1
Universal Pictures
Үүсгэн байгуулагдсан: 1912
Хамгийн их орлого олсон кино: Jurassic World (2015) 1.6 тэрбум ам.доллар
"Universal" бол Америкийн хамгийн эртний кино студи юм. Үнэн хэрэгтээ "Universal"-ийн анхны Ерөнхийлөгч Карл Лаэммлийн тушаалаар жүжигчдийн нэрсийг киноны эхлэлд харуулах санааг сэдсэн юм.
1910-аад оноос эхлэн тус кино компани төрөл бүрийн адал явдалт бүтээл гарган олонд танигдаж эхэлсэн бөгөөд "Universal" нь Дракула (1931), Франкенштейн (1931), Муми (1932), Чоно хүн (1941) аймшгийн кинонуудаараа маш их амжилтад хүрсэн юм. Эбботт, Костелло, Жеймс Стюарт, Лана Тернер зэрэг хэд хэдэн домогт оддыг тус студи гаргаж ирсэн юм. 1960-1970 аад оны үед харамсалтай нь олигтой бүтээл гаргаж чадаагүй учраас бараг дампуурсан.
Азаар тус студи Стивен Спилбергийн Jaws (1975), E.T. The Extra-Terrestrial (1982), Jurassic Park (1993) гэсэн гурван киног гаргаж ашиг олсноор буцаад кино зах зээлд тэргүүлж эхэлсэн байна.
Бусад гол франчайзууд: Universal Monsters, Jurassic Park, Despicable Me, Fast and the Furious, Back to the Future, Jason Bourne.
2
Paramount Pictures
Үүсгэн байгуулагдсан: 1912
Хамгийн их орлого олсон кино: "20th Century Fox"-той хамтарсан бүтээл Titanic (1997) 2.2 тэрбум ам.доллар
"Paramount" нь 1912 онд "Famous Players" кино компани нэртэйгээр үүсгэн байгуулагдсан аж. Анхны кинонуудад Мэри Пикфорд, Рудольф Валентино, Дуглас Фэйрбанкс, Глория Свонсон зэрэг хамгийн анхны гэж хэлж болохоор кино одууд тоглосон юм. Мөн "Оскарын шилдэг кино" шагналын анхны ялагч нь "Paramount"-ийн Wings кино байв.
1930, 1940, 1950-иад онуудад Марксын ах дүүс, Боб Хоуп, Бинг Кросби, Марлен Дитрих зэрэг томоохон уран бүтээлчдийн ачаар тус компани илүү нэр хүндтэй болсон. Гэвч 1958 онд "Paramount" өөрийн эзэмшдэг кино театрын сүлжээгээ зарснаар бараг дампуурсан юм.
Азаар The Godfather (1972), Saturday Night Fever (1977), Grease (1978), Top Gun (1986), Ghost (1990) болон Indiana Jones, Star Trek цуврал кинонуудын хүчээр "Paramount" буцаад томоохон студи болж хувирсан билээ.
Бусад гол франчайзууд: Transformers, Iron Man (эхний хоёр кино), Mission Impossible, Friday the 13th (эхний найман кино), Beverly Hills Cop.
3
Walt Disney Pictures
Үүсгэн байгуулагдсан: 1923
Хамгийн их орлого олсон кино: Star Wars: The Force Awakens (2015) 2 тэрбум ам.доллар
"Walt Disney Pictures" анх Микки Маус хүүхэлдэйн киногоор олонд танигдсан юм. Чухамдаа хүүхэлдэйн кино ямар их ашиг авч ирж чадахыг Уолт Дисней харуулж чадсан учраас түүхэнд нэрээ үлдээсэн. Тиймээс ч өнөөг хүртэл "Walt Disney"-н бүтээлүүд үнэ цэнэтэй хэвээр байна.
Тус студи нь 1940-өөд оноос эхлэн уран сайхны кино бүтээж эхэлсэн бөгөөд Диснейн анхны тулаант кино бол 1950-аад оны "Treasure Island" юм. Мэдээж хэрэг Диснейн өөрсдийн бүтээлүүдээс сэдэвлэсэн зугаа цэнгэлийн паркууд нь киноноос дутахааргүй орлого авч ирдэг билээ.
Дандаа хүүхдүүдэд зориулсан бүтээл гаргадаг "Walt Disney" 1980, 1990-ээд онуудад "Touchstone Pictures" болон "Miramax" студиудыг худалдаж авснаар илүү насанд хүрэгчдэд зориулсан бүтээл гаргах болсон. Сүүлийн жилүүдэд "Walt Disney Pictures" нь Pixar (2006), Marvel Studios (2009) болон Lucasfilm (2012)-ыг худалдаж авсны хүчинд өмнөхөөсөө илүү амжилттай франчайзуудыг гартаа оруулсан юм.
Тиймээс өдгөө тус компанийн гол франчайзууд нь хүүхэлдэйн кинонууд биш Star wars (2015 оноос хойш), Marvel (2012 оноос хойш) зэрэг болжээ.
4
Warner Bros Pictures
Үүсгэн байгуулагдсан: 1923
Хамгийн их орлого олсон кино: The Dark Knight (2008) 1 тэрбум ам.доллар
"Warner Bros"-ийг Харри, Альберт, Сэм, Жек Уорнер гэсэн дөрвөн ах дүүс нийлж үүсгэн байгуулжээ. Тус студийн анхны том од нь Рин Тин Тин байв. Удалгүй Don Juan (1926), The Jazz Singer (1927), Lights of New York (1928) зэрэг анхны дуутай кинонуудыг гаргаж энэхүү салбарт хувьсгал авчирсан юм. 1930-аад онд "Warner Bros" Little Caesar (1931), The Public Enemy (1931) зэрэг гэмт хэргийн сэдэвтэй кинонуудаараа маш их амжилтад хүрсэн.
1940-1950-иад онд Альфред Хичкок, Хамфри Богарт, Лорен Бэколл, Жеймс Дин, Жон Уэйн зэрэг бүх цаг үеийн шилдэг найруулагч жүжигчдийн ачаар "Warner Bros Pictures" Холливудын хамгийн том студи болоод байв.
Тус студи нь мөн Bugs Bunny, Daffy Duck, Porky Pig хүүхэлдэйн дүрүүдээрээ алдартай бөгөөд "DC Comics"-ийг эзэмшдэг болсноор олон арван супер баатрын кино гаргасан билээ.
Гол франчайзууд: Batman, Superman, DC Universe, Harry Potter, The Hobbit, The Matrix, Dirty Harry, Lethal Weapon
5
Columbia Pictures
Үүсгэн байгуулагдсан: 1924
Хамгийн их орлого олсон кино: Jumanji: Welcome to the Jungle (2017) 996 сая ам.доллар
"Columbia Pictures" нь маш бага төсөвтэй богино хэмжээний кино хийдэг гэдгээрээ алдартай. Найруулагч Фрэнк Капра тус студид зориулж It Happened One Night (1934), You Can’t Take It With You (1938), Mr. Smith Goes to Washington (1939) зэрэг алдартай кинонуудыг бүтээснээр "Columbia Pictures" жинхэнэ утгаараа хөлөө олсон юм. Тус компани мөн богино инээдмийн киногоор томоохон амжилт гаргасан байна.
From Here to Eternity (1953), The Bridge on the River Kwai (1957), A Man for All Seasons (1966) зэрэг бүтээлүүд нь их хэмжээний мөнгө олсон ч 1970-аад онд олигтой кино гаргаж чадаагүйн улмаас бараг л дампуурлаа зарласан.
1980-аад онд харин Gandhi (1982), Tootsie (1982), The Big Chill (1983), Ghostbusters (1984) зэрэг кинонуудаараа дахин амжилт олж чадсан байна. Гэвч удалгүй санхүүгийн хүнд байдалд орсон учраас 1989 онд Sony компани тус студийг худалдаж авсан.
Гол франчайзууд: Spider-Man, Men in Black, The Karate Kid, Ghostbusters
6
20th Century Fox
Үүсгэн байгуулагдсан: 1935
Хамгийн их орлого олсон кино: Avatar (2009) 2.7 тэрбум ам.доллар
"20th Century Fox" нь 1935 онд "Fox Film Corporation" (1915 онд үүсгэн байгуулагдсан) болон "Twentieth Century Pictures" (1933 онд үүсгэн байгуулагдсан) гэсэн хоёр студийг нэгтгэх үед үүссэн байна. Нэгдсэн студийн анхны одод бол Бетти Грабл, Хенри Фонда, Тайрон Пауэр, Ширли Темпл нар байв. Тус компани 1950-иад онд Carousel (1956), The King and I (1956), South Pacific (1958), The Sound of Music (1965) зэрэг мюзиклүүдээр олонд танигдсан юм. 1953 онд CinemaScope буюу өргөн дэлгэцийн технологийг анх таниулж байсан түүхтэй.
CinemaScope болон Мэрилин Монро зэрэг томоохон оддын ачаар "20th Century Fox" хамгийн өндөр ашиг орлоготой студи болсон байна. Харамсалтай нь Элизабет Тейлор, Ричард Бертон нарын тоглосон Cleopatra (1963) хэмээх кино 35 сая ам.доллар (одоогийнхоор 450 сая)-ын алдагдал хүлээсэн нь тус студийг бараг дампууруулжээ.
Гэхдээ бараг хүлээлтгүй байсан Star Wars (1977) киноны ачаар "20th Century Fox" буцаад хүчирхэгжсэн юм. 2019 онд Walt Disney Pictures компани тус студийг 71.3 тэрбум ам.доллароор худалдаж авсан юм.
Гол франчайзууд: Star Wars, X-Men, Home Alone, Die Hard, Planet of the Apes