Олон зүйлийн халуун ногоо дэлхийн өнцөг булан бүрд арилжаа наймаа хийдэг худалдаачдыг чинээлэг болгоод зогсохгүй хүчирхэг гүрнүүдийн суурийг тавьж, бүхэл бүтэн тивийн үүд хаалгыг европчуудад нээж, дэлхийн их хүчнүүдийн хүч нөлөөг шинэтгэсэн. Орчин цагийн соёл иргэншлийн уг үндэс халуун ногооны худалдаа дэлгэрсэн үеэс эхтэй гэж үздэг эрдэмтэн, судлаачид ч бий.
Эрт цагт буюу 15-р зуунаас ч өмнө халуун ногоо, хүнсний ургамал чухал бараа бүтээгдэхүүний нэг байлаа. Халуун ногоо ихтэй Азийн орнуудын худалдааны томоохон сүлжээг хянаж байсан Ойрхи Дорнод, Хойд Африкийн дамчид хамгийн чинээлэг давхаргад багтаж байсан үе ч бий. Хоол амтлахаас эхлээд гоо сайхны бүтээгдэхүүн хийх, талийгаачдын цогцсыг муутгалгүй хадгалах, мах нөөшлөх, шарх сорвийг анагаах зэрэг олон ач тустай онцгой үнэр, амттай ургамлуудын үр шимийг Ази, Африк, Арабын ертөнц хэдэн үеэрээ хүртэж иржээ. Харин худалдааны эл аварга сүлжээнд хараахан нэвтрээгүй байсан европчуудын дунд дорнын баялгийн төлөөх тэмцэл 13-р зууны сүүл үеэс ширүүссэн байна. Тухайн үед нэг паунд буюу 450 грамм задь долоон тарган үхэртэй тэнцэж байсан нь алтнаас хоёр дахин үнэтэй юм.
Ихэс дээдсүүд нь хүртэл халуун ногоогоор гачигдаж эхэлсэн 14-р зууны эхээр европчууд өөрсдийн гэсэн халуун ногооны худалдааны сүлжээг бий болгохоор зах хязгааргүй далайн цаад эргийг зорьжээ. Тэднээс хамгийн түрүүнд Энэтхэгт хүрэх дөт замыг нээсэн гэх Кристофер Колумб Энэтхэгийг биш харин өнөөгийн Америкийг нээж орхисон билээ. Тэрбээр шинэ тивийн уугуул иргэдэд энэтхэгчүүд буюу индианчууд хэмээх нэр өгч боолчлол, колоничлолыг эхлүүлснээрээ түүхэнд үлдсэн.
Түүний адил халуун ногооны эрэлд гарсан Васко да Гама Африкийг тойрсон анхны хүн болсон бол дорно дахинд хүрэх гэж явсан Фердинанд Магелланы ахалсан баг дэлхийг тойрсон анхны аялагчид болсон түүхтэй.
Халуун ногооны худалдаанд нэгдэх гэсэн Европын санаархал аажмаар түрэмгийлэл болж, Энэтхэг болон Зүүн өмнөд Ази дахь Европын тэргүүлэх хүчнүүдийн бодлого харгис колончлолыг эхлүүлэв. Испани, Португал зэрэг улс 16-р зууны нэлээд хэсгийг башир цэцгийн ургамлын төлөөх дайн тулаан дунд өнгөрөөсөн бол англи, нидерландчууд Индонез дахь задь ихтэй арлыг эзэмшихийн төлөө олон арван жил цус урсгажээ. Задийн мод ихтэй Ран хэмээх тэрхүү жижигхэн арал 16-р зууны үед дэлхийн хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө байв.
Олон жилийн дайн тулаан, үймээн самууны эцэст хоёр орны таагүй харилцааг эвээр шийдвэрлэхийн тулд Английн тал Ран арлыг Нидерландын Хойд Америк дахь эзэмшил арлуудаар сольсон байдаг. Сонирхолтой нь тэдний дунд өнөөгийн Нью-Йоркийн алдарт Манхэттен арал байлаа.
Халуун ногооны худалдаа дэлхийн газар зүй, улс төрийг өөрчлөхөөс гадна соёл, ёс заншлын асар их өөрчлөлт, хувьслыг авчирчээ. Энэтхэгийн далайг хэрсэн худалдааны замаар хоол амтлагчаас гадна дэлхийн их гурван шашин хиндү, буддизм, христийн сургаал номлол түгэн дэлгэрэв. Мөн зоос мөнгөний систем, шашин номыг дагасан утга уран зохиол, гар урлал энэ л замаар өнөөгийн Зүүн өмнөд Азид тархсан байна. Малайз, Индонезид нөлөөгөө бэхжүүлэхийг зорьсон ислам болон христийн шашинтнууд 15-р зууны үед олон тооны номлогч, санваартнаа тус бүс нутаг руу илгээснээр халуун ногоогоор баялаг эдгээр нутаг орны уугуул иргэд энэ хоёр шашныг хоёуланг нь талархан хүлээж авчээ.
Ялангуяа Португалын эрхшээлд байсан арлууд олон соёлын уурхай байлаа. Халуун ногооны худалдаанаас ашиг хонжоо эрэгч Гужаратын номлогч, өмнөд Энэтхэгийн худалдаачин, Сирийн христийн номтон, Хятадын данжаад, Адений арабууд бүгд Зүүн өмнөд Азийн орнуудад өөрсдийн зан заншил, хэл соёлоо авчирсан юм.
Энэтхэг худалдаачид тус бүс нутагт уламжлалт хоол хүнсээ авчирсан нь өнөө ч Малайз, Индонезийн үндэсний хоол ундыг тодорхойлж байна. Эдүгээ халуун ногоо экспортлогч орнуудын эхэнд Энэтхэг, Хятад, Бангладеш улс бичигдэж байна.