1
Тос болон бусад арьс арчилгааны бүтээгдэхүүн
Гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүнээ бид ихэнхдээ угаалгын өрөөнд хадгалдаг. Угаалгын өрөө бидний мэдэхээр гэрэлтэй, чийглэг, бас халуун байдаг. Гэтэл гоо сайхны бүтээгдэхүүнийг нарны тусгалаас хол, хуурай, сэрүүн газар хадгалах заавартай байдаг гэнэ. Жишээлбэл өрөөний шүүгээ. Хэрвээ таны гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад байгалийн гаралтай бүтээгдэхүүн эсвэл биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүд орсон байвал хөргөгчид хадгалсан нь дээр.
Үүнээс гадна хавангийн эсрэг гелийг хөргөгчид хадгалах нь илүү үр дүнтэй. Хүйтэн байдал судсыг нарийсгадаг учир хаван хурдан буудаг байна.
2
Нүүр будалтын бүтээгдэхүүн
Ихэнх бүсгүйчүүд сормуусны будаг, энгэсэг, уруулын будгаа тосны хамтаар угаалгын өрөөндөө хадгалдаг. Ийнхүү угаалгын өрөөнд хадгалах нь нүүр будалтын бүтээгдэхүүнд их хэмжээний нян хуримтлагдахад нөлөөлдөг бөгөөд зарим нь эрүүл мэндэд хортой байх ч магадлалтай.
Сормуусны будаг болон контурыг сэрүүн хуурай газар хадгалах хэрэгтэй. Гэхдээ энэ тохиолдолд хөргөгч тохиромжгүй. Нүдэнд үл үзэгдэх нүдний өвчлөл үүсгэх магадлалтай нян саван дотор орох магадлалтай. Хуурай, нунтаг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг чийглэг болон дулаан газраас нэн даруй холдуулаарай. Эдгээр бүх бүтээгдэхүүнийг өрөөнийхөө шүүгээнд хадгалахад болно. Харин уруулын будгийг хөргөгчид хадгалах нь тохиромжтой хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна.
3
Хумсны будаг
Нар болон дулааны нөлөөлөлд автсан хумсны будгийн будагч пигментүүд хайлж, чийглэг ихтэй байсны улмаас хууларч эхэлдэг. Тиймээс цонхны тавцан, угаалгын өрөөнд хумсны будаг хадгалах шууд хориотой. Харин гоо сайхны салонуудын адилаар өрөөндөө шүүгээнд хадгалах нь зүйтэй. Хэрвээ хумсны будгийнхаа өнгийг илүү удаан хадгалахыг хүсэж байвал хөргөгчид хадгалж болно.
4
Нүүр будалтын багс, паралон
Дусал хэлбэртэй кремний паралон бүсгүйчүүдийн өргөн хэрэглээний зүйлсийн нэг. Крем тараах, угааж цэвэрлэхэд маш хялбар байдаг. Бусад бүтээгдэхүүний адилаар угаалгын өрөөнд хадгалах нь элбэг. Гэтэл нүүрний багсны адилаар чийглэг орчинд паралон дээр их хэмжээний нян, хөгз хуримтлагдана. Гоо сайхны бүхий л багаж хэрэгслийг хуурай, агааржуулалт сайтай орчинд хадгалах хэрэгтэй юм.
5
Үнэртэй ус
Үнэртэй усны чанарыг алдагдуулахгүйн тулд хөргөгчид хадгалж болох тал дээр мэргэжилтнүүд маргасан байна. Эцэст нь "eau de toilet" болон "cologne"-ийг л хөргөгчид хадгалах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Учир нь эдгээр бүтээгдэхүүнд спирт их харин эфирийн тос бага байдаг учир бага даралтаас айдаггүй. "Eau de parfume"-ийн хувьд эфирийн тос ихтэй байдаг учир хөргөгчид хадгалсны дараа та үнэрийг нь бараг л танихгүй. Тиймээс шүүгээнд л хадгалах хэрэгтэй болох нь ээ.
6
Ариун цэврийн хэрэглэл, тампон
Бүсгүйчүүд ариун цэврийн хэрэглэлийг ихэвчлэн угаалгын өрөөндөө хадгалдаг. Гэтэл угаалгын өрөөнд буй ариун цэврийн хэрэглэл чийгийг өөртөө шингээж, нян хуримтлагдах таатай нөхцөл бүрддэг байна. Ариун цэврийн хэрэглэлийг шүүгээ, хаалттай хайрцагт хадгалах боломжтой. Бусад газар төдийлөн тохиромжтой биш гэдгийг санаарай.
7
Торгон эдлэл
Хэрвээ та торгон цамц эсвэл алчуураа хувцасны шүүгээнийхээ буланд хадгалдаг бол таны нандин хувцсыг мойл зооглож байгаа болов уу. Торгон хувцсыг мойлноос хамгаалахын тулд шүүгээнд хийхийнхээ өмнө маш сайн угаах хэрэгтэй. Учир нь мойл арьсны үлдэгдэл, хөлсний толбонд ихээр наалдана.
Харин удаан хугацааны туршид хадгалах гэж байгаа бол цаасан уутанд хийгээд хааяа нэг гаргаж, сэгсрэх эсвэл угаах хэрэгтэй. Үүнээс гадна мойлноос хамгаалах бодисыг уут бүрд хийж тавиарай.
8
Хөхний даруулга
Бүсгүйчүүд хөхний даруулгаа голоор нь нугалж бусад дотуур хувцасны хамт хадгалдаг. Энэ нь бүдүүлэг харагдахаас гадна хөхний даруулга хэлбэрээ алдах, сунах гэх мэт сөрөг үр дагавартай юм. Үүнээс гадна өлгүүр дээр хавчаараар өлгөх ч хэрэггүй.
Хэрвээ зай байхгүй бол дээр дээрээс нь давхарлаж болно. Хамгийн гол нь аяга нь тэгш байх хэрэгтэй.
9
Урт түрийтэй гутал
Бид гутал дотроо сонин хийж, урд талын хэсгийг нь гэмтэхээс хамгаалдаг ч түрийг нь мартаж орхидог. Үүний үр дүнд түрий нь хугарсан, нугарсан гутал гарч ирнэ. Тиймээс зөвхөн гутлынхаа урд хэсэгт төдийгүй, түрийнд нь ч гэсэн цаас чихэх, ямар нэг юмаар дүүргэх хэрэгтэй. Зориулалтын дүүргэгч, сонин сэтгүүл, хуванцар сав гээд бүхий л зүйлийг ашиглаж болно.
10
Эмэгтэй цүнх
Улирлын бус хувцас гутлыг хадгалахдаа хүмүүс анхаарал бага ч болов хандуулдаг бол цүнхийг хувцасны шүүгээндээ хийгээд мартаж орхидог. Ингээд цүнх хэлбэрээ алдаж маш олон тооны сэвтэй болно. Удаан хугацааны турш хадгалсан ч шинэхэн мэт цүнхтэй байхыг хүсвэл цүнхэн дотроо зөөлөн цаас эсвэл бөмбөлөгтэй уут хийгээрэй. Үүнээс гадна арьсыг нь хамгаалж, боох хэрэгтэй. Эцэст нь цүнхэн дотроо амьсгалдаг уутыг хийхэд л хангалттай.
11
Гоёл чимэглэл
Ихэнхдээ бид хүзүүний зүүлтийг өлгөж харин бусад гоёл чимэглэлийг хамтад нь зиплок уутанд хийдэг. Гэтэл үнэн хэрэгтээ бүх гоёл чимэглэл бүгд тусдаа нэг нэг саванд байх хэрэгтэй аж. Энгийн гоёл чимэглэлийг хуванцар уутанд хийж болох ч үнэт чулуу, үнэт эдлэл гэмтэж, өнгөө алдан хэврэг болдог байна. Үүнээс гадна сувдан зүүлтийг өлгөх хэрэггүй.
12
Түлэгддэггүй хайруулын таваг
Түлэгдэж, наалддаггүй давхарга бүхий хайруулын тавгийг төмрөөр угааж болохгүй гэдгийг хүн бүр мэддэг ч шинэхэн угаасан хайруулан тавгаа давхарлаж хураадаг. Үүнээс болж хайруулын таваг дээр сэв үүсэж, түлэгдэлтийн эсрэг давхарга арилж эхэлдэг байна. Тиймээс хайруулын тавгийн завсар бүрдээ цаасан алчуур хийж тавих хэрэгтэй.
13
Шилэн аяга
Гэрийн эзэгтэй нар шилэн аягаа хураахдаа ихэнхдээ доош нь харуулж тавьдаг бөгөөд энэ аргаар аяган дотор их хэмжээний тоос хуримтлагдахаас сэргийлдэг гэнэ. Хэдийгээр энэ нь зөв арга мэт санагдаж байгаа ч доошоо харуулж тавьсан үед шилэн хундаганы ирмэг дээр бүх ачаалал ирж бага багаар хундага цуурч эхэлнэ. Тиймээс дээшээ харуулж хадгалах нь хамгийн тохиромжтой.
14
Угаалгын нунтаг
Угаалгын нунтгийг буруу хадгалах боломжтой гэж үү? Тиймээ. Угаалгын нунтаг үйлдвэрлэгчид хадгалах горимыг бичихдээ хуурай, 25°С хүртэл газар хадгалах хэрэгтэй хэмээн зөвлөдөг. Хэрвээ угаалгын нунтгийг тогтмол угаалгын өрөөнд хадгалах юм бол чийгтэж, чанараа алдана. Тиймээс угаалгын нунтгийг хуурай газар хадгалах эсвэл ус нэвтэрдэггүй саванд хадгалах хэрэгтэй.
15
Зай болон аккумлятор
Зайг 15°С-т хуурай газар хадгалах хэрэгтэй байдаг. Гэтэл бид хүүхэд байхаасаа эхэлж суусан зайг цэнэглэхийн тулд хөлдөөгчид хийх хэрэгтэй гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл энэ хаанаас үүсэлтэй юм бол?
Гэтэл эрт дээр үеийн хуучин никель зайнууд амархан цэнэг нь дуусаж, хөлдөөгчид хийсний дараа илүү сайн ажиллаж байсан аж. Харин орчин үеийн литион бүхий зайнууд нь өрөөний температурт илүү сайн ажиллаж, хэт хүйтэнд эсвэл хэт халуунд чанараа алддаг байна. Тиймээс шүүгээнд хадгалах хамгийн тохиромжтой.