Мал эмнэлэгт цонхноос үсэрсэн 132 муурыг авчирсан байна. Тэдний 17-г эмчлэх мөнгөгүйн улмаас эзэд нь эмчилгээ хийлгэхээс татгалзсан бол гурав нь эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа, найм нь маргааш нь үхжээ. Үлдсэн 104 нь амьд гарч чадсанаар тэдний 90% нь уг аюулыг даван гарч байсан юм.
Тэдгээрийн 37 хувьд эрчимт эмчилгээ шаардлагатай байсан бол 30 хувийг нь эрүүл гэсэн үндэслэлээр гэрт нь буцаасан байна. Унасан мууруудын дундаж нас гурав байжээ.
Эмнэлэгт хүргэгдсэн сахилгагүй амьтдын ихэнх нь дөрөвдүгээр давхраас унасан ба хамгийн дээд давхрын тоо нь 32-р давхар байсан нь сонирхолтой. Хэрэв ийм өндрөөс хүн унавал амьд үлдэх боломжгүй шүү дээ. Харин муур амьд үлддэг боловч цаашдаа тэднийг хэр удаан амьдарсан тухай мэдээлэл байдаггүй.
Статистикийн харуулсан өөр чухал зүйл нь барилгын өндөр мууруудад хамаагүй байдаг ажээ. Хачирхалтай нь муур өндрөөс унах тусмаа амьд үлдэх магадлал нь ихэсдэг гэсэн үр дүн гарав.
Малын эмч нар физикчдэд хандах ёстой болов. Тэд хэрхэн унах хурдыг хэмжиж, хэдэн муур гэмтсэнийг мэдэхгүй ч физикчид нэгэн дуугаар "муур ямар ч өндрөөс унасан, чөлөөт уналтын хурд нь 100 км/цагаас хэтрэхгүй" гэсэн хариу өгчээ. Жижиг амьтдын биеийн жин агаарын эсэргүүцэлтэй тэнцүү үед ийм хурдтай унадаг аж. Тэд 5-аас, бүр 200-р давхраас ч хамгийн ихдээ 100 км/цаг хурдаар доош унах болно.
Хоёрдугаарт, өндөр биш харин газарт дөхөх хугацаа чухал. Хүүхдийн гараас унасан муур амархан гэмтэж бэртэх бол 10 давхраас унасан харьцангуй бага гэмтэх тохиолдол бий.
Яагаад гэж үү?
Унахдаа тэд хөлөө дэлгэж, өөрсдөдөө шүхрийн эффект үүсгэдэг. Унах явцад илүү хугацаа өнгөрөх тусам муур цочирдохоо больж, аажимдаа рефлексээрээ хөлөө илүү өргөн дэлгэж өөрийгөө хамгаалдаг байна.
Мөн муурын уян хатан нуруу, газардахдаа биеэ эргүүлж хойд хөлөө ашиглах чадвар нь тэдэнд амьд үлдэхэд тусалдаг ажээ.
Аливаа дүрэмд үл хамаарах зүйл байдаг! Муур бол амьд амьтан гэдгийг битгий мартаарай. Тэд амьд үлдэж чаддаг тухай дээрх судалгааг хүргэсэн ч өвчин, зовуурь мэдрэхгүй гэсэн утга илэрхийлээгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Бяцхан амьтдаа болзошгүй аюулаас хамгаалж, өндөр барилгуудын цонх, тагт, агааржуулалтын нүхийг тороор таглах нь зүйтэй.