1
"Газпром" компани "Хойд урсгал"-ын хоолойг 3 хоног хаана
ОХУ-ын төрийн мэдлийн эрчим хүчний компани энэ сарын сүүлчээс эхлэн Герман руу чиглэсэн байгалийн хийн хоолойг засвар үйлчилгээ хийхийн тулд гурван өдрийн турш хаана гэж мэдэгдлээ. Хойд урсгалаар дамжуулан байгалийн хий нийлүүлэхээ наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 2-ныг хүртэл зогсооно гэж "Газпром" баасан гарагт мэдэгдэв.
Жил бүр засвар үйлчилгээ хийдэг гэсэн шалтгаанаар "Газпром" долоодугаар сард хоолойгоор нийлүүлэхээ зогсоосон. Үүний дараа пүүс хоолойг нээсэн боловч хүргэлт нь анхны түвшнийг бодвол 20 орчим хувьтай хэвээр байна.
2
Хятад улс дэлхийд анхны агаараар явдаг соронзон галт тэрэг туршиж байна
Соронзон зам дээр явдаг галт тэргийг ерөнхийд нь “maglev” (magnetic levitation) гэж нэрлэдэг. Уламжлалт “maglev” нь цахилгаан гүйдлээр соронзлогдсон зам дээр явдаг юм.
Харин Хятадад туршиж байгаа галт тэрэг нь агаарт татсан замаас дүүжлэгдэж явдгаараа онцлог. Бас цахилгаан огт хэрэглэхгүй, тогтмол соронз ашиглаж явдгаараа давуу талтай юм.
3
Дэлхий даяар 274 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай болох төлөвтэй байна
Дэлхийн хэмжээнд энэ онд ойролцоогоор 274 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай болох төлөвтэй байна гэж НҮБ-аас дэлхийн хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан гаргасан тайланд цохон тэмдэглэжээ.
НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн албаны “Дэлхийн хүмүүнлэгийн тойм-2022” тайланд дурдсанаар 2022 онд 274 сая хүнд хүмүүнлэгийн тусламж, хамгаалал шаардагдана. Мөн энэ нь 2021 онд 235 сая байсантай харьцуулахад эрс өссөн үзүүлэлт болохыг онцлоод Орос-Украины дайн ийнхүү өсөхөд нөлөөлж байгааг тэмдэглэсэн байна.
4
Ким Ё Жон БНСУ-ын Ерөнхийлөгчийн саналд татгалзсан хариу өгчээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ё Жон улс орныг нь цөмийн зэвсгээс ангижирсны хариуд эдийн засгийн тусламж үзүүлэх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын саналд татгалзсан хариу өгчээ.
БНАСАУ-ын эрх баригч намын “Rodong Sinmun” сонины баасан гаргийн дугаарт Юн Сок Ёлын БНАСАУ-ын талаар баримтлах бодлоготой холбогдуулан Ким Ё Жоны хэлсэн үгийг нийтэлсэн байна.
5
Оросын дарвуулт завийг дуудлагаар худалдана
Оросын тэрбумтан Дмитриевич Пумпянскийн эзэмшиж байсан супер дарвуулт онгоцыг дуудлагаар худалдах болжээ. Уг дарвуулт онгоц нь 75 сая ам.долларын үнэтэй юм. АНУ-ын “JP Morgan” банк Дмитриевич Пумпянскийг 20 сая ам.долларын зээлээ төлөөгүй гэж мэдэгдсэний дараа Аксиома нэртэй дарвуулт завийг нь хурааж авсан аж.
6
“Бүс ба зам” санаачилгыг өрийн урхи гэснийг үгүйсгэв
Хятад улс “Бүс ба зам” санаачилгын хүрээнд 149 оронд нэг их наяд ам.доллар зарцуулсан. Уг санаачилгыг АНУ өрийн урхи гэж нэрийдэн буруутгасан хэдий ч Хятад үгүйсгээд буй. Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр долоодугаар сарын 4-ний байдлаар 149 орон, 32 олон улсын байгууллагатай 3000 төсөл хэрэгжүүлж байна. “Бүс ба зам” санаачилга нь өдгөө ес дэх жилдээ хэрэгжиж байна. Санаачилгыг ихэвчлэн төрийн дэмжлэгтэй томоохон аж ахуйн нэгжүүдээр дамжуулан зам, нисэх буудал, далайн боомт болон бусад дэд бүтцэд зарцуулдаг. Уг төсөл нь Африк, АНУ-аас өмнө Ази болон Европ тивд хэрэгжсэн. Гэвч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен эл санаачилгыг өрийн урхи гэж буруутгажээ.
Харин Хятад улс “Бүс ба зам” санаачилгыг өөрөөр тайлбарлажээ. Тэдний жинхэнэ зорилго нь "Хятад болон хөгжиж буй бусад орны хоорондын үл ойлголцол, хамтын ажиллагааны саад тотгорыг арилгах явдал" гэж Гадаад хэргийн яам мэдэгдлээ.
7
Путин шинжээчдийг цөмийн станцад зочлохыг зөвшөөрөв
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины нутагт байх Москвад эзлэгдсэн Запорожье цөмийн станцад бие даасан байцаагчдын баг очих боломжтой гэж тохиролцов. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны ажлын алба баасан гарагт мэдээлснээр Путинд тус бүс нутагт тулалдах нь “сүйрэл” авчирч болзошгүйг анхааруулсны дараа Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA) шалгалт явуулах хүсэлтийг дахин харгалзан үзэхээр болсон гэв. Путин “IAEA”-гийн багийнхныг ОХУ-аар дамжин Украины газар дээр нь очихыг шаардсан гэдгээ мэдэгдэв.
8
Далайн түвшин багасаж, живсэн хөлөг онгоцнууд харагдах болжээ
Европт сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн том ган гачиг болж, Дунай мөрний урсац доод түвшинд хүрчээ. Ингэснээр Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Сербийн Прахово голын боомт хотын ойролцоо живсэн Германы олон арван тэсрэх бөмбөг ачсан байлдааны хөлгүүд ил болов.
Эдгээр хөлөг онгоцнууд 1944 онд нацист Германы Зөвлөлтийн цэргээс ухарч байхдаа Дунай мөрний эрэг дагуу сүйрсэн аж. Ган гачгаас болж усны түвшин багасаж, эдгээр хөлөг онгоцнууд урсгал чөлөөтэй нэвтрэхэд саад учруулж байна.
9
Францын Еерөнхийлөгч Путинг шүүмжлэх нь олшров
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон баасан гарагт Владимир Путинтай утсаар ярьсан. Үүнээсээ хэдхэн цагийн дараа тэрбээр Оросын удирдагчийг Украины эсрэг эзэрхэг түрэмгий, олон улсын хуулийг зөрчсөн харгис халдлага үйлдсэн гэв.
10
Герман, АНУ-ын эрх баригчид Навальныйгийн зоригийг сайшаажээ
Оросын сөрөг хүчний зүтгэлтэн Алексей Навальныйг хордуулсан халдлагын хоёр жилийн ой тохиож байна. Үүнийг тохиолдуулан Герман, АНУ-ын эрх баригчид Навальныйг дурсаж, түүний зоримог шийдэмгий байдлыг сайшаажээ.