1
Тайвань улс Хятадын нисгэгчгүй онгоц руу буудав
Тайванийн удирдагч Цай Ин Вэн Хятадын өдөөн хатгалгад хүчтэй хариу арга хэмжээ авахыг армидаа тушаажээ. Тэрбээр Пэнху арлуудын зэвсэгт хүчинд зочлох үеэрээ "Хятадыг нисгэгчгүй онгоц болон бусад саарал бүсийн дайны үйл ажиллагаа явуулж байна" гэж шүүмжилсэн. Цай тэнгисийн цэргийн офицеруудад хандан “Дайсан өдөөн хатгах тусам бид илүү тайван байх ёстой гэдгийг би хүн бүрд хэлмээр байна" гэв.
Ийн тушаасны дараахан Хятадын нисгэгчгүй онгоц руу Тайваниас анхааруулах буудлага хийсэн юм. Хятад, Тайванийн хооронд хурцадмал байдал үүссэн энэ үед анхааруулах буудлага анх удаа хийж байна. Буудсаны дараа нисгэгчгүй онгоц Хятад руу буцсан гэж цэргийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
2
Турк улс Грекийг буруутгалаа
"Олон улсын агаарын орон зайд тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан "F-16" сөнөөгч онгоцнуудын үйл ажиллагаанд саад учруулахын тулд Орост үйлдвэрлэсэн пуужингийн системийг Грек ашигласан" гэж Турк улс мэдэгдлээ.
Крит арал дээр байрладаг Грекийн "С-300" пуужингийн системийн радар наймдугаар сарын 23-нд Туркийн онгоцыг саатуулсан тухай Туркийн төрийн мэдлийн Анадолу агентлаг Батлан хамгаалах яамны эх сурвалжаас иш татан мэдээлэв.
3
Оросын “S300” пуужингийн тээвэрлэлтэд Украин санаа зовж байна
Орос улс Босфорын хоолойгоор дамжуулан “S300” пуужингийн системийг Сириэс зөөжээ. Энэ мэдээлэлд Украины Гадаад хэргийн яам санаа зовниж буйгаа илэрхийллээ. Үүнтэй холбоотойгоор Украины Гадаад хэргийн сайд Микола Точицкий Киевт суугаа Туркийн элчин сайдад ноот бичиг гардуулав.
“S300” пуужингийн системийг “Спарта II” хөлөг онгоцоор зөөвөрлөжээ. Микола Точицкийн хэлж буйгаар уг хөлөг нь байлдааны хөлөг онгоцны ангилалд багтах юм.
Тиймээс Туркийн тал ямар арга хэмжээ авч буйг Точицкий асуусан. Мөн 1936 онд батлагдсан Босфорын хоолойн дэглэмийн тухай конвенцийн заалтыг дагаж мөрдөхийг хүсжээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийн хүрээнд Оросын байлдааны хөлөг онгоцнууд Хар тэнгисийн хоолойгоор дамжин өнгөрөхийг хориглосон шийдвэр 2022 оны хоёрдугаар сарын 28-нд гарсан юм. Дайны үеэр уг шийдвэрийг Турк улс дагаж мөрдөнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
4
Британийн хамгийн том дайны хөлөг далайд гацлаа
Их Британийн хамгийн том байлдааны хөлөг онгоц “HMS Prince of Wales” чухал даалгавар гүйцэтгэхээр Английн өмнөд хэсгээс хөдөлсөн. Гэвч механикийн асуудалд орсон тул аяллаа үргэлжлүүлж чадалгүй Карибын тэнгист гацжээ. “HMS Prince of Wales”-ийг 3.1 тэрбум фунт стерлингээр барьсан бөгөөд 65 мянган тонн жинтэй нисэх онгоц тээх чадалтай.
Түүнчлэн нэг дор 40 нисдэг тэрэг тээвэрлэх боломжтой аж. Нислэгийн тавцангийн хэмжээ 70:280 метр юм. Уг хөлөг өнгөрсөн бямба гарагт АНУ-тай хамтарсан даалгавар гүйцэтгэхээр Портсмут боомтоос хөдөлсөн. Тодруулбал, АНУ-тай үл үзэгдэх тийрэлтэт онгоц болон нисгэгчгүй онгоцны чиглэлээр гурван сарын турш нягт хамтран ажиллах ёстой байжээ. Энэхүү ажиллагааны зорилго нь Хойд Америкийн эрэг болон Карибын тэнгис дэх үл үзэгдэх тийрэлтэт онгоц нисгэгчгүй онгоцнуудын үйл ажиллагааны ирээдүйг тодорхойлох юм.
5
Хиннамнор хар салхи Японы баруун өмнөд арлууд руу чиглэж байна
Японы цаг уурын албаныхан "Хиннамнор" хар салхи тус улсын баруун өмнөд арлуудад лхагва гарагт маш хүчтэй салхи авчирч болзошгүйг анхааруулж байна.
Хар салхи лхагва гарагт Окинава болон Кагошима мужийн Амамид ойртож хүчээ хадгалах төлөвтэй байна. Окинавагийн Дайтожима арлуудын байшингууд ширүүн салхины улмаас нурж магадгүй юм.
6
Иракт болж буй эсэргүүцлийн жагсаалын жагсагчид Ерөнхий сайдынхаа өрөөнд дайран оржээ
Иракт шиа шашинтай жагсагчид Ерөнхий сайдын өрөө рүү дайран оржээ. Өнгөрсөн сард сонгуулийн санал хураалтын дараа жагсагчид парламентын ордон орчмын газрыг эзэлсэн байна. Жагсагчдын тоог мянга давсан гэж албаныхан мэдээлэв. Тэд Багдад дахь Ерөнхий сайдын өрөө болон бусад барилга руу хүчлэн орсон байна. Эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр наад зах нь 12 хүн амиа алдаж 85 хүн шархадсан гэв.
7
Херсон дахь гол гүүрүүдийг Украины арми устгажээ
Украины армийн хөөргөсөн “Himars” пуужингууд Херсон муж дахь бараг бүх том гүүрийг сүйтгэжээ. Ингэхдээ зөвхөн явган хүний гарцыг л бүрэн бүтэн үлдээсэн аж.
Ийнхүү Оросын арми Крымийн нутаг дэвсгэрээс зэвсэг боловсон хүчний хангамж авч чадахгүйд хүрсэн байна. Украины хувьд энэ нь газар нутгаа эргүүлэн авах сайхан боломж гэж “Ukrinform” хуудас мэдээллээ. Херсон муж дахь замууд болон Оросын хүн хүч техник хэрэгсэлд Украины арми тасралтгүй цохилт өгч буй. Тухайлбал, ням гарагаас даваа гарагт шилжих шөнө Херсон дахь Оросын цэргийн баазад цохилт өгсөн юм.
8
Хятадад эмэгтэйчүүдэд халдсан хэрэгт 28 хүнийг яллажээ
Хятадын Таншань хотын нэгэн ресторанд хоол идэж байсан дөрвөн эмэгтэй рүү хэсэг эрчүүд дайрч зодож буй бичлэг өнгөрсөн зургаадугаар сард цацагдаж, олны шүүмжлэл дагуулсан. Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан 28 хүнийг яллаж, өөр 15 албан тушаалтныг авлигын хэргээр мөрдөн шалгаж байна. Авлигын хэргээр шалгаж буй хүмүүсийн дунд цагдаагийн ажилтан ч байгаа аж.
9
ЗХУ-ын сүүлчийн удирдагч Михаил Горбачев таалал төгсжээ
Москвагийн Клиникийн төв эмнэлэгт ЗХУ-ын сүүлчийн удирдагч асан "Өөрчлөн байгуулалтын" эцэг гэгддэг Михаил Горбачев 91 насандаа таалал төгсжээ. Тэрээр урт хугацаанд үргэлжилсэн хүнд өвчний улмаас нас барлаа хэмээн эмнэлгээс мэдээлсэн байна.
"Түүнийг Новодевичье оршуулгын газарт гэргий Раиса Горбачевын дэргэд оршуулна" гэж Михаил Горбачевын үүсгэн байгуулсан сангаас мэдээлжээ. Одоогоор түүнтэй салах ёс гүйцэтгэх хугацаа тодорхой болоогүй аж.
10
Европын холбоо ОХУ-тай байгуулсан визийн хөнгөлөлттэй журмаа цуцалж магадгүй
Европын Холбооны Гадаад хэргийн сайд нар Европын Холбоо болон Оросын хоорондох визийн журмыг хөнгөвчлөх тухай хэлэлцээрийн үйлчлэлийг зогсоохоор төлөвлөж байна. Энэ тухай Файнэншл таймс сонин эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
Тодруулбал, Европын улс төрчид маргааш буюу 8 дугаар сарын 30-нд Прага хотод эхлэх хоёр өдрийн уулзалтаасаа ийм шийдвэр батлах төлөвтэй байгаа тухай мэдээлэв. Харин шийдвэрээ 31-ний өдөр зарлаж магадгүй байна.