Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Би төрөх гээд шүдээ зуун дүлж байсан ч эмч нар орилолдоод л ахиад дүл, дүлээч ээ, хүүхэд чинь бүтлээ, дүлээдхээч, миний охин ахиад ганц л хүчтэй дүл гээд л байсан. Сульдаж унатлаа дүлсэн. Тэгсэн эх баригч "заза хүүхэд бүтэх нээ, хайч аваад ир...хярзанг чинь хайчиллаа шүү хүүхэд чинь бүтлээ" гээд доод хэсгийг хайчилсан. Удалгүй хүүхэд уйлах сонсогдоод эмч 3900 гр охин байна гэж хэлсэн дээ.
Хэдхэн оёдол л тавиулсан. Тэгэхдээ оёдол тавихдаа огт мэдээ алдуулалт хийдэггүй юм билээ. Арьс махан завсар зүү утас гүйж байгаа нь час час гээд мэдэгддэг юм билээ. Би жирэмсэн болоод 14 кг жин нэмсэн Хөх сүү эвлээд асгардаг учраас хувцаснууд маань үргэлж толботой явах болсон. Үс туг тугаараа унаж хуйх нь гялайдаг болсон. Өмнө нь хэзээ ч хорхойтож байгаагүй шүднүүд бүгд цоорч үүдэн шүд хүртэл хорхойтсон. Шөнө бүтэн нойртой хонох гэдгийг мартсан.
Тэгэхдээ юу гээч… Миний амьдралдаа хийсэн хамгийн сайхан, зөв, хэзээ ч харамсахгүй үйлдэл бол төрөлт. Миний охин бол Гайхамшиг. Хэцүү байсан ч охиноо хараад сэтгэл тэнийж, хамаг ядаргаа гардаг. Хэсэгхэн унтах төдийд нь санаж зургийг нь үзэж, сэрэхийг нь хүлээдэг. Би ээж болсондоо хязгааргүй их баярлаж бахархдаг. Төрөх эмнэлэгт хагалгаагаар төрөөд томоос том оёдолтой хэрнээ бөгтийж, атийгаад ч хамаагүй хүүхдээ хөхүүлж, тэвэрч холхих ээжүүд байдаг. Хөхний толгой нь хагараад цус гоожиж байхад хүүхдээ хөхүүлээд уйлаад суудаг ээжүүд байдаг. Олон сар тээсэн үрээ алдаад ухаанаа алдсан ээжүүд ч байдаг. Тэд бүгд энэ бүхнийг даваад гардаг.
Эмэгтэй хүн төрөхдөө эрэгтэй хүний төмсгийг тасралтгүй 40 удаа цохих, 57 яс зэрэг хугарахтай ижил хэмжээний өвдөлт мэдэрдэг. Тэгсэн ч тэсдэг, тэссээр ч ирсэн. Ийм аугаа хүмүүсийг төрсний дараа хямралд ороод уйлах төдийд л ямар эмзэг юм, хүний гаргадаггүй юм гаргаа юу, төрдөггүй хүн төрсөн биш, гайгүй ш дээ юухан байхав дүлээд л гаргана, би эмэгтэй байсан бол хэд л бол хэд төрнө гэж хэлэх үнэхээр бүдүүлэг хэрэг гэж боддог. Бүхэл бүтэн хүн ургуулсан биеийг гоочилж голж шилдэг эрэгтэйчүүдийг үзэн яддаг. Хүүхэд бүрэлдэхээс төрөх хүртэлх асар их бартаа, үе шатыг даван туулж өөрөөр нь овоглон нэрийг нь залгахаар ирсэн үрээ нууж хааж өөр хүүхэн рүү шүлэнгэтдэг залуусаас ичдэг. Ийм их золиос гаргасан эмэгтэйг, эхнэрээ хүндэлж, өрөвддөггүй нөхрүүдийг гайхдаг.
Урд өмнө нэг ч удаа харж байгаагүй хүүхэд чинь бүтэх гээд байна эрхтэнг чинь хайчиллаа гэвэл хэдэн эрэгтэй зөвшөөрөх вэ? Энэ 10 кг ачааг 10 сарын турш биеэсээ огт салгалгүй авч яв гэвэл хэн чадах вэ? Зогсоо зайгүй эмзэг газар луу чинь цохиж, 50 гаруй яс чинь хугарч байхад зүрхний бичлэг залгаж байна огт хөдлөхгүй шүү гээд 30 минутаар цаг болгон хэвтүүлбэл яах вэ? Үнэхээр төсөөлөхөд бэрх байгаа биз.
Дэлхий ертөнц яаж ч хувьссан бай, яаж ч хөгжсөн бай чиний үр удмыг бүтээж өгөх техник технологи гэж хараахан гарахгүй л болов уу!!! Тиймээс эмэгтэй хүн бол гайхамшиг юм. Ээжийгээ, эхнэрээ, эмэгтэй дүүгээ хүндлээрэй. Хайрлаарай! Чадахгүй бол өөрийн эсүүдээ өөрөө хариуцаж хариуцлагатай байгаарай. Баярлалаа. Агуу шүү ээжүүд минь.