Цоодолын ХУЛАН - Ичгvvргvй сонгууль

2008-06-25, 02:25
28,062
Ёстой сайхан бороо орлоо. Сонгууль ойртоод,  худлаа байг ч хамаагvй, дан сайн сайхан юм амлаад,  тэрэнд нь монголчууд итгээд байгаа болохоор тэнгэр уясах нь  аргагvй юм даа.  Гэхдээ би баргийн юманд итгэхээ больжээ.  “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын байнгын ялдамхан инээмсэглэл, Буянгийн Жаргалсайханы тэртээ ерээд онд амласан олон мянган долларын цалин намайг хvнд итгэхгvй амьтан  болгож орхижээ. Боловсрол гэж ярьдаг, сонгуулийнхаа уриа болгодог атлаа боловсролынхоо зvрх болсон уран зохиолын хичээлийг Дамбийжаагийн гараар дунд сургуулийн хичээлээс сугалж хаясан Болормаа эгч намайг бас  аймхай болголоо. Ийм л аймхай, итгэх чадвараа алдсан би энэ сонгуульд оролцож байна. Гэхдээ би ганцаараа биш юм аа. Гудамжны плакатан дээрх нэр дэвшигч энэ олон хvvхнvvдийн зургийг компьютерээр янзалчихсан болохоор євєртєлж унтдаг нєхрvvд нь хvртэл танихгvй байгаа гэсэн. Радио FM-ийн нэвтрvvлэгчид нам намын нэр дэвшигчдийг ар араас нь угсруулан магтаж ярьсаар байгаад галзуугийн эмнэлэгт очих байх аа гэж ярьж байна. Энэ сонгууль,  худлаа амладаг, нэр дэвшигч нар єєрийгєє  эрээ цээргvй магтдагаараа сvvлчийнх болтугай гэж ерєєгєєд, марзганалаа татан, гол юмаа хэлсvгэй. Энэ бол ичих  ичгvvрийн тухай юм.
Цоодолын ХУЛАН - Ичгvvргvй сонгууль
Хvний мэдлэг боловсрол хэдий гvн єргєн байна, ёс суртахуун  нь тєдий чинээ дээд, ариун байх ёстойг єрнєдєд шашны сурталтнууд   “Муу сэтгэлтэнд мэдлэг бvv єг, харгис болно” гэж айлдсан Жон Локк хамбын  vгээр илэрхийлжээ. Монголд бол хvн бvр шахам мэддэг “Их мєрєн дєлгєєн, эрдэмт хvн даруу”.  Гэтэл єєрийгєє  мэдлэг боловсролтой сvрхий амьтан гэж боддог, vvнийгээ  тvмэнд ичихгvйгээр рекламдаж   зарласаар  УИХ-д сонгогдчихно гэж бодогчид энэ сонгуулиар тоогоо алдлаа. Энтеровирусээс илvvтэйгээр, аугаа ихийн дэмийрэл  євчний халдвар  тvгшээж байна.

Тийм л эрдэмтэй байсан бол салбарынхан нь тухайн хvнийг яагаад ор тас мэдэхгvй байгаа юм?  Ийм л чадвартай байсан бол заавал улс тєрд орох ямар хэрэгтэй юм? Бизнесээ  єргєжvvлэх гээд байгаа юм уу? Мєн олон хэл мэдэх нь, олон удаа гадаадад явж vзсэн байх нь  парламентад ямар  хэрэгтэй юм? Зарим гишvvд  нь монголоороо ч ярихгvй байсаар дуусгадаг парламентад  англи , орос, немц ч юм уу хэлтнvvд   хэрэг болж гэнээ.  Ингээд л Эмэгтэйчvvдийн академийн ч юм уу докторууд, долоо хоногийн семинарын дипломтой эрдэмтэд, таван хэлтэй малын эмч хvртэл  УИХ-д  39О-ээд нэр дэвшигч болон єрсєлдєж байна.

УИХ-ын гишvvн Х.Баттулгыг  дээхнэ би  ганцхан юмны тєлєє их тоосон. Бусад нь хоёр долоо хоногийн гадаадын курсэд сууж ирчихээд эрээн сертификатаар нvvрээ ихэмсэг нь аргагvй  сэвж байхад тэрбээр зvгээр л  бvрэн дунд боловсролтойгоо хэнээс ч нуугаагvй, vvнээсээ ичээгvй,  єєрєєр хэлбэл хvн хуураагvй  цорын ганц эрхэм байв. Улстєрд єсч яваа нь  бичсэн нийтлэлvvдээс нь харагдаж, vзэл бодлоо хамгаалан,  дээд боловсролтой ямар ч лойдоруудаас хол тасархай ухаанаар  сонгогдсон тойргоо авч яваа энэ  залуу бол магадгvй, манай парламентыг чимсэн  ганц бєх хэвээр vлдэх  байх. Бєх хvн тэнэг, бєє хvн худалч гэдэг явган яриаг тvvнд л лав хамааруулж болохгvй.

  Гэсэн хэр,дэвжээн дээрээ л сайхан харагдахаас єєр газар  таашаагдахгvйгээ  мэдэхгvй спортын баячуул  аархсандаа тєрд санаархах боллоо. Ардчилсан намаас нэр дэвшигч кёкvшюзан Батбаяр булган сvvлтэй л биз, даруухан л биз, мєнгєтэй л биз, япон хэлтэй л биз, энэ чинь  тєрийн хvний шалгуур юм уу? Эрдэм мэдлэг, эр бяр хоёр нэг зиндаанд оччихсон хэрэг vv? Залуу vеийнхэн эрээ цээргvй том цээжтэй болсон нь дунд, ахмад vеийнхэн єєрсдєє vе шиг vе байж чадаагvйн гай юм даа. Хорин хэддvгээр  ч билээ тойргийн Цэрэнчунт гэнэ vv, нэг хvv байна. Далан долоон оны “тєл” тэрбээр єдєр тутмын сонинд “Монголын шилдэг эрдэмтэн” гэж  vсгийг нь томоор єрvvлж ирээд л єєрийгєє зад  рекламджээ.  Эмч гэх тэр  шальдар хvv хэнийг аварч анагааж, ямар нээлт хийгээ вэ?

Шагдарсvрэн эмч шиг  ачтан байж, зvрхний Бундан шиг мянга мянган хvний аминд орж, Хайрулла шиг  хагас зуун жил шахам мэдрэлийн нарийн судаснуудыг залгаад зогсч байсан атлаа эгэл энгийний vлгэр эмч нарын дэргэд, бvр тэгж ярихаа больё, хvнд  євчтєн сахиж  нойргvй хонодог зvгээр нэг асрагчийн хажууд тэр хэн бэ? Би хавтгайруулж, хvн бvхэн тийм байх ёстой гэж байгаа юм биш. Алдар нэрээр бус, сэтэр тушаалаар бус, нийгэмдээ єгсєн єглєгєєр нь хvнийг хэмждэг. Гадаадын тєсєл олоод цохичих хэмжээний цагаан гартан болмогцоо л   тєрийн хууль тогтоолцоно гэж ядахнаа насаа ч гололгvй сэнхийх хаашаа муухай харагддаг юм.  Vvний зэрэгцээ, салбартаа гологддог,  тэдэнтэйгээ хэл амаа олдоггvй, амбийц нь дэндсэн улс улс тєр лvv шаарлагдаад байдгийг  ч бид доогтойхон анзаарсаар л байдаг шvv дээ .

   Баянзvрх дvvрэгт Ардчилсан намаас дэвшсэн И.Нарантуяа  гэж монголыг аврагч дарь эх тодорлоо. Уг нь  жендер мендер яриад бусад хvvхнvvд шиг л єрсєлдєж байгаа байх. Гэхдээ теле-имижээ арай л даваадуулчихсан нь єєрт нь эргээд гай болох шинжтэй . Телевизийн сурталчилгаанд хєврєх зураг дvрс дотор Ану хатан, Мандухай цэцэн, Удвал ахайтан, Норовбанзад тэргvvтэн... vзэгдээд єнгєрєхєд  тэр ихсийн яг араас нь  залгаад Нарантуяа гэж ирээд л уран уншигч  цоллох нь нэр дэвшигчийг ямар их жолдуулна вэ? Ингэж  монголын алдартан суутнуудтай эн зэрэгцэн єєрийгєє “томруулахыг” зєвшєєрч байна гэдгээрээ л энэ нэр дэвшигч тєрд  дэндvv  жижигдэж  байгаа юм.  Ичнэ гэдэг ёс суртахууны амин судас билээ. Vvнтэй яг адил жишээг, харамсалтай нь, ИХ намын дарга Ж.Батзандангаас харж болно. Тэрбээр єєрийгєє Сvх жанжны маань нутгаас тєрсєн хоёр дахь Сvхбаатар гэж санаж байх шиг байна. Хятад, Оросоос хараат, манж, гамин vvрлэчихсэн, алба гувчуураа тєлж дийлэхээ больтлоо тамирдсан  ядуу буурай улсыг  Богд хаанаа ятган  байж эх орноо чєлєєлєх, єнєєгийн тусгаар улсын энх цагт, муу ч гэсэн монгол тєрийнхєє нvvрэн дээр Сvхийн талбайд ардчиллаа мэдэрчихсэн  иргэдийн цуглаан удирдах хоёр тэс єєр зvйл байх.

Ардчилал ялаагvйсэн бол хэн байх билээ гэдгээ олон хvн єнєє мартжээ. Vгvйсгээд, vзэн ядаад байгаа арван найман жил дотор чинь єєдрєг гэгээтэй зvйл олон болж єнгєрсєн... Єнгєрсєн vедээ  хандаж байгаа ийм хатуу экстремист “зарчмаар” л   Ж.Батзандан ирээдvйг босгохоор зорьж байгаа бол хэцvv л байна. Зєвхєн тулган шаардалт хийж, иргэдийнхээ  бухимдал хорслыг дэвэргэн турхирснаар бид амжилт олохгvй. Улс тєрд  хєнгєхєєн заль, бас ичих ичгvvр, хоргvй уран мэх,хэрэгтэй цагт буулт  хийх хувь чанар ч  хэрэгтэй юм биш vv. 

   ИХ эвслийн сонгуулийн “Эх орноо цэвэрлэе” гэх  урианаас   яагаад ч юм, геноцид ханхлаад байгааг яах билээ?  Яруу найрагч Дашбалбар ах  ингэж нэг буруудсан юм. Єрєвчхєн найрагч тvvний амнаас “Энэ хэдэн улсыг дvvжилбэл таарна” гэсэн цухалхан vг санаандгvй  унахад олон хvн сэрдхийсэн. Vvнтэй л яг адил, гучаад он цусаар нь урсаж дуусаагvй монголчуудын чихэнд  тус эвслийн уриа  Сталины “чистка наций”  шиг буух юм. Энэ цэвэрлэгээгээ яаж ч тайлбарлах гээд нэмэргvй, хатуу л дуулдаж байна. Энэ эвсэл  хэдийгээр Монголын ард тvмнээс тєрсєн, Монголын л тєлєє гэсэн нэр дэвшигчидтэй  байтлаа сонгуулийн уриагаа  хэлхэх vедээ монгол vг хэлний мэдрэмжтэн, vгvй ядаж хэл уран зохиолын сайн багш авдаг  байж дээ.

 УИХ-ын 26 дугаарт    тойрогт  тус  эвслээс дэвшсэн  хорин таван настай О. Магнайд  нэг  сайн чанар бий.  Энэ нь vл эргэлзэх. Шийдэмгий, эрс тэс байх нь залуу цагийн мєнхийн дагуул.  Гэхдээ нэгэн агшинд шийдсэн зvйл зуун жилийн харамсал тєрvvлж болох. Єєрийн суртлын ах Батзандантайгаа цуг бvхнийг vгvйсгэх нигилизмтэй, элэг нэгтнvvдтэйгээ  ач тач vзэлцэх  реваншизмтай  байвчиг халуун сэтгэлизм гэж нэг зvйлийг манлайлагчдаасаа ард тvмэн маань  асар их горьддог. Энэ халуун сэтгэл бол Таных шиг дvрсхийсэн омголон зангаар ч дан илрээд байхгvй. Улстєрч хvнд бусдын тєлєє єєрийгєє шаналаадаг, цог мэт дотроо нуудаг унтрашгvй халуун сэтгэл байхгvй л бол Гончигдоржийнх шиг цэгц ухаан хvйтэндэж,  онол хууль Шаравдоржийнх мэт  худалдагдаж , Гvндалайнх шиг  хоосон эр зориг мохдог.  

Сэтгэлээ халааж хєргєж, єєрєєр хэлбэл ажил амьдралын хат сууж,он цагаар шалгаж, сэтгэлийн  буртаг, нvдний гэмээ арилгасан хойноо тєр тvмэнд нэр хvндээ олдог  монгол  уламжлалыг та  л лав сєрье гэж vнэхээр залуу хvн шиг байж ядаж  байна.  Єєрєєс тань дутахгvйгээр, бvр илvvтэйгээр  эх орныхоо тєлєє шаналагчид ухаан зориг муутайдаа бус, єєрийгєє аль нэг талаар  голсондоо л єндєр босготой  тєрд орж  ирдэггvйг ч  бодолцоорой.    Энэ эвслийн нэр дэвшигчдийг Ногоон намын дарга Энхбат  тасархай хол єнгєлж байгаа. Намынх нь нэрнээс ч бодсон гэсэн, байгаль экологийн сvйрэлд ойртсон улс орныхоо парламентад энэхvv зєв харагдах соёлтой, шаггvй боловсролтой эрхмийг сонгох нь зvйтэй байх аа.  Бусад нэр дэвшигчийн  тухайд цаг хэмнэе.

Сэтгэлээр дутмаг, мэдлэгээр баян, халуун сэтгэлтэй ч  боловсролоор маруухан, энэ сонгуулиар бол цємєєрєє эх оронч болчихсон  энэ  нэр дэвшигчдийг гал тогооныхоо  комбайнаар “миксердчихвэл” дундаас нь  цєєхєн ч,  овоо хэдэн юм гарах байх гэж санагдах юм. Аймаар сонсдож байна уу? Гэхдээ л яг тэгмээр байна. Цэцэрхэж хvн муу хэлсэн, єєрсдийнхєє эзлэх ёстой орон суурийг єєр улсад алдчихаад хэзээ хойно шогширохоос цаашгvй, хvлээцтэй тэвчээртэй бус хvйтэн бэртэгчин  нь дэндvv одоогийн сэхээтний  давхаргыг халж шинэ хєрс бий болох шилжилтийн энэ vед єч тєчнєєн халуун сэтгэлтнvvд тэмцэх аргаа олж ядаж,  ганцаардаж, ихэнхдээ муу хэлvvлсээр байгаа юм. Нэгэн сvрхий улстєрч “Мэдлэггvй сайхан сэтгэл бол тэнэгийн тєрсєн дvv “ гэж иш татаад, энэ vгээ Ахмадын Чєлєєт Холбооны Баасан эгчид зориулжээ.

Тийм ээ, муу Баасан эгч маань  ямар Харвард, Оксфордын их сургууль дvvргэж, тєрийн ордонд цай зєєлгєж ямбалж vзсэн биш.   Талбайд ахмадуудтай цуг даарч бээрэн, цагдаад чирvvлж л vзсэнээс биш.  Хараал ерєєл сонсч байж , гаа нь гарсан бохь шиг гудамжаар нэг  хаягдсан ахмадуудын асуудлыг  дvлийрсэн тєрийн чихэнд сонсгож чаддаг энэ эмэгтэй бол миний л бодлоор, улстєрчдийн хvйтэн хасах  сэтгэлтэй харшилддаг нэмэх цэнэгийн галт бємбєг. Саяхан л гэхэд дайнд оролцсон ахмад настнуудыг орон сууцтай болгох зарлиг гаргуулж дєнгєсєн нь бага хэрэг vv? Тєрд номтны дvр эсгэн ахмадуудаа ор нэрийн тєдий халамжаар хуурч аргацаасаар ирсэндээ ичих ч vгvй “хvйтэн” улс Баасан эгчийн  халуун сэтгэлээс  суралцмаар юм даа.

Тэрбээр УИХ-д сонгогдож эс чадсан ч хvмvvс тvvнийг хvрээлнэ.
Ах дvv  зураач ихэр- Ц. Энхжин, Мєнхжин, сэтгvvлч   З. Алтай гээд олонд харьцангуй танигдсан  уран бvтээлчид энэ сонгуульд єнгє будаг нэмж байгаа. Аялсан улс орныхоо тvvх соёлыг ярихаасаа илvv “Бразили хvvхний єгзєг нь дажгvй юм аа” ч гэж байх шиг, “Надад одоо наймхан доллар байна”  гэж гомдоллож  ч  байх шиг, єєрєє бол энгийн сайхан гэж боддог ч, явган яриатай сэтгvvлч Алтай ах маань сэхээтний тєлєєлєл болохыг чармайж байгаа. Ивээн тэтгэгчдийн мєнгєєр дэлхийг хэрэх нь гавьяа л юм биз, эх орныхоо амаргvй цаг vед єєрийгєє золиослон дайчилсан, жинхэнэ сэхээтнээс л олж хардаг тэр эрсдэл нь хаа байнаа? Хэзээ олж харсан юм бэ?

Тийм л тайван, манлайлалгvй, єєрєєр хэлбэл  эрсдэл хийж бусадтай тэмцэхгvй либерал  ааш чинь  одоогийнх шиг хурцадмал асуудлуудтай тєрд зохих юм уу?   Хувийг нь эзэмшдэг 25 дугаар телевиз буюу  vзэл бодлын чинь индэр  зах зээлийн хуулиар арилжаалагддаг.  Бие даасан, чєлєєт, хувийн гэсэн логотой , энэ сайхан хамт олонтой телевиз єєрийн чинь хувийн ааш араншинд захирагдан тєрийн чухал санал хураалтуудыг  арилжаалахгvйн баталгаа бий юу? Ялангуяа бие даан сонгуульд оролцож байгаа Таны сонгогчид  эзэнгvйдэх тохиолдолд? Тань шиг бие даагчид  намуудын халаасанд орж саналаа худалдсаар ирсэн туршлага єєрийг чинь ийн хардахад хvргэж байна. Элэг нэгтнvvд чинь  та нарын ємгєєллєєр дутаж   байхад  зvгээр л ажлаа хийгээд, хэнбугайгаас ч мєнгєтэй, эрх мэдэлтэй, амар тайван амьдарч байснаа  эрхэм та нар  минь  гэнэт шударга ёс энэ тэрийг   яриад унахаар  юм мэддэг улс гайхаад  байна. Бие дааж улстєрд орох нь аль ч нам хvчнийг тоодоггvй сэхvvнийг бус,  санаа нэгт хvрээллээ олоогvй л яваа зожгийг бас хэлэх байх шvv. Таны рейтинг тойрогтоо єндєр байгаа, хожмоо таны л сувгаар сэтгvvлч бидэнд  хаалттай  мэдээллvvд урсан орж ирж, та жинхэнэ сэтгvvлч гэдгээ харуулах  цаг хvртэл  таны тухай энэ єєдгvй бодлоо би хадгалсаар байх болно, уучлаарай.

Их багагvй сээр зан гаргасан , ёс суртхууны ямар ч цэнзvvргvй энэ сонгууль хурдан нэг тийш болоосой. “Доголон хvний дэргэдvvр гvйж єнгєрєхєєсєє “  ичдэг над бол гишгэх газар олдохгvй нь . “Миний Монголын газар шороо”-г хамгаалахаар тэмцэгч  П.Болд   сонгуулийн сурталчилгаа хийх мєнгєгvй байхад Монголын ємнєд хилийг эмтлэн хятадуудад  худалдаад дуусч байгаа “Ажнайн” Д.Бат-Эрдэнэ Ємнєговиос дахин нэр дэвшсэнд  ичиж байна.  Шинээр бvрэлдэх парламент тэгэхээр мэдлэгтэй, чадвартай байх нь хамгийн  гол бус, ичих нvvртэй болж бvрэлдвэл л  хамгийн сайн. Мэдлэгтэй нь тvvнээ зарладаггvй, эх оронч нь цээж дэлдэхгvй, залуу нь тvрэмгийлэхгvй, баян нь аархахгvй ийм нэг тєрийг босговол яасан юм бэ? 

Тамга атгамагцаа эх орноо хэсэгчлэн хэрчиж харийнханд єгєхєєс айж ичдэг, олны амьжиргааны мєнгєєр казино хэсэхээс эмээдэг, намын халхавч дор суудлын бєглєє болж бугшихаасаа зовдог...ийм л хvний тєрхтэй улстєрчидтэй болмоор байна.    Шинэчилж байна гээд нялх  нармай хувьсгалчдаа  яаж будилахыг харж зовнихгvй байя. Тєрийн хачиг хувалзнууд хэн хэн болохыг мэдсэнээс хойш  даруйхнаа сэгсэрч хаяад, нэр цэвэр vлдсэн, шилэгдмэл тvшээдээ дахин оруулж ирье. Намуудыг дайсан мэт vзэх , намыг амьд залуу гишvvдтэй байсаар атал заазны мал мэт нас шvдээр нь ангилах нь орос, монголоос єєр оронд vгvй тул нам намаас  судалж  шинжиж, голж гоочилж байгаад  тєрєє босгоё. Нам гэдэг бvдvvвч ерєнхий нэр хvнийг ичих нvvргvй байлгаж чадаж байгаа бол тvvнээс нь салгаж, хариуцлага тооцох механизмыг бvрэлдvvлье. Х.Тэмvvжин шиг номоо мэддэг хуульч, Д.Лvндээжанцан шиг амьдрал мэддэг тvшээгийн дэргэд суудлаа засаг.  Тєр энэ мэтээр цусаа сэлбэнэ.Уламжлал  шинэчлэлийн зохист харьцаатай, туйлшраагvй, хожим нь ичихээргvй сонголтоо хийхэд хэдхэн хоног vлджээ.

                                                             Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Цоодолын ХУЛАН
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()