Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Өчигдөр ICE TOP үзсэн. Дахиад тоглоход нь үзнэ. Өчигдрөөс хойш хараад байхад манай нийгэм нээрээ л тамын тогоо. Аадар бороо орсон чинь тоглолт зогслоо гээд бараг баярлах нь ээ, чөтгөр шиг. Зохион байгуулалтад асуудал байсан уу байсан. Гэхдээ үзэгч бид нар өөрсдөө ч асуудалтай. Аль өдрөөс хойш стадион нээчхээд байхад тэгэхээс тэгэх гэж бөөнөөрөө 9 өнгөрөөж очоод овоорсон. Овоорсон нь гэхдээ зөвхөн манай 80-аад оныхон биш шүү. Харваас надаас дүү үеийн залуучууд зөндөө л байсан. Ерөөсөө монголчууд бидний байгаа байдал, төлөвшил л тэр. Бүхэл бүтэн системийн шилжилтээс төрөн гарсан бүхэл бүтэн үеийн төлөвшил, ёс суртахууны асуудлыг ганц ICE TOP нэг орой яаж шийдэхэв.
Нэг хипхоп хамтлаг байтугай төр нь ч шийдээгүй өдийг хүрлээ. Цагдаа нар ч цагдаа. Том стадион руу орж байгаа ганц хаалгаа барьчихаар чинь хүн овоорно биз дээ. Яг газар дээр нь харж байхад 16 дугаар хаалгыг тэгж барих ямар ч шаардлага байгаагүй. Цагдаа нэг ийм хөлдүү, хүний төлөө сэтгэлгүй байдлаараа нэр хүндээ алдаад л байвал яваандаа яг аюулгүй байдалдаа тулж, нийгмийн хэв журам алдагдахад илүү хүнд асуудлууд гарч ирдэг. Тэгээд дотор нь хогийн сав дүүрсэн үү дүүрсэн. Гэхдээ араас нь цэвэрлэгээ явсан. Энд тэнд бааж шээсэн, согтуурсан, зодолдсон юм бол байгаагүй. Олон мянган хүн нэг цаг үеийн дурсамж, хөгжим дор нэгдэж дуулж бүжиглэж байсан. Залуучууд 00-д урт цуваагаар оочирлож байсан. Өдөржин залуучуудыг миалаа л, баалаа л, айстопынхныг хараагаа л, хар тамхи татлаа гэж мэдээ хүртэл гаргалаа.
Угаасаа монголчууд нэгийгээ хайпи байгааг харах дургүй. Ялангуяа залуу хүмүүсийг. Бас нэгийгээ амжилттай явахад дургүй. Залуучууд, айстоп хоёр нийлээд яг хоёр дургүй юмыг нь нэг орой хийнгүүт араас нь хэл ам, хэрүүл тэмцэл нь дийлдэхгүй байгаа нь энэ. Ийм нийгэмд ямар ч л гэсэн ICE TOP-нхон урагшаа харж, дуулж, бүтээж, түүгээрээ цаг үеийг болоод залуу хүний сэтгэл мэдрэмжийг илэрхийлж, төлөөлж өгсөөр ирсэн. 219 дуу бүтээнэ гэдэг бол хөдөлмөр, бас нөхөрлөл, тууштай байдал. Өнөөдөр GenZ-ийн өмнөх үеийг IceTopGen гэдэг юм уу гэсэн асуулт харсан. Ер нь тийм шт. Үнэт зүйл үгүй ороо бусгаа цагаас нэгдэх юм бидэнд нэг үлдсэн байна. Тэрэн дээрээ нэгдэх гээд төв цэнгэлдэх дүүрэн цуглаж байхгүй юу. ICE TOP одоо хэдэн хипхопчин бацаан биш. Тэд одоо цаг үе, ой санамж, үзэгдэл, үнэт зүйл. Энийг өөрсдөө болоод нийгмийн үнэт зүйл болгоныг булааж, гутаах гэж байдаг сэтгүүлчид мэдэж авбал таарна. Залуу үеэс үнэ цэнтэй болгоныг нь булааж аваад байвал дараа нь өөрсдийг чинь арчдаг юм шүү.
Б.Болор-Эрдэнэ