“SpaceX” компани дэлхий дахиныг сансрын интернэтээр хангах төслөө 2015 онд эхлүүлж байсан бөгөөд 2018 онд анхны туршилтын хиймэл дагуулуудаа хөөргөсөн юм. Хоёр дахь удаад маш том хэмжээ, өргөн цар хүрээтэйгээр туршилт үйлдсэн бөгөөд өдгөө 2000 гаруйг хөөргөөд байгаа аж. Тэд 2022 оны байдлаар нэг удаадаа тогтмол 60 хиймэл дагуул хөөргөх хүчин чадалтай болсон бөгөөд 2022-2023 оны хооронд багтаан интернэтээр хангаж эхлэхээр зорилго тавин ажиллаж байна.
Уг төсөл нь эхэлсэн цагаасаа өртөг өндөртэй байсан бөгөөд 2022 оны байдлаар аль хэдийн 10 тэрбум ам.доллар давсан зарцуулалттай байсан юм. Одоогийн байдлаар тэдний дэлхийн иргэдийг интернэтээр хангах зориулалт бүхий хиймэл дагуулын чадамж нь зөвхөн Канад болон АНУ-ын умард мужуудыг хангахуйц байгаа юм.
Тэгвэл саяхан “SpaceX” компани уг интернэтийнхээ хурдыг шалгаж үзсэн бөгөөд гарсан үр дүнг интернэт веб сайтдаа байршуулсан юм. Уг интернэтийн татах хурд нь (download) секундэд 35.5-аас 60.2 мегабайт татах хэлбэлзэлтэй байсан бол интернэтэд байршуулах хурд нь (upload) 4.6-аас 17.7 мегабайт секунд хурдтай байсан юм. Харин интернэтийн хоцрогдол (latency) нь 30-40 мс байжээ.
Хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэж буйгаар уг төсөл бүхэлдээ боссоны дараагаар татах хурдыг 1 гигабайт болтол нэмэгдүүлэх бөгөөд интернэтийн хоцрогдол (latency) нь 35 мс-ээс бага байна гэж мэдэгдсэн юм. Уг интернэтийн хэрэглээний өртөг одоохондоо зарлагдаагүй байгаа бөгөөд уг салбарын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар сарын төлбөр нь 100 ам.доллар орчим байх болно гэж таамаглаж байгаа гэнэ.