Аз жаргалтай амьдардаг хүн өөрт хэрэггүй зүйлсийг хаяж чаддаг байна. Стресс болж буй элдэв асуудлыг орхих нь хөнгөн амьдрах энгийн жор юм. Гэхдээ ихэнх хүмүүс үүнийг ойлгоогүйгээс болж олон асуудлуудыг өөртөө хуримтлуулан жаргалтай, сэтгэл тайван байх цаг хугацаагаа хороодог байна.
Нийгмийн амьдрал үргэлж хүний сэтгэл зүй хийгээд чадварыг сорьж байдаг. Бид том, жижиг ямар ч асуудал байсан хүссэн үр дүнгээ хүлээдэг. Гэвч хүн хүний чадвараас хамааран гарах үр дүн харилцан адилгүй. Харин хүсээгүй үр дүн эргээд бидэнд стресс болдог билээ.
Хүн бүхэн өөрийгөө хүндлэх аминч үзлээсээ болж зарим үед өөрийн чадвар дутуу байдлаа хүлээн зөвшөөрдөггүй. Үүний оронд та бүхий л асуудлаа нуруун дээрээ үүрч байснаас чадахгүй бол хүлээн зөвшөөрч тухайн асуудлаа хаяж сурах хэрэгтэй.
Нийгмийн сэтгэл судлаачдын дунд Атрибутын онол (Attribution theory) гэж байдаг. Вайнерын Атрибутын онол нь хамгийн алдартай онол юм. Тэрээр хүмүүсийг амжилтад хүрэх эсвэл бүтэлгүйтэх нь дараах зургаан шалтгаанаас болдог гэж үзжээ.
1. Чадвар - Өөрийн хувийн чадварыг дүгнэж ямарваа нэгэн ажлыг гүйцэтгэх түвшин.
2. Хичээл зүтгэлийн түвшин - Ажил хэрэг дээр өөрийн хариуцсан ажилдаа чадвараа бүрэн дүүрэн ашиглаж байгаа эсэх.
3. Ажлын хүнд хөнгөн байдал - Өөрийн ажлын туршлагаа ашиглан үүрэг хариуцлагынхаа хүнд хөнгөнийг ялгах.
4. Аз - Бидний өдөр тутмын ажилд аз холбоотой байдаг уу гэж бид эргэлзээгүй гайхдаг.
5. Сэтгэл зүйн байдал - Ажил үүрэг дээр өөрсдийгөө бүрэн дайчилж буй эсэх.
6. Бусад хүчин зүйлүүд - Ажил дээр амжилтгүй байгаа ч дээрх таван чадвараас өөр хүчин зүйл байгаа гэж үзэх.
Эдгээр зургаан хүчин зүйлийг шинж чанараас нь хамааруулан гурван хэсэгт хувааж болдог байна.
Эхний хэсэг нь хүчин зүйлүүдийн эх үүсвэр юм. Энэ нь хувь хүний нөхцөл байдал эсвэл гадаад орчноос хамааралтай. Азгүй хүн ихэвчлэн өөрөө өөрийгөө золгүй байдалд оруулдаг байна. Жишээлбэл өөрийгөө өрөвдөх. Тэр ч байтугай азгүй зүйлүүд болох ёстой мэтээр хүлээн авдаг бол жинхэнэ аз жаргалтай хүн асуудлыг гаднын хүчин зүйлтэй холбож боддог. Жишээлбэл бид төрсөн эцэг эхээ сонгож чадахгүйтэй адил.
Хоёр дахь хэсэг нь тогтвортой байдал. Асуудал тулгарсан үед хүн өөрийгөө хэт нэг талаас холбож боддог. Энэ үед азгүй хүмүүс ганцхан хувь тавиландаа итгэж асуудлыг улам дордуулдаг байна. Эдгээр хүмүүс хүчин чармайлтыг чухал гэж боддоггүйгээс хувь хүний чадвар туршлага нэмэгддэг гэдэгт ч итгэдэггүй. Харин ч эсрэгээрээ бүтэлгүйтэл нь туршлага болно гэж үздэг байна.
Гурав дахь хэсэг нь хяналт. Энэ хэсэгт хичээл зүтгэлийг илүү чухалчилна. Хэрэв та өөрийн хийж чадахгүй зүйлсийг хаяхгүйгээр бүх шалтгааныг өөрийн хүчин зүйлтэй холбож, хүрээлэн буй орчин болон бусад хүчин зүйлийг үл тоомсорловол дотоод сэтгэлийн зовууриас ангижрах боломжгүй билээ.
Асуудлыг мартаж урагш алхаж сурснаар та өөртөө тайтгарах болон өсөн дэвших боломжийг олгоно. Хүн түрүүлж өөрийгөө тавьснаар сэтгэл доторх асуудлаа шийдэх боломжтой болдог. Шийдэж чадахгүй асуудлыг хаях нь үүргээс зугтаж буй хэрэг биш юм. Харин ч асуудлаас гарах замаа олж чадахгүй, шийдэлгүй үед өөртөө чимээгүй орчин үүсгэж юу ч бодохгүй байх нь чухал.
Заримдаа бид асуудлаас бус асуудалтай ганцаар нүүр туулахаас илүү их айдаг байна. Иймд үнэнч хамтрагчдаа сэтгэлээ нээж нээлттэй ярилцаж байгаараа. Тэр асуудлыг танаас арай өөр өнцгөөс харж байж болно. Дотно харилцаа үүсгэнэ гэдэг нь хоёр хүн нэг нэгэндээ хангалттай итгэх итгэлтэй болж буй хэрэг. Итгэдэг хүнтэйгээ хамт нэг тогоонд чанагдах ч бас нэг төрлийн аз жаргал шүү.
Асуудал, хариуцлагаас зайлсхийх нь бодит байдлаас зугтаж буй хэрэг биш. Харин өөрийнхөө сэтгэл зүйд хариуцлага хүлээх, ачааллаас давсан зүйлийг хүлээж авахгүй байх явдал юм.