Лас Вегас хот мөрийтэй тоглоомчдын диваажин болсон түүх

1905 онд Невада муж албан ёсоор байгуулагдахтай зэрэгцэн цөл дунд нэгэн бяцхан суурин төмөр замын өртөө түшиглэн боссон нь өнөөгийн Лас Вегас хот байв. 1910 оны хүн амын тооллогоор 800 оршин суугчтай хэмээн бүртгэгдсэн Лас Вегас 1950-аад оныг хүртэл эгэл даруухан тосгон байсан гэдэг. 1931 онд Невада муж мөрийтэй тоглоомыг хуульчлан баталснаар Лас Вегас хэмээх бяцхан суурин хот болон өргөжих үндэс тавигджээ. Түүнчлэн энэхүү хот өнөөгийн дүр төрхөө олоход гэмт хэргийн бүлэглэлүүд ч чамгүй хувь нэмэр оруулсан юм.

Лас Вегас хот мөрийтэй тоглоомчдын диваажин болсон түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1931 онд алдарт Хүүвер далангийн бүтээн босголтын ажил эхэлж, Булдер хотод олон мянган ажилчид АНУ-ын өнцөг булан бүрээс цугларав. Эзгүй цөлд ажиллаж буй залуус цалин буусан даруйд хотоос 25 милийн зайд орших Лас Вегасын Фремонт гудамжинд цугларч наргидаг байсан гэдэг. Бүр “Сарын сүүлийн хэдэн өдрүүдээр л амь ордог суурин” хэмээн Лас Вегасыг ярьдаг байсан тухай Невадагийн их сургуулийн түүхийн багш, түүхч Майкл Грийн өгүүлсэн байдаг.

Хожим Дэлхийн II дайны он жилүүдэд магнийн хүдэр боловсруулах үйлдвэр Невада мужийн Хендерсон хотод байгуулагдсан нь тус хотын хүн амыг нэмэгдүүлээд зогсохгүй, амралтын өдрүүдээр Лас Вегасыг зорих хүмүүсийн урсгалыг эрс өсгөжээ. Гэсэн ч хоёр долоо хоногтоо нэг удаа ирж зугаацаж, мөрийтэй тоглоом тоглох үйлдвэр, бүтээн байгуулалтын ажилчдаар Лас Вегас хот хөл дээрээ боссон уу гэвэл үгүй.

1938 онд Калифорнийн Лос Анжелес хотын захирагч ажлаа авмагц мөрийтэй тоглоомыг хууль бус хэмээн үзсэн нь мөрийтэй тоглоомын зах зээлийг мэдэх туршлагатай хүмүүс Лас Вегасыг зорих үндсэн шалтгаан болжээ. Тэдний дунд мөрийтэй тоглоом, биеэ үнэлэлт зохион байгуулсан хэрэгт холбогдож байсан Лос Анжелес хотын цагдаа Гей МакАфи байв. Тэрбээр хожим 1946 онд “Golden Nugget” казино-зочид буудлыг нээсэн билээ.

Зочид буудал, казиног хослуулсан үйлчилгээг анх 1941 онд “El Rancho Vegas” буюу хожим “Тhe Strip” хэмээн нэрлэгдсэн зочид буудал нэвтрүүлсэн нь аяллаар яваа хүмүүст буудаллахын зэрэгцээ мөрийтэй тоглоом тоглон зугаацах боломжийг бүрдүүлжээ. Ийнхүү энэ төрлийн бизнес Лас Вегаст эрчийг авч, өндөр татвараас зайлсхийсэн бизнесмэнүүдийн цугларах дуртай газар болон хувирчээ.

Гэмт хэргийн бүлэглэлүүд шөнийн клуб ажиллуулах болсон нь

Гей Макафи тэргүүтэй бизнес эрхлэгчид Лас Вегасыг мөрийтэй тоглоомчдын диваажин болгох ажлаа ид явуулж байх тэр цаг үед шинэ казино нээх бэл бэнчинтэй өөр бүлэг хүмүүс Лас Вегас руу шуурах болсон нь гэмт хэргийн бүлэглэлийнхэн байв.

Тэдний анхдагч болох Багси хочит Бенжамин Сиегл 1947 онд "The Flamingo" нэртэй казино нээж байжээ. Лас Вегас дахь Мафийн музейн үзвэр, үйлчилгээ хариуцсан захирал Жеофф Шумахер “Лас Вегас бол гэмт хэргийн бүлэглэлийнхэнд алтан боломжийг нээж өгсөн газар” хэмээн тодорхойлоод бусад томоохон хотуудад хууль бус хэмээн тооцогддог байсан мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг Лас Вегас хот хуулийн хамгаалалтад оруулж, их хэмжээний ашиг олох үүд хаалгыг тэдэнд нээн өгсөн гэжээ.

Хэдийгээр тэд хууль ёсны үйл ажиллагаа явуулж байсан ч казиногийн ашиг орлогыг худал мэдүүлж, нуун дарагдуулж, татвараас зайлсхийх гэмт хэрэг үйлдэж мөнгө угаадаг байсан түүх бий.

Гэмт хэргийн бүлэглэлүүд шөнийн клуб ажиллуулах болсон нь

1950-аад он гарснаар Лас Вегаст үйл ажиллагаа явуулж буй бүлэглэлүүд олны танил алдартнуудыг казинодоо урьж, хүмүүсийг татах болжээ. АНУ-ын бусад томоохон хотуудад цэнгээний газрууд ажиллуулдаг байсан туршлагатай гэмт хэргийн бүлэглэлийнхэн өмнө хамтран ажилладаг байсан Жерри Льюс, Семми Девис, Питер Лауфорд, Жуди Гарланд зэрэг тухайн цаг үеийн олон алдартнуудыг ашиглан ашиг орлогоо ихээр нэмэгдүүлж байв. Түүнчлэн эхэн үедээ задгай хувцастай охидыг бүжиглүүлж олны анхаарлыг татдаг байсан цэнгээний газруудын арга барил улам нарийссаар 1957 онд "The Dunes" казиногийн эзэн Харолд Мински энтертайнмент үйлчилгээндээ цээж нүцгэн бүсгүйчүүдийн үйлчилгээг нэмжээ.

Зугаа цэнгээний зэрэгцээ үйлчлүүлэгчдээ тэд газарзүйн байршлын давуу талаа ашиглан татах аргыг ч соргог ашиглаж байв. Тухайлбал, Лас Вегас хотоос 65 милийн зайд орших АНУ-ын цөмийн туршилтын талбайд болж буй туршилтуудыг алсаас харах боломж олгох цэнгүүнийг тогтмол зохион байгуулдаг байсан аж. Үүрийн гэгээтэй зэрэгцэн эхлэх цөмийн туршилтын өмнөх үдэш тэд зочдод “Атомын коктейл”, “Атомын эрч хүч” зэрэг нэртэй уух зүйлс болон сонирхол татам үзмэрүүдийг дэлгэж, үүрээр дэлбэрэлт эхлэх хүртэл нижгэр үйл ажиллагаа зохиодог байсан гэдэг.

1960-аад оны дунд, 1970-аад оны эхэн үеэс Лас Вегасын бизнес эрхлэгчид үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулж эхлэв. 1967 онд Ховард Хьюс "Desert Inn" ресорт тэргүүтэй олон газрыг худалдан авч, гэмт хэргийн бүлэглэлүүдийг Лас Вегасаас шахан гаргаж эхэлсэн бөгөөд Невада мужийн захиргаа Корпорациуд мөрийтэй тоглоомын салбарт хөл тавих боломжийг бүрдүүлсэн хууль баталсан нь томоохон бизнесийн байгууллагууд Лас Вегаст казино байгуулах үүд хаалга нээсэн явдал болжээ.

Хожим 1978 онд Нью-Жерси мужийн Атлантик Ситид анхны казино үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь Лас Вегастай өрсөлдөх өөр зах зээл буй болох эхлэл болов. Улмаар мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа улс орон даяар хууль ёсны болж эхлэх үед Лас Вегасын казино монополь шинжээ алдаж, мөрийтэй тоглоомноос гадуур үйлчлүүлэгчдийг татах бусад нөөц бололцоог эрэлхийлэх болсон юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()