Учир нь хөрөнгөтний бэлгэ тэмдэг болсон ундаанд коммунист улсын цэргийн жанжин дурлаад байх нь зохимжгүй байв. Харин цагаан өнгөтэй ундаа хийснээр бусдад цагаан архи ууж байгаа мэт харагдана хэмээн тооцоолсон аж. “Бурхан, эх орон, Кока-Кола-гийн төлөө” номыг бичсэн Марк Пендерграстын бичсэнээр маршал Жуков хүрэн өнгөт ундааг Кока-Кола гэж танигдахааргүй болгох бүхэл бүтэн төлөвлөгөө амжилттай хэрэгжүүлжээ.
Австрид байрлаж байсан АНУ-ын цэргийн генерал Марк Кларкад 1946 онд тавьсан Жуковын саналыг Ерөнхийлөгч Харри Трумэнд уламжилсан байна. Генерал Кларк энэ тухай шууд л Ерөнхийлөгч Трумэнд дамжуулсан бөгөөд тэрээр өөрийн биеэр Кока-Кола компанийн захирал Жеймс Фарлид өнгөгүй ундаа гаргаж авах даалгавар өглөө. Фарли бүтээгдэхүүн боловсруулах хэлтсийн удирдагч Миладин Зарубицэд ийм ундаа хийх ажлыг даалгасан байна. Зарубиц тохирох химич олж ундаагаа өнгөгүй болгох даалгаврыг биелүүлэн маршал Жуковыг баярлуулсан гэдэг.
Голоороо хавчигдуу хүнхэр шилэн лонхонд савладаг байсан тухайн үеийн америк Коланаас ялгаатай нь “Коммунист Кола” өнгөгүй тунгалаг болов. Мөн ердийн шулуун хэлбэртэй шилэн лонхонд савлаж, бөглөө нь улаан таван хошуутай болсон юм. Ийнхүү түүний захиалсан эхний 50 хайрцаг “Коммунист Кола”-г маршалд өгсөн гэдэг.
Зөвлөлтийн ганц цэргийн жанжны төлөө тусгай ундаа үйлдвэрлэх нь Кока-Кола компанийн хувьд цаг барсан дэмий ажил мэт санагдаж болно. Гэвч энэ нь тус компанийн ажил хэрэгт ихээхэн нэмэр болсон түүхтэй. Учир нь дайны дараах цагт хүрэн өнгөтэй ердийн Колаг Австрийн нутаг дахь зөвлөлтүүдийн эзэмшлийн бүсээр дамжуулан Вена дахь савлах үйлдвэрт хүргэдэг байсан юм. Тухайн үед оросуудын эзэмшлийн бүсээр тээврийн цуваа хэдэн долоо хоног гацаж байж нэвтэрдэг байсан бол Кока-Кола ачсан машинууд Жуковын тушаалын ачаар ямар ч хүндрэлгүй өнгөрдөг байжээ.