1
Тестостероны түвшин буурах
Тестостерон гэдэг нь эрчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, эсрэг хүйстэндээ татагдах хүслийг нь өдөөж өгдөг гормон юм. Тестостероны түвшин өндөртэй залуус эмэгтэй хүнд татагдахдаа хурдан байдаг гэсэн судалгаа ч бий. Харин шинэхэн аавуудын хувьд энэхүү гормон 34 хувиар буурдаг байна. Шинэ хүүхдээ өлгийдөн авсан аавуудын хувьд хүүхдэдээ, гэр бүлдээ илүү их анхаарал хандуулж эхэлдэг тул эсрэг хүйстнээ сонирхох, татагдах хүсэл нь багасдаг гэнэ. Өөрөөр хэлбэл тестостероны түвшин буурах тусам хүүхдэдээ, гэртээ анхаарал тавих нь ихэсдэг гэсэн үг.
2
Окситоцины /Oxytocin/ түвшин нэмэгдэх
Эрдэмтэд шинэ хүүхэд, шинэхэн аавын гормоны өөрчлөлтийн хоорондын холбоог судлахад сонирхолтой судалгаа гарч байж. Хүүхдэдээ анхаарал халамж их тавьдаг аавуудын цусан дахь окситоцины түвшин өндөр байдаг нь тогтоогджээ. Окситоцин гэдэг нь амар тайван байдал, хайр дурлал, эерэг мэдрэмж, хүмүүсийн хоорондын нягт харилцааг бий болгоход нөлөөлдөг гормон бөгөөд шинэхэн ээжүүдэд ч их хэмжээгээр ялгардаг аж.
3
Шинэхэн аавуудын тархины үйл ажиллагаа өөрчлөгддөг
Хүүхдээ хүлээж байгаа 16 аавын тархины бичлэгт тэдний тархи яг л шинэ ээжүүдтэй адил өөрчлөгдөж байгаа нь харагдаж байжээ. Тархины саарал болон цагаан эд нь бие биедээ халамжтай, ойр дотно байдалтай холбоотой байдаг бөгөөд анх жирэмсэн гэдгээ мэдсэн үе болон жирэмсний 12-16 долоо хоногтой үеийн тархины хөгжил өөр байдаг аж. Энэ нь шинэхэн аав хүүхэдтэй болсноо мэдсэн тэр өдрөөс эхлэн аав болох сэтгэл зүйгээ бэлдэж эхэлдэг учраас өөрөө хүүхэд тээгээгүй ч гэсэн хүүхэдтэйгээ дотно болж чаддаг гэсэн үг юм.
4
Эрчүүд ч гэсэн төрсний дараах сэтгэл гутралд ордог
Төрсний дараах сэтгэл гутрал гэдэг нь жирэмсэн үеийн, жирэмсний дараагийн үеийн сэтгэл зүй өөрчлөгдөх үзэгдлийг хэлдэг бөгөөд энэ үеэр сэтгэлээр унах, өөртөө итгэлгүй болох, санаа зовох, уур уцаартай болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Нэгэн судалгаагаар эрчүүдийн 10 хувь нь төрсний дараах хямралд ордог гэж гарчээ. Энэ нь дээр дурдсан тестостерон гормоны хэмжээ багассантай холбоотой гэнэ. Тестостерон багассанаар идэвхгүй сулбагар болж, дуртай байсан зүйлээ сонирхохоо больдог гэж Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Сэтгэл судлалын туслах профессор Дарби Саксбе тодорхойлжээ.
Хамгийн сонирхолтой нь нөхрийнх нь тестостероны түвшин багассан эмэгтэйчүүд төрсний дараах сэтгэл гутралд өртөх нь бага байдаг аж. Учир нь тестостероны түвшин нь багассан эрчүүд эхнэртээ тавих анхаарал илүү их болдгоос эхнэр нь сэтгэл гутралд орох нь бага болдог аж. Та төрсний дараах сэтгэл зүйн хямралд орсон шинэхэн аавтай таарч байсан болов уу? Эсвэл та өөрөө шинэхэн аав уу? Дөнгөж төрсөн нялх хүүхдээ хараад таны сэтгэл санаанд ямар өөрчлөлт орж байсан бэ?