8000 амьтан аварсан Шанхайн хамба ламын түүх

Шанхай хотын Баоэн сүмийн хамба лам Жи Сян (Zhi Xiang) амьдралынхаа дийлэнх хугацааг гудамжинд зовж зүдэрч буй амьтдад тусламжийн гараа сунгахад зориулжээ. Тэрээр өдгөө 53 настай бөгөөд 1994 оноос хойш өнөөдрийг хүртэл өвдөж зовсон олон мянган золгүй амьтдыг аварч, асран хамгаалж буй. Одоогийн байдлаар Жи Сян лам нохой, муур, тахиа тэргүүтэй 8000 орчим амьтныг дулаан байр, хоол усаар хангаж байгаа юм. 

8000 амьтан аварсан Шанхайн хамба ламын түүх

Буддын шашны лам Жи Сян тэртээх 1994 оноос өөрийнхөө энэ насны амьдралыг амьтны амь аврахад зориулахаар шийджээ. Тэрээр гудамжинд орхигдсон эзэнгүй амьтдыг үрчлэн авч вакцин, туулга болон бусад шаардлагатай тусламж, эмчилгээний зардлыг өөрөө хариуцан хийлгэдэг байв. Жи Сян ламтан саяхнаас л амьтны эрхийн төлөө ажилладаг идэвхтнүүдийн ачаар тусламж хэрэгтэй амьтдад зориулсан хандивын сантай болжээ. 

Тэрээр 1994 оны 1-р сарын жихүүн орой машин барин явж байхдаа зам хөндлөн гарч буй хүнд бэртэлтэй муур олж харсан байна. Өвлийн тэсгэм хүйтэнд осгох дөхсөн хөөрхий муурыг өрөвдсөн Жи Сян ламтан түүнд туслахгүй өнгөрч чадаагүй аж. Энэ цагаас эхлэн тэрбээр амьтны амь аврахыг амьдралынхаа гол зорилго болгосон гэнэ.

Хамгийн эхлээд Жи Сян мууруудад тусалж эхэлжээ. Тэрээр зовлонт амьдралаас хэдийнээ гэтэлсэн мууруудын биеийг авч оршуулдаг болсон бөгөөд бэртэж гэмтсэн амьтдыг малын эмчид хүргэж, эмчилгээ хийлгэдэг болжээ. Эцэст нь тэрээр "амьтанд туслах" гэсэн цор ганц зорилгоор газар сайгүй бадарчилж эхэлсэн байна. Улмаар 2006 онд Шанхай хотын Баоэн сүмд орсноосоо хойш нохдод тусламжийн гараа сунгаж, амьтдын асрах байртай болжээ.

Түүний хараа хяналтад байдаг ихэнх ноход хоол тэжээл хүрэлцэхгүй, хүнд өвчтэй гэдэг шалтгаанаар Фэнсян гудамжны нохдын асрахаас түүн дээр ирсэн байна. Тэрээр амьтдыг эмчид үзүүлж, шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлсний дараа Пудонг дахь эзэнгүй амьтан асрах байр луугаа илгээдэг байна. 

Тэрээр өнөөдрийг хүртэл зуу зуун хөөрхийлөлтэй амьтдад өөрийн хөрөнгөөр эмчилгээ, тусламж үзүүлж АНУ болон Европын орнуудад  үрчлүүлжээ. Мөн амьтан хайрлан тэжээх хүсэлтэй хятад хүмүүс түүний асрах газраас үрчлэн авах амьтнаа сонгодог аж.

Жи Сян ламтан 2017 он хүртэл амьтдын идэх хоолноос бусад зүйлээр хаанаас ч санхүүгийн туслалцаа авдаггүй байсан хэдий ч өвдсөн амьтад олшрох тусам ганц өөрийн чадлаар тэднийг асарч дийлэхгүй болжээ. Хожим 2019 онд тэрээр 1,570,000 юань буюу ойролцоогоор 690 орчим сая төгрөгөөр 9000 м.кв талбай түрээсэлж, 7 ажилтан хөлслөн авсан байна. Түүний энэхүү асрахад 5000 гаруй ноход байдаг бөгөөд тэд өдөрт тус бүрдээ 3 юань (1400 төгрөг)-ий зардалтай хоол иддэг.

Хятадад гудамжны ноходтой холбоотой ноцтой асуудал бий. 2019 онд тус улсад 50 орчим сая гудамжны нохой байсан ба энэ тоо жил бүр хоёр дахин нэмэгддэг байна. Ламтны үзэж байгаагаар энэ бүх асуудал хариуцлагагүй эзэдтэй холбоотой гэнэ. Тэд гэрийн тэжээвэр амьтдынхаа үржлийг хаалгадаггүй, эсрэгээрээ замбараагүй үржүүлж, сүүлдээ зүгээр л залхаж гудамжинд гарган хаядаг байна. 

Жи Сян ламтан Буддын шашин ёсоор хүн, амьтан ялгаагүй бүхий л амь үнэ цэнтэй учир бүгдийг хайрлан энэрэх ёстой гэдгийг хүмүүст ойлгуулах чин хүсэлтэй. Тэрбээр 65 нас хүртлээ энэ үйл хэргээ үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байгаа бөгөөд түүнээс цааш үүргийг нь залгамжлан, амьтдыг хайрлаж чадах хүнд үүргээ шилжүүлэх гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()