Занабазарын нууц: Цагаан дарь эх “амилсан нь”

2013-05-23, 16:36
13,506
Монголын Урлагийн зөвлөлөөс “Занабазарын нууц” төслийг санаачлан хэрэгжүүлэхээр болжээ. 2013 оны тавдугаар сарын 21-ний пүрэв гарагийн үдэш Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдийг сурталчилан таниулах, сан бүрдүүлэх үдэшлэг зохион байгуулсан юм. Үдэшлэгийн үеэр бүрдсэн хандив, тэтгэлгийг Өндөр гэгээний уран бүтээлийг олон нийтэд түгээн таниулах, хадгалан, хамгаалах үйлсэд зориулах бөгөөд төслийг М-Си-Эс Групп дэмжиж соёлын өвийг сурталчилах, олон улсын стандартад нийцсэн үзмэрийн шилэн хорго авахад нь зориулж Дүрслэх урлагийн музейд тэтгэлэг олгожээ.
Занабазарын нууц: Цагаан дарь эх “амилсан нь”





“Занабазарын нууц”-ыг нээж шүрэн улаан нүүртэй “Улаан сахиус” хэмээн алдаршсан Жамсран бурхны цамын бүжгийг модерн дэглэлтээр бүжиж ирсэн зочдод толилууллаа.



Жамсран бурхныг Богд хаан болон Далай ламын хамгаалагч, Цэргийн яамны шүтээн хэмээдэг тул ийнхүү Улаан сахиусны бүжгээр үдэшлэгийн нээсэн аж.



Үдэшлэгт ирсэн зочдын сонирхлыг хамгийн их татсан зүйл бол зураач С.Хөгжилбаяр “Цагаан дарь эх” бурхныг боди артаар бүтээсэн үзүүлбэр байлаа.



Цагаан дарь эхийг лагшин нь болор мэт тунгалаг, намрын сар мэт цагаан, 16 нас төгөлдөр, мишээсэн амгалан дүртэй… зүүн мутартаа цагаан лянхуа барьж баруун мутраараа хамаг амьтныг насны зэтгэрээс гэтэлгэж насыг сэтгэлчилэн уртасгаж өвчний зовлонгоос ангижруулах өглөгийн мутарлаг зохиосноор дүрсэлдэг байна.



Өндөр гэгээн Занабазарын суут бүтээлүүдийн нэг “Цагаан Дарь Эх” бурхан ийнхүү энэ үдэш “амилсан” юм.



Энэхүү бурхныг хүрлээр цутгаж, алтаар шарсан баримал эдүгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна.









 Мөн зураач Х.Баатарзориг Занабазарын зохиосон Соёмбо үсгээр сэдэвчилсэн элсэн зургаар Өндөр гэгээний амьдрал, бүтээл туурвилыг “хүүрнэсэн” нь энэ үдшийн бас нэг чимэг байлаа.



Занабазар Төвд, Самгарди хэлний үгийг тэмдэглэх боломжийг улам нарийн болгох гэж 1686 онд Монгол, Санскрит, Төвд үг бичихэд зориулан Энэтхэг, Ланз, Нагар үсгүүдээс санаа авч 90 үсэг бүхий Соёмбо үсгийг зохиожээ. Соёмбо нь өнөөг хүртэл Монгол үндэстэн мандан бадарч, өнө үүрд оршихыг өгүүлсэн Монгол төр улсын билэгдэл болж байна.







Морин хуурын чуулгын хөгжимчдийн эгшиглүүлсэн “Татлагын холбоо” аянд“Язгуурын таван бурхан” бүжлээ.





Язгуурын таван бурхан нь Ертөнцийн төв болон дөрвөн зүгт байрлаж байгаагаар урласан дээдийн таван бурхан бөгөөд тэдгээр нь тус бүр уур хилэн, мунхаг харанхуй, омог бардам харам сэтгэл, нисванисын хүсэл тачаангуй, атааг арилгах гэсэн увидастай бөгөөд таван хорыг арилгаж, таван билгийг соёрхдог гэдэг аж.













Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.