Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Бөглөрөл иймдээ тулна, бөөндөө зам дээр амьдарна гэдгийг хотын удирдлагууд мэдээгүй биш мэдсэн. Тооцоогүй биш тооцсон. Гэхдээ одоогоос есөн жилийн өмнө гээд бод доо. Гэвч яагаад шийдэгдээгүй вэ?
Агаарын тээврийн эхлэлийг Э.Бат-Үүл 2015 онд Парист болсон дэлхийн 1000 хотын даргын уулзалтад оролцохдоо тавьсан байдаг. За бүр урагшаа хөөвөл 2013 онд Лу.Болд ГХ-ны сайд байхдаа Францын Үндсэн хуулийн цэцийн дарга Ф.Лораныг Монголд урих үед энэ сэдэв анх хөндөгдөж, агаараар хотынхоо дээгүүр зорчино гэсэн мэдээлэл монголчуудын чихийг дэлдийлгэж байв. Ф.Лораны айлчлалын багт кабелийн тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Пома грүппийнхэн багтан Монголд хөл тавьсан нь энэ сэдвээр шуугих эхлэл болсон хэрэг. Э.Бат-Үүл Парисаас ирмэгцээ Францын элчин сайдтай уулзаж, агаарын тээврийг Монголд нэвтрүүлэх ТЭЗҮ-г судлах ажилд туслалцаа хүссэн албан хүсэлт хүргүүлжээ. Францын Засгийн газартай агаарын тээврээр холбогдсон түүх ийнхүү Э.Бат-Үүлээс эхэлж, Су.Батболдыг өртөөлж, С.Амарсайханыг дамжин, эдүгээ Сумъяабазартай нүүр тулчхаад байгаа нь энэ. Энэ хооронд Францын Пома грүпп амласнаараа ажлаа урагшлуулж, Засгийн газраа хөдөлгөн, Монголд нэвтрүүлэх дүүжин буюу агаарын тээврийн ТЭЗҮ-г боловсруулан, улмаар нийгэмд хандсан эерэг төсөл учраас зээлийн хамгийн хөнгөн нөхцлийг авч чаджээ. Тодруулбал Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас 0.0076 хувийн жилийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, 35 хувийн хөнгөлөлттэй 60.7 сая еврогийн зээл авах бүх боломжит нөхцлийг бүрдүүлсэн байна. Тэгээд бүр эхний 12 жил үндсэн зээл болон хүүг төлөхгүй гэсэн таатай нөхцөлтэй.
Маргаан дагуулаад байгаа 22.0 тэрбум төгрөг монголчуудын халааснаас гараагүй. Францын төрийн сангаас ажил гүйцэтгэх Пома, Эжис рейл компаниуд руу гэрээнд заасан хугацаанд шилжсэн, Монголын төсвөөс эл ажилд одоогоор нэг ч төгрөг зориулагдаагүй. Анхнаасаа францчууд япончуудын нэгэн адил Монголын төрийн хүнд суртал, авлигад автсан байдал, зээл болон тусламжийн мөнгийг зориулалтын бус байдлаар зувчуулан ашигладгийг ч давхар тооцоолж, албан гэрээндээ бүгдийг маш тодорхой суулгаж өгчээ. Зээлийн энэхүү хаана ч байхгүй хөнгөлөлттэй нөхцлийг Монгол, Франц хоёр улсын Засгийн газар харилцан зөвшөөрч, УИХ-аар соёрхон баталсан байна.
За ингээд зээл бүтэнгүүт манай нөгөө төрийн нэрээр түмпэн шанагаа дүүргэдэг түрийний бөөснүүд чинь агаарын тээврээ болъё оо, ашигтай өөр юм хийе гэлцдэг юм байгаа биз дээ. Арай давраад ард олны тархийг угаах алааныг эхлүүлжээ. Агаарын тээвэр нь өөрөө тусгай технологи шаарддаг, техник барьж газар малтдаг болгон нь хийчих боломжгүй эд л дээ, тийм болохоор манай "мань эрүүд" идэж чадахгүй, цавчиж хүч хүрэхгүй гэсэн үг. Тэгээд ч францчууд 60.7 сая еврогийн уг зээлийг зориулалтаар нь ашиглахын тулд төрийн сангаар дамжуулахгүй байхаар эхнээсээ л Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Монголын Засгийн газартай хийсэн гэрээндээ тусгасан аж. Түүхэн зээл, түүхий бодлого хоёр ийнхүү өртөөлсөөр өнөөдөртэй золгож байна.
Анх Баянхошуунаас хотын төв хүртэл арав шахам км тавигдахаар төлөвлөсөн агаарын дүүжин тээврийг өдгөө Яармагаас хотын төв хүртэл тавихаар болсон гэх. Агаараар яаж зорчих вэ гэж үү? Миний олж мэдсэнээр нэг хүн 1000 төгрөг төлнө. Өвөлдөө суудлаасаа хална, зундаа таазнаасаа агааржуулна. Нэг кабинд 8-10 хүн ачаа бараа, хүүхдийн тэрэг, дугуй скүүтертэйгээ сууна. Хэзээ хүн дүүрэх бол гэж хүлээх хэрэггүй, хоёр минут тутамд зогсолтгүй эргэлдэнэ, 10-15 минутад хотын төвд хөл тавина. Агаарын таксинаас буунгуутаа хотод байгаа машин, автобус зэрэгтээ шилжин суугаад ажил амьдралаа амжуулна даа. Аа хэрхэн тавих вэ гэж үү? Газраас 15-20 метрийн өндөртэй нийт 30 цамхаг босгоно, 250 кабин агаарын кабелаар давхина, нэг цамхгийг суулгахад хааш хаашаа 4.0м газар хэрэгтэй. Газар чөлөөлөх шаардлага үндсэндээ байхгүй. 12 сарын хугацаанд барьж дуусгана. Одоогийн байдлаар Нью-Иорк, Парис, Риочууд зэрэг дэлхийн метрополитан хотууд нийтийн тээврийнхээ нэгээхэн хэсгийг агаарын дүүжин тээврээр амжилттай шийдэж чаджээ.
Яагаад ажлаа эхлэхгүй саатаад байгаа юм бэ гэж үү? Эрх баригчдынхаа эвгүй араншин, элдэвтэй хүнд суртлаас асууна уу. Түүхэн зээл, түүхий бодлого хоёр түрийндээ багтахгүй түлхэлцээд байгаа нь энэ дээ. Би яагаад бичсэн бэ гэж үү, хотынхоо дээгүүр нисэж үзмээр байгаа юм. Мэдээлэл хаанаас авсан бэ гэж үү, гүүглдээд үз...Юу болоод сонирхов оо гэж үү, энэ ховорхон сайхан зээлийг ховдоглон сонирхоод байгаа эрх мэдэлтнүүдийн хувийн сайтууд худлаа сэвээд байхаар нь уудалж үзлээ, уутлаад ирлээ...бас хажуугаар нь хөнгөн галт тэрэг, метро энэ тэрээ байгуулаад, бүх арга замаар, бүх тээврийн хэрэгслээр, бүх бөглөрлийг ойрын хугацаанд шийдэж болмоор л санагдах юм даа...санаа бол сарны алсад, нарны наахна шүү дээ.
Эмүжин