1
Япон улс ажлын дөрвөн өдөртэй болохоор туршиж байна
Япон улсад ажлын 4 өдөрт шилжиж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн тоо өссөөр байна. Хамгийн сүүлд тус улсын цахилгаан бараа үйлдвэрлэгч Панасоник компани ажлын 4 өдөрт шилжжээ.
Өнгөрсөн 2021 онд Японы засгийн газар ажлын 4 өдөрт шилжихэд хувийн хэвшлийнхэнд дэмжлэг үзүүлэх тухай бодлогын баримт бичгийг баталж байжээ. Өнгөрсөн оны байдлаар Японы 8000 аж ахуй нэгжүүдийн дунд явуулсан судалгаагаар 8,5 хувь нь ажлын 4 өдөрт шилжсэн тухай хөдөлмөрийн яамнаас гарсан тайланд дурджээ.
2
Өмнөд Солонгос улс хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний татварыг цуцаллаа
Ази тивийн хэмжээнд эдийн засгаараа 4т эрэмбэлэгддэг Өмнөд Солонгос улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах нэмэлт арга хэмжээ авч байгаагаа зарлалаа. Тус улсад, инфляцын түвшин сүүлийн 24 жилийн хугацаанд анх удаа 6 хувийг давж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсжээ. Өмнөд Солонгосын засгийн газар, инфляцын дарамтыг бууруулахын тулд түүхэндээ хамгийн өндөр дүнтэй нэмэлт төсвийг өнгөрсөн сард баталсан юм.
3
Герман улс хийн хямрал үүсэхээс сэргийлж, хэмнэлтийн горимд шилжив
Герман улсын Хановер хотын захиргаа, хийн хямрал үүсэхээс сэргийлж, олон нийтийн барилга байгууламжид халуун ус хэрэглэхийг хориглолоо. Тухайлбал төрийн байгууллагууд, биеийн тамирын заал, усан бассейн зэрэг халуун усны хэрэгцээ өндөр байгууламжуудад халаалтаа зогсоосон Германы анхны хот болж байна.
Үүний зэрэгцээ Хановер хотын захиргаа, байшин барилгуудын гадна талын гэрэлтүүлэг, усан оргилуур зэрэг тог, цахилгаан их хэмжээгээр зарцуулдаг хүний хэрэгцээнд шаардлага багатай гэж үзэж байгаа бүхий л зүйлсийн хувьд хязгаарлалт тогтоох гэнэ.
4
Пелоси Азид айлчлах ч Тайваньд очих эсэх нь тодорхойгүй байна
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Ази тивийн орнуудаар айлчлал хийхээр төлөвлөж байгаа ч Тайваньд хийх айлчлалын талаар маргаантай хэвээр байна.
Түүний айлчлал баасан гарагт эхэлсэн бөгөөд Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудад очихоор төлөвлөжээ. NBC телевиз пүрэв гарагийн үдээс хойш түүний аяллын хөтөлбөрт Тайванийг "урьдчилсан" жагсаалтад оруулсан гэж эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
5
Нью-Йорк мужид сармагчны цэцэг өвчний улмаас онц байдал зарлалаа
АНУ-ын Нью-Йорк мужид сармагчны цэцэг өвчний вирус хурдацтай тархаж байгаатай холбогдуулан тус мужийн амбан захирагч онц байдал зарлалаа. Мөн энэхүү өвчний дэгдэлтийг зогсоох арга хэмжээг нэмэгдүүлэхийг уриаллаа. Энэ нь эрүүл мэндийн ажилтнуудад Нью-Йоркийн олон иргэдийг вакцинжуулах нэмэлт арга хэмжээ авах боломжийг олгоно гэж Хокул твиттер хуудсандаа бичжээ.
Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр баасан гарагийн байдлаар АНУ-д 5,189 тохиолдол батлагджээ. Тус улсын засгийн газар сармагчны цэцэг өвчний эсрэг 340 мянган тун вакциныг мужийн эрх баригчдад тараасан байна.
6
ОХУ, Саудын Араб нефтийн нийлүүлэлтийг тогтвортой байлгахаар тохиролцлоо
"ОХУ, Саудын Араб дэлхийн нефтийн зах зээлд тогтвортой байдлыг хадгалах үүрэг хүлээсэн хэвээр байхаар тохиролцсон" гэж Оросын засгийн газраас мэдэгдлээ.
Тодруулбал ОХУ-ын шадар сайд Александр Новак баасан гарагт Саудын Арабт айлчилж тус улсын Эрчим хүчний сайд хунтайж Абдулазиз бен Салман Аль Саудтай хэлэлцээ хийлээ. Энэ айлчлал 8 дугаар сарын 3-нд болох ОПЕК ба газрын тос олборлогч томоохон орнуудын уулзалтын өмнө болж байна.
7
Японы компаниуд үнийн өсөлттэй уялдуулж цалингаа нэмж байна
Япон улсын засгийн газар, үнийн өсөлт, инфляцын дарамтын эсрэг хариу арга хэмжээ авсаар байна. Тухайлбал аж ахуйн нэгж байгууллагуудыг цалингийн хэмжээгээ үнийн өсөлттэй уялдуулан нэмэхийг уриалсан байна. Ингэснээр Япон улсын эдийн засаг буурах, зогсонги байдалд орохоос сэргийлэх боломжтой гэж Токио үзжээ.
Дэлхийд эдийн засгаараа 3-т эрэмбэлэгддэг Япон улсад хэрэглээний суурь инфляц сүүлийн 3 сар дараалан төв банкны зорилтот 2 хувийн түвшнээс давсан хэвээр байна. Өнгөрсөн 6 дугаар сард тус улсын инфляц 2,2 хувьтай гарсан ч, үнийн өсөлт түр зуурынх байх төлөвтэй байгааг Японы төв банкны шинжээчид харж таамаглаж байна.
8
АНУ галт зэвсгийн тухай хуулиа чангатгав
АНУ галт зэвсгийн тухай хуулиа чангатгаж, хагас автомат төрлийн зэвсгийн хоригийг сэргээх тухай хуулийн төслийг олонхын саналаар баталлаа.
18 дугаар зуунд Америкийн үндсэн хуульд 2 дахь удаагаа нэмэлт өөрчлөлт орох үед тус улсын иргэд галт зэвсэг ашиглах, эзэмших эрхтэй болж байжээ. BBC агентлагаас гаргасан судалгаанаас харахад АНУ-ын 100 иргэн тутамд 120 галт зэвсэг ногдож байна.
9
Хар тэнгисийн боомтоос үр тариа тээвэрлэсэн онгоцны эхний цуваа хөдлөхөөр бэлтгэж байна
Өнгөрсөн 7 хоногт НҮБ болон Туркийн дэмжлэг зуучлалын хүрээнд ОХУ болон Украин хар тэнгист гацсан үр тариаг аюулгүй коридороор тээвэрлэж, дэлхийн зах зээлд гаргах тохиролцоонд хүрсэн. Энэ тохиролцооны дагуу удахгүй Хар тэнгисийн Одесса боомтоос үр тариа тээвэрлэсэн хөлөг онгоцны эхний цуваа хөдлөх төлөвтэй байна. Одоо НҮБ болон ОХУ-ын талаас хөлөг онгоц хөдлөх зөвшөөрөл өгөхийг хүлээж байгаа юм.
Үндсэндээ Украины хямрал эхэлсэн цагаас хойш анх удаа Хар тэнгисийн боомтоор үр тариа тээвэрлэсэн хөлөг онгоцны цуваа хөдлөх гэж байна. Өчигдөр Украины Ерөнхийлөгч Зеленский хар тэнгисийн боомтод очиж нөхцөл байдалтай танилцжээ. Украины дэд бүтцийн сайд Александр Кубраков Хар тэнгисээс Босфорын хоолойгоор дамжин гарах хөлөг онгоцны маршрутын зөвшөөрлийг НҮБ-ээс хүлээж байна гэж мэдэгджээ.
10
БНХАУ Тайванийн ойролцоо цэргийн сургуулилалт хийжээ
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосид Тайваньд айлчлах төлөвлөгөөгөө цуцлахыг сануулсны дараа Хятад улс Тайванийн эсрэг талын эргийн ойролцоо цэргийн сургуулилт хийсэн гэж албан ёсны Синьхуа агентлаг мэдээллээ.
Тодруулбал Хятадын Ардын чөлөөлөх арми бямба гарагийн өглөөний 8:00-21:00 цагийн хооронд Фужиан мужийн ойролцоох Пинтан арлуудын ойролцоо “галын сургуулилт” хийсэн гэж албан ёсны Синьхуа агентлаг мэдээллээ. Мөн далайн аюулгүй байдлын алба хөлөг онгоцнуудыг бүсээс зайлсхийхийг анхааруулсан байна. Ийм төрлийн сургуулилт нь ихэвчлэн их буу ашигладаг.