1. Хүүхдүүд үргэлж хөдөлгөөнтэй байдаг
Өглөө нар мандсан цагаас эхэлж үдшийн бүрий хүртэл хүүхдүүд тогтмол гүйж, үсэрч, харайж байдаг. Гүйх боломж байвал хүүхэд хэзээ ч тайван алхахгүй. Тэр гүйхийг л бодно. Хэрвээ ямар нэг зүйлийг хурдан хөдөлгөөнөөр шийдэх боломжтой бол тэр хурдан л хөдөлнө. Хүүхдийн бие организм хөдөлгөөн амьдралд маш чухал үүрэгтэй гэдгийг мэднэ.
2. Тэд амарч чаддаг
Хүүхэд ядарсан эсвэл нойр нь хүрсэн үедээ хаана ч хамаагүй, хэзээ ч хамаагүй унтаж чаддаг. Тэр амрах шаардлагатай байгаагаа шууд ойлгодог. Харин томчууд өөрийн эрч хүчийг дуусаж байгааг төдийлөн анзаардаггүй байна. Тиймээс зөв цагтаа амрах чадварыг хүүхдээсээ жишээ авч өөртөө суулгаарай.
3. Жижиг зүйлд ч баярладаг
Хүүхдүүдэд юугаар тоглох нь огт хамаагүй. Тэдний хувьд бүх зүйл сонирхолтой санагддаг учир жижиг зүйлээс ч аз жаргалыг мэдэрч чаддаг. Харин томчууд жижиг зүйлд баярлах гэдгийг аль хэдийн мартсан бөгөөд ихэнхдээ үнэтэй, чамин тансаг зүйлд хууртдаг.
4. Эрт унтаж, эрт босдог
Хүүхдүүд биологийн цагаар амьдардаг учир бие организм нь унтахыг шаардах үед л унтдаг. Тиймээс тэд орой эрт унтаж, өглөөг эрч хүчтэйгээр эхлүүлдэг байна.
5. Бусдад итгэх байдал
Бяцхан хүмүүсийн хувьд хамгийн чухал хүн нь ээж байдаг. Ээж бол түүний хамгийн ойр дотны, хайртай хүн учир өөрийг нь хэзээ ч хуурахгүй гэдэгт итгэлтэй байж ээждээ тогтмол итгэдэг байна. Тиймээс ч тэд хүн бүрийг яг л ээж шигээ санадаг. Хэн нэгэнд хууртсан байсан ч богино хугацаанд мартаж, дахин тухайн хүнд итгэж эхэлдэг. Энэ бол хүүхдээс суралцах хэрэгтэй томоохон чадварын нэг юм.
6. Хүндрэлд хэзээ ч бууж өгдөггүй
Хүүхдүүд зорьсондоо хүрэхийн тулд өөрийнх нь өмнө тулгарч буй бэрхшээлийг үл хайхарч урагш тэмүүлсээр байдаг. Тэд хөл, гараа цохиж олон дахин унаж байсан ч гарахыг хүссэн газраа заавал гарах болно. Хэрвээ танд зорьсондоо хүрэхэд ямар нэгэн саад бэрхшээл тулгарч байвал яг л хүүхэд шиг байж, зорилгынхоо өөд зогсолтгүй тэмүүлээрэй.
7. Төрөлхийн авьяасаа хөгжүүлэх чадвар
Хүүхдүүд өөрийн төрөлх авьяас чадварыг гадарладаг учир уг чадвараа хөгжүүлэх тал дээр анхаардаг. Хэрвээ хүүхэд тань ханан дээр зураг зурж байвал тэр зурах авьяасаа хөгжүүлж байна л гэсэн үг. Тиймээс та ч гэсэн авьяас чадвараа нээж, хөгжүүлэх гээд үзээрэй.
8. Өөр зүйлд амархан сатаардаг
Хүүхэд тань машинаа эвдэлчхээд маш ихээр уйлж байснаа гэнэтхэн өөр зүйлд сатаарч инээх нь энгийн үзэгдэл шүү дээ. Тиймээс томчууд ч гэсэн энэ чадварт суралцаж, хэн нэгэнд гомдсон, уурласан, бухимдсан бол тэр даруй мартаж өөр хөгжилтэй зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй.
9. Гэнэн зан
Хүүхэд аливаа зүйлийг хийхдээ чин сэтгэлээсээ хийхээс гадна заавал эцсийг нь үздэг. Хэрвээ уйлсан бол чин сэтгэлээсээ уйлна. Инээвэл бас л чин сэтгэлээсээ инээнэ. Тэдэнд хуурамч зан, хуурамч сэтгэл хөдлөл гэж огт үгүй.
Томчуудын хувьд дээрх зан чанаруудыг хүүхдээс суралцсанаар амьдралын аз жаргалтай, сайхан мөчүүдийг мэдэрч чадна.