Дэлхий даяар зун болоогүй жил

Хоёр зууны тэртээ болсон аймшигт гамшгийн нөлөө одоо хүртэл байсаар байна. Сонирхолтой нь 1816 оны тэрхүү "Зуны улирлыг алгассан" жил анхны унадаг дугуй бүтээгдэж, “Франкенштейн” зэрэг алдарт бүтээлүүд гарах нөхцөл бүрдсэн гэдэг.

Дэлхий даяар зун болоогүй жил
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1815 оны 4-р сард Индонезийн Тамбора галт уул дэлбэрч Сумбава арал дээрх хэдэн арван мянган хүний амь насыг авч одсон. Тэрхүү гамшгийн дараах жил дэлхий даяар маш хүйтэн, чийглэг уур амьсгалтай өнгөрсөн буюу зун болоогүй юм. Өнөө үеийн судлаачдын тогтоосноор 1816 оны хүйтэн цаг агаар нь тус галт уулын дэлбэрэлттэй салшгүй холбоотой байсан аж.

Галт уулын дэлбэрэлт болон нөлөөгөөр үүссэн цунамигийн уршгаар 10,000 гаруй хүн амь насаа алдсан бол гамшгийн дараа дэгдсэн өвчин, тахал зэргийн улмаас  80,000 хүн амь эрстсэн байна. 

Эдинбургийн их сургуулийн Газар зүйн шинжлэх ухааны доктор Эндрю Шурер (Andrew Schurer) 1815 оны Тамбора галт уулын дэлбэрэлт нь сүүлийн мянганд болсон хамгийн хүчтэй дэлбэрэлт гэж үзжээ. Дэлбэрэлтээс болж агаар мандалд цацагдсан тооцоолшгүй их хэмжээний бодисууд зөвхөн тухайн бүс нутагтаа биш дэлхий дахинд нөлөөлжээ.

Галт уулаас стратосферт цацагдсан хүхрийн давхар исэл нь дэлхий даяар асар хурдан тархаж, сульфатын аэрозол болж хувирчээ. Ийнхүү сульфат нарны тусгалын хүчийг бууруулан, гадаргууг сэрүүхэн болгосон аж. Мөн чийглэг газруудад хур тунадасны хэмжээг бууруулахын зэрэгцээ хуурай, цөлийн уур амьсгалтай газруудыг эсрэгээрээ чийгшүүлж, далай тэнгис, агаар мандлын тогтсон эргэлтэд эрс өөрчлөлт авчирсан байна.

Дэлхийн дундаж температур тэр жил цельсийн 1-3 градусаар буурсан байв. Тэр жил бол дэлхийн түүхэн дэх сүүлийн 250 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн жил болсон гэх судалгаа байдаг. Тэр жилийн бүх улирлууд температурын эрс өөрчлөлттэй байсан бөгөөд ялангуяа зуны улирал нь 1766-2000 оны хоорондох үеийн хамгийн хүйтэн зун болжээ.

1816 оны хүйтэн, чийглэг зун Европ, Хойд Америкийн нутгаар ургац муудах, мал сүрэг үрэгдэхэд хүргэж, улмаар өлсгөлөнгийн гамшиг авчирчээ. Зөөлөн уур амьсгалтай Америкын зүүн эрэгт цас орж, цэлмэг тэнгэр үзэхээ байж, хүмүүс хөлдөж үхэж байв.

Тамбора галт уулын дэлбэрэлтийн үр дүнд үүссэн өтгөн манан, бороо  Бельгийн Ватерлоо дахь Наполеоны ялагдалд ч нөлөөлсөн байж болно гэж зарим судлаачид үздэг. 

Тухайн жилд дэлхий даяар ургац алдсаны улмаас өлсгөлөн нэмэгдэж, хоол хүнсний үнэ ч өсөж байв. Үүний зэрэгцээ гол тээврийн хэрэгсэл байсан морины хүнс - овьёосны үнэ өссөн байна. Харин энэхүү үнийн өсөлтөөс үүдэн 1817 онд Карл Дрейс морийг орлох унадаг дугуй зохион бүтээсэн нь томоохон амжилт байлаа. 

Ази тивийн хувьд Хятадад хүйтэн цаг агаарын улмаас мод, хулс үхэж, будааны ургац авч чадахаа больжээ. Түүнчлэн муссоны улирлын хэм алдагдаж, Хөх мөрний сав газар үер болсны улмаас олон мянган тариалангийн талбай сүйдсэн байдаг. Энэтхэгт болсон үерийн улмаас дэгдсэн булчин задрах тахал Азийг дамнаж Москва хүртэл тархсан гэж тэмдэглэгджээ.

Бүрхэг, тааламжгүй цаг агаар олон зохиолч, яруу найрагч, зураачдад уран бүтээлийн сэдэл төрүүлжээ. Жишээлбэл Мэри Годвин Швейцарийн нэгэн нуурын эрэг дээр амарч байхдаа орчны жихүүдэс төрүүлмээр байдлаас санаа авч алдарт "Франкенштейн" зохиолоо бичсэн гэдэг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()