Энэ бүхнээс болж Бурхан багшийн сургаалийн талаар үнэн худал нь үл
мэдэгдэх олон төөрөгдлийг үүсэхэд хүргэдэг ажээ. Манай оронд ч гэсэн "Бурхан Багшийн сургаалийг амьдралдаа хэрэгжүүлж, доторхи бурхнаа гэгээнд
гаргах биш, харин хэн нэгэн алдартай ламаас ганц адис аваад, сайн ном
уншуулахад болно, бусад үед нь нүглээ тааваараа үргэлжлүүлж болно" -гэсэн
өрөөсгөл ойлголт хавтгайрсан билээ. Ингээд бүгдээрээ энэ удаад
өрнөдийнхөн Буддизмын талаар хэрхэн төөрдөгтэй танилцацгаая. Бидний
төөрөгдлөөс хэр өөр байна?...
1. Буддизм бол шашин юм.
Яагаад Буддизмын араас шашин гэдэг тодорхойлолт дагах болсныг жинхэнэ Буддистууд ойлгодоггүй. Буддизм дагалдагчаа ямар нэгэн Бурханд итгэхийг шаарддаггүй, бусад шашнаас татгалзахыг санал болгодоггүй билээ. Бурхны сургаальд ямар нэгэн шүтээн, тахилга гэж үгүй. Түүнийг заншил, амьдралын сургааль эсвэл гүн ухааны нэгэн өнцөг гэж хүлээж авах нь зүйтэй.
2. Буддистууд бүгд пацифистууд буюу идэвхигүй хүлцэнгүйчүүл
Хүчирхийлэлгүй оршихуй болон пацифизм хоёр бол хоёр өөр ойлголт гэдгийг анхаарах нь чухал. Буддистууд хүчирхийлэлгүй амьдрахыг мөрдлөгөө болгодог боловч өөрсдөд нь хүчирхийлэл заналхийлэхэд өөрсдийнх нь үзэл санаанд харшлаагүй зохих арга хэмжээ авдаг. Тулааны урлагаар хичээллэдэг лам нарын тухай, аугаа мастерууд чадах чинээгээрээ тулаанаас зугтах боловч эцсийн мөчид аргагүйн эрхэнд нэр төртэйгөөр тулаанд оролцдог тухай уран сайхны болон баримтат олон кино байдгийг санаарай.
3. Бүх буддистууд бясалгал хийдэг.
Бурхны сургаалийг дагагчдыг яагаад ч юм бясалгал байнга үйлддэг гэж үзэх нь бий. Гэтэл Бурхан Багшийн сургаалийг амьдралдаа, алхам тутамдаа хэрэгжүүлдэг хүмүүсийн дунд ч гэсэн бясалгал хийдэггүй хүмүүс олон байдаг байна.
4. Далай Лам бол Бурхны Шашны хувьд Ромын Пап юм.
Далай Лам бол Төвөдийн оюун санааны их удирдагч гэгддэг энх тайвны төлөө цуцалтгүй зүтгэгч нэгэн билээ. Түүнийг үе дамжсан их ламын 14 дэхь төрөл гэж үздэг юм. Гэвч өөрийгөө: “Би бол жирийн л нэг лам, өөр хэн ч биш” -гэж хэлдэг түүнийг дагадаггүй, шүтдэггүй буддистууд маш олон байдаг. Буддын сургаалийн мөн чанар ч гэсэн хэн нэгнийг тахин шүтэхгүй байхыг сургадаг билээ.
5. Бурхан багш бол хөгжилтэй тарган өвгөн
Маш олон хүн Бурхан Багшийг яг ингэж төсөөлдөг гэдэгт та итгэх үү? Гэвч энэхүү хөгжилтэй тарган өвгөний баримал бол төгс гэгээрсэн анхны хүн төрөлхтөн гэгдэх Будда Шакъяаматай огтхон ч төсгүй юм. Тэр махлаг дүр бол хөөр хөгжил, аз жаргал, элбэг хангалуун байдал, сайн харилцааны бурхан гэгдэг Хотэй буюу Будай бурхны дүрслэл юм. Түүнчлэн Майтрэй Бодхисаттва хэмээх бурхны сургаалийг дагагч нэгэн гэгээнтний дүр гэх нь ч бий. Гэвч үнэн түүхэндээ Майтрэй гэгээнтэн маш олон жил даяанчилсан байдаг тул ийм элбэг лагшинтай байсан нь юу л бол.
6. Буддистууд мухар сүсэгтэнгүүд байдаг
Бурхан багшийн сургаалийг үнэн мөн чанараар нь дагагчдыг мухар сүсэгтэнгүүд гэж үзэх юм бол Дэлхий дээрхи бүх шашныг мухар сүсэгтнүүдийг турхирагч гэж тооцох хэрэгтэй. Учир нь дэлхийн олон шашинд чухалд тооцогддог олон зан заншлуудыг Бурхан багшийн сургаальд төдийлөн анхаарал хандуулдаггүй. Өөрөөр хэлбэл ягшсан баримтлал, зан үйлээс зайлсхийдэг гэж ойлгож болно. Далай лам нэгэнтээ: “Хүмүүс бид аль нэг шашин шүтэхгүйгээр амьдарч болно.”- гэж хэлсэн байдаг.
7. Бурхан багшийн сургаалийг дагагчид биеэ зовоох дуртай
Бурхны шашны сургаалийг дагагчдын хувьд оюун санаа, сүнсний хамгийн чухал дасгал нь гагц махан биеэ зовоох биш юм. Тэд хойд төрлөө дээшлүүлэхийн тулд биеэ тултал нь чилээх ёстой гэж үздэггүй. Харин тэд өвдөлт, зовлонг орчлонгийн мөнх бусын илрэл хэмээн хэт автаж шаналалгүй өнгөрөөх чадварт өөрсдийгөө дадуулдаг. Жинхэнэ бурхан багшийн сургаалийг дагагчид хорвоо ертөнцийг төгс бус, бүх зүйлийг зуурдынх гэдгийг мэддэг учраас зовсон цагтаа зовлонгоос гарах гэж тэмцэж, хүчээ дэмий цаламдан, үйлийн үрийн гинжийг нэмэх шаардлагагүй гэж үздэг байна. Нэгэнт л зовлон жаргалаар солигдож, жаргал зовлонгоор солигддог орчлонгийн жам хойно зовлонгийн цагт жаргах гэж тэмцээд, жаргалын цагт зовох гэж зүтгээд үйлийн үрийг нэмэх шаардлага юусан билээ.
8. Буддистууд бүгд цагаан хоолтон.
Буддистууд энх тайвны төлөө байж, хүчирхийлэл үл хэрэглэх, амьтны аминд хүрэхгүй байх гэдэг зарчмыг баримталдаг учраас хүмүүс тэднийг цагаан хоолтон, тэр битгий хэл хоолоо маш хурц хэлбэрээр хорьж, мацаг барьдаг гэж үздэг. Үнэн хэрэг дээрээ Бурхан Багш амьддаа хэзээ ч махыг хэрэглээнээсээ хасах талаар сургаж байгаагүй бөгөөд цагаан хоол хэрэглэхийг зөвтгөсөн хэд хэдэн үзэл санааг үгүйсгэж байжээ. Буддистууд махаар хооллохыг аллагатай агаар нэг гэж үздэггүй.
9. Буддистууд бүгд сүнс биеэс биед дамждаг гэдэгт итгэдэг.
Бурхны сургаалийн “хойд төрөл” гэх үгийг маш олон удаа “шинэ төрөлт” гэх мэтээр буруу орчуулдгаас болж хүмүүс бурхан багшийн сургааль нь хүний биеэс сүнс нь гарч, өөр биед шилжин ордог гэж заадаг хэмээн үздэг болжээ. Гэвч үнэн хэрэг дээрээ буддистуудын олонхи нь хүний биенээс сүнс шилждэг гэдэгт итгэдэггүй, харин хойд төрөл гэж байдаг гэж үздэг.
10. Сиддхарта Гаутама бол хүн биш бурхан юм
Буддистууд Сиддхарта буюу Бурхан багшийг бурхан шүтээн мэт шүтдэг гэж хүмүүс боддог. Тэгвэл энэ бол буруу ойлголт юм. Сиддхарта Гаутама буюу Будда Шакъямуни нь анх төрөхдөө ямар нэгэн тэнгэрийн гэх юмгүй, жирийн л махан биетэй хүн байжээ. Мөн тэрээр гэгээрсэн хойноо хорвоо ертөнц дээр бурхан байдаг, эсвэл байхгүй гэсэн ойлголт нь хийсвэр юм гэдгийг хэлсэн байдаг. “Будда” гэдэг үгийн утга нь “сэрсэн” гэдэг утгатай юм байна. Харин Сиддхарта нь гэгээрсэн хүн гэсэн утгтай юм байна. Өөр ямар нэгэн дээдийн дээд, бүхний манлай гэсэн утга санаа огт үгүй. Тиймээс буддизм-д ямар нэгэн бурхан гэсэн ойлголт үгүй. Гэвч та ямар нэгэн бурханд итгээд, хажуугаар нь зүрх сэтгэл, оюун санаагаараа буддист байж болно.