1
Элон Маскийн ээж хүү дээрээ зочлохдоо гаражид унтдаг гэжээ
Элон Маскийн ээж Мэй Маск хүүтэйгээ уулзахдаа ер бусын газар унтдаг байна. Өдгөө 74 настай супермодель тэрбээр Техас дахь төв оффис болон "Starbase" хөөргөх газар, Бока Чика дахь "SpaceX"-ийн байранд гэх мэт баазад гүйцэтгэх захирал хүү дээрээ очихдоо унтлагын өрөөнд унтдаггүй гэж "The Times" сонинд ярьжээ.
2
Сергей Шойгуг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байж болзошгүй
Украины эсрэг дайн зогсонги байдалд орсон тул ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг ерөнхийлөгч Владимир Путин албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байж болзошгүй тухай Их Британийн Тагнуулын алба мэдэгдлээ. Оросын офицерууд болон цэргүүд Шойгуг үр дүн муутай, харилцаа холбоо муутай гэж шүүмжлэлтэй хандаж байжээ.
“Шойгу карьерынхаа ихэнх хугацааг барилгын салбар болон Онцгой байдлын яаманд өнгөрөөсөн тул цэргийн бодит туршлагагүй. Тиймээс нэр хүндээ хадгалж үлдэхийн тулд удаан хугацаанд тэмцэж буй” гэж тагнуулын мэдээнд дурдсан байв. Ингэхдээ тус яам Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сүүлийн үеийн мэдээг эш татжээ. Шойгу одоо дайны ерөнхий командлагчаар ажиллахгүй байгаа тул өөр командлагчид Путинд дайны явцыг танилцуулж байгаа гэж Тагнуулын алба үзэж байна.
3
НҮБ-ын баг "Запорожье" цөмийн станцыг зорилоо
НҮБ-ын цөмийн хяналтын байгууллагын шалгалтын баг Украины "Запорожье" атомын цахилгаан станц /АЦС/ руу явж байна гэж тус байгууллагын тэргүүн мэдэгдэв. Олон улсын атомын энергийн агентлагийн /ОУАЭА/ ерөнхий захирал Рафаэль Гросси ярихдаа, баг энэ долоо хоногийн сүүлээр АЦС-д очих төлөвтэй байна. "Бид Украин болон Европын хамгийн том цөмийн байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах ёстой" гэж тэрбээр твиттер хуудастаа жиргэжээ.
4
Орос жуулчдыг Европын орнуудад нэвтрэхийг хориглох уу?
Европын холбооны Гадаад хэргийн сайд нар ирэх өдрүүдэд Прага хотноо чуулга уулзалт хийх гэж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү уулзалтаар Оросын жуулчдыг Европ руу зорчихыг хориглох тухай Украины уриалгыг хэлэлцэнэ.
Европын холбооны зарим орон оросуудад визний хориг тавьсан боловч холбооны хэмжээнд бүрэн хориг тавиагүй. Энэ санаа Европын холбооны улс орнуудыг хагаралдуулж магадгүй гэж эмээж буй юм. Оросын дипломат паспорт эзэмшигчид, өндөр албан тушаалтнууд зарим компанийн удирдагчид одоогоор визний хоригт ороод байгаа билээ. Тиймээс Украины ерөнхийлөгч Зеленский жуулчдыг оролцуулаад бүх орос иргэнд хориг тавих уриалга дэвшүүлсэн аж.
5
Хятад өдөөн хатгалгыг ялан дийлнэ гэв
АНУ-ын Тэнгисийн цэргийн хоёр хөлөг онгоц Тайваний хоолойн усан хилээр явж байгаа тул Хятад улс "Ямар ч өдөөн хатгалгыг ялахад бэлэн" гэж мэдэгдэв. Дээрх үйл явдал АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси тус бүс нутагт айлчилснаас хойш хэдхэн долоо хоногийн дараа болж буй. Нэнси Пелоси сүүлийн 25 гаруй жилийн хугацаанд айлчилсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан юм.
6
Энэтхэгт хууль бусаар баригдсан барилгуудыг нураав
Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод хууль бусаар баригдсан хоёр барилгыг нураажээ. 103 метр өндөр тэнгэр баганадсан хоёр барилгыг нураахын тулд 3700 кг тэсрэх бодис ашигласан байна. Нураасан барилга дотор 850 айл амьдарч байжээ. Дээрх барилгууд нь барилгын олон дүрэм журам галын аюулгүй байдлын хэм хэмжээг зөрчсөн болохыг өнгөрсөн жил тус улсын Дээд шүүхээс тогтоосон байна. Тиймээс хуулийн дагуу урт удаан тэмцэл хийсний эцэст ийнхүү нураажээ.
7
Пакистан: Үерт амиа алдагсдын тоо 1000 давлаа
Пакистан улсад цаг агаарын ноцтой гамшиг нүүрлэж, зургадугаар сарын дунд үеэс хойш үерт нэрвэгдээд буй. Үерийн улмаас нас барагсдын тоо 1000 давсан талаар албаны хүмүүс мэдэгдэв. Цэргүүд болон аврагчид эрсдэлд буй иргэдийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлж, хоол хүнсээр хангаж буй юм байна.
8
“Meta” улс төрийн чанартай мэдээлэл түгээсэн хуурамч хаягуудыг устгав
“Meta” компани Ойрх Дорнод болон Төв Азийн орнуудад АНУ-ын тухай эерэг мэдээлэл түгээх давлагаа өрнүүлж байсан хуурамч хаягуудыг устгалаа.
АНУ “Twitter”, “Facebook”, “Instagram” зэрэг олон нийтийн сүлжээний платформоор улс төрийн зорилготой мэдээлэл түгээж байгааг Стэнфордын их сургуулийн хамтарсан судалгаа харуулсан байна. Энэхүү давлагаа Төв Азийн орос хэлээр ярьдаг интернэт хэрэглэгчдэд чиглэсэн байжээ.
9
“Apple” компани “iOS 16” системийг нэвтрүүлсний дараа “iPadOS 16”-ийг танилцуулна
“Apple” компани “iPadOS 16” үйлдлийн системийн шинэчлэлтийг “iOS 16” системийг танилцуулсны дараа нэвтрүүлэхээ мэдээллээ.
Тус компани дараагийн үеийн төхөөрөмжүүдээ танилцуулах өдрийг албан ёсоор есдүгээр сарын долоонд товлоод байгаа юм. “Apple” хүлээлт дагуулаад буй виртуал реалити төхөөрөмжүүдээ “Reality One”, “Reality Pro”, “Reality Processor” гэж нэрлэхээр АНУ, Европын Холбоо, Их Британи, Канад зэрэг улсад бүртгүүлсэн байна.
10
Япон, АНУ хамтарсан байлдааны галын сургуулилалт явуулж байна
Япон, АНУ танк эсэргүүцэх пуужингийн Жавелин систем ашигласан байлдааны галын сургуулилалт хамтран явуулж эхэлжээ. Жавелин нь АНУ-аас Украинд нийлүүлж байсан автомат удирдлагын системтэй танк эсэргүүцэгч пуужингийн зөөврийн зэвсэг юм байна.
Тодруулбал, Японы өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын 1400 орчим, АНУ-ын армийн 700-гаад цэргийн албан хаагчид оролцож байгаа тус сургуулилалт ням гарагт Кюшю арал дахь хээрийн дадлагын талбайд эхэлсэн байна. Японы алс хязгаар арлуудыг хамгаалах хариу арга хэмжээг сайжруулахад энэ сургуулилт чиглэжээ. Мөн Кумамото мужийн Ямато хотын ойролцоо япон, америкийн 150 орчим цэргийн албан хаагчид оролцсон дадлага сургуулилтыг хэвлэлийнхэнд нээлттэй явуулсан аж.