1
Гарагтай мөргөлдсөн нь
Нар үүссэнээс хойш дөчин сая жилийн дараа нарны аймагт асар олон тооны сансрын биет хөвөх болсон бөгөөд тэдгээрийн зарим нь маш том хэмжээтэй байв.
Сар хэрхэн үүссэн тухай хувилбаруудын нэгний дагуу бол тухайн үед Ангараг гарагийн хэмжээтэй Тейа гараг дэлхийтэй мөргөлджээ. Харин өөр нэг хувилбараар бол Тейа дэлхийгээс хамаагүй том байсан бөгөөд мөргөлдсөний дараа Тейа гараг сансрын хоосон орон зай руу аяллаа үргэлжлүүлжээ.
Цохилт нь маш хүчтэй байсан тул Тейагийн цөм манай гарагийн цөмтэй хэсэгчлэн нийлж, том хэсгүүд нь тасарч дэлхийн тойрог замд эргэлдэж эхэлсэн гэх таамаг ч байдаг. Дараа нь эдгээр чулуунууд хоорондоо наалдаж сарыг үүсгэж эхэлжээ. Зарим эрдэмтэд дэлхийн дагуулыг Тейагийн мөргөлдөөнөөс ердөө нэг сарын дараа бүрэлдсэн гэж үздэг байна.
Тэгвэл энэ нь амьдрал үүсэхтэй яагаад хамаатай гэж? Жишээлбэл, сар нь далайн түвшин өөрчлөгдөхөд нөлөөлдөг. Энэ үйл явц нь ус, агаарт микро организмыг бий болгож, улмаар тэдгээрийг дасан зохицож, хувьсан өөрчлөгдөхөд хүргэсэн. Эрдэмтэд энэ зарчмаар амьтдыг уснаас эх газарт шилжих түлхэц болсон гэж үзэж байна.
Нэмж дурдахад дэлхийн эргэлтийн хурд, хазайлтыг сарны нөлөө тогтворжуулсан тул эмх замбараагүй байсан дэлхий гараг улирал, цаг уурын хувьд илүү тогтвортой болж улмаар амьд организмын хурдацтай хөгжилд хүргэсэн юм.
2
Төмрийн гамшиг
Эхний 500 сая жилийн турш манай гарагийн гадаргуу бүхэлдээ хайлмагаар бүрхэгдсэн жинхэнэ там шиг байв. Таталцлын хүч хүнд элементүүдийг татах тул төмөр, никел нь дэлхийн төвд шигдэж эхэлжээ. Харин хөнгөн элемент болох цахиур, хүчилтөрөгч гадарга руу шахагдсан байна.
Үүний ачаар манай гараг дотор аварга том бөмбөлөг хэлбэртэй цөм үүссэн бөгөөд энэ нь дэлхийн эргэн тойронд хүчирхэг соронзон орон үүсгэж нарны салхи, сансрын туяагаар бүх амьд амьтдыг устгахаас сэргийлдэг. Түүнчлэн энэхүү соронзон орон манай агаар мандлыг сансарт алдагдахаас сэргийлдэг ажээ.
Нэмж дурдахад төмөр дэлхийн төв рүү очиход үлдсэн хэсэг нь маш хурдан хөлдөж нягтран дэлхийн царцдас үүсэж, бид бүгдийн амьдрах таатай нөхцөл үүсэн юм.
3
Солирын бөмбөгдөлт
Солирын бороо бол кинонд л гардаг аймшигт үзэгдэл бөгөөд одоогийн дэлхий дээрх бүх амьдралыг үгүй хийх чадалтай гамшиг юм. Гэхдээ нарны аймаг үүссэн тэр үед эсрэгээрээ энэ нь гамшиг биш гайхамшиг дагуулсан зүйл байв.
Гэхдээ энэ нь амьдрал бий болоход хэрхэн нөлөөлсөн бэ?
Юун түрүүнд амьдралын эх үүсвэр устай холбоотой. Хүчтэй бөмбөгдөлтийн үеэр манай гараг дээр мөс агуулсан солирууд ихээр унажээ. Таамаглалуудын нэгээр бол хэдэн арван сая жилийн турш мөсөн сүүлт одод дэлхийтэй мөргөлдсөнөөр далай анх үүссэн гэж үздэг байна.
Дашрамд дурдахад, одоо манай гараг дээрх бүх амьдралыг үгүй хийх аюул заналхийлж байгаа тойрог замын өөрчлөлт нь тэр үед дэлхийд маш эерэг нөлөө үзүүлжээ. Далай ван болон түүний ойролцоо эргэлдэж буй чулуулгийн хэлтэрхийнүүдийг зайлуулж, оронд нь очсон Бархасбадь дэлхийг хамгаалах нэг төрлийн бамбай болжээ.
4
Хүчилтөрөгчийн гамшиг
Манай гарагийн бараг бүх амьд биет хүчилтөрөгч шаарддаг учир "хүчилтөрөгчийн гамшиг" гэхээр та бүхэнд инээдтэй санагдаж магадгүй юм. Гэсэн хэдий ч ойролцоогоор 2.4 тэрбум жилийн өмнө энэ явдал зарим организмын хувьд үнэхээр гамшиг дагуулж байжээ. Тэр үед манай гарагийн агаар мандал хортой байсан бөгөөд нүүрстөрөгчийн давхар исэл, устөрөгчийн сульфид, аммиак, метанаас бүрддэг байв. Хэрэв та бид тэр үед дэлхий дээр амьдарч байсан бол хэдхэн секундийн дотор үхэх байсан.
Tнэ нь бидний хувьд амьд там бол агааргүй организмын хувьд өөрөөр хэлбэл хүчилтөрөгчгүй орчинд амьдардаг биетүүдийн хувьд жинхэнэ диваажин байсан юм. Тэд хорт бодис цуглуулж хүчилтөрөгч ялгаруулдаг байсан. Чухамдаа энэ бол орчин цагийн амьд биетүүд хүчилтөрөгч хэрэглэж нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулж байгаагийн эсрэг зүйл юм.
Хувьслын явцад агааргүй бактериуд фотосинтезийг ашиглаж эхлэхэд эдгээр бичил биетний тоо маш хурдан өсөж эхэлсэн байна. Үүний үр дүнд хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдсэн юм.
5
Мөстлөгийн үе
Ойролцоогоор 650 сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан амьтдын хувьд хамгийн цөвүүн цаг үе болсон нь түүхэн дэх хамгийн том мөстлөгийн үе байв. Эрдэмтэд үүнийг тухайн үед агаар мандалд ноёрхож байсан метан нүүрстөрөгчийн давхар исэл болж хувирсантай холбоотой гэж үздэг. Гэхдээ эрдэмтэд энэ мөстлөгийн үе яагаад үүссэн талаар тодорхой шийдэлд хүрээгүй хэвээр өдийг хүрсэн ажээ.
Температур асар ихээр буурахад туйлаас эхлээд экватор хүртэл томоохон мөсөн голууд дэлхийг бүрхэж эхлэв. Энэ нь бүхэл бүтэн гарагийг хэдэн сая жилийн турш зузаан мөсөн бүрхүүлтэй болгож, температур нь дунджаар -50 хэм хүртэл буурсан.
Зарим эрдэмтэд тивүүдийн дээгүүрх мөсөн голуудын шилжилт нь асар их хэмжээний шимт бодисыг далайд ороход нөлөөлсөн гэж үздэг. Тэдгээрийг ашиглан далай дахь организмууд хөгжиж, ийм онцгой нөхцөлд амьдрахад нь туслах шинэ шинж чанаруудыг олж авсан гэдэг. Хамгийн чухал зүйл бол хамгийн хүчтэй нь л амьд үлдэх байсан тул тэд илүү ухаалаг болжээ.
Мөс татарч, дэлхий тэгээс дээш температурт шилжихэд тэдгээр бичил биетнүүдэд илүү таатай орчин үүссэнээр Кембрийн эриний тэсрэлт мэт хурдацтай үржил хөгжил эхэлжээ. Цаашлаад энэ нь дэлхий дээрх амьдралын өсөлт, биологийн олон янз байдлыг бий болоход нөлөөлсөн байна.