Жефф Брижес болон Сьюзан Гестон
Жефф болон Сьюзан Гестон хоёр нь 1974 онд Монтанад танилцжээ. Тэр үед Жефф нь “Ранчо Делюкс” хэмээх вестерн стилийн инээдмийн киноны зураг авалтад оролцож байсан аж. Харин Сьюзан тэр үед зөөгч төдийгүй шинэ залуу гэрэл зурагчин байжээ. Жефф Сьюзан-д анхны харцаар дурлаж, болзоонд урьсан боловч татгалзсан хариу хүлээн авсан байна. Ямартай ч Брижес кино зураг авалтаа дуусгасны дараа Сьюзан дээр эргэн ирж, түүнийг Канадруу дагуулан явжээ. Ингээд тэд 1977 онд хуримаа хийсэн цагаасаа хойш хагацаж салаагүй юм. “Би түүнд үнэхээр их хайртай, Бидний харилцаа удах тусмаа илүү дотно, илүү хайр халамж бялхам болсоор байгаа. Бараг хянах боломжгүй ундрах их хайр гэж үүнийг л хэлнэ.”- гэж Жефф хэлжээ. (Peter Kramer / AP Photo)
Голди болон Курт Рассел
Голди Хоун болон Курт Рассел хоёр нь Холливуудын оддын дундаас 26 жил ханилсан алтан хосоор тодроод байна. Энэ хос нь 1968 онд бүтээгдсэн “Цор ганц гэр бүлийн оркестр” киноны зураг авалт дээр танилцжээ. Гэхдээ үүнээс 15 жилийн дараа буюу 1983 онд “Солигдсон нь” киноны зураг авалт дээр тэдний дунд оч үүссэн байна. Тэр цагаас хойш тэд хамтдаа “Боомтын цаана” кинонд 1987 онд хамтран тоглож, Уайт Рассел хэмээх хүүтэй болжээ. Тэдний хүү одоо 23 настай юм байна. Түүнчлэн энэхүү бөх бат гэр бүлд хэн хэнийх нь дагавар хүүхдүүд болох Кейт болон Оливер Хадсон (Голди-гийн хүүхдүүд), Бастон (Куртын хүү) нар хамаарагддаг. Тэдний гэрлэлт төгс төгөлдөр боловч Голди Хоун өнөөдөр ч гэсэн хамгийн үнэтэй даашинзаар гангарч, улаан хивсний ёслол дээр гялалзсан хэвээр л байдаг. Тэрээр гэрлэлтийнхээ талаар хэлэхдээ: “Курт миний нөхөр гэж бодохоор л үнэхээр халуун дулаан, бас түгшүүртэй таашаал төрдөг дөө.”- гэжээ.
Барак болон Мишель Обама
Тэд 1989 онд танилцжээ. Чикагогийн нэгэн фирм-д ажилладаг Мишель нь Харвардын Их Сургуулийн нэгдүгээр курсийн оюутан Барак Обамагийн хайрыг татжээ. Эхэндээ Мишель нь Обаматай болзоонд явахыг огт хүсдэггүй байж. Учир нь түүний бодлоор АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч бага зэрэг хачин санагддаг байж л дээ. Ямартай ч Барак Мишелийг удаан эргүүлсний эцэст нэг өдрийг хамт өнгөрүүлэхийг зөвшөөрч чаджээ. Эхлээд тэд уран зургийн музейг хамт үзэж, дараа нь Мичиган Авеню-гаар зугаалсан байна. Нэгэн ярилцлагадаа Мишель: “Тэр үед нөхөр маань намайг гайхшруулахыг маш ихээр хичээж байсан юм. Тэр нь ч хэрэг болж, түүний хичээл зүтгэл нь намайг гайхшруулахад хүргэж чадсан.”- гэжээ. Хоёр жилийн турш хосын харилцаатай байсны дараа тэд хамтдаа тансаг ресторанд хоол идэж байгаад, харилцаагаа шинэ төвшинд аваачих хэрэгтэй талаар ярилцаж байхад, Мишелийн таваг дээр жижигхэн хайрцагтай бөгж байхыг олж харсан байна. Энэ явдлаас хойш жилийн дараа энэ хос хуримаа хийжээ. 15 жил хамтран амьдарч, хоёр охины эцэг эх болсон ч харилцаагаа хэвээр хадгалж, нэг нэгэндээ анхных шигээ хайртай байдаг байна. Барак Обама хэлэхдээ: “Заримдаа бид хоёр нэг орон дээр хамтдаа хэвтэж байхдаа хүртэл, би түүнийгээ харахад толгой маань эргэж, зүрх догдлох шиг болдог”- гэжээ.
Том Хэнкс болон Рита Уилсон
Рита Уилсон нь анх ирээдүйн нөхөр Том Хэнкс-тэйгээ “Дотны найзууд” цувралын зураг авалт дээр танилцжээ. 1981 онд уг киноны зураг авалтын үеэр Рита нь Питер Сколари-гийн найз бүсгүй төдийгүй сатанист эмэгтэйн дүрд тоглосон байна. Гэхдээ Уилсон нь Том Хэнкс-т 1985 онд буюу “Сайн дурынхан” киноны зураг авалтын үеэр л дурлажээ. Гурван жилийн дараа алдартай жүжигчид гэрлэсэн байна. Хэнкс, Уилсон хоёр нь 1993 онд “Сиэтлийн нойргүйчүүд” кинонд ах, дүү хоёрын дүрд тогложээ. Түүнчлэн 1996 онд тэд бие биендээ хайртай залуусын дүрийг “Чиний хийж байгаа зүйл” кинонд бүтээсэн байна. Түүнчлэн тэд “Миний том Грек хурим”, “Мамма Миа” зэрэг кинонд продюссероор хамтран ажиллаж, Честер болон Труман хэмээх хоёр хүүтэй болжээ. Гэрлээд 21 жилийн нүүрийг үзэж байгаа ч тэд бие биенээсээ огт залхаагүй л байгаа. “Бид хамт байхдаа үргэлж инээд хөөрөөр бялхаж, нэг нэгнийхээ өмнө үргэлж чин шудрагаар байхаас гадна Том-ыг би хэзээ ч юунд ч албаддаггүй”- гэж Уилсон хэлжээ.
Элтон Жон болон Дэвид Ферниш
Элтон Жон өөрийгөө ижил хүйстэн гэдгийг олон нийтэд зарласнаасаа 5 жилийн дараа буюу 1993 оны 10 сарын 30-ны өдөр болсон нэгэн албаны арга хэмжээний үеэр Дэвид Ферништэй танилцжээ. Тэрээр Фернишийн утасны дугаарыг асууж, маргааш орой нь хамт хооллож, Хэллоуины баярыг хамт өнгөрүүлсэн байна. Гэхдээ тэдний харилцаа үргэлж төгс төгөлдөр байгаагүй. Гэхдээ энэ хос эцэст нь 2005 оны 12 сарын 21-нд Виндзорт албан ёсоор гэрлэлтээ батлуулжээ. Жон хэлэхдээ: “Дэвид бол миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан “зүйл”. Бид их муудалцдаг байсан ч бүхнийг даван туулсан. Бид өдөрт 5-6 удаа бие биенрүүгээ залгаж, хаана ч байсан бие биенрүүгээ ил захидал илгээдэг.” -гэжээ. Энэ хос өнөөдөр 16 жил хамт байгаа аж.
Колин болон Альма Пауэлл
Колин болон Альма Пауэлл нарын маш хурдан хугацаанд бий болсон гэр бүл нь энэ цагийн дэлхийн улс төрийн лидерүүдийн үлгэр жишээ болсон хайр дурлалын түүхийг харуулсаар байна. Колин Пауэлл нь 1961 онд эхнэр Альма Жонсонтойгоо Бостон-д танилцжээ. Тэд 2-уул амьдралынхаа хамгийн анхны сохор болзоонд явахдаа бие биенээ олсон байна. Колин нь “Америк дахь миний аялал” номондоо “Альма бол миний төсөөллийн эхнэрт байх ёстой бүхнийг өөртөө агуулсан эмэгтэй байсан.”- гэж тэмдэглэсэн байдаг. “Би түүндээ сүйн бөгж хүртэл авч өгөөгүй. Учир нь миний хань тийм жижиг сажиг зүйлс гэр бүлийн харилцааг тодорхойлохгүй гэдгийг ойлгох хэмжээний цэцэн ухаатай бүсгүй юм.”- гэжээ. “Бөгжинд санаа бүү зов, дараа нь надад авч өгч болно шүү дээ.”-гэж эхнэр нь түүнд хэлж байжээ. Ингээд хоёр долоо хоногийн дараа тэд бөгжгүй сүй тавьж, 1962 оны 8 сарын 25-нд Алабама мужийн Бирмингем-д гэрлэсэн байна. Пауэлл тэр өдрөө амьдралынхаа хамгийн сайхан өдөр хэмээжээ. Тэр цагаас хойш хосууд гурван хүүхдийн эцэг эх болсон бөгөөд Альма үргэлж сайн эхнэр, гайхалтай ээж байсаар ирсэн боловч 47 жилийн турш гэргий хүний үүргийг гүйцэтгэх зам нь үргэлж дардан байгаагүй аж. Тэрээр: “Чи Колин шиг хүний эхнэр байхыг хүсвэл маш хүчирхэг хувь хүний шинж чанартай, авантюризмын мэдрэмжтэй, бас хамгийн гол нь шавхагдашгүй тэвчээртэй байх ёстой.” Гэхдээ Альма-д нөхрийнх нь зан чанар маш сайнаар нөлөөлсөн байна. Нөхрийнхөө талаар тэрээр: “Тэр бол миний мэдэх хамгийн тайван хүн” гэж хэлжээ.
Хунтайж Чарльз болон Камилла Паркер Боулз
Хэн нэгний нууц амраг байж байгаад, гэргий нь болно гэдэг маш ховор үзэгдэл. Тэгвэл Хунтайж Чарльз болон Камилла Паркер Боулз хоёрын хайрын түүхийг Английн хэт хуучинсаг үзэлтнүүдээр тохуурхахыг хүссэндээ бурхан зохиосон байх гэлтэй ажээ. Учир нь тэд нууц амрагийн харилцаанаас, эхнэр нөхрийн харилцаанд шилжиж чадсан юм. Анх 1970 онд Чарльз нь пологийн тэмцээн дээр Камиллатай танилцаж, ухаангүй дурласан боловч хүрээлэн буй хүмүүс нь Камилла-г түүнд тохирох хүрээний хүн биш гэж үздэг байжээ. 3 жилийн дараа ингээд Камилла нь Эндрю Паркер Боулзтай гэрлэж, харин хунтайж Чарльз нь хадагтай Диана Спенсертэй 1981 онд гэр бүл болжээ. Гэвч 1980-аад оноос хунтайж Чарльз нь Камиллатай эргэн дотно харилцаатай болж эхэлсэн бөгөөд 10 гаран жилийн турш нууц амрагийн холбоотой байж, энэ нь нийтэд ил болсны дараа Диана гүнж түүнээс салсан байна. Ямартай ч 2005 онд хунтайж Чарльз нь дурлалт Камиллатайгаа албан ёсоор гэр бүл болсон байна. Олон хүмүүсийн эсэргүүцэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дайралтыг эс тоон, хайр сэтгэлээ эцсийн мөчид буюу 40 жилийн дараа зоригтойгоор тунхаглаж чадсан энэ хос одоо аз жаргалаар дүүрэн амьдарч байна.
Андре Агасси болон Штеффи Граф
Андре Агасси болон Штеффи Граф нарын теннисийн тамирчдын хайр дурлал олон саад бэрхшээлийг даван туулжээ. Тэд ажил ихтэй тул тэр болгон уулзалдаж чаддаггүй байсан боловч Агасси нь тэр үед эхнэртэй байсан ч Граф-д сарнайн баглаа илгээн хайраа илчилж байв. Нэгэн ярилцлагадаа Граф: “Тэрхүү сарнайн баглаа үнэхээр ер бусын байсан. Дэлбээ бүр нь цэцэглэж гүйцээд, хамгийн төгс байдлаа олсон байсан юм.”-гэж хэлжээ. Хэдийгээр Агасси-г эхнэртэй гэдгийг нь мэдэж байвч Граф түүний талаар үргэлж боддог байжээ. Тэр цагаас хойш удалгүй Агасси нь Брук Шилдс-ээс салж, Графыг хайрлах болсон байна. Ингээд хоёр теннисчин нь 2001 онд гэрлэжээ.
Жорж болон Лора Буш
Техас дахь барбекю, мини гольфийн талбай дээрхи болзоо нь Жорж болон Лора Буш хоёрын хайрын эхийг тавьжээ. “Бид бие биенээ мэддэг болоод 2,5 сар л болж байсан хэдий ч би түүний эхнэр болохыг хүсч буйгаа тэгэхэд мэдсэн” -гэж Лора Буш хэлсэн байна. “Жорж бид хоёр нэг л зүйлийг мэдэж байсан: “амьдралд юу ч тохиолдсон бай, бид хамтдаа бүхнийг давч чадна”- гэдгийг. ” Үүнийгээ ч тэд баталж, өдгөө 33 жилийн хамт үджээ. Түүнчлэн Буш-ийг ерөнхийлөгч байх он жилүүдэд нь бүх ард түмний буруутгалыг мөрөн дээрээ үүрч байх үед нь Лора Буш түүнийг үргэлж тайвшруулж, дэмжиж байсанд Буш үргэлж талархдаг байна. Буш: “Лора маань үзэсгэлэнтэй, дэгжин төдийгүй миний зан чанарын хурц үзүүрүүдийг алгуурхан мохоодог цэцэн цэлмэг эмэгтэй. Тэр цаг хугацаатай хамжиж, намайг зөөллөн тайтгаруулдаг даа”- гэжээ.
Портия де Росси болон Эллен Деженерес
“Үйл явцын удаашрил” цувралын од Портия Де Росси болон ток шоуны хөтлөгч Эллен Деженерес хоёр нь анх 1999 онд бие биенээ таньдаг болжээ. Де Росси хэлэхдээ: “Бидний дунд оч үүсч, би түүний тухай бодохоо зогсоож чадахаа байсан.” Ингээд тэд 5 жилийн дараа буюу 2004 онд ахин уулзаж эхэлсэн байна. Де Росси нь Эллен-ийг харах бүртээ амьсгаа нь давчдаж, дуунд өгүүлж, шүлэгт гардаг тэрхүү ер бусын гайхалтай агшнуудыг өөрийн эрхгүй мэдэрдэг тийм сайхан зүйлсийг амьдралдаа анх удаа Элленийг харах бүртээ мэдэрч эхэлснээ хэлжээ. Харин 2008 онд Эллен харилцаагаа батжуулахаар шийдэж, Росси-д гурван каратын ягаан бриллиантан бөгж бэлэглэсэн байна. Хуримаа тэд Лос-Анжелес дэхь гэртээ, 19 зочинтойгоор зохион байгуулжээ. Тэд 2008 оны 8-р сарын 16-нд гэрлэсэн юм байна.