Сэргэн мандалтын үеийг авч ирсэн зураач Хуго ван дер Гус

Нидерланд зураач Хуго ван дер Гус бол яах аргагүй сэргэн мандалтын үеийн уран зургийн ертөнцөд хувьсал авч ирээд зогсохгүй өнөөг хүртэл Европ даяар алдар нэртэй хэвээр буй эрхмүүдийн нэг билээ. Урлагийн замнал нь оргилдоо хүрээд удаагүй байхдаа сүмд шавь орж уран зургаа орхисон түүний амьдралын түүхийг хүргэж байна.

Сэргэн мандалтын үеийг авч ирсэн зураач Хуго ван дер Гус

1 Бага нас

15-р зууны үеийн Нидерландын тухай түүх хангалттай бус байдаг тул Хуго ван дер Гусын бага насны талаарх баримт ч тодорхойгүй байдаг. Түүнийг түүхчид 1440 онд Гентийн ойролцоо мэндэлсэн хэмээн таамагладаг байна. Дундад зууны үед ноос нийлүүлэлтийнхээ ачаар аж үйлдвэржсэн хот болоод байсан Гент нь тухайн цаг үедээ худалдааны зангилаа бүсэд тооцогддог байв. Ийнхүү олон газраас ирдэг худалдаачид дунд өссөн ван дер Гус олон соёлын нөлөөнд автан өсжээ. Түүний тухай түүхэнд үлдсэн анхны баримт 1467 онд хамаарах бөгөөд Гент хотын зураачдын эвлэлд нэгдсэн баримт хадгалагдан үлджээ.

Бага нас

Ийнхүү зураачдын эвлэлд орсон хойно Хуго ван дер Гусэд Нидерландын Фламандын эрх баригчид нийгмийн ололт, чухал үйл явдлуудад зориулсан бүтээлүүд зурах даалгавар өгсний дотор Брюгге хотод Чарлес болон Йоркын Маргарет нарын хуримын чимэглэлийг хийх, хянах ажил байв.

1470-аад онд тэрээр Гент хот дахь хамгийн нэр хүндтэй уран бүтээлч болсон бөгөөд түүнээс хойш 10 гаруй жилийн турш зураачдын эвлэлийн тэргүүнээр ажиллажээ.

Түүний хувьд хамгийн их амжилт дагуулсан бүтээлүүд болох "Monforte Altarpiece" өдгөө Германы Берлин хотод, харин "Portinari Altarpiece" Италийн Флоренцийн Уффицигийн музейд хадгалагдаж байна. "Portinari Altarpiece" нэртэй уран зургийг 1480-аад онд Италийн банкир Томмасо Портинаригийн захиалгаар зурж, түүний нэрийг зурагтаа хайрласан нь энэ ажээ.

"Portinari triptych" нь 15-р зууны үеийн бусад бүтээлүүдийн нэгэн адил шашны утга агуулгатай бөгөөд бяцхан Есүс Христ, гэгээн эх Мариа нарыг дүрслэгдсэн байдаг. Тэрбээр эл зургаа Санта Мариа Нова эмнэлгийн сүмд зориулжээ. Есүс болон Мариа эхийн өмнө лонхонд хийсэн Альбарелли хэмээх эмийн цэцэг буй нь эмнэлгийн сүмд зориулан зурсны нэгэн тод илрэл аж.

15-р зуунд уран зурагт хөрөг зураг нэн чухал байр суурь эзэлж байсны дотор Хуго ван дер Гусын бүтээлүүд ч нэр нөлөө ихтэй. Тэрбээр хөрөг зургийг илүү бодит харагдуулахын тулд гэрэл сүүдрийн ойлтыг илүү хурц өнцөг гарган зурахын зэрэгцээ нарийн бийрээр будаж байсан түүхтэй.

2 Гэнэтийн шийдвэр

Урлагийн замнал нь ийнхүү оргилдоо хүрч байх үедээ ван дер Гус гэнэтийн шийдвэр гарган урлангаа хааж, өнөөгийн Брюссель хотын ойролцоо орших сүмд шавь орсон гэдэг. Тэрбээр ямар нэгэн тэмдэглэл бичиж үлдээгээгүй тул өдгөө судлаачид түүнийг чухам ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргасан тухай таамаглал дэвшүүлсээр буй аж. Зарим түүхчид түүнийг тухайн цаг үеийн нэрт зураачидтайгаа харилцаа муутай байсан нь урлангаа орхих шалтаг болсон гэж таамаглаж байна.

Тэрбээр урлангаа хаасан ч уран зургаасаа холдолгүй сүмд байх хугацаандаа ч бүтээлүүдээ туурвисан хэвээр байв. 16-р зууны үеийн түүхэнд түүнийг сүмд суух ахуйд хожим Ариун Ромын эзэнт гүрний хаан болсон Максимилиан өөрийн хөрөг зургийг зуруулахаар ирж байсан хэмээн бичигдэн үлджээ.

Гэнэтийн шийдвэр

3 Хуго ван дер Гусын Фламандын урлагт оруулсан нөлөө

Нидерландын нэрт зураач Яан ван Эйкийн асар олон өнгөний зохицол, ахуй байдлын загварчлалыг үлгэрлэн уран зурагт хөл тавьсан Хуго ван дер Гус тухайн цаг үедээ хоёр хэмжээст мэтээр дүрслэгддэг байсан хүний нүүр царайг бодит мэт дүрслэлтэй, сэтгэл хөдлөлийг мөн уран зурагтаа шингээж өгсөн нь түүний дараа үеийн зураачдад өвлөгдсөн түүхтэй.

Хуго ван дер Гусын Фламандын урлагт оруулсан нөлөө

4 Сэтгэл хямралтай агуу зураач

1482 онд Хуго ван дер Гус хоёр найзын хамтаар Көлн хот руу явах замдаа сэтгэл хямралд орж, чөтгөрийн дайрлагад өртсөн хэмээн үзээд амиа хорлох оролдлого ч хийж байсан гэдэг.

Улмаар яаралтай сүмдээ эргэн ирсэн ч сэтгэл хямрал нь илааршаагүй бөгөөд хожмын үеийн түүх бичлэгт Яан ван Эйкийн бүтээлүүдийг давсан зураг зурахаар бүх анхаарлаа төвлөрүүлж байсан нь ийм үр дүнд хүргэсэн гэж тэмдэглэсэн байдаг. Ийнхүү тэрбээр сүмдээ эргэн ирээд удалгүй өөд болжээ.

Фламанд нутагт төдийгүй Итали орноор ч түүний алдар нэр түгэн дэлгэрч, италийн уран зураачид ч тосон будгаар будах аргыг нь өвлөн авсан бөгөөд түүний "Portinari Altarpiece" бүтээл нь Флоренцид очихоосоо өмнө Италийн өмнөд нутгаар явж, олон мянган зураач, үзэгчдийн нүдийг хужирлаж байсан гэдэг. Тухайн үед алдарт зураачид болох Антонелло да Мессина болон Доменико Гиландайо нар түүний эл бүтээлийг анх харж, уран зургийн онгод тэнгэрээ олсон хэмээх нь ч бий.

Сэтгэл хямралтай агуу зураач

Харамсалтай нь түүний уран бүтээлүүд бидний цаг үед тун ховор хадгалагдан иржээ. Өдгөө томоохон уран зургийн галлерейд түүний зургийн гар хуулбарууд л ихэвчлэн үзэсгэлэн болон хадгалагддаг аж. Иймээс ч түүний бүтээлүүдийн эх хувилбар асар их үнэ цэнтэйд тооцогддог байна. Тухайлбал 2017 онд ван дер Гусын бүрэн дуусгаж амжаагүй нэгэн бүтээл Нью-Йорк хотын Кристигийн дуудлага худалдаагаар $8,983,500 үнэ хүрч байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()