Арван тавхан насандаа өнчин хоцорсон Мацушита хүү амьдрахын төлөө юу таарсан бүхнийг голохгүй хийж байв. 1909 оноос Осакачууд трамвайгаар зорчдог боллоо. 1910 оноос эхлэн Мацушита Osaka Light компанид сарын 1 иений цалинтай бүтэн 7 жилийн турш ажиллав. Мацушита хэдийгээр ядуу байсан ч сэтгэлгээ нь баян хүн байсан юм. Тэр хэзээ ч зүгээр сууж, цагийг нөгцөөж байсангүй, үргэлж л ямар нэгэн юм оролдож, сэдэж, хийдэг хүү байв. Тэр нэг өдөр даргадаа өөрийн ажиллаж байгаа сайжруулсан цахилгааны сэрээний загвараа үзүүлсэн боловч түүний захирал огтхон ч тоосонгүй. Тэр мөчид тэрээр өөрийн эцгийн сургаалийг санаж хувийн бизнесээ нээхээр боллоо. Тэрээр 22 настайдаа энэхүү шийдвэрийг гаргаж байжээ. 1917 оны 6 сарын 15-нд тэрээр 100 иений үндсэн хөрөнгөтэйгээр анхны хувийн компани Matsushita Electric-ийг байгуулав. Түүний компани 5 хүний бүрэлдэхүүнтэй байсан юм. Түүний эхнэр, эхнэрийнх нь дүү (хожим Sanyo группын ерөнхийлөгч болсон), хөлсний 2 ажилтан тэгээд Мацушита гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр гэрлийн патроны үйлдвэрлэл явуулж эхлэв. Харамсалтай нь 1917 оны төгсгөл гэхэд тэдний бизнес бараг дампуурч байв. Гэнэт тэднийд 1,000 ширхэг цахилгаан сэнсний тусгаарлагч хавтангийн захиалга орж ирэн аврагджээ.
Энэ үед хүмүүс гэрийнхээ цахилгааны асуудлыг дугуйны гэрэл ашиглан
шийддэг байж. Энэ бизнест Мацушита маш том боломжийг олж харав. Тэр үед
энэхүү гэрэл нь 3 цаг ажиллах л хүчин чадалтай байсан бол Мацушита 40
цаг хүртэл цэнэглэхгүйгээр ажиллах чадвартай чийдэнг зохион бүтээсэн нь
тэднийг амжилтанд хүргэсэн National брэндийн эхлэл болсон юм. Мөн
Matsushita Electric-ийн нэгэн ноу-хау байсан зүйл бол 2 чийдэн зэрэг
суурилуулах боломжтой патрон байв. National-ийн дараагийн бүтээгдэхүүн
бол Super брэндийн индүү байлаа. Түүний бизнес цэцэглэн хөгжиж байлаа.
Гэвч бүх зам дардан байсангүй. Япон, Хятадын дайн залгуулаад Дэлхийн 2-р дайн Matsushita Electric-ийг 32 оффис, үйлдвэрээ алдахад хүргэсэн юм. Олон олон ажилчид ажлаасаа халагдахаа хүлээн сууж байхад Коносукэ Мацушита ажилчдаа халахаас татгалзсан юм. Цөөн тооны үйлдвэр, оффистой үлдсэний улмаас тэр ажилчдаа хагас өдөр ажиллуулдаг байсан боловч бүтэн ажилласантай тэнцэх цалин өгдөг байлаа. Түүний гаргасан энэ их уужим сэтгэлд талархсан ажилчид нь өдрийн ажилладаггүй хагаст агуулахад зарагдахгүй дарагдсан барааг өөрсдийн биеэр явж борлуулж байв. Тэд хоёрхон сарын дотор л бүгдийг зарж орхисон юм. Энэ алхам компанийг хэсэг хугацаанд тогтвортой үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгов. Хэдийгээр дайн түүнд төдийгүй Япон орон даяар асар их хохирол авчирсан ч тэр зөвхөн өөрийн бизнесийг бодсонгүй 1946 онд “Цэцэглэлтийн замаар Аз жаргал, Энхтайвныг цогцлооё” хэмээх хөдөлгөөнийг Япон орон даяар өрнүүлжээ.
Нийгмийн байдал тогтворжиж, үйлдвэрлэл хэвийн байдалд орж байсан ч Matsushita Electric компанийн ажилчдын бүх л ур чадварыг гаргаж дууссан гэлтэй шинэ санаа, шинэ зүйл гарахгүй байв. Тиймээс Мацушита өөрийн биеэр өндөр хөгжилтэй, дэлхийн бизнесийн дүрмийг тогтоогч Америк орныг анх удаа зорьсон юм. Тэрээр Америкийн үйлдвэрүүдийн үйл явцтай танилцаж судлан нэгэн дүгнэлтэнд хүрсэн нь “Ажилчдийн мэдлэг, боловсрол гэдэг зүйл хамгийн чухал юм байна, тиймээс би өөрийн ажилчдаа илүү хөгжүүлэх, юм үзүүлэх, мэдлэгтэй болгох ёстой юм байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Тэрээр компанийхаа ажилчдад нэгэн зорилго тавьсан нь “Америк орны зэрэгт очих”.
Түүний дараагийн хөгжлийн шат нь Matsushita Electric Philips-тэй хамтарсан явдал юм. Ингэснээр үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлэв. Мөн үндэсний банкнаас Matsushita Electric-ийн удирдлагуудад нэгэн санал тавьсан нь өрөнд орж дампуурах дөхөөд байгаа JVC-г авах байв. Коносукэ Мацушита хүний өр, үүргийг өөртөө авахаас айсангүй. Тэрээр JVC-ийг өрнөөс гаргаад зогссонгүй, бүр үйл ажиллагааг нь тогтворжуулж, улам хөгжүүлэв.
Япон оронд эдийн засгийн хөгжлийн үе үргэлжилсээр. 1959 он гэхэд Япон хүн болгон гуравхан зүйлийг л эзэмшихийг хүсдэг болов. Энэ бол хөргөгч, угаалгын машин, зурагт. Энэ үед Мацушита компаниа дэлхий дахинд таниулахаар шийдэн, цар хүрээгээ тэлсээр Нью Йорк хотноо Matsushita Electric Corporation of America корпорациа байгуулав. 1960 онд тэрээр хамгийн анх өөрийн компаниа 5 ажлын өдөртэй болгосон байгууллага юм. Таван жилийн дараагаар бусад компаниуд үүнийг дууриаж эхлэв.
1961 онд ноён Мацушита өөрийн суудлаасаа бууж байгаа талаар албан ёсоор мэдэгдлээ. Гэвч 1960-аад оны дунд үед Японд эдийн засгийн хямрал гарч Matsushita гүрэн хүртэл ганхаж эхлэв. Нөхцөл байдлаас шалтгаалан Коносукэ Мацушита дахиад ажилдаа ханцуй шамлан орохоос өөр аргагүй боллоо. Энэ үеэс эхлэн Panasonic гэсэн нэрээр АНУ, Европын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж эхлэв.
Matsushita Electric дэлхий дахинд нэр нь аажмаар алдаршиж эхлэв. Дэлхийн олон алдартай улс төр, нийгмийн зүтгэлтнүүд зөвхөн Matsushita Electric-ийн үйлдвэрээр зугаалга хийхийн төлөө Япон орныг зорьж байлаа. Matsushita Electric-ийн бас нэгэн ноу-хау бол DVD байсан бөгөөд үүнийхээ төлөө Panasonic брэнд нь Эммигийн шагналтан болсон юм. Гадаадын томоохон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд энэ үеэс Panasonic-ийг сонирхож эхлэв. Коносукэ Мацушитаг дэлхийн хамгийн нөлөө бүхий бизнесмэнүүдийн нэгэн гэдгийг илэрхийлэв үү гэлтэй 1962 оны 2-р сарын Times сэтгүүлийн нүүрэн дээр гаргалаа. 1963 оны намар Мацушита Нью Йорк хотноо болсон Олон улсын удирдлагын конференцид илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ байгууллагыг удирдах гүн ухааны талаар дэлгэрэнгүй ярьж, Matsushita Electric-ийн амжилтанд хүрсэн гол хүчин зүйл нь ажилчдын дундах шударга өрсөлдөөн, харилцан ойлголцол, харилцан хүндэтгэл, харилцан цэцэглэлт юм хэмээжээ. Японы агуу компаний эхлэлийг тавьсан Мацушита насан туршдаа хичээнгүйлэн ажиллаж, хөдөлмөрлөсөөр 1989 онд 94 насандаа өөд болжээ. Энэ үед түүний хөрөнгө 244,9 тэрбум иенээр тооцогдож байв.
2008 онд Matsushita Electric Industrial Co.,Ltd компанийхаа нэрийг PANASONIC корпораци хэмээн олон улсын брэндийнхээ нэрээр сольж өөрчилжээ.
Ноён Мацушитагийн хэлсэн хамгийн алдартай үг болох “Бизнес – энэ бол хүмүүс” гэсэн үг нь бизнес хатуу ширүүн дайны талбар гэмээр ч гэлээ, хүнлэг байх ёстой, хүнийг боддог байх ёстой гэсэн санааг агуулсан юм. Panasonic-ийг дэлхий дахинд танигдаж, Олон улсын Олимпийн хорооны түншээр тасралтгүй 25 жил ажиллаж, Олимп болон Олон улсын шинж чанартай бүх уралдаан тэмцээнийг зөвхөн PANASONIC-ийн телевиз, өндөр хүчин чадалтай камер, тоног төхөөрөмжөөр үзүүлж, айл болгоны гэрт PANASONIC-ийн утсаар ярьж, эзэгтэй бүр PANASONIC-ийн гал тогооны цахилгаан бараатай болохыг хүсдэг, ийм хэмжээний корпораци болохын гол амжилтын нууц нь хүнлэг бизнес гэсэн зарчимд нь байсан болов уу.
Ерэн зургаан жилийн түүхтэй PANASONIC гүрний хийсэн бүтээсэн зүйлийг ганцхан нийтлэлд багтаашгүй юм. Panasonic корпораци нь цахилгаан бараанаас гадна компьютер, үйлдвэрийн техник, эмнэлгийн төхөөрөмж, харилцаа холбооны төхөөрөмж, дамжуулагч гээд маш олон салбарт тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг билээ. Panasonic корпораци нь дэлхийн даяар үйл ажиллагаагаа явуулж, 600 гаруй үйлдвэр болон охин компанитай, Токиогийн мөн Японы бусад хотуудын хөрөнгийн бирж, түүгээр үл барам Амстердам, Дюссельдорф, Франкфурт, Нью Йорк, Парис, Номхон далайн орнуудын хөрөнгийн бирж дээр өөрсдийн хувьцаагаа гаргасан бөгөөд хамгийн топ хувьцаануудын нэг билээ. Жилийн борлуулалт нь дунджаар 71,9 тэрбум ам.доллар, үүнээс 34,85 тэрбум доллар нь цахилгаан бараанд зарцуулагддаг бол, харин 5,57 тэрбум доллараа шинжлэх ухааныг хөгжүүлэх судалгааны ажилд зориулдаг байна.
Панасоник корпорац нийт 300,000 орчим ажиллагсадтайгаар өдөр бүр шинийг санаачлан бүтээж хүний амьдралд сайн сайхныг авчирсаар л байна. Насан эцэслэх хүртлээ тасралтгүй хөдөлмөрсөн Коносукэ Мацушита хэмээх энэ эрхэм хэрхэн оргүй хоосноос хорвоод ирсэн хэргээ бүтээж, амжилтанд хүрч болдгийг тод томруун харуулсан гайхамшигт бизнесмен, зохион бүтээгч билээ. Та ч гэсэн өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгодоо заавал хүрээрэй. Боломжгүй зүйл гэж үгүй. “Хэрэв итгэлтэйгээр хийж чадвал бүх зүйл боломжтой” хэмээх түүний хэлсэн үгээр өндөрлөе.