2002 оны өвлийн адаг сард Ванкуверийн цагдаа нар маш их ажилтай байжээ. Хотын гэмт хэргийн тоо ихээр өсөж дээрэм, хулгай гэх мэт хэргүүд гарахаас гадна биеэ үнэлэгчид ор сураггүй алга болж байв. Ингээд цагдаа нарт эргүүлээ маш анхааралтай хийхийг үүрэг болгосон аж. Энэхүү өвлийн нэгэн үдэш эргүүлийн цагдаа нар Ванкувераас зүүн тийш 35 км-т байрлах Роберт Уильям Пиктоны гахайн фермийг шалгаж үзэхээр шийдсэн байна. 10 га газрыг эзлэх энэхүү ферм хотдоо хамгийн чимээгүй газарт тооцогддог байжээ. Ферм дотор байрлах "Piggy’s Palace" уушийн газар энэхүү хэсгийг дуу чимээтэй болгож байсан аж.
"Piggy’s Palace" уушийн газарт ихэнхдээ байкерууд, гудамжны архичид, гэр оронгүй хүмүүс ихээр ордог байсан учир цагдаа нар оршин суугчдын хааяахан хэрэглэх дуртай бүртгэгдээгүй галт зэвсгийг илрүүлэх зорилготойгоор шалгалт хийжээ. Ийнхүү шалгалт хийх явцад тэд хэд хэдэн зэвсэг олж илрүүлээд уушийн газраас гарах гэж байсан боловч цагдаа нарын нэг нь уушгины багтраа өвчинд хэрэглэдэг эзнийхэн нэр нь бичээтэй цоо шинэ шавартай цацлагыг олсон байна.
Роберт Уильям Пинктон өөрийн ферм дотроо
Өвлийн адаг сар байсан учир бараг цасгүй байсан нь энэхүү эд мөрийн баримтыг олоход нөлөөлсөн байж болох юм. Сэжиг бүхий баримтыг цагдаагийн байгууллагынхан сайн гэгч нь ажигласны үндсэн дээр хохирогч энэхүү газар өөрийн хүсэлтээр ирээгүй болов уу гэж таамагласан байна. Харин фермийн эзэн цацлага хэрхэн түүний фермд орсон болох талаар мэдэхгүй гэдгээ хэлжээ. Роберт болон түүний ахыг биеэ үнэлэгчдийн алга болсон хэрэгтэй аль хэдийн холбож, мэдүүлэг авч байсан учир цагдаа нарт өөр хэлэх зүйл олдсонгүй.
Цагдаагийн офицер цацлагыг хаях гэж байсан боловч тухайн цацлага дээр байгаа хүний нэр түүнд нэг л танил санагдаж байгааг ойлгосон бөгөөд мэдээллийн сандаа шалгаж үзэхэд цацлага алга болсон бүсгүйчүүдийн нэгнийх болох нь тогтоогдсон байна. Энэ удаад цагдаа нарын нэгжлэг амжилттай болж, тэд фермийн эзэн Боб Пиктоныг баривчилжээ. Харин дараа нь тэд цагдаагийн нохойн тусламжтайгаар фермд бүрэн нэгжлэг хийж, шавар болон гахайн ялгадас дундаас олон арван бүсгүйчүүдийн идэгдсэн цогцсыг олж илрүүлсэн аж.
Хохирогчийн цацлага
Үүнээс гадна гахайн махтай цуг хөргөгчид олон тооны хүний биеийн хэсгүүд байжээ. Хүний цус хаа сайгүй байсан бөгөөд бүр махны машин дотор хүртэл байсан гэнэ. Нийтдээ 30 орчим эмэгтэйн цогцос болон биеийн хэсгүүдийг цагдаа нар нэгжлэгээр олж илрүүлсэн байна. Сэтгүүлчид тэр даруй мэдээллийг олон нийтэд ил болгож түүнийг Хойд Америкийн хамгийн зэрлэг, цуст алуурчин хэмээн зарласан аж.
Пинктоны ферм доторх нэгжлэг
Алга болсон биеэ үнэлэгчдийн хэрэг дээр ажиллаж байсан ванкуверийн цагдаа нарын нэг нь Лорейн Шенхер гэх бүсгүй юм. Тэрээр 27 насандаа цагдаагийн байгууллагад ажиллахаар ирсэн бөгөөд өөрөө “хэргийн газар” ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Өндөр, хүчтэй бүсгүй тэр даруй бүх хүчээ дайчлан ажиллах болсон гэнэ.
Лорейн эргүүлийн цагдаа хийж байх үедээ биеэ үнэлэгчидтэй багагүй нүүр тулдаг байсан бөгөөд бусад хүмүүс биеэ үнэлэгчдийг өөрсдийн буруугаас болж энэ ажлыг хийж байна гэж үздэг байсан бол Лорейн тэднийг ойлгож, өрөвддөг байжээ. Бүсгүй ядуу орчинд амьдрах ямар байхыг өөрийн биеэр мэдэрсэн. Нэгэн удаа Лорейныг хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн хүн хутгалах гэж оролдож, мөн нутгийн гангстерууд түүнд буу тулгаж хулгайлах оролдлогыг хийж байсан гэнэ. Өөрөөр хэлбэл Шенхер энэ амьдралыг өөрөө даван туулсан учир тэр ядуусын хороололд өрнөх хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийг үзэн яддаг байжээ.
Пинктоны ферм дотор буй цагдаа
Эхний биеэ үнэлэгчид Лорейн Шенхерийг хүйсээ солиулах гээд эзгүй байх үед алга болсон гэнэ. Хэд хэдэн дааврын эмчилгээ хийсний дараа цагдаагийн байгууллагад хүн бүрийн таних Лорейн бус харин Лоример Шенхер эргэн иржээ. Тэрээр нэн даруй алга болсон бүсгүйчүүдийг хайх багийн ахлагчаар томилогдож, ажлаа эхлүүлсэн байна. Шенхер 1998 оны 7-р сард эрэгтэй хүн болсон бөгөөд Лоримерийг дахин ажлаа эхлүүлэх үед аль хэдийн 17 биеэ үнэлэгч эмэгтэй сураггүй алга болсон байжээ. Гэхдээ тэднийг эрэн хайх ажиллагаа тийм ч идэвхитэй байгаагүй бөгөөд сэтгүүлчдийн асуултанд цагдаагийн байгууллагынхан “Эрэн хайх үйл ажиллагаа үргэлжилж байгаа ч, тэд хаа нэгтээ зугаалж байгаад удахгүй өөрсдөө ирэх биз” хэмээн хариулж байсан гэнэ. Энэ үед л Ванкуверт ямар нэгэн гаж донтон байгаа болов уу гэсэн таамаг аль хэдийн гарсан байсан ч хэн ч түрүүлж алхам хийхийг хүсээгүй юм.
Шенхер хүйсээ солиулахын өмнө болон дараа
Лоример Шенхер энэ хэрэгт маш нухацтай хандсан байна. Түүнийг ажил үүргээ хүлээж авахад хар тамхинд донтогч Сара де Врис хамгийн сүүлд алга болсон хэмээн бүртгэгджээ. Тэрээр өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан бөгөөд өдрийн тэмдэглэлдээ “Тэр намайг мөрдөж байгаа болов уу? Тэр өөрийн хохирогчдыг хэрхэн сонгодог бол? Хэрвээ би энэ талаар мэдэж байсан бол хэзээ ч түүний гарт орохгүй байсан” хэмээн бүсгүй 1995 онд буюу сураггүй алга болохынхоо 3 жилийн өмнө бичиж байжээ. Сарагийн цогцос олдоогүй учир цагдаа нар Пинктон түүнийг машиндаж, гахайгаа хооллосон байх магадлалтай гэж үзсэн байна. Шенхерийг сураггүй алга бологсдыг хайх багийн ахлахаар тавьснаас хойш 2 хоногийн дараа энэ хэрэг дахин газар авчээ. Түүн рүү үл таних нэгэн залгаж гахайн фирмийн эзэн Пинктон руу анхаарал хандуулаарай хэмээн хэлсэн байна. Согтуу фермер түүнд хандаж, ямар ч цогцсыг миний махны машин ор үндэсгүй машиндаж чадна гэж хэлж байжээ. Үүнээс гадна Робертын ферм дээр бүсгүйчүүдийн хувцас харсан болохоо ч хэлсэн аж.
Алга болсон биеэ үнэлэгчдийн зураг, Ванкуверийн цагдаагийн байгууллагын архиваас
Лоример Пинктоныг баривчлах гэж яараагүй бөгөөд харин гахайн фермийн эзний талаар судалгаа хийсэн байна. Гэтэл биеэ үнэлэгчдийн нэг нь Пинктоныг түүнийг хүчээр гахайн фермд хорьсон талаар мэдүүлгийг өгч байжээ. Үүнээс гадна хутга хэрэглэж зодолдсон талаар мэдүүлэг ч байсан гэнэ. Гэвч бүсгүй хар тамхинд донтогч байсан учир шүүгчид түүнийг сэтгэцийн асуудалтай хэмээн үзэж, Пинктон уснаас хуурай гарсан байна.
Нэг талаас, Пинктон мэт хүн бүсгүйчүүдийн алга болсон хэрэгт буруутай байж болох ч нөгөө талаас хэн нэгэн Пинктоноос хариугаа авахын тулд хуурамч мэдээлэл өгсөн байх магадлалтай. Үл таних этгээдээс ирсэн дуудлага нь гахайны фермд нэгжлэг хийх хангалттай нотлох баримт болж чадахгүй байсан учир Лоримерт ажиглалт, судалгаа хийхээс өөр арга зам үлдсэнгүй. Аймшигт алуурчныг дахин 14 эмэгтэй алга болсны дараа буюу 4 жилийн дараа л баривчилсан байна. Гэхдээ Шенхер өмнө нь ирсэн дуудлагад анхаарал хандуулж гол сэжигтний эргэн тойронд мөрдлөг явуулах арга замыг хайж байсан юм. Ингээд тэрээр “Piggy’s Palace” уушийн газар байкеруудыг зугаацуулахын тулд биеэ үнэлэгчид очиж байсныг тогтоосон байна. Өөрийн холбоо сүлбээг ашиглаж тэрээр уушийн газраар сураггүй алга болсон бүсгүйчүүд үйлчлүүлж байсныг олж мэджээ.
Лоример Шенхер
Гэхдээ энэ нь гахайн фермд нэгжлэг хийхэд хангалттай нотлох баримт болж чадаагүй бөгөөд Шенхерийн танил бүсгүй түүнд туслахаас татгалзсан юм. Шенхер удирдлагуудаасаа Пинктоны фермд нэгжлэг хийх зөвшөөрөл авахыг хүссэн боловч тэд зөвшөөрөл өгөөгүй аж. Энэ үед Шенхер хэтэрхий эрт эрэгтэй хүн болсондоо харамссан байна. Гэвч хүйсээ солиулсан цагдаа- бүсгүйн тууштай зангийн ачаар фермийн ойролцоо мөрдлөг гаргажээ. Цагдаагийн офицерууд 3 хоногийн турш уушийн газар болон түүний эзнийг ажигласан боловч онц содон зүйл олж илрүүлж чадаагүй байна. Ингээд мөрдлөгийг зогсоож, хэрэг эргэн шийдэгдэхгүй талдаа орсон аж.
Гэхдээ Шенхер бууж өгөөгүй бөгөөд алга болсон бүсгүйчүүдийг хайх тусгай баг гаргах зөвшөөрлийг авч дахин зорилгодоо чиглэх болжээ. Мэдээлэгчдийн нэг нь Линн Эллингсен гэх хүн Пинктонд биеэ үнэлэгчдийг олоход тусалдаг гэж хэлсэн байна. Үүнээс гадна Линн гахайн фермийн хөргөгчинд эмэгтэйн цогцос өлгөөтэй байсныг хэлжээ. Лоример тухайн хэсгийг хариуцаж байсан Ванкуверийн цагдаа нарт хандаж, Эллингсен болон Пинктон нараас мэдүүлэг авах шаардлагатай байгааг хэлсэн аж. Хэдийгээр мэдүүлэг авч чадсан ч энэ нь ямар ч үр дүнд хүрээгүй гэхэд болно. Пинктон өөртөө маш итгэлтэй байсан учир цагдаа нар түүний нэгжлэг хийх саналыг ч үл тоосон байна.
Ар араасаа азгүйдэл тохиолдсоор байсан учир Шенхер сэтгэл санааны гүн дарамтанд оржээ. Ажлын ачаалал, сэтгэл зүйн дарамт нь Шенхерийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж тэр нойргүйдэлд хүрч, харшил нь хөдөлж, эрч хүчгүй болсон байна. Тэр Пинктоныг энэ хэрэгт буруу гэдэгт итгэлтэй байсан ч удирдлагуудын зөвшөөрөлгүйгээр ямар ч алхам хийж чадахгүй байсан юм.
2000 оны сүүлээр Шенхер хүчтэй толгой өвдөх асуудалтай болсон учир уг хэргээс гарах хүсэлтээ гаргаж, алга болсон биеэ үнэлэгчдийг хайх үйл ажиллагаанд зөвхөн зөвлөхөөр ажиллах саналыг тавьжээ. 2001 онд Ванкуверийн цагдаа нар дахин алга болсон биеэ үнэлэгчдийг хайх үйл ажиллагааг эрчимтэй эхлүүлсэн бөгөөд сэжигтнүүдийн дунд Пинктон зүй ёсоор багтаж байсан аж. 2002 онд азаар алуурчныг баривчилж чадсан байна. Энэ хэрэг Ванкувер даяар шуугиан дэгдээж, 10 гаруй жилийн турш биеэ үнэлэгчдийн амь насыг хороож, гахайнуудаа хооллож байсан аймшигт алуурчны хэрэг ил гарчээ.
Ферм дотроос олдсон аллагын зэвсэг, эд мөрийн баримт
Хүн бүр л аймшигт алуурчныг цаазаар авахыг хүсэж байсан аж. Иргэдийн дунд энэтхэгийн лам байсан бөгөөд сураггүй алга болсон бүсгүйчүүдийн нэг нь энэтхэг улсын иргэн байжээ. Ламтан тэр даруй Пинктоныг хараах зан үйл хийсэн байна. Хэрэг дуусах үед гахайн фермийн эзэнд 27 эмэгтэйн амийг хороосон хэрэгт буруутгагдсан гэнэ. Харин гэмт хэрэгтний хамсаатан гэх шалтгаанаар хоригдох магадлалтай байсан Линн Эллингсен цагдаа нартай хамтран ажиллаж, хэргийн гол гэрч болжээ.
2007 оны 2-р сарын 22-нд Британийн Колумбийн Дээд шүүх нь Пинктоныг зөвхөн 6 эмэгтэйн хэрэгт буруутгасан нь ард иргэдийн бухимдлыг төрүүлсэн байна. Удирдлагууд энэ хэргийг түргэн хаах хүсэлтэй байсан бөгөөд 6 аллага үйлдсэн Пинктон насан туршдаа хорих ялыг авах байжээ.
Шүүх хуралд оролцож буй Пинктон
Нас барсан бүсгүйчүүдийн гэр бүлийнхэн энэхүү шийдвэртэй огт санал нийлэхгүй байсан учир Пинктонтой холбоотой хэрэг одоог хүртэл үргэлжилсээр л... Харин алуурчин залуу насан туршид хорих ял эдлэж байгаа ч өөрийн нэр төрийг сэргээхийн тулд хичээж, нэр төрд халдсан хэргээр 10 сая долларыг нэхэмжилж байгаа гэнэ. Нэгэн ганцаарчилсан мэдүүлгийн үеэр Пинктон өөрийгөө 49 эмэгтэйн амь насыг хороосон гэж хэлсэн бөгөөд 50 хүрээд зогсох бодолтой байсан гэжээ.
Эзэнгүй болсон гахайн ферм
Энэхүү хэргээс санаа авч 2000 онд аймшгийн кино хүртэл бүтээсэн байна. Үүнээс гадна “Pig Girls” театрын жүжгийг хүртэл энэхүү аймшигт хэргээс сэдэвлэн тавьжээ.
Хорих ангид ял эдэлж буй Пинктон