдралд суралцах хэрэгтэй байж болох юм. Гэхдээ надтай онц гойд зүйл тохиолдоогүй. Зүгээр л, заримдаа зураач хүний сэтгэл түр зуур харанхуйлснаас болж өндөр халуурч дэмийрэн артерийн судсаа ханан, цус их алдсан юм. Гэхдээ юм идэх дур хүсэл түргэн сэргэж, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа сайн байгаа. Цус алдсан нь өдөр өдрөөр нөхөгдөн, толгой сийрэг ажиллаж байна” гэж бичжээ.



8. Дүү Теодоо 1889 оны нэгдүгээр сарын 28-нд бичсэн захидалдаа Винсент Ван Гог: “Зураачид бид сэтгэцийн хувьд цоо эрүүл хүмүүс гэж хэлэхгүй, ялангуяа надтай холбоотой байгаа үед. Би бүр чөмгөндөө хүртэл галзуу өвчинд идэгдсэн бололтой. Гэхдээ бид жаахан л тэвчээр, хичээл зүтгэл гаргачих юм бол таагүй зүйлийг даван туулах ерөндөг, эм байж чадна гэдгийг би баталж чадна” хэмээн бичсэн байжээ.



9. 1889 оны 2 дугаар сарын 3-нд Винсент Ван Гог захидалдаа Арль хотын оршин суугчид дээр сонирхолтой ажиглалт явуулснаа дурьджээ. Энэ бол сэтгэцийн эмнэлгийн өвчтөнүүд биш харин хотын жирийн иргэд байсан юм. “Хөршүүд маань намайг ойлгож, их сайн ханддаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Учир нь энд хүн бүр л ямар нэгэн асуудалтай байдаг.

Нэг нь тахлаар халдварласан байхад нөгөө нь хий юм хардаг, зарим нь галзуу гэх мэт... Тиймээс бид бие биенээ олон таван үггүйгээр ойлгож, яг л нэг гэр бүл шиг байдаг. Гэхдээ би тийм ч эрүүл саруул нэгэн биш бололтой. Надтай адил өвчтэй нутгийн иргэд сэтгэцийн өвчтэй хүн нас өндөр болтлоо амьд явах ч түүнд бүрхэг байх өдрүүд олон тохиолдоно гэж бүх үнэнийг хэлсэн. Тиймээс намайг цоо эрүүл эсвэл дахиж өвдөхгүй гэж битгий итгээрэй” хэмээн бичсэн байна.



10. 1889 оны 3 дугаар сарын 19-нд зураачийн дүүдээ бичсэн захидлаас бид Арль хотын иргэд хотын захирагчид Ван Гогийг бусдын адил сул чөлөөтэй амьдрах эрхгүй хэмээсэн өргөдлийг өргөн барьсны дараа, цагдаагийн коммисар түүнийг дахин эмнэлэгт хэвтүүлэх үүрэг хүлээсэнийг мэдэж болно.

Тэр захидалдаа: “Хэдийгээр солиорол гэдэг нь батлагдаагүй, батлагдах ч үгүй хэдий ч, би олон хоногийн турш ганцаараа цоожтой, хараа хяналтын дор байна. Мэдээж сэтгэлийнхээ мухарт би надад ингэж хандаж байгаад эмзэглэж байгаа ч, хий хоосон яриагаар бусдын доог тохуу болохыг зөвшөөрөхгүй. Хэрэв энэ тохиолдолд өөрийгөө зөвтгөж өмөөрвөл солиотой гэдгээ хүлээн зөвшөөрнө гэсэн үг” гэжээ.



11. Мөн тус оны 4 дүгээр сарын 21-нд Винсент Ван Гог дүү Теодоо эмнэлгээс гарсны дараа "Сен-Реми-де-Провансе" дэх сэтгэцийн өвчтөнүүдийн асрамжийн газар очихоор шийдсэнээ дуулгажээ.“Би уран бүтээлээ туурвих шинэ байр хайх болон тэндээ ганцаараа амьдрах чадваргүй гэдгээ ойлгуулчих л юм бол надад найдвар бий гэж бодож байна. Ур чадвар маань байнга дээшилж байгаа ч зурж чадахаа больчихвий гэдгээс айж байна” хэмээн захидалдаа бичсэн байна.



12. Винсент Ван Гогийн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон сэтгэцийн өвчтэй хүмүүсийн асрамжийн газар амьдрах зардлыг дүү Тео нь төлжээ. Түүгээр ч барахгүй Теодор 10 гаруй жилийн турш ахыгаа тэжээж, байрны түрээсийн мөнгө, зотон даавуу, будаг, зургийн газрын төлбөр бусад урсгал зардлуудыг барагдуулж байсан юм.

Ван Гог захидалдаа: “Намайг ийм нөхцөлд үнэ төлбөргүй хэвтүүлэн эмчлэхийг зөвшөөрдөг сэтгэцийн эмнэлэг байдаг бол би зурагаа зурж, бүх уран бүтээлээ эмнэлэгт өгөх байсан биз. Хэрэв тийм эмнэлэг олдох юм бол би ямар ч эргэлзээгүйгээр хэвтэх байсан” гэж бичжээ.



13. Арль хотоос "Сен-Реми-де-Прованс" дэх сэтгэцийн өвчтөнүүдийн асрамжийн газар руу явахаасаа өмнө тэрээр өөрийн Винсент Ван дүүдээ: “Би аливааг эрүүл ухаанаар харах ёстой. Галзуу солиотой зураачид маш олон бий гэдэг нь мэдээж. Зөөлнөөр хэлэхэд амьдрал өөрөө тэднийг ийм болгож байгаа юм. Мэдээж хэрэв би ажилдаа эргэж орох болбол сайн л хэрэг. Гэхдээ би үүрд иймээрээ үлдэх бололтой” хэмээн бичсэн байна.



14. Винсент Ван Гог яг нэг жилийг /1889 оны 5 дугаар сараас 1890 оны 5 дугаар сар хүртэл/ "Сен-Реми-де-Прованс" дэх асрамжийн газар өнгөрүүлжээ. Асрамжийн газрын дарга түүнд зургаа зурахыг зөвшөөрсөн төдийгүй тусдаа ажлын байр хүртэл гаргаж өгсөн гэдэг. Хэдийгээр түүний ухаан орж гарч байсан ч зурсаар л байв. Энэ нь түүний өвчинтэйгээ тэмцэх цорын ганц арга байсан бололтой. “Зураг зурах нь миний эдгэрэх зайлшгүй нөхцөл байдал. Хийх юм олдохгүй, уран бүтээлээ хийхийг минь үл зөвшөөрч, гаргаж өгсөн өрөөнд минь ч оруулахгүй байсан сүүлийн өдрүүд надад ямар хүнд хэцүү байв аа...” гэж Ван Гог нэгэн захидалдаа дурьджээ.



15. "Сен-Реми-де-Прованс"-д байхдаа тэрбээр урлангийн өрөөнийхөө цонхоор харагдаж байгаа гадаад орчин, байгалийн төрхийг зурдаг байв. Харин сувилагч, харгалзах хүний хамтаар гадагш гарч, салхилах боломж олдсон үед, түүний зотон даавуун дээр Сен-Реми хотын орчин тойрны дүр төрх буудаг байжээ.



16. Гурван удаа хүндээр өвдөж, олон 10 хоног тусгаарлагдсан ч Винсент энэ жилийн хугацаанд тосон болон усан будгийг 250 гаруй бүтээл туурвисан байдаг.



17. Дүү охиндоо бичсэн захидалдаа Ван Гог: “Энд мэдээж сэтгэцийн хүнд өвчтэй хүмүүс амьдарч байгаа. Гэхдээ надад өмнө нь эзэмдэж байсан солиорол мэдэгдэхүйц үгүй болсон. Энд байнга аймшигтай хашгирах, зэрлэг араатныг санагдуулам улих дуу чимээ сонсогддог ч асрамжийн газрын хүмүүс өөр хоорондоо танилцаж, өвчний шинж тэмдэг илрэх үед нь бие биедээ тусалдаг.

Намайг цэцэрлэгт зурагаа зурж байх үед бүх өвчтөнүүд юу хийж байгааг минь харахаар ирдэг юм. Тэд Арль хотын сайхан сэтгэлт иргэдээс илүү  боловсон, эелдэг хүмүүс. Тэд надад өчүүхэн ч саад болдоггүй. Би энд удаан хугацаагаар амьдрах боломжтой гэж бодож байна. Арль хотын сэтгэцийн эмнэлэгт энд байгаа шигээ хэзээ ч амар амгаланг мэдэрч үзээгүй“ гэжээ.



18. Энэхүү сэтгэл ханамжтай, өөдрөг байдал нь өвчтэй Винсент Ван Гогт ажиллах, уран бүтээлээ туурвих эрч хүч, тэмүүллийг өгч, бууж өгөлгүйгээр зурагаа зурсаар байх итгэлийг төрүүлж байв. “Амьдрал жамаараа өрнөсөөр, түүнийг зогсоох арга байхгүй. Ийм л шалтгааны улмаас би хийж байгаа зүйлдээ харамсалгүйгээр ажиллаж байна. Зурагаа зурах боломж ч үргэлж давтагдаад байхгүй шүү дээ. Би урьдын адил байна. Хэрэв өвчний шинж тэмдэг үүнээс хурцаар илэрвэл зураачийн хувьд би үүрд үгүй болно гэсэн үг” хэмээн тэр захидалдаа бичжээ.



19. Дашрамд дурьдахад Ван Гог бол тус асрамжийн газрын “ажил эрхэлдэг” цорын ганц өвчтөн байсан гэдгийг дурьдах нь зүйтэй байх. “Энэ асрамжийн газар хийгдэж байгаа эмчилгээний журмыг мөрдөөд явбал амьдрахад тийм ч хүнд биш. Угаас энд хийгээд байх юм байхгүй. Өвчтөнүүд хийх юмгүй сууцгааж, амтгүй удсан хоолоор голоо зогоож байна” гэжээ.



20. Түүний дүү Тео 1890 оны тавдугаар сарын сүүлээр гэрт нь айлчлан ирж, хамт амьдрахыг санал болгосон бөгөөд Ван Гог ч татгалзаагүй байна. Парист Теогийнд гурав хонохдоо тэрбээр хотоос холгүйхэн Овер-сюр-Уаз хэмээх жижиг тосгонд суурьшжээ. Энд Винсент хором ч амсхийх завгүй зурагаа зурж, өдөр бүр түүний бийрээс шинэ бүтээл төрж байв. Ийм маягаар тэрбээр амьдралынхаа сүүлчийн хоёр сарын дотор 100 гаруй зураг зурсан байна.



21. Ван Гог "Овер-сюр-Уаз"-д амьдарч байх үедээ зүрхний өвчний эмчилгээгээр мэргэшсэн Гаше эмчийн хяналтанд байсан юм.  Гаше эмч Рейг бодвол урлагт хайртай нэгэн байлаа. Гаше эмчийн талаар Ван Гог: “Гаше эмчид найдах ямар ч хэрэггүй гэдгийг би ойлгосон. Нэгт тэр надаас илүү сэтгэцийн өвчтэй нэгэн. Энэ нь аль ч үед мэдрэгдэж байна” хэмээн бичжээ.



22. 1890 оны 7 дугаар сарын 29-нд Винсент Ван Гог цээж рүүгээ буудан хорвоог орхисон юм. Тэр Гаше эмчийн гар дээр өнгөрчээ. Зураачийн халаасанд сүүлчийн захидал нь байсан бөгөөд мөн л дүү Теодоо хаяглажээ. Захидлынхаа төгсгөлд тэрбээр “Зургийнхаа төлөө амь насаа золилоо. Энэ нь миний ухамсарын талтай л тэнцэж байна... ” гэжээ.



23. Том ахынх нь үхэл Теодор Ван Гогын хувьд жинхэнэ сүйрэл байсан юм. Ахыгаа нас барсны дараа зургуудаар нь үзэсгэлэн гаргах гэсэн бүтэлгүй оролдлогын дараа Теод ч солиорлын шинж тэмдэг илэрч эхэлжээ. Теогийн эхнэр нөхрөө сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж, улмаар Тео тэндээ 1891 оны нэгдүгээр сарын 21-нд амьсгал хураажээ.



24. Ах дүүсийн хамтын хөдөлмөр ертөнцийн мөнх бусыг үзүүлснээс хойш  өндрөөр үнэлэгдэх болсон нь үнэхээр шударга бус байсан нь мэдээж. Харамсалтай нь тэдний хэн нь ч Винсент Ван Гогыг дэлхий даяар хүлээн зөвшөөрч, алдарших хүртэл амьд байж чадаагүй юм.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()