1
Оросын зэвсэг, эрчим хүчний талаар АНУ, Энэтхэг хэлэлцжээ
Оросын зэвсэг, эрчим хүчнээс хамааралтай байгаа асуудлаар АНУ-аас Энэтхэгтэй хэлэлцээ хийж байна гэж Төрийн департаментын албаны хүн мягмар гарагт мэдэгдэв. Энэ нь Москваг олон улсын тавцанд улам бүр тусгаарлах болно.
Орос "найдвартай зэвсгийн ханган нийлүүлэгч байхаа больсон" бөгөөд Энэтхэгийн төлөөлөгчид бусад оронтой хамтран ажиллах нь тустай гэж албаны хүн Нью-Йоркт сэтгүүлчдэд ярив.
2
АНУ болон Канадын цэргийн хөлөг онгоцууд Тайванийн хоолойгоор өнгөрөв
"Тайванийн хоолойгоор АНУ болон Канадын цэргийн хөлөг онгоцнууд дамжин өнгөрлөө" гэж Цагаан ордон мэдэгдлээ. АНУ-ын тэнгисийн цэргийн долоодугаар флотоос мягмар гарагт эсминец Хиггинс болон Канадын Тэнгисийн цэргийн фрегат Ванкувер усан хилээр дамжин өнгөрсөн байна.
Мэдэгдэлд "Усан онгоцнууд далайн эргийн аль ч улсын нутаг дэвсгэрийн далайгаас гадуур байдаг хоолойн коридороор дамжин өнгөрсөн" гэжээ. Энэ үйл ажиллагаа нь АНУ, түүний холбоотон болон түншүүд Энэтхэг-Номхон далайн эрх чөлөөтэй, нээлттэй бүс нутагт тууштай байгааг харуулж байна гэж нэмж мэдээлсэн байна.
3
Путин хэсэгчилсэн цэрэг татлага эхлүүлэв
ОХУ-ын Ерөнхийлөгч Орост хэсэгчилсэн цэрэг татлага эхлүүлж буйгаа мэдэгдэв. Тэрбээр урьдчилан бэлдсэн бичлэгээр мэдэгдлээ хүргэсэн бөгөөд дайн эхэлснээс хойш анх удаа үндэсний хэмжээнд үг хэлж буй нь энэ юм.
Тэрбээр Оросын зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд санхүүжилтийг нэмэгдүүлэх тушаал өгсөн. Мөн цэрэг татлагын арга хэмжээ өнөөдрөөс шууд эхэлж буйг мэдэгдлээ. Хэсэгчилсэн цэрэг татлага гэдэг нь бүрхэг ойлголт боловч бизнес эрхлэгчид болон иргэд дайнд илүү их хувь нэмэр оруулах ёстой гэсэн үг бололтой. Орос улс хоёрдугаар сард Украин руу цөмрөн орсон ч одоо хүртэл албан ёсоор дайн зарласан гэж мэдэгдээгүй байна. Тэд өөрсдийн түрэмгийллээ цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлээд буй.
4
Орост нэгтгэх зорилготой санал асуулгыг буруушаав
Украины зарим бүс нутагт бүх нийтийн санал асуулга явуулах Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын төлөвлөгөөг Япон, Их Британийн Ерөнхий сайд нар буруушаав.
Кишида Фумио, Лиз Трасс нар өчигдөр Нью-Йоркт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр нэг цаг орчим хэлэлцээ хийв. Хатан хаан II Элизабет таалал төгссөнд Кишида мөн эмгэнэл илэрхийлсэн байна. Трасс Японы ард түмэнд эмгэнэл илэрхийлсэнд талархал илэрхийлэв.
Украины нөхцөл байдлын тухайд хоёр улсын удирдагчид Орост тавьсан хориг арга хэмжээгээ үргэлжлүүлж, энх тайвныг дэмжихэд нэгдэх нь чухал гэдэгт санал нэгдэв. Украины газар нутгийг Орост нэгтгэх зорилготой бүх нийтийн санал асуулга явуулах зөвлөгөөг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэгтэй Кишида, Трасс нар санал нэгджээ. Украины дөрвөн бүс нутгийн салан тусгаарлагчдын хяналтад байгаа хэсгүүдэд энэ сарын сүүлээр бүх нийтийн санал хураалтыг явуулахаар төлөвлөсөн аж. Энэ алхам нь Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулна гэж Кишида, Трасс нар буруушаажээ.
5
Макрон төвийг сахисан орнуудыг буруушаав
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд үг хэллээ. Тэрбээр Орос улс Украин руу довтолсон нь империализмын эрин үе рүү буцаж буй явдал гэв.
“Бид хоёрдугаар сарын 24-нөөс хойш империализм, колоничлолын эрин үе рүү буцаж буй явдлыг харлаа. Франц улс үүнээс татгалзаж, энх тайвны төлөө тууштай ажиллах болно. Оросыг дарангуйлагч гэхгүй юм бол өөр хэнийг хэлэх билээ? Империализмыг хараад чимээгүй байгаа эсвэл нууцаар холбогдож байгаа хүмүүс дэлхийн дэг журмыг нурааж буй шинэ үзлийг харуулж байна” гэж тэр хэллээ.
6
Хатан хаанд зориулан хөгжим тоглосон хонгконг залууг баривчилжээ
Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан Элизабетын оршуулгын өдөр хармоника тоглосон эрэгтэйг үймээн самуун дэгдээсэн хэргээр Хонконгийн цагдаа нар баривчилсан гэж мэдэгдлээ. Цагдаа нар 43 настай залууг даваа гарагийн орой Их Британийн Ерөнхий консулын үүдэнд баривчилсан байна. Гэхдээ түүнийг мягмар гарагт батлан даалтаар гаргасан гэв. Эрэгтэйг баривчилж байхад Их Британийн Ерөнхий консулын газарт иргэд талийгаач хатан хаанд эмгэнэл илэрхийлж, цэцэг өргөж, гэрэл зураг татуулж байсан юм.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус эрэгтэй "Хонгконгийн алдар" дууг хармоника дээр тоглож байсан гэж мэдээлэв. Энэ аяыг 2019 онд ардчиллын төлөөх томоохон эсэргүүцлийн жагсаалын үеэр тоглож байжээ.
7
Туркийн банкнууд Оросын төлбөрийн системээс татгалзаж эхлэв
Туркийн “Исбанк” болон “Денизбанк” Оросын төлбөрийн системийн хэрэглээг түр зогсоосноо мэдэгдлээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногт АНУ хориг арга хэмжээгээ өргөтгөсөнтэй холбоотой юм. Турк улсад Оросын “Мир” төлбөрийн системийг таван банк ашиглаж байснаас ийнхүү хоёр нь үйл ажиллагаагаа түр зогсоолоо. Барууныхан болон Оросын хооронд санхүүгийн зөрчилдөөн гарахаас зайлсхийх гэсэн хүчин чармайлтыг энэ үйл явдал харуулж байна. “Исбанк”-ны хувьцаа даваа гарагт 10 хувиар унасан. Тус банк АНУ-ын Сангийн яамны шинэ хориг арга хэмжээг дэмжихийн сацуу үндэсний болон олон улсын хууль тогтоомж, дүрэм журам, арилжааны бизнесийн зарчмуудыг дагаж мөрдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Харин “Денизбанк”-ны хувьд олон улсын хориг арга хэмжээний дагуу ажилладаг гэдгээс өөр тайлбар хэлсэнгүй.
8
Якоб Стаусхолм: ОХУ-аас шалтгаалан хөнгөн цагааны зах зээлд хүндрэл үүсэж байна
“Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа цаг уур, эрчим хүчний шилжилт нь эн тэргүүний асуудал болохыг онцлов. “ОХУ-д хөнгөн цагааны импорт эрчтэй нэмэгдэж байгаа нь Хойд Америкийн хөнгөн цагаан үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байгаа”-г “Rio Tinto” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм тодотголоо.
ОХУ 2022 оны дөрөвдүгээр сараас хойш хөнгөн цагааны импортоо 60 орчим хувиар нэмэгдүүлжээ. Түүнчлэн АНУ-д нийлүүлэх хөнгөн цагаанаар ОХУ гуравдугаарт ордог байсан ч эдийн засгийн хоригт өртөж экспорт нь буураад байгаа юм. Хөнгөн цагааны үнэ 2022 онд 20 хувиар унаад байна.
9
Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр нэмэгдүүллээ
АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ гурван удаа дараалан өндөр дүнгээр нэмэгдүүлж байна. АНУ-ын Холбооны Нөөцийн банк Мөнгөний бодлогын ээлжит хуралдаанаараа бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр буюу 0.75 нэгж хувиар өсгөхөөр шийдвэрлэлээ. Ингэснээр бодлогын хүүгээ гурван удаа дараалан өндөр дүнгээр нэмэгдүүлж байна.
"Инфляцыг тогтворжуулахын тулд бодлогын хүүг тодорхой түвшинд хүргэж, өсгөх шаардлагатай" гэж Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл мэдэгдлээ.
Бодлогын хүү энэ оны эцэс гэхэд 4.4 хувьд, харин ирэх онд 4.6 хувьд хүрэхээр байна гэж шинжээчид таамаглаж байна. Энэ утгаараа Холбооны Нөөцийн банк ирэх 11 дүгээр сард болох Мөнгөний бодлогын дараагийн хуралдаанаар бодлогын хүүг дөрөв дэх удаагаа дараалан, дахин 75 суурь нэгжээр өсгөнө гэсэн таамаг зах зээлд нэмэгдэж байгаа юм.
10
ОХУ-аас эрчим хүч импортлоход БНХАУ 8.3 тэрбум ам.долларыг зарцуулсан нь 68 хувиар өссөн үзүүлэлт боллоо
Импортын хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг БНХАУ түүхий газрын тос, нефтийн бүтээгдэхүүн, байгалийн хий болон нүүрсний нийлүүлэлт талд Москвагаас хамааралтай байдлаа нэмэгдүүлсээр байна.
БНХАУ наймдугаар сард ОХУ-аас 8.3 тэрбум ам.долларын эрчим хүчний анхдагч бүтээгдэхүүн импортолсон нь дээд үзүүлэлт боллоо. БНХАУ-ын гаалийн байгууллагын тоо баримтаас харвал энэ нь өмнөх оны мөн үеэс 68 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд тэр дундаа ОХУ-аас нийлүүлэх нүүрсний хэмжээ нь дээд цэгтээ хүрчээ. Ийнхүү сүүлийн зургаан сарын хугацаанд тооцвол тус улсын ОХУ-аас авсан эрчим хүчний импорт 44 тэрбум ам.доллар болсон нь 74 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм.
Дайнаас шалтгаалсан дэлхий дахины эрчим хүчний үнийн өсөлтийн улмаас импортын өртөг нэмэгдсэн ч БНХАУ стратегийн холбоотноосоо нийлүүлэх хэмжээгээ өндөр хэвээр хадгалж, зарим тохиолдолд хөнгөлөлттэй үнээр авч байна. Хэдий тийм боловч энэ оны хэмжээнд авч үзвэл эдийн засгийн удаашрал болон тус улсын Засгийн газрын COVID-19-ийг Үл тэвчих бодлого эрэлтэд нөлөөлсний улмаас БНХАУ-ын эрчим хүчний нийт импортын хэмжээ нь өмнөх жилүүдийнхээс сул байгаа аж.