Өнөөгийн Хятад гүрний "толгойн өвчин" болсон 10 асуудал

Хятад бол гайхалтай улс. Дэлхийн хамгийн эртний түүхтэй гэгддэг тус улс өнөөдрийн байр сууринд иртлээ маш их зүйл туулсан. Сүүлийн 50 жилийн хугацаанд Хятадын эдийн засаг дэлхийн зах зээлд хоёрдугаарт бичигдэх болтлоо өссөн бөгөөд удахгүй АНУ-ыг гүйцэж түрүүлнэ хэмээн гаднынхан таамаглал дэвшүүлдэг.

Өнөөгийн Хятад гүрний "толгойн өвчин" болсон 10 асуудал

Хүн амын тоо, эдийн засгийн хөгжил, цэрэг зэвсгийн хүчин чадал зэргээс хамааран тус улс дэлхий нийтийн анхаарлыг татаж буй ч нөгөө талаар ийн хүчирхэгжих нь "асуудал" үүсгэж мэдэхээр байгаа юм. Хятад дэлхийд тэргүүлэгч гүрэн болох нь ердөө л цаг хугацааны асуудал хэмээн маш олон хүн үздэг. Харин дараах мэдээллээр бид танд Хятад улс яагаад дэлхийн шилдэг гүрэн болж чадахгүй байх шалтгаануудын талаар барууны хэвлэл онцолсныг орчуулан хүргэе.

 

1 Бохирдол

Хятад улс хог хаягдал, бохирдлын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. 1950-иад онд аж үйлдвэржилт огцом хөгжиж эхэлснээс хойш байгаль орчны бохирдлын улмаас тус улсад жилд 1.6 сая хүн нас барж байна гэсэн тоо баримтыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд нь гаргажээ. Бусад улс орон байгаль орчинд ээлтэй төдийгүй стандарт, журмын дагуу үйлдвэрлэл явуулахыг хичээж ирсэн бол Хятад улс урт хугацааны туршид үүсэх нөхцөл байдлыг бодолцож үзэлгүй үйлдвэрүүдийг олноор нь байгуулсан юм. Хятадад үйлдвэрлэсэн хямд бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ дэлхий нийтээр ихсэх тусам аж үйлдвэржилт нь нэмэгдсээр байв. 

Хэт бохирдолтой зарим хотод агаар амьсгалах нь өдөрт 40 тамхи татсантай тэнцэхүйц хортой байдаг гэнэ. Ард иргэдийнх нь бараг тэн хагас нь хөгжингүй бүс нутагт амьдарч байгаа тул олон нийтийн эрүүл мэнд, байгаль орчны аюулгүй байдал зэрэг нь Хятадын сул тал болж байгаа юм. 

Бохирдол

2 Хүн амын хэт өсөлт

2017 оны есдүгээр сарын байдлаар Хятадын хүн амын тоо 1.3 тэрбумд хүрсэн байна. Хэдийгээр тус улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт ордог ч манай бөмбөрцгийн нийт хүн амын 20 орчим хувь нь энд амьдарч байгаа юм. Амьжиргааны түвшин дээшилж, хүн амын хэрэгцээ өсөхийн хэрээр эргээд байгаль орчинд үзүүлэх хор нөлөө асар их нэмэгдсэн байна. 

Хүн амын хэт өсөлт

3 Хүн амын үзүүлэлт

Хятад улсын хүн ам зүй хар дарсан зүүд шиг л байна. Улс даяар мөрдсөн "Нэг айл-нэг хүүхэд" бодлогын уршгаар төрөлт эрс багасаж, хүн амын насжилт асар хурдацтай явагдаж байна. 2016 онд уг хуулийг цуцалсан боловч айл өрхүүд ганц хүүхэдтэй байхыг хангалттай гэж үзэх болжээ. НҮБ-аас Хятадын нийт хүн амын 44 хувь нь 2050 он гэхэд тэтгэвэртээ гарна гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. 

Алслагдмал бүс нутгаас өсвөр болон бага насны хүүхдүүдтэй айлуудыг одооноос төв суурин газар руугаа олноор нь нүүлгэн шилжүүлж авчирдаггүй л юм бол ажиллах хүчний салбар яваандаа доголдож магадгүй гэнэ. 

Хүн амын үзүүлэлт

4 Баялгийн хуваарилалт

Хэдийгээр Хятад улс сүүлийн хэдэн жилийн хугацаанд хурдацтай хөгжиж байгаа ч хүн амын тодорхой хувь нь ядууралд өртсөн хэвээр аж. 1980 оны эхэн үеэс сая сая хүний амьдралын түвшин огцом нэмэгдсэн боловч алс хязгаар нутгуудад зарим хэсэг нь тог цахилгаан, ундны усаар хязгаарлагдмал орчин нөхцөлд аж төрсөөр байгаа юм. Хятадын нийт хүн амын амьдралын түвшин тогтвортой болох хүртэл тодорхой цаг хугацаанаас гадна хөрөнгө оруулалт шаардлагатай. 

Баялгийн хуваарилалт

5 Цалин хөлс нэмэх

Хятадын дундаж орлоготой иргэдийн амьдралын түвшин сайжирснаас үүдэн хөдөлмөр эрхэлж буй иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал ч бас хөндөгдөх болов. Япон, Солонгос зэрэг оронд иргэд нь өндөр цалинтайн хэрээр их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг гадаад руу экспортолдог, бүтээгдэхүүний чанар нь ч сайн байдаг. Гэвч Хятадын хувьд олон улсад их хэмжээний бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг ч чанарын хувьд ерөнхийдөө муу гэж дүгнэгддэг. 

Нэг үгээр хэлэхэд амьдралын түвшин нэмэгдэхэд ажилчид илүү их цалин хүснэ. Илүү цалин өгөхийн тулд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмнэ. Харин дэлхийн худалдан авагчид Вьетнам, Бангладеш зэрэг хямд үйлдвэрлэгчдийг эрэлхийлэх болно. 

Цалин хөлс нэмэх

6 Бүс нутаг хоорондын мөргөлдөөн

Төвд, Хонконг зэрэг бүс нутгууд нь автономит байхаас татгалзаж, улс төрийн талбарт хурцадмал байдал үргэлж гардаг билээ. Үүнийг тогтвортой байлгахын тулд Хятад улс мөн л их хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Цаашид энэ асуудлыг тогтвортой хэвээр авч үлдэх эсэх нь өдрөөс өдөрт бүрхэг болж байна. 

Бүс нутаг хоорондын мөргөлдөөн

7 Цагаачлал

Оросоос ялгаатай нь хэрвээ та Хятад улсаас цагаачлал хүсвэл үнэгүй. Үүнтэй холбоотой нэг асуудал бол хөрөнгө бэл. Сүүлийн үед Хятадын чинээлэг иргэдийн 50 орчим хувь нь АНУ, Австрали, Канад зэрэг оронд цагаачлах болжээ. 

Тэгэхээр Хятад улс нийт иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлсэн ч өндөр орлоготой, чинээлэг иргэдээ нутагтаа үлдээч ээ хэмээн ятгах ажилтай болж байгаа юм. Дээр дурдсан бохирдол, хүн амын хэт өсөлт, хувь хүний эрх чөлөө хязгаарлагдмал байдал зэрэг нь хүн амын хамгийн чухал хэсгийг иргэншлээ солих шалтгаан болсоор байна. Тэд мэдээж эд хөрөнгөө аваад л явна. Харин Хятад улс татвар төлөгчдөө алдаж байгаа хэрэг. 

Цагаачлал

8 Төрийн мэдлийн үйлдвэрүүд

Хэдийгээр хувийн үйлдвэрүүдийн тоо нэмэгдэж байгаа ч Хятадын эдийн засгийн дийлэнх хувь нь төр засгийн мэдэлд бий. Энэ нь ойролцоогоор нийт хөрөнгийн 30 орчим хувь нь юм. Энэ нь авлига, үр ашиггүй байдлыг бий болгоод болзошгүй зарим бизнес эрхлэгчид өрсөлдөх чадвараа өсгөхөд ашиглаж болох юм.

Өрсөлдөөн байж гэмээнэ шинэ санаа, сэдлүүд үүсэж, өндөр технологи, мэдлэгт суурилсан эдийн засаг хөгждөг. Хятадын үйлдвэрүүдийн 50 хувь нь төрийн эрх мэдэлд байна. 

Төрийн мэдлийн үйлдвэрүүд

9 Шинэчлэл

Хятад өдгөө социалист хэрнээ чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс болох гэж хичээж буй, тун төвөгтэй байдалд байна. Үүний үр дүнд тэд олон улсын тавцанд эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай улс орон байхын зэрэгцээ дээрх статусаа хадгалахын тулд томоохон шалгууртай тулгараад буй.  

Энэ нь Хятадын ард иргэдийн ирээдүйд маш ойлгомжгүй нөхцөл байдал үүсгээд байна. Дундаж түвшний иргэдийн орлого нэмэгдэхийн хэрээр нийгмийн давхаргын ялгаа улам бүр өснө. Харин социалист засаглал үүний яг эсрэгээр байдаг. Чөлөөт зах зээлийн үйл явц урт хугацаанд амжилттай явагдахын тулд Засгийн газраас аль болох хамаарал бага, олон улсад өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй. Харин нэг намын засаглалтай оронд ийм байх нь томоохон шалгуур аж. 

Шинэчлэл

10 Цэрэг армийн асуудал

Хэдийгээр Хятад улс цэрэг армийн салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг ч дэлхийн бусад хүчирхэг гүрнээс бэлтгэл сургуулилалт, зэр зэвсгийн хувьд нэг алхам хойно байдаг. Хятадын цэргүүдийг бүрэн дүүрэн зэр зэвсгээр хангана гэдэг нэлээд их мөнгө зарцуулах ажил юм. Авлигал ихтэй, өрсөлдөх чадвар сул байгаагийн дээр хэт өндөр зардал, хөгжлийн явц нь удаашралтай зэрэг батлан хамгаалах салбарын асуудлууд нь шинэ техник технологид хүрэхэд саад болж байна. Мөн зохион байгуулалттай гэгддэг бүтэц нь хүртэл Коммунист намын 88 сая гишүүний хамгаалалт, аюулгүй байдлыг ард иргэдээсээ илүү тавьж байгаа нь бас нэгэн сул тал юм. 

Эдгээрээс гадна Хятад улс 1979 онд Вьетнамтай дайтсанаас хойш ямар нэгэн зэвсэгт мөргөлдөөнд оролцоогүй. Тиймээс АНУ, Их Британи, Орос зэрэг улстай харьцуулахад Хятад улс энэ талын туршлага  багатай.

Цэрэг армийн асуудал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()