Лабораторийн нөхцөлд туршилт хийсний дараа ахлах судлаачид болох Жунхё Юн, Хюкжин Квон нар уг төхөөрөмжийг туршиж үзэхээр Бостон хотын Карсон далайн эрэгт аваачсан байна. Хагас цагийн дотор уг төхөөрөмж нь нэг аяга тунгалаг ундны ус гаргаж авсан бөгөөд түүний чанар нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын удирдамжаас хавгүй өндөр байжээ.
Хюкжин энэ талаар “Энэ бол бидний 10 жилийн турш хийсэн судалгааны үр дүн. Бидний анхны загвар шууд ажилласан нь үнэхээр гайхалтай хэрэг. Гэхдээ энэ загварыг бид олон жижиг судалгааны үндсэн дээр хийсэн юм” гэж ярьсан аж.
Энэхүү төхөөрөмж өөрөө өөрийгөө цэвэрлэдэг учраас удаан хугацаанд хэрэглэсэн ч гэсэн засвар үйлчилгээ бага шаардагдах гэнэ. Өмнө хэлсэнчлэн бага эрчим хүчээр ажилладаг тул жижиг, зөөврийн нарны хавтангаар ажиллуулах боломжтой.
Судлаачид хамгийн гол нь олон нийтийн хэрэглээнд зориулж энэхүү цэвэршүүлэгчийг бүтээж байгаа тул маш энгийн ажиллагаатай байхаар тохируулжээ. Ус цэвэршүүлэх процессыг эхлүүлэхийн тулд нэг товчлуур дарахад хангалттай бөгөөд хянах самбар дууссан болохыг мэдэгддэг аж.
Судлаачид уг төхөөрөмжийг зайнаас удирдаж, эрчим хүчний зарцуулалт, усны давсжилтын талаарх бодит мэдээллийг цаг тухайд нь хүргэх боломжтой ухаалаг гар утасны аппликэйшн хүртэл бүтээжээ.
Судлаачдын хэлж байгаагаар уг цэвэршүүлэгчийг алслагдсан, усны нөөц хязгаарлагдмал бүс нутагт, тухайлбал жижиг арлууд дээрх суурин эсвэл удаан хугацаанд аялалд гардаг далайн ачааны хөлөг онгоцон дээр байрлуулах бүрэн боломжтой гэв.
Жүнхё Юны ярьж буйгаар энгийн ус цэвэршүүлэгч нь заавал өндөр даралтын насос шаарддаг учраас өмнө нь ийм жижиг хэмжээтэйг бүтээх боломж огт байдаггүй байжээ.
Үүний оронд тус зөөврийн төхөөрөмж нь ионы концентрацийн туйлшралын (ICP) хоёр хэсэг, дараа нь электродиализийг ашигладаг байхаар төлөвлөсөн аж. 10 гаруй жилийн өмнө Жүнхё анхлан санаачилсан энэхүү технологи давсны молекул, бактери, вирус гэх мэт эерэг эсвэл сөрөг цэнэгтэй бичил биетүүдийг соронзон орны тусламжтай усны молекулаас салгаж авдаг байна. Ингэсний дараа зөвхөн цэвэр усны молекул л үлддэг аж. Гэсэн хэдий ч ICP хангалттай хурдан давсыг зайлуулж чаддаггүй учраас судлаачид арай өргөн цар хүрээнд ажилладаг электродиализийг ашигласан нь үр дүнгээ өгчээ.
Одоогоор төхөөрөмжийн хэмжээг томруулж усны гарцыг нэмэгдүүлэх, удирдлагыг нь хэрэглэгчдэд илүү ээлтэй болгох, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах, эд ангийг нь арай хямд материалаар хийх зэрэг дээр анхааран ажиллаж байна.